Нүүрсний бүгд найрамдах улс гацааны учир начир тодорч эхэллээ

Д.Тулга / Эдийн засаг

Импортын үртэс

Observatory of economic complexity хэмээх эдийн засгийн тоймоор дагнасан сайт дээр БНХАУ-ын импортын том зургийг гаргажээ. Дэлхийн хоёрдахь том эдийн засаг болж байгаа хятад улс 2012 оны байдлаар 1 их наяд 410 тэрбум долларын хэмжээтэй импортыг хийжээ. Үүн дотор нүүрсний эзлэх хувийг одоо мэдээлье. Уншигч та сэтгэлээ барьна шүү. Инээд хүрмээр, магадгүй ухаан алдмаар хэмжээ, харьцуулалт гарна.

Нийт импортын ердөө 1,65 хувь буюу 23,3 тэрбум долларыг нүүрс эзлэнэ. (эх сурвалж: atlas.media.mit.edu/explore/tree_map/hs/import/chn/) Монгол жилдээ 15 сая тонн нүүрс экспортлож байгаа гэдгээр баримжаалбал бид хятадын нүүрсний импортын 0,7 хувийг л хангаж байгаа болж таарна. Импортын нийт хэмжээн дотор бол бүр сураг алдрана. Үртэс гэж хэлэхэд ч хэцүүдэх тийм тоо хэмжээний тухай бид ярьж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хуралдаан дээр ямарваа салбарын нийт хэмжээний 5 хувиас доошгүй дүнтэй зүйлсийн талаар л авч хэлцдэг гэнэ. Тэгэхээр монголоос импортлох 0,7 хувийн талаар Ерөнхий сайдын түвшинд л лав ажил болгон хэлэлцэх нь бараг боломжгүй зүйл болж таарна. Ийм жижиг зүйлийг төрийн өмчит Шенхуа компани, салбарын яамныхаа газрын даргын түвшинд л яриад, шийдвэрлэчихдэг юм байх. За, энэ аврага том эдийн засгийн асуудал юм биз. Өчүүхэн эдийн засаг руугаа шилжин ирцгээе.

Энд хятадын нүүрсний салбарын хэлтэрхий ч бус үртэс дээр үхэх сэхэх дээрээ тулсан, улсаа худалдахаас ч буцахгүй адгуу хүсэл оволзон, алдагдалтай ч байсан хамаагүй гэрээ хийж, амжуулах дайрлага дайрч байна. Хятадын нүүрсний импортын үртсэн дээр төрийн өндөр дээд албан тушаалтнуудын дэмжлэгээр сандайлж суучихаад, урьд тавьсан хамаг өрөө дарж авах гэсэн хязгааргүй шунал бүхий ганцхан компани, тендерийн болзол, Монгол улсын хууль тогтоомж, журам, шудрага ёс бүгдийг үгүйсгэн, тус бүрийн 1072 хувьцаагаараа нийт ордын 20 хувийг эзэмшдэг ард түмний эрх ашгийг уландаа гишгэн зүтгэж байна. ТТ-н гэрээг нь УИХ-аар батлуулахгүй байх арга сүвэгчилж, ингэхийг даалгасан эрх зүйн актыг "аль бар жилийн юм" мөрдөх шаардлагагүй гэх хандлага ч гарч эхэллээ. Арван жилд 200 сая долларын ашиг олох төслийн гэрээг УИХ-аар хэлэлцдэг атлаа тонн тутмаас нь 1 долларын ашиг оллоо гэхэд 6 тэрбум доллараар үнэлэгдэх нүсэр гэрээг хэлэлцэхгүй гэх нь эрүүл ухаанд багтамгүй шийдэл байх.

Нүүрсний БНУ

Гадил жимс экспортлогч латин америкийн жижиг орнуудын төр засгийг 100 жилийн өмнө америкийн төр засаг бус, жимс импортлогч компаниудын эзэд л залж, чиглүүлдэг байсан үе бий. Гадил худалдан авагчдын хяналтад орж, тэднээр хөтлүүлдэг төр засагтай улсуудыг “Banana Republic” гэдэг байжээ.

Америкийн компанийн эзэд гадилын зах зээлийг бүрэн хянаж, тариалалт, тээвэр, борлуулалт, ажиллах хүч гээд бүхий л асуудал дээр хүссэн шийдвэрээ гаргуулдаг байв. Өгүүллийн эхэнд дурдсанчлан монголын экспортлож буй нүүрсний хэмжээ хятадын нүүрсний импортын дөнгөж 0,7 хувийг эзлэж байгаа нөхцөлд Засгийн газрын оролцоо бараг байхгүй болж таарна. Ердөө л нүүрс импортлох эрх бүхий Чалко, Шенхуа зэрэг компанийн импорт хариуцсан ажилтнуудын төвшинд монголын нүүрсний салбарын хувь тавилан шийдэгдэхээр юм. ТТ-н гэрээг гацаасан гэх Чалкогийн "нууц" тохиролцооны талаар нуль шийдэл ханхлуулагч Ерөнхий сайд маань БНХАУ-ын Засгийн газарт хүслийн захиа бичсэн сураг гарав. Хэрвээ БНХАУ-ын хувьд ТТ-н асуудал нь эдийн засгийн бус улс төрийн агуулгатай зүйл мөн бол дэмжсэн хариу өгөх байх. Үгүй бол германчууд шиг энэ бол цэвэр бизнесийн асуудал, компани хооронд яриад шийдвэрлэчих зүйл гэж хэлэх байх.

Бидэнд гадил экспортлогчдын хувь тавилан нүүрлэж Нүүрсний Бүгд найрамдах улс болон хувирч нүүрсний компаниудын дохиогоор хөдлөх цаг ирээгүй л байгаасай.

Чалкогийн "нууц" тохироо

Сайд М.Энхсайхан ард түмнээ амжилтын мэдээгээр булдаг байснаа больж, гэнэт хэлэлцээр гацсан гэх бүтэлгүй мэдээг тунхаглав. Шалтгаан нь Чалкотой хийсэн нууц, аймшигтай муу гэрээний заалтууд гэнэт гарч ирсэнд буй гэж мэдэгдлээ. Бүр тас нуучихаад үзүүлэхгүй байсныг арайхийж олж харсан маягийн зүйл ч яригдав. Энэ жүжгийн цаана юу нуугдна вэ?

Бодит үнэн гэвэл М.Энхсайханы сүржигнээд, илрүүлээд байгаа нууц нь огтхон ч нууц зүйл биш байж. Хэрвээ залхууралгүй шүүж үзвэл 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Монголын Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч Д.Галсандорж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гэрээний асуудлаар өгсөн ярилцлагадаа энэ талаар маш тодорхой ярьж байсан байх юм. (эх сурвалж: vip76.mn/content/17591)

Логикоор хөөж бодвол хятадын төрийн өмчит Чалко, Шенхуа компаниуд нь CIC (China Investment Corporation) гэж нэг толгойтой атлаа нөгөөгийнхөө байгуулсан гэрээний талаар ямар ч мэдээлэлгүй, гэнэ хонгор царайлж ирээд М.Энхсайхантай гэрээ хийх тэнэгүүд биш болов уу? М.Энхсайханыг хэлэлцээрт оруулж байгаа монголын ЗГ ч гэсэн ийм том үнийн дүнтэй гэрээг байгуулах ажилд тийм "blind date" бүхий "шийдэл" олох гэж байх уу? Засгийн газарт Чалкотой байгуулсан гэрээний талаар бүрэн мэдээлэл байсан.

Тэгэхээр М.Энхсайхан болон түүнийг барьцаалсан тал "төр хамгийн муу менежер" хэмээх үлгэрээ хүчирхэгжүүлэх шинэ жүжиг дэглэж байна. Төр муу менежер гэчихээд төрөөс ч муу менежерийг дэмжээд байгаад тэдний бүтэлгүйтэл уг нь буй.

“Эрдэнэс Таван толгой” компанийн Нягтлан бодох бүртгэлийн газрын захирал Д.Чулуунбат Чалкогийн зээлийн үлдэгдэл нь 133 сая ам.доллар байгааг мэдэгдэв. Гэтэл ТТ-г авах гээд байгаа компани нь үүнээс 10 дахин их өрийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь төрөөс ч муу менежер болохыг нь илтгэх ганцхан үзүүлэлт. Жинхэнэ нооль менежер гэдгийг нь илтгэх өөр олон зүйл бий л дээ. Тэрийг тоочиж булайг нь дэлгэлгүй нууц, аймшигтай гээд буй гэрээний заалтуудыг нь лавлаж харцгаая.

Засгийн газрын 268 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгойн” өр төлбөрийг хөрөнгө оруулагчид хариуцаж, барагдуулах нөхцөлтэй. Энэ дагуу “Чалко” компанид 133 гаруй сая ам.долларыг хөрөнгө оруулагчид хариуцах үүрэгтэй юм. Гэтэл тэд “Чалко” бэлэн мөнгө биш нүүрс нэхэж байгаа нь хүндрэл учруулж байна хэмээн сүржигнэв. Тийм бол сайн л биз дээ. Бэлэн худалдан авагчтай юм байна. Гэрээний яг тэр заалтыг харахаар Эрдэнэс ТТ зээлээ төлж дууссанаас хойш таван жилийн турш Зүүн цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг “Чалкод” дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэхээр тохирчээ. Зах зээлийн үнээс доогуур өгөхөөр тохирсон бол муулж болох талтай.

Гэтэл энэ заалтыг муушаан, пүү пай гэж сүржигнэж байгаагийн гол шалтгаан нь ордыг өөрсдийн мэдэлд оруулангуутаа шинэ зээлийн барьцаанд тавихыг хүсч байсантай нь илүү холбоотой байх. Банк давхар давхар барьцаатай зүйлийг барьцаанд авахгүй нь мэдээж. Чалкогийн гэрээг цуцалбал 50 сая долларын торгуульд унана гэж халаглах нь инээдтэй сонсогдож байна. Гацууртын ордын гэрээг цуцалбал 300 сая долларын нөхөн төлбөрт унах эрсдэл байгаа нь илүү аймаар байх.

"Чалкогийн гацаа" хэмээх жүжиг нь нам дамнасан нүүрсчин бүлгийн дотоод хагаралыг илчилж өглөө. Нүүрсчин бүлгийн МАН жигүүрийн ахлагч Сү.Батболд анх Чалкогоос зээл авах санаачлагыг гаргаж, авсан мөнгөө халамжаар тараасан. Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Эрдэнэс Тавантолгойн” захирал Б.Энэбиш нарт үүрэг өгч гэрээг байгуулсан шүү дээ. Гэтэл нүүрсчин бүлгийн АН жигүүрийнхэн түүнээс Засгийн эрхийг авангуутаа байгуулсан гэрээг нь муучлан гутааж эхлэсэн. Одоо бүр хүчтэйгээр муулж, гацаанд оруулчихлаа хэмээн зүхэж байгаа нь тэд ойлголцохоо больсны шинж юм. Эрдэнэс ТТ ХК-ний гүйцэтгэх захирлууд Б.Энэбиш, Я.Батсуурь нарыг ээлж дараалан интерполоор хайлгах, эрүүгийн хэрэгт буруутгах зэргээр дарамталж байгаа нь зөрчил шийдвэрлэхэд бэрх хэмжээнд хүрч хурцадсных биз ээ. Нүүрсчин бүлгийн жир гишүүн Я.Содбаатар дарамт, шахалтанд байгаагаа гайхаж, амьсгаа дээгүүр яваа нь зөрчил хүндэрсний нэмэлт дохио. Улсын тэргүүний нүүрсчин Сү.Батболд болохоор "би тонн нүүрсийг 70 ам.доллараар өгөх гэрээ хийсэн байсныг АН-ын нүүрсчид 35 ам.доллар болгон бууруулсан нүгэлтэй" гэж мэлздэг. Бодит үнэн гэвэл ямар ч тохиолдолд дэлхийн зах зээлийн үнийг баримтлана гэсэн тохироо хийгдсэн байдаг. Дэлхийн зах дээр 70 болбол 70 байна, 35 болбол 35 л болно.

Тэгэхээр ТТ-н хэлэлцээр гацаанд орсны шалтгааныг гаднаас бус дотроосоо хайваас зохино. Нүүрсчин бүлгийн дотоод хэрүүл, зөрчил хэлэлцээрийг гацаажээ. Тэд М.Энхсайханы эмзэгхэн мега төслийг тасар татахаар зэхэж байна.

Гацааг хэрхэх вэ?

Бий болсон дүр зураг бидэнд хоёр зүйлийг нэн яаралтай шийдвэрлэхийг сануулж байна. Нэгд, ТТ-н ордыг ашиглах зөв, оновчтой хувилбарыг яаралтай боловсруулах хэрэгтэй. Одоогийнх яав ч биш гэдэг нь тодорхой болсон. ТТ-г ард түмэнд өгөөжтэй, ашиг өгөх байдлаар шийдвэрлэхийн тулд хэлэлцээрт дараах зүйлсийг мөрдлөг болгон үргэлжлүүлэхээс өөр гарц байхгүй.

- Уурхайн олборлолт, ашиглалтыг төмөр замаас ангид авч үзэх ёстой. Олборлогч төмөр замын суурь бүтцийг эзэмшснээс үүдэн гарах үй олон эрсдлийг хаах ганц арга зам нь энэ.

- ТТ-д нэмэлт хөрөнгө оруулалт нэрээр бусдын тавьсан өр зээлийг нялзаахыг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Консорциумын нэг оролцогч 1 тэрбумын хөрөнгө оруулалт нэрээр өмнө нь тавьсан өрөө эвтэйхэн шилжүүлэх гэж байгааг таслан зогсоох ёстой.

- Ард түмэнд тараасан 1072 хувьцааг хэрхэх, нийт хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаа ард түмний төлөөлөлийг ТУЗ-д оруулах, тэдний саналыг гэрээнд тусгах

- Хятад худалдан авагчийг болон гуравдагч хөршийн оролцоог хангах

Хоёрт, нүүрсэнд тулгуурласан, үүгээрээ гадны компаниудаас хэт хамааралтай болох эрсдэл бүхий эдийн засгийн загвараа яаралтай өөрчлөх нь чухал болж байна. Нэг улсын, хэсэг компанийн захирал бидний хувь тавиланг хөнгөхөн шийдвэрлэхэд хүргэх тийм хүнд зам руу явах шаардлага юунд байх билээ. Нүүрснээс өөр орлого олчих, амьдарчих зүйл зөндөө л байгаа. Өмнө нь нүүрс заралгүйгээр лавтай 3 000 жил оршсон үндэстэн юмсан.

Эх сурвалж: Үндэстний тойм


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.