Трамп: Маскийн нам байгуулна гэдэг "инээдтэй санаа"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долдугаар сарын 6-ны ням гарагт өөрийн хуучин холбоотон, тэрбумтан Илон Маскийн нам байгуулах тухай санааг шүүмжилж, сэтгүүлчдэд "Гуравдагч намууд хэзээ ч амжилтад хүрч байгаагүй. Тэр ингэж зугаацаж болно л доо. Гэхдээ энэ бол инээдтэй санаа юм" гэж хэлжээ. Тэрбээр Нью-Жерсид байрлах гольф клубээсээ Вашингтон руу буцах замдаа энэ талаар ярьсан байна.
Дараа нь Трамп өөрийн Truth Social хуудастаа Илон Маскийг "бүрмөсөн солиорсон" гэж бичжээ. Тэрбээр АНУ-д гуравдагч томоохон нам байгуулах оролдлого хэзээ ч амжилт олоогүй бөгөөд хоёр намын тогтолцоо энэ улсад илүү тохирдог гэж үздэгээ илэрхийлжээ.
Трамп "Гуравдагч намуудын хийж чадах цорын ганц зүйл бол бүрэн задрал ба эмх замбараагүй байдал үүсгэх... Бүгд Найрамдах нам бол "бүрэн ажилладаг машин мэт нам" бөгөөд дөнгөж сая АНУ-ын түүхэнд хамгийн том гэж хэлж болохуйц хууль баталсан" гэжээ.
Трампын хэлж буй “агуу гайхамшигт хууль” нь долдугаар сарын 4-ний Тусгаар тогтнолын өдөр батлагдсан бөгөөд татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, батлан хамгаалах болон хил хамгаалалтад зарцуулах төсвийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн зарим зардлыг бууруулах агуулгатай аж.
Мөн Трамп "Уг хууль нь Илоны хувьд харамсалтай, "цахилгаан автомашиныг дэмжих мандат"-ыг цуцалж байгаа" гэж онцолжээ. Уг мандат нь өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үед хэрэгжиж эхэлсэн, цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих зорилготой арга хэмжээний багц байсан аж.
Тэрбээр Маск уг мандатыг цуцлах Трампын санааг анхнаасаа мэддэг байсан бөгөөд “түүнд үүнтэй холбоотой ямар ч асуудал байхгүй” гэж хэлж байсан хэмээн дурджээ.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл