ХААН Банкны Гүйцэтгэх захирал Като: Банкууд эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө чармайх болно

Д.Тулга / Эдийн засаг

Bloomberg-ийн ярилцах цаг эхэлж байна. 2014 онд Монгол улсын инфляци 11%-тай гараад байгаа энэ үед Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авч эхлээд байгаа. Харин үүнд банк, санхүүгийн салбарынхан ямар суурьтай байна вэ? Тэд зөв зүйтэй асуудлыг авч үзэж байна гэж бодож байна уу? Энэ талаар ярилцахаар монголын томоохон банкуудын нэг болох ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хүрэлцэн ирээд байна.

Bloomberg-д тавтай морилно уу? Өнөөдөр хамгийн их анхаарал татаж байгаа сэдвээс яриагаа эхэлье. Сүүлийн үед Монголын Засгийн газар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ялангуяа ерөнхий сайдын МҮОНТ-д өгсөн ярилцлага их анхаарал татаж байгаа. Энэ бүхнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

Юуны өмнө бид цаашаа ямар замаар явахаа шийдэх маш чухал салаа замын уулзварт ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдийн засгийн байдал өмнөхөөсөө муудаж эхэлсэн учраас бид нэг хэсэгтээ л эдийн засгийн таагүй нөхцөлд хөгжихөөс өөр аргагүй болсон. Тийм ч учраас бидэнд бүсээ чангалж зардлаа бууруулахыг санал болгож байгаа. Хэрэв ингэхгүй гэвэл бидэнд гадаадын тусламж дэмжлэг хэрэгтэй болно. Гадны туслалцаа авсан тохиолдолд хүндэвтэр цаг үеийн сөрөг нөлөө арай гайгүй тусах нь ойлгомжтой. Тийм учраас бид хүндрэлийг өөрсдөө даван туулах уу? Эсвэл гаднаас тусламж хүсэх үү? гэдэгт гол асуудал байгаа.

Энэ сэдвийг арай нухацтай авч хэлэлцэхийн өмнө нэг юм асууя. Жишээлбэл, мессэжээр санал асуулгыг явуулж эдийн засгийн асуудлыг шийдэх гэсэн алхам үнэхээр хэрэгтэй байсан гэж үү?

Өнгөрсөн хоёр жилд Монголын Засгийн газар нилээд их хэмжээний зээл авсан. Ингэсний ачаар ч эдийн засаг нэг хэсэгтээ гайгүй байсан нь үнэн. Гэхдээ энэ хугацаанд харзнах аргацаах маягтай бодлого хэрэгжүүлж ирсэн гэж боддог. Эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар асуудлыг шийдэх гэж оролдсон. Гэвч сүүлийн үед нөхцөл байдал өөрчлөгдсөн. Инфляци огт буурахгүй хөөрөгдөж эхэлсэн. Ийм үед Монголбанк бодлогын хүүгээ өсгөж, мөнгөний бодлогоо чангалсан. Үүний үр дүнд инфляци буурч эхэлсэн ч өндөр хэвээрээ л байна. 11 орчим хувьтай байгаа инфляцийг үүнээс ч илүү буурах ёстой гэсэн хүлээлттэй байгаа. Нөгөөтэйгөөр төгрөгийн ханш суларсан. Энэ бүх хүчин зүйл эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Төгрөгийн ханшийн уналтыг улам даамжруулахгүйн тулд цаашлаад гадаадын валютын нөөцийг бууруулахгүйн тулд энэ бүх алхмыг хийж мөнгөний бодлогоо чангатгах хэрэгтэй болсон. Ерөнхийдөө Засгийн газрын бодлого их өөрчлөгдсөн. Өнгөрсөн хоёр жилд голчлон зээл дээр тулгуурлаж байсан бол одоо эдийн засгаа чангатгахаас өөр аргагүй болсон. Би үүнийг заавал хийх ёстой алхам гэж үзэж байна. Үүнийг Монголчууд бүгд ойлгох хэрэгтэй гэж боддог. Зөвхөн Монгол улс ганцаараа хүндрэлтэй тулгараагүй. Дэлхий даяараа эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байна. Ялангуяа түүхий эдийн ханш их унаж байна. Хятадын эдийн засгийн өсөлт өмнөхөөсөө мэдэгдэхүйц удааширсан. Энэ бол бидний мэдлээс хэтэрсэн хүчин зүйлс. Бид үүнд яагаад ч нөлөөлж чадахгүй. Ер нь үүнээс болж дэлхий тэр чигээрээ ямар нэгэн хэмжээнд хохирол амсаж эхэлсэн. Тийм учраас бид шинэ нөхцөл байдалд аргаа олох ёстой. Эдийн засгийн өсөлт огцом удааширсан энэ үед учраа олж бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой. Монголчууд бүгдээрээ хамтдаа энэ ачааг нуруун дээрээ үүрч гарах ёстой. Ямар нэгэн хэмжээгээр хохирол амсаагүй газар байхгүй гэж бодож байна. Эдийн засгаа өөд нь татаж, Монголын эдийн засагт итгэх итгэлийг нь сайжруулахын тулд энэ бүх алхмыг цаг алдалгүй, яг одоо хэрэгжүүлэх ёстой.

Итгэл гэдэг бол яахын аргагүй маш чухал хүчин зүйл. Монголын улс төрчид нөхцөл байдалд юу болж ирснийг ухаарч ирсэн гэж та хэллээ. Энүүхэндээ гэж хэлэхэд монголын эдийн засаг муудаж ирснийг улс төрчид хамгийн түрүүнд харж хөдлөх ёстой байдаг. Гэтэл Монголд яг эсрэгээрээ юм болж байна. Эхлээд ард түмний амьдрал хэцүүдэнгүүт улс төрчид нэг юм бодож эхэлдэг нь танд сонин санагдаг үү? Хэт оройтож хөтөлсөн гэж ойлгож болох уу?

Би заавал ингэх албагүй гэж хэлмээр байна. Ер нь улс төрчид хаана ч байсан ард түмэндээ аль болох сайхан юм ярьж, эерэг өөдрөг байлгахын төлөө явдаг. Гэхдээ таны ч зөв байж магадгүй. Орчин үеийн хүмүүс илүү ухаантай, илүү мэдлэг боловсролтой болсон байх. Тэд өмнөхөөсөө юмыг илүү сайн ойлгодог болсон байхыг үгүйсгэхгүй. Ер нь хүний өөрийнх нь эрх ашиг хөндөгдтөл хүн баргийн юмыг тоохгүй хандлагатай байдаг. Харин танд өөрт чинь эсвэл таны ойрын хамаатан саданд нөлөөлж эхэлсэн тохиолдолд та юмыг маш сайн ойлгож, хурдан арга хэмжээ авах жишээтэй. Юм болохоо байсныг илүү гүн гүнзгий мэдэрдэг. Ер нь ямар ч хүн бэрхшээлтэй тулгарья гэж бодохгүй шүү дээ. Тийм учраас улс төрчид аль хэдийн ард түмэн сонгогчдынхоо зүгээс цохих дарамт шахалт мэдрээд эхэлчихсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ улс төрчид ард түмнээ өмнөхөөсөө хамаагүй сайн ойлголттой болсон гэдгийг тоцоондоо аваад улс орондоо амин чухал шаардлагатай алхмуудыг зоригтойхон шиг хийгээсэй гэж бодож байна. Нөгөө талаасаа бизнесийн хүрээлэл ч бас хариуцлагаа ухамсарлах ёстой. Бизнесийн ертөнц ч гэсэн эдийн засгийн хүндрэлтэй үеийг бүсээ чангалан даван туулах ёстой гэдгийг ойлгох шаардлагатай.

Сүүлийн үед үүнтэй холбоотой маш их яриа хэлэлцүүлэг явагдаж байна. Засгийн газар ямар алхам хийх ёстой, ямар бодлого баримтлах ёстой гэдэг талаар халуун маргаан өрнөсөн. Хэрэв таны санал бодлыг асуусан бол та улс төрчид, бодлого тодорхойлогчид, Засгийн газарт юу гэж хэлэх байсан вэ?

Юуны өмнө улс төрчид, бодлого тодорхойлогчид үүссэн нөхцөл байдлыг маш сайн ойлгосны үндсэн дээр шаардлагатай алхмуудыг авч хэрэгжүүлэхэд шийдвэр төгс байгаа гэдгээ харуулах нь маш чухал. Шаардлагатай алхмууд гэдэг нь төсвийн зардлыг бууруулж, зарим төсөл, хөтөлбөрийг хумин, Засгийн газрын зардлыг багасгана гэсэн үг. Засгийн газар маш тодорхой байр суурь эзлэх ёстой зоригтой үнэмшилтэй шийдэмгий бодлого хэрэгжүүлж байж гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлэн олж авна. Яахав төсвийн алдагдал, өрийн тааз, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд олон асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ хэрвээ ахиад улс төрийн хүчин зүйл давамгайлаад шидэмгий бодлого явуулж чадахгүй бол байдал дээрдэхгүй. Тууштай бодлого явуулж чадахгүй байна гэсэн жаахан мэдрэмж төрөхөд л хөрөнгө оруулагчид цаашаа явна уу гэхээс наашаа явахгүй. Нэг талаасаа бодлого тодорхойлогчид маш болгоомжтой хөдлөх ёстой ч нөгөө талаасаа их хүчтэй, тууштай шийдвэр гаргах ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг Монгол руугаа чиглүүлэхийн тулд үүссэн асуудлыг цаг алдалгүй шийдэж сонгосон замаасаа ухрахгүй гэдгээ дэлхий дахинд харуулах ёстой. Тийм ч учраас бодлого тодорхойлогчид арай буурь суурьтай яриа өрнүүлэх байх гэж найдаж байгаа.

Тэгэхээр одоогийн байдлаар бодлого тодорхойлогчид буурь суурьтай яриа хараахан өрнүүлээгүй байна гэж ойлгож болох уу?

Улс төрчид саад тотгорыг даван туулахын төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг мэднэ. Бизнесийн ертөнц ч гэсэн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байгаа нь сайн хэрэг. Монгол улсын Ерөнхий сайд энэ олон асуудлыг шийдэхийн төлөө чадах бүхнээ хийж байна. Санал бодлын зөрөлдөөн байлгүй л яахав. Ямар ч байсан би түүнийг зөв зүйтэй эцсийн шийдвэр гаргана гэж найдаж байна.

Бодлого тодорхойлогчид, эдийн засагчдын дунд арай буурь суурьтай ажил хэрэгч яриа өрнүүлэх болсон гэдэгтэй тантай санал нэг байна. Монголдоо тэргүүлдэг танайх шиг банкны хувьд энэ чухал байх нь ойлгомжтой. Гэхдээ энэ асуудлыг заавал олны өмнө дэлгэх шаардлага байсан уу? Энэ чинь эдийн засгийн асуудал болохоос олноор хэлэлцүүлдэг асуудал биш шүү дээ.

Би ойлгож байна.

Зүгээр нэг жижигхэн асуудлын талаар яриагүй улс орны эрх ашгийг хөндсөн эдийн засгийн амин чухал асуудал яригдаж байна?

Монгол бол ардчилсан орон. Гэхдээ зарим асуудал цэвэр текникийн асуудал байдаг учраас хүн болгон ярьдаг асуудал биш. Нөгөө талаасаа энэ бүх шийдвэр хүмүүсийн амьдралд ямар нэг хэмжээгээр шууд нөлөөлөх учраас хүмүүс үүнд чин сэтгэлээсээ хандаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Гэхдээ бидэнтэй адил мэргэжлийн хүмүүс хялбар аргаар тайлбарлаж өгөх нь маш чухал. Одоогийн нөхцөлд ямар механизм үйлчлэх ёстой юм, юу хийх хэрэгтэй юм, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дөт замаар ойлгуулах ёстой. Улс төрчид ч бас энэ талаар ярих ёстой. Ер нь ард түмэнтэйгээ ярьж санал бодлыг нь сонсоход хэзээ ч буруудахгүй. Гэхдээ популизм руу гулсан орж болохгүй л дээ. Одоо зөвхөн ард түмэндээ таалагдахын төлөө явдаг цаг биш харин ч үнэнийг хэлж бодит байдлыг тайлбарлах гэж оролддог цаг. Монгол улсын Ерөнхий сайдыг яг ийм ажил хийж байна гэж боддог.

Эм гашуун байсан ч уухаас аргагүй юу?

Тийм. Тэгэхээс аргагүй.

Хэрэв надаас эдийн засаг ямар байна вэ? гэж асуусан бол би ХААН Банкнаас асуу гэж хэлэх байсан. Танай банкны салбарын тоог ч харсан гүйцэтгэлийг ч бас харсан танайхаар эдийн засгийн эрүүл мэндийг тодорхойлж болно гэж боддог. Тоон болоод чанарын үзүүлэлтийг хараад эдийн засгийн байдал бишдэж магадгүй гэдгийг чухам хэзээнээс эхэлж ойлгосон вэ?

Өнгөрсөн жил манайд чанаргүй зээлийн харьцаа өмнөх жилүүдээ бодвол ялимгүй өндөр гарсан. Тэгээд цаашдаа өсөх хандлагатай болж эхэлсэн. Гэхдээ энэ нь түгшүүр зарлаж тэвдэж сандрах түвшинд хүрээгүй байсан л даа. Гэсэн ч чанаргүй зээлийн хэмжээ өсөж эхэлсэн нь илт болсон. Хүмүүсийн орлогын өсөлт зогсонги байдалд орсон. Үйлчлүүлэгчдийн хувьд зээлээ эргэж төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн. Ямар ч байсан энэ үзүүлэлт өссөн. Ингэж эдийн засаг удааширч эхэлсний шинж тэмдэг илэрсэн. Дээр нь төгрөгийн ханш огцом суларсан нь хүмүүст хүндээр туссан юм. Тэгэхэд л ерөнхийдөө эдийн засаг муудаж эхэлсэн нь илт болсон.

Өнгөрсөн жилийн дундуур байдал ямар байсан бэ?

Ялангуяа өнгөрсөн жилийн 4-р улиралд Монголбанк бодлогын хүүгээ өсгөснөөс хойш илт мэдрэгдсэн. Түүнээс хойш мөнгөний зөөлөн бодлого чангарч эхлэх нь ойлгомжтой болсон. Дээр нь банкны актив бас өмнөхөөсөө тааруухан болж ирсэн. Тийм учраас бид банкны актив дээрээ онцгой анхаарах шаардлагатай болсон юм. Өөрөөр хэлбэл, мөнгөө хадгалуулах хүмүүсийн тоо цөөрсөн гэсэн үг л дээ. Ийм нөхцөлтэй уялдуулаад хүүгээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ер нь тэгэхэд эдийн засаг аль хэдийн удаашраад эхэлчихсэн байсан.

Ноднин жилийн статисикийн мэдээг хараад өнгөрсөн санхүүгийн хямралтай харьцуулвал байдал тун ч дажгүй байна гэж хэлэх ёстой. Жишээлбэл, чанаргүй зээлийн хэмжээ 3% ч хүрэхгүй байгаа. Гэтэл санхүүгийн хямралын үеэр чанаргүй зээлийн хэмжээ 9% бараг 10% дөхөж байсан шүү дээ. Тэгэхээр одоогийн энэ байдлыг хямрал гэх үү, эсвэл хямралын өмнөх шат гэх үү? Ер нь одоогийн нөхцөл байдлыг ямар үгээр тодорхойлвол хамгийн оновчтой байх бол?

2008, 2009 оны хямралын дэргэд манай одоогийн тоон үзүүлэлт харьцуулахын аргагүй сайн байгаа нь үнэн. Тэр үеийн байдал үнэхээр ноцтой байсан. 2009 онд Оюу толгойн гэрээ байгуулсныг бүгд мэдэж байгаа. Тэгээд 2010, 2011 онуудаад түүхий эдийн үнэ ханш нэлээд өндөр байлаа шүү дээ. Аз болоход эдийн засгийн гадаад хүчин зүйл маш эерэг байсан гэж хэлж болно. Манай нүүрсний экспорт маш сайн байсан. Ер нь тэр үед уул уурхайн компаниуд хангалттай ашиг олсон. 2008, 2009 онд маш ноцтой хямрал болсон ч гадаад хүчин зүйл маш богино хугацаанд сайжирсан нь бидэнд ашигтайгаар эргэсэн. Үнэнийг хэлэхэд бид тэр үед их хохирол амсаагүй гэж хэлж болно. Тэгэхэд эдийн засаг маш хурдан сэргэсэн тул чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн их нөлөө үзүүлээгүй. Харин энэ удаад тоон үзүүлэлт тэр үеийнхээс хамаагүй дээр байгаа ч санаа зовж эхлэх түвшинд ойртож байна. Энэ удаад гадаад орчин тун тааруухан байгаа нь хамгийн их түгшүүр дагуулж байгаа. Түүгээр ч барахгүй гадаад орчин ойрын хугацаанд сайжрах төлөв ерөөсөө ажиглагдахгүй байгаа. Таваарын үнэ их уначихсан байна. Ялангуяа нүүрсний үнэ, тэр байтугай зэсийн ханш хүртэл сайнгүй байгаа.

Тэгвэл Монголын эдийн засаг сэргэхийн тулд заавал гадаад орчин сайжрах ёстой юм байна?

Өнгөрсөн санхүүгийн хямралын үеэр гадаад орчин биднийг хямралаас гарахад маш их дэм болсон. Тэгэхэд бид эерэг гадаад хүчин зүйл дээр сундлаад хямралаас маш түргэн хугацаанд гарч чадсан. Гэхдээ өнөөдөр бидэнд тэр үеийнхтэй адил нааштай гадаад хүчин зүйлд найдах ямар ч боломж алга. Түүгээр барахгүй гадаад хүчин зүйл нилээд хугацааны турш сайндаа гэхэд энэ тааруухан түвшиндээ хадгалагдана. Эсвэл бүр дордож магадгүй гэсэн хүлээлттэй байгаа. Энэ ганцхан жил ч биш бүр 4, 5 жил ч сайжрахгүй байж магадгүй. Бид үүнийг заавал тооцоондоо авах ёстой. Гэхдээ бүх юм санасанаас хурдан сайжирвал түүн шиг сайн юм гэж хаана байхав. Гэхдээ бид зөвхөн гадаад хүчин зүйлийг хараад сайжирчих байх даа гээд горьдоод сууж болохгүй.

2015 онд банкны тогтолцооны өмнө ямар хүндрэл тулгарч болзошгүй вэ? Барилга, уул уурхай зэрэг бусад салбаруудтай харьцуулвал банкны тогтолцоо нь дэлхийн түвшинд хүрсэн ганц салбар гэж хэлж болно. Гэвч энэ нь та бүхний өмнө ямар томоохон сорилт тулгарах магадлалтай гэж та харж байна?

