М.Л.Клойберын үхэлд эхнэр Ё.Гантуяаг нь холбогдуулан шалгаж эхэлжээ
Энэ сарын 17-ны өдөр Монголд ХБНГУ-ын иргэн 60 настай Максимлян Лёонхард Клойбер нас барсан. Нийт 13 сая евротой ирээд сураггүй алга болсон гэх талийгаачийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд шинжлүүлсэн бөгөөд үхлийн шалтгаан багагүй хугацааны дараа тодорхой болох юм. Эх сурвалжийн мэдээлснээр Максимлян Лёонхард Клойбер гадны нөлөөгүй, биеийн байдал муугаас нас барсан байж магадгүй аж. Гэвч уг хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж эхэлсэн бөгөөд эхнэр гэх Ё.Гантуяаг нь өнгөрсөн долоо хоногт цагдан хорьжээ.
Максимлян Лёонхард Клойберийг сураггүй болохтой давхцан Ё.Гантуяаг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард мөн цагдан хорьж байсан аж. Жил гаруй хугацаанд шалгасны эцэст 2013 оны сүүлчээр батлан даалтад гаргажээ. Ё.Гантуяа нь мөрдөн байцаагчид өгсөн мэдээлэлдээ “Манай нөхөр эмч гэж хэлдэг байсан. Би ямар ажил хийдэг байсныг нь мэдэхгүй” хэмээн мэдүүлж байжээ. Герман улсын иргэн Максимлян Лёонхард Клойбер нь нас барахдаа Ё.Гантуяагийн дүү Ё.Гантөмөрийн эзэмшлийн байранд амьдарч байсан учраас энэ хэрэгт ах дүү хоёрыг шалгаж байгаа бололтой.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл