СУРВАЛЖИЛГА: Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөж

Aдмин / Эдийн засаг

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжиж буй хөдөө аж ахуйн төслүүдийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн аяныг өнгөрсөн зургадугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд АХБ-наас Улаанбаатар, Дархан хотод амжилттай зохион байгууллаа. Энэхүү аяны бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулин тэргүүтэй зочид төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн баг багтсан юм.

May be an image of 8 people, television, hospital and text

Хэвлэлийн аян зургадугаар сарын 14-ний өдрийн мягмар гаргийн 08.00 цагт Шангри-Ла зочид буудлын гаднаас "Бест шүес" ХХК-ийн үйлдвэр лүү хөдөлснөөр эхлэв.

Оршил. Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл: Сонгогдсон аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар Монгол Улсад хөдөө аж ахуйн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний тусгайлсан “ниш” зах зээлийг бэхжүүлэхийг зорьсон. Уг төслийн хүрээнд нэмүү өртгийн сүлжээг сайжруулж, хамтарсан брэндинг бий болгож, мал аж ахуй болон хөдөө аж ахуйн нөөцөөс нэмүү өртөг шингээх үйл явцыг хөрөнгө оруулалт, чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, маркетинг болон үндэсний брэнд хөгжүүлэлтээр дамжуулан дэмжсэн байна.

May be an image of 5 people

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд “Best shoes” ХХК чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан байна.

Өөрөөр хэлбэл, 2019 онд тус компани АХБ-ны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн дамжлагуудын зөрөө арилгах техник суурилуулж, ашиглалтаа өсгөж, шинэ лабораторио нээжээ.

Ажилтнуудынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлж, бүтээгдэхүүнүүдээ ч хөгжүүлсэн байна. ISO стандарт хэрэгжүүлж удирдлагын тогтолцоо, менежментийг сайжруулж, олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг гутал үйлдвэрлэлийн салбартаа анхлан нэвтрүүлсэн аж.

Төслийн хүрээнд тус компанид чанарын менежментийн сургалт, зөвлөгөө, техникийн зөвлөмж зэрэг цогц арга хэмжээг зургаан сарын хугацаанд үзүүлсэн бөгөөд энэ нь компанийн дотоод хяналтын тогтолцоог бэхжүүлэх, үйл явцын үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чухал түлхэц болжээ.

“Best shoes” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Түвдэнням Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулинтай уулзахдаа АХБ-ны тусламж дэмжлэгт гүнээ талархаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр “Best Shoes” гутлын үйлдвэрийг 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулж, тасралтгүй 24 жил үйл ажиллагаа явуулж буйгаа дурдав.

Өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг орчин үеийн техник технологи бүхий гутлын үйлдвэр Монгол Улсад байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй болов уу.

Б.Түвдэнням захирал "Манай үйлдвэр монгол, итали, европ үхэр, ямааны арьсаар Афганистан, Судан гээд монгол цэргийн хөл хүрдэг газар өмсдөг, -40 хэмд тэсвэртэй гутал үйлдвэрлэж байна. Мөн эргүүлийн цагдаа, тайга, цөлд харуулын цэргүүд, уул уурхай, зам тээврийнхний хэрэглэдэг хөдөлмөр хамгааллын гутлыг олон өнгө, загвараар үйлдвэрлэдэг.

Хадаас нэвтэрдэггүй, чийг татдаггүй, хоншоор нь 200 джоуль даадаг, өсгийдөө зөөлөвчтэй, цахилгаан дамжуулдаггүй учраас Солонгос, Орос зэрэг улсаас олон мянган ажлын гутлын захиалга ирдэг. Бид гоёлын арьсан гутал, цүнхний нэгдсэн үйлдвэрлэлээ түр хойш тавьж, голдуу хөдөлмөр хамгааллын гутлууд өдөрт 400-гаар нь үйлдвэрлэж байна. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглавал Монголын гутлын зах зээлийн 30 хувийг хангах боломжтой" хэмээн ярив.

Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкнаас дахин дэмжлэг тусламж үзүүлбэл үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлаа нэмэгдүүлж, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжсэн. Б.Түвдэнням захирал "Best shoes" гутлын үйлдвэрт боловсон хүчний асуудал тулгамдаж буйг онцлоод, төр засгаас бинес эрхлэгчдэд дарамт болж буй татварын асуудлыг нэг мөр цэгцэлж, залуу боловсон хүчний бодлогодоо түлхүү анхаарахыг хүсч явдгаа хуваалцсан юм.

Сонирхолтой нь, тус үйлдвэрт хүрэлцэн ирсэн зочдын нүдэнд Монголын хамгийн том буюу 320 размерын гутал тусах нь гарцаагүй. Монгол залуусын, үхрийн ширээр урласан энэхүү хүрэн өнгөтэй гоёмсог ботинк дээр “Дэлхийд үнэлэгдэх Монгол гутал” хэмээн бичжээ. Үйлдвэрийн хананд “Би гутал хийх гэж төрсөн” гэсэн англи бичиг байх бөгөөд сармагчнаас үйлдвэрлэл эрхлэгч хүртэлх цаг хугацааг илэрхийлжээ. Энэ нь тус үйлдвэрийн захирал Б.Түвдэннямын хэзээ ч хувирашгүй хүсэл, мөрөөдлийн илэрхийлэл гэлтэй.

Тэрбээр 16 настайдаа ТМС-д элсэж, гуталчин мэргэжлээр сурч төгсөөд том үйлдвэрт ажиллаж эхэлжээ. Харамсалтай нь, удалгүй үйлдвэр нь дампуурч, гутал зүүгээ барьсаар байрныхаа тагтан дээр гарч, подваль, түрээсийн байр дамжиж явсаар 13 жилийн дараа буюу 2014 онд үйлдвэрийн шинэ байрандаа гар нийлсэн залуус, конверийн дамжлага бүхий шинэхэн техниктэй төвхнөсөн байна.

“Монголчууд бидэнд итгэл хэрэгтэй. Бид чинь авьяастай, чадвартай ард түмэн” хэмээн хэлэх дуртай Б.Түвдэнням захирал өдгөө мэргэшсэн, өндөр ур чадвартай 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлж яваа ажээ.

Бидний аялал цааш "Говь" ХК-ийн Ноолуурын үйлдвэрт зочилсноор үргэлжиллээ.

"ШҮГЭЛ ҮЛЭЭХ СИСТЕМ НЭВТРҮҮЛЖ, НАЙДВАРТАЙ СУВГААР МЭДЭЭЛЛИЙГ ӨНДӨР НУУЦЛАЛТАЙ АВДАГ"

Азийн хөгжлийн банк, Үндэсний ууган үйлдвэрлэгч "Говь" ХК-ийн хамтарсан уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ноолуурын нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл нь Монгол Улсын ноолуурын нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлж, тус салбарт ажиллаж буй 1300 ажилтан, 1200 малчныг тогтвортой орлого, ажлын байраар хангахад чиглэжээ.

Зээлийн санхүүжилтээр малчдаас түүхий ноолуур худалдан авах болон ноолуур боловсруулах үйл ажиллагааг дэмжиж, мөн 1 сая ам.долларын техникийн туслалцааны буцалтгүй тусламжийн хүрээнд малчдын бүлгүүдийг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон чадавхжуулах замаар бэлчээрийн тогтвортой менежмент, мал маллах тогтвортой менежментийг дэмжих зорилготой аж.

May be an image of 8 people and text that says 'Wett GOU'

Монгол ноолуурыг дэлхийд таниулах зорилготойгоор жилээс жилд үйл ажиллагаагаа олон талаар өргөжүүлсээр буй тус компани 2019 оноос эхлэн олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлэх зорилт тавин ажиллаж буй аж. Энэхүү өсөлтийг дэмжих болон тогтвортой хөгжлийн чиглэлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Азийн Хөгжлийн Банктай 30 сая ам.долларын урт хугацаат эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

"Говь" ХК Европын холбоо, Англи, Америк, Хятад, Казакстан зэрэг улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх улс орнуудад брэнд танигдалт болон зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудаа улам эрчимжүүлэн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн тоо хэмжээ, түүхий эдийн татан авалтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хийж буй юм байна.

Монгол Улсад нийт 250 мянга орчим малчин айл өрх байдаг бөгөөд өрхийн орлогын дунджаар 30 хувийг ноолуур бүрдүүлдгээс ноолуур нь малчин өрхийн орлогод хэр нөлөөтэй, чухал зүйл вэ гэдгийг харж болох юм. Энэхүү санхүүжилтийн хүрээнд "Говь" компани малчдын гар дээрээс авах ноолуур худалдан авалтыг нэмэгдүүлж, тэдний орлогыг дэмжиж буй юм байна.

"Говь” ХК-ийн борлуулалтын орлогын дунджаар 50 хувийг гадаад валют бүрдүүлдэг аж. Олон улсын зах зээлд илүү танигдаж өргөжсөнөөр уул уурхайн бус, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц болж, эдийн засагт валютын урсгалыг сайжруулах ач холбогдол бүхий санхүүжилт хийсэн АХБ-ныханд тус компанийнхан талархаж явдгаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ноолууран бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг “Говь” ХК 1500 гаруй ажилтантай бөгөөд 70 хувь нь эмэгтэйчүүд ажээ.

“Говь” компани тогтвортой хөгжлийн 17 зорилгыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж буйгаа мэдэгдэв. “Говь” компанийн Тогтвортой хөгжлийн хэлтсийн дарга З.Ариунзул Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулинд үйл ажиллагаагаа танилцуулах үеэр тогтвортой хөгжлийн стратегийн бодлогыг баримтлан, үйлдвэрлэлийн шат дамжлага, үйл ажиллагаа бүрдээ уяж ажиллаж буйгаа хэлэв.

Тус компани 2024 онд “Хүний эрх жендэрийн бодлого”-ыг баталжээ. Өнгөрсөн 2024, 2025 оны хавар орон нутагт хоршоодоор дамжуулан нийт 500 малчнаас ноолуур худалдан авахдаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах, жендэр, хүний эрхийн мэдлэг мэдээлэл олгох, малчин эмэгтэйчүүдийн орлогыг нь тогтворжуулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг газар дээр нь зохион байгуулжээ.

АХБ-наас 2023 онд “Говь” ХК-д олгосон 30 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн шалгуур шаардлага ч мөн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан байна. Тухайлбал, АХБ нь зээлдэгч түншлэгчийн үйл ажиллагаанд жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн шалгуур, шаардлага тавьдаг байна. Үүнд:

  • Эмэгтэйчүүдийг дэмжин хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, үйлдвэртээ шинээр авах ажилтнуудын тал нь эмэгтэйчүүд байх,
  • эмэгтэй ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх боломжоор хангах,
  • “Говь” ХК-ийн малчдад зориулж зохион байгуулах сургалтын тал хувийг эмэгтэйчүүдэд зориулах,
  • бэлчээр, сүргийн менежментийг хэрэгжүүлэх малчдын бүлэгт эмэгтэй малчид нэгдэхийг уриалах,
  • жендерт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг олгох материал боловсруулах зэрэг зорилтыг багтаажээ.

“Говь” хувьцаат компани шүгэл үлээх систем нэвтрүүлж, найдвартай сувгаар мэдээллийг өндөр нууцлалтай авдаг болсон байна.

“Говь” компанийн цахим хуудас удирдах ажилтнууд болон ажилчин, ажилчдын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд шударга бус байдал гарвал шүгэл үлээдэг цэстэй болжээ. Үүгээр “Ёс зүйн зөрчил болон шударга бус үйлдлийн талаар цахимаар мэдээлэхэд нээлттэй бөгөөд нэр, хаяг шаардахгүй, шүгэл үлээгчийн мэдээллийг нууцалдаг байна.

Холбогдох ажилтаны мэдээлснээр, мэдээллийн нууцыг чандлан хадгалж, “Говь” ХК-ийн нэр дэвшүүлэх хороо, мөн Ёс зүйн хороо асуудлыг 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэдэг ажээ. Тус компани 2023 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 151 зөрчил, мэдээллийг тус компани хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Хэвлэлийн аялал "АПУ Дэйри" ХХК-ийн үйлдвэртэй танилцах уулзалтаар үргэлжлэв.

"УЛААНБААТАР ХОТООС 450 КМ-ИЙН РАДИУСТ 25 ШИНЭ ТҮҮХИЙ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА"

Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон "АПУ Дэйри" ХХК нүүдэлчин малчдыг сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх, сүү боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тогтвортой мал аж ахуйн менежментийг дэмжих зорилгоор 20 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийн гэрээнд өнгөрсөн 2024 оны 11 дүгээр сард гарын үсэг зурсан. Энэхүү төсөл нь Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих замаар хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх гол зорилготой.

Мөн АХБ-ны санхүүжилтийн багцад 300 малчныг мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежментэд сургах, санхүүгийн боловсрол олгох, тэдний жендэрийн тэгш байдал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх мэдлэгийг дээшлүүлж, уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн 750,000 ам.долларын техникийн туслалцаа багтжээ.

"АПУ Дэйри сүүний үйлдвэртэй хийж буй энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг илүү уян хатан, хүртээмжтэй болгоход чиглэсэн чухал алхам болж байгаа аж.

Монгол Улс одоогоор жилд 800 сая литр түүхий сүү үйлдвэрлэдэг ч дөнгөж 10 хувийг нь боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгодог. Нөгөөтэйгүүр, сүүний үйлдвэрүүд нь малчдад хүрч чадахгүй байгаагаас болж хүчин чадлынхаа тал хувьд л ажиллаж буй. Зуны улиралд сүүний үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, харин өвлийн улиралд огцом буурч, импортын хуурай сүүнээс хамааралтай болдог.

May be an image of 7 people

Энэхүү санхүүжилт нь "АПУ Дэйри" ХХК-д нийслэл Улаанбаатар хотоос 450 км-ийн радиуст 25 шинэ түүхий сүү цуглуулах төв байгуулахад тусалж байгаа аж. Эдгээр төвүүд нь малчдад сүүгээ нийлүүлэх тогтвортой зах зээл бий болгохын зэрэгцээ 2028 он гэхэд "АПУ Дэйри" ХХК-ийн өргөтгөсөн боловсруулах үйлдвэрийн түүхий сүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах аж. Тус өргөтгөл нь мөн 320 ажлын байр шинээр бий болгох бөгөөд цуглуулах төвүүд нь малчдын бүтээмж, орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ малчдад сүүний үйлдвэрлэлээ зээлийн барьцаа болгон ашиглах боломж олгох юм байна.

АПУ Дэйри ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Баярмагнай “АХБ-ны зээл болон техникийн туслалцаа нь Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн ирээдүйн хөгжлийн нэгэн тулгуур болж, хөдөөгийн малчдын амьжиргаа, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын хоёр дахь том сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "АПУ Дэйри" ХХК 2006 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотод 4700, орон нутагт 4000 худалдааны цэгээр дамжуулан өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ борлуулж буй аж.

May be an image of 18 people and text

Бид аяллаа үргэлжлүүлж, зургадугаар сарын 25-ны лхагва гаргийн 07.00 цагт Дархан-Уул аймаг руу хөдөллөө. Бурхантын хөндийд биднийг очиход +39 градус халуун байлаа.

"ЦАСХАН" БРЭНД БА ДАРХАНЫ ЗАСАГ ДАРГЫН СУРТАЛЧИЛГАА

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал зочдоо хүндэтгэн хүлээн авсан юм. Тэрбээр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шеннон Коулинтой уулзахдаа хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин үзүүлж буй тусламж дэмжлэг цагаа олж, үр дүнгээ өгч байгааг онцлон тэмдэглээд, гүнээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.

May be an image of 2 people, dais and text that says '운진 HO0O 33 Welome la laDatlan Da DEAR ር ADB n Cowlin, director in olia'

Мөн тэрбээр бидний үзэж сонирхохоор зорин ирсэн "Дархан Цасхан Сүү" ХХК-ийн үйлдвэрлэдэг брэнд бүтээгдэхүүн болох "Цасхан" зайрмагт дуртайгаа хэлээд, ирсэн зочдод тус зайрмагны зурагтай нэрийн хуудсаа өгдгөө сонирхуулан хэлж байлаа. Тэрбээр бидэнд дарханчуудын идэх дуртай энэхүү брэнд бүтээгдэхүүнээ амтархан идэж үзэхийг уриалсан юм.

May be an image of 2 peopleДархан Хүнс" ХК 1971 оноос хойш ажилласан Дархан хотын хүнсний комбинатыг дахин хөгжүүлсэн хувийн компани ажээ. Анх цэвэр сүүгээр зургаан нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон “Цасхан” брэндийн долоон төрлийн зайрмаг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэдэг байна. Дархан хотын ууган брэнд, нутгийн хүмүүсийн дунд "Цэвэр сүүний амттай" гэдгээрээ алдартай юм байна.

Япон болон Хятад улсын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий энэхүү үйлдвэрийн химийн ямар ч нэмэлтгүй, цэвэр сүүн "Цасхан" зайрмагийг идэж үзээгүй хүн байдаггүй гэлцдэг аж.

May be an image of 12 people and hospital

МОНГОЛЫН ХҮНСНИЙ САЛБАРЫН ХУВИЙН ХЭВШЛИЙГ ШУУД ДЭМЖСЭН ЧУХАЛ САНХҮҮЖИЛТ

Хэвлэлийн баг "Улаанбаатар гурил" ХХК-ийн үйлдвэртэй танилцсан. Азийн хөгжлийн банк (АХБ) “Улаанбаатар гурил” ХХК-д улаанбуудайн нийлүүлэлтээ дотооддоо бэхжүүлэх, малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хүү багатай, гурван жилийн хугацаатай, 10 сая ам.долларын хөшүүрэг бүхий санхүүжилт олгожээ.

Энэхүү төсөл нь улаанбуудайн худалдан авалтыг тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлж, эмэгтэй тариалан эрхлэгчид болон жижиг тариаланчид зэрэг 250 улаанбуудайн аж ахуй эрхлэгчдэд тогтвортой худалдан авагч бий болгох зорилготой аж. Тус үйлдвэрийн ажилтны мэдээлснээр, Азийн хөгжлийн банкнаас олгосон санхүүжилт нь чанартай улаанбуудайн найдвартай нийлүүүлэлтийг хангахад нэн чухлын зэрэгцээ жижиг тариаланчид болон эмэгтэй тариалан эрхлэгчдийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой.

May be an image of 2 people, hospital and text

Мөн хамтын ажиллагааны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, хөдөө орон нутгийн хүртээмжтэй өсөлтийг дэмжиж, уур амьсгалын нөлөөлөлд тэсвэртэй байдлыг бий болгохыг зорьж буй аж.

Бүс нутгийн хүнсний аюулгүй байдал нь АХБ-ны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл бөгөөд саяхан Ази, Номхон далайн бүс нутагт хүнс, тэжээлийн аюулгүй байдлыг урт хугацаанд дэмжих санхүүжилтээ АХБ 26 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ. Ингэснээр тус банкнаас 2022-2030 онд хүнсний аюулгүй байдлыг хангахад зориулах санхүүжилт 40 тэрбум ам.долларт хүрэх аж.

"Улаанбаатар гурил" ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү ажил нь Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хувийн хэвшлийг шууд дэмжсэн чухал санхүүжилт болж буй талаар Дарханы улаанбуудай тариалагчид онцолж байлаа.

May be an image of 6 people

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК, ЗАСГИЙН ГАЗРЫН 2025-2028 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТҮНШЛЭЛИЙН СТРАТЕГИ

Азийн хөгжлийн банк (АХБ) 1997 оноос хойш хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж буй. 1950 онд нийт монголчуудын дөнгөж 20 хувь нь хот, суурин газар амьдарч байсан цагаас хойш, нэн ялангуяа 1991 онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн.

Өнөөдрийн байдлаар нийт 3.3 сая хүн амын 70 хувийг хотын оршин суугчид бүрдүүлж байгаа нь Ази дахь хотжилтын дундаж үзүүлэлт болох 50 хувиас дээгүүр байгаа юм. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь, хүн амын тал орчим хувь, хот суурин газрын хүн амын 66 хувийг Улаанбаатар хот бүрдүүлдэг.

1997 оноос хойш АХБ Монгол Улсын Засгийн газартай хамтран хот, суурин газрыг хөгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, мөн хотуудыг эдийн засгийн төрөлжилт, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх гол өдөөгч хүч болгон хөгжүүлэх зорилгоор хот байгуулалт, нийтийн аж ахуйн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, чанар, найдвартай байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг эрэлхийлж, санхүүжүүлж ирсэн. Буцалтгүй тусламж, зээл, техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан үзүүлсэн АХБ-ны санхүүгийн болон техникийн дэмжлэг нийтдээ 300 сая ам.долларт хүрээд байна.

Азийн хөгжлийн банк 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх шинэ стратегиа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү стратегийнхаа хүрээнд Монгол Улсын хүртээмжтэй, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжсөн өсөлтийг дэмжихээ илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газар, АХБ түншлэлийн стратегийг хэрэгжүүлэх ирэх дөрвөн жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх хүрээнд бодлогын болон институцийн орчныг сайжруулж, ногоон санхүүжилтийн бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлнэ.

Түүнээс гадна хөдөө орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжин, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хот, хөдөө, орон нутагт эрсдэлд тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, эрчим хүчний салбарын шинэчлэлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллана.

Бодлогын хүрээнд АХБ-наас макро эдийн засгийн удирдлагыг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжин, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дэлхийн ногоон шилжилтийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал ашигт малтмалын нийлүүлэгч орон болоход дэмжлэг үзүүлнэ.

Мөн олон улсын болон улсын чанартай авто замыг сайжруулах, логистикийн зардлыг бууруулах, худалдааг хөнгөвчлөх замаар бүс нутгийн болоод дотоодын сүлжээг сайжруулна.

Дотоодын түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингээж байгаа эсэх, бараа бүтээгдэхүүн нь импортыг орлох, экспортод гарах чадамжтай, ажилчдынхаа асуудлыг шийддэг, хамтдаа хөгждөг, хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого хэрэгжүүлдэг, хүйсээр ялгаварладаггүй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлтэй, бизнес нь өргөжиж хэрэгжих боломжтой байх гэсэн томоохон шалгууруудыг хангаж байж сая үйлдвэрлэгчид АХБ-ны урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагддаг байна.

Эдгээр нь АХБ төдийгүй дэлхий нийтийн зориод байгаа Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх түншлэл, хамтын ажиллагааны суурь зарчим, үндсэн шалгуур болоод буй. Одоогоор эдгээр шалгуур хангасан үндэсний 45 үйлдвэрлэгч нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 7 хүртэлх жилийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа ажээ.

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000