2015 оны хувьд эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц хэмжээгээр удаашрах төлөвтэй байгаа. 2013 онд монголын банкуудын нийт зээл 50%-иар өссөн. Гэтэл өнгөрсөн жил 17-18%-ийн өсөлттэй гарсан. Энэ нь буурсан юм шиг харагдавч үнэн хэрэгтээ маш өндөр үзүүлэлт. Зарим нь Монголын тогтолцоог сул дорой хэвээр эсвэл дэндүү өндөр хүүтэй зээл олгодог гэж хэлж магадгүй. Заримдаа зөв шүүмжлэлүүд ч нилээн байдаг. Гэхдээ банкууд өөрсдөө маш их эрсдэл үүрдэг гэдгийг хэлэх ёстой. 2013 онд зээлийн хэмжээ 50%-иар 2014 онд 18%-иар өссөн нь банкуудын гавьяа гэж хэлж болно. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Үнэн хэрэгтээ банкууд маш их эрсдэл үүрч байгаа. Гэхдээ сүүлийн үед байдал ялимгүй дордсон ч Монголын банкууд активынхаа чанарыг яаж ийж байгаад сайжруулсаар байгаа нь сайн хэрэг. Эдийн засгийн нөхцөл муудсан ч сандарч тэвдэх хэмжээнд арай хүрээгүй байна. Өнгөрсөн 2 жилд Монголын банкууд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр гэвэл энэ байна. Энэ жил Монголбанк 2015 оны Монголын ДНБ-ий өсөлтийг 6.1%-тай гарна гэж тооцоолсон. Энэ бол манайх шиг улсын хувьд дэндүү бага тоо. Өнгөрсөн жилийн ДНБ-ий өсөлт ойролцоогоор 7%-тай гарах байх. Эцсийн үзүүлэлт хараахан гараагүй байна. Өмнөх хэдэн жил манай өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж байлаа шүү дээ. Жилийн 17%, 12%-тай гарж байсан. Гэвч өнгөрсөн жилийн өсөлт 7%-тай гарна гэсэн хүлээлттэй байна. Харин энэ жил манай эдийн засаг дөнгөж 6%-иар өснө гэсэн таамагтай сууж байгаа. Ноднин жил хаа сайгүй борлуулалт ялимгүй муудаж эхэлсэн тул бизнесийн секторын орлого дагаад буурсан байх. 2015 оны хувьд монголын банкуудын зээлийн өсөлт удааширч магадгүй гэсэн хүлээлттэй байгаа ч эдийн засаг 6%-иар өсөх тул банкууд шаардлагатай санхүүжилтийг гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Банкууд эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө чармайх болно. Гэхдээ шинэ нөхцөлд банкууд эрсдлийн менежментдээ түлхүү анхаарах болов уу? Зээлийнхээ чанарт өмнөхөөсөө илүү анхаарч ер нь энэ жил банкны санхүүгийн эрүүл мэнд их чухал асуудал болох байх.

Дөнгөж саяхан болж өнгөрсөн Давосын Эдийн засгийн чуулга уулзалт дээр гадаад дотоодын олон мэргэжилтэн Монголын эдийн засгийн талаар санал бодлоо хуваалцсан. Тэд Монголын Төв банкны авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цагаа олсон гэж дурьдаад хэрэв Төв банк цаг тухайд нь арга хэмжээ аваагүй бол Монголын эдийн засаг үүнээс ч хүнд байдалд орох байсан гэдгийг цохон тэмдэглэсэн. Та энэ дүгнэлттэй санал нийлж байна уу?

Нийлж байна гэж хэлье. Монголбанк бол юуны өмнө мөнгөний бодлого тодорхойлогч. Өнгөрсөн 2 жилд мөнгөний бодлого тодорхойлогч гэдэг утгаараа хүлээлтийг давсан алхам хийсэн. Гэхдээ Монголбанкны санхүүгийн зарим үйл ажиллагаа уг нь бүхлээрээ Засгийн газрын эрх мэдлийн асуудал байх ёстой гэж боддог. Ерөнхийдөө өнгөрсөн 2 жилд Монголбанк зоригтой алхам хийсэн. Ингэсний ачаар эдийн засгаа зохих түвшинд барьж чадсан. Гэхдээ эдийн засгийн бүх онолыг харвал бодит үйлдвэрлэлийн хүчин чадал өсөөгүй цагт дан ганц зээл дээр тулгуурласан эдийн засаг яваандаа өндөр инфляцитай тулгарч валют нь сулардаг гээд заачихсан байгаа. Энэ хугацаанд бид харзнах аргацаах маягтай бодлого хэрэгжүүлж ирсэн гэж би өмнө нь хэлсэн. Өөрөөр хэлбэл Монголбанк хүлээзнэх байр суурьтай байсан гэж боддог. Нөхцөл байдлаасаа шалтгаалаад цаг тухай бүрт нь зарлуулга хийгээд явчихна гэсэн мөнгөний бодлого баримталсан байх. Энэ хугацаанд хэрэв эдийн засгийн нөхцөл дээрдээд ирвэл дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, Оюу толгойн маргаан шийдэгдэж, гадаад дотоод нөхцөл байдал сайжирч магадгүй гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл тэгээгүй ээ. Одоо байдал өөрчлөгдсөн. Бид ийм өндөр инфляцийг зүгээр хараад суугаад байж болохгүй. Гадаад валютын нөөц багасаж эхэлсэн, төгрөг огцом суларсан. Ийм нөхцөлд төгрөгөө хамгаалж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд мөнгөний бодлогоо чангатгахаас өөр арга байхгүй.

Монголбанк цаг тухайд нь дорвитой арга хэмжээ аваагүй бол байдал бүр хүндрэх байсан гэдэгтэй та санал нийлж байгаа юу?

Төв банк дан ганц мөнгөний бодлого дээрээ төвлөрсөн бол илүү үр дүнтэй байх байсан гэж үздэг. Ер нь Төв банк цэвэр мөнгөний бодлогоо чухалчлах ёстой. Мөнгөний бодлогыг санхүүгийн бодлогоос ялгаж салгадаг цаг нь ирсэн юм болов уу гэж найдаж байна. Ерөнхийдөө санхүүгийн бодлогыг Засгийн газар дангаараа тодорхойлох ёстой байдаг л даа.

Өнгөрсөн долоо хоногийн турш парламентад өрнөсөн хэлэлцүүлгийг би анхааралтай ажигласан. Өрийн таазыг өсгөх талаар янз бүрийн санаа оноо гарсан. Гэтэл дэлхийн практикыг харвал өрийн хэмжээ ДНБ-ий хэмжээ тэдэн хувьтай тэнцэж байх ёстой эсвэл ингэж хийвэл зөв болно гэсэн тохиолдол байдаггүй юм байна. Энэ нь орон орноороо ялгаатай байдаг уу?

Тиймээ. Өмнө нь Засгийн газрын өр дээр Монголын Хөгжлийн банк зэрэг бусад сувгаар орж ирдэг өрийг статистикдаа хамруулдаггүй байсан. Үүнийг заримдаа гадаадын хөрөнгө оруулагчид шүүмжилдэг байсан. Харин одоо хамруулсны дараа өрийн хэмжээ өссөн харагдах нь ойлгомжтой. Техникийн үүднээс нь аваад үзвэл энэ нь шаардлагатай алхам байхыг үгүйсэхгүй. Өрийн хэмжээ өсөнгүүт бодит байдлыг илүү тод харахын тулд ийм тааз тогтоох нь техникийн үүднээс зөв байж магадгүй. Нөгөөтэйгүүр тодорхой үндэслэлтэй хатуу чанга төсвийн төлөвлөгөөтэй байх нь маш чухал. Өөрөөр хэлвэл илүү дутуу зардлаа хассан байх ёстой. За тансаг юмны талаар ярих ч хэрэггүй. Энэ тухай одоохондоо бүр мөсөн мартах ёстой. Монголын Хөгжлийн банк зэрэг янз бүрийн шугамаар өрийн хэмжээ нэмэгддэг нь үнэнээс хойш албан ёсны хязгаар тогтоогоод түүнийгээ хүлээн зөвшөөрөөд хяналтаа тогтоох нь зөв. Гэхдээ нөгөө талаасаа өмнө нь хэлсэнчлэн төсвийнхөө зардлыг эрс бууруулахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Энэ хоёр хүчин зүйлийг хослуулах ёстой гэж бодож байна. Харин үүний дараа ийм шалтгааны улмаас ингэж өсгөх шаардлагатай боллоо гээд хөрөнгө оруулагчиддаа тайлбарлах хэрэг гарах байх. Гэхдээ юуны өмнө төсвийн зардлаа бууруулж чадсан гэдгээ л харуулах ёстой.

Одоо ярианыхаа сэдвийг өөрчилж арай өөдрөг өнгө аястай юм ярья. Монгол, Япон хоёр маш өндөр ач холбогдолтой эдийн засгийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаас хойш үр дүн нь хэр зэрэг хурдан мэдрэгдэж эхэлдэг вэ?

Ерөнхийдөө хурдан мэдрэгддэг. Гаалийн татвар гээд маш олон юмны шимтгэл буурна. Импорт, экспорт ч бас хурдан өсөх ёстой. Гэхдээ энд нэг хүчин зүйл бий. Монгол, Японы худалдааны хэмжээ ямар байгааг харах ёстой. Үнэнийг хэлэхэд манай хоёр орны худалдаа тийм ч их биш гэдэг нь харагдана. Яахав бид Японоос арай хямд машин оруулж ирэх байх. Гэхдээ энэ бол зөвхөн импорт. Гэтэл бид Японд өөрсдөө юу гаргах билээ гэдгээ бодох ёстой. Энэ тал дээр жаахан хүндрэл бий. Тийм учраас эдийн засгийн түншлэлээс урган гарах янз бүрийн боломжийг илүүтэй судлах ёстой байх.

Энэ түншлэлийн гэрээ Монголын эдийн засагт дорвитой дэмжлэг болж чадах уу?

Чадна гэж бодож байна. Одоохондоо Монголын хувьд Япон руу экспортлох боломж бага зэрэг хязгаарлагдмал байхыг үгүйсэхгүй. Гэхдээ эдийн засгийн түншлэлийн гэрээг үзэглэснээр Япончуудын сонирхлыг татаж чадах бараа бүтээгдэхүүний экспорт арай хялбар болох ёстой. Тийм учраас үүнийг хэрэгжүүлэхэд буруу юм байхгүй. Энэ гэрээ Монголын хувьд анхных нь түншлэлийн гэрээ байхаа. Харин Японы хувьд 15 дахь нь гэж бодож байна. Ямар ч байсан энэ алхмыг бид бүхний авч явах ёстой зөв чиглэл гэж хэлмээр байна.

Эцэст нь ХААН Банкны тухай товчхон ярья. ХААН Банк маш чанартай бүтээгдэхүүн гаргасаар ирсэн. Харин энэ жилийн хувьд ХААН Банк ямар зорилготой ажиллаж байгаа вэ?

Энэ жил бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах ажлыг үргэлжлүүлнэ. Үүнээс гадна манай банк илүү чанартай сайн бүтээгдэхүүн санал болгож үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд томоохон хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн байгаа. Энэ ажлаа өргөжүүлнэ. Ялангуяа 2014 онд цахим банкны үйлчилгээндээ онцгой анхаарч ирсэн. Цахим банкны төрөл бүрийн үйлчилгээ санал болгож эхэлсэн. Цахим банкны үйлчилгээг олонд хүртээлтэй болгож энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Ялангуяа УБ-ын ХААН Банкны салбарууд дандаа урт дараалалтай байдгаараа алдартай шүү дээ. Цаашдаа хүмүүсийг ингэж чирэгдүүлэхгүйн тулд бид цахим банкны үйлчилгээ нэвтрүүлж эхэлсэн. Мөнгөний машинаас бэлэн мөнгө авч, гар утас, интернэт банкны тусламжтайгаар мөнгө шилжүүлэх боломжтой болж байгаа. Энэ хүчин чармайлт ч үр дүнгээ өгөөд эхэлсэн. Сүүлийн үед цахим банкны бүтээгдэхүүний тусламжтайгаар төлбөр тооцоо хийх нь огцом нэмэгдсэн. Ингэснээр манай банкны салбаруудын ачаалал буурах төлөвтэй байгаа. Бид цаашдаа ч үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах ажлыг тасралтгүй үрэгжлүүлнэ. Ингэсний үр дүнд манай салбаруудын ачаалал буурч илүү тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болно гэж найдаж байна. Энэ бол 2015 онд манай хамт олны хийх үндсэн ажлын нэг хэсэг болж байгаа.

Манай нэвтрүүлэгт оролцож, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

-Маш их баярлалаа.

Эх сурвалж: Bloomberg TV Mongolia


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.