ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэл, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст байршуулна

Төрийн жинхэнэ албан хаагчдын 2024 оны эхний болон сүүлийн хагас жил, 2025 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн тайлан, үнэлгээг олон нийтэд нээлттэй болгож, байгууллагын цахим хуудаст 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор байршуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн төрийн захиргааны бүх шатны байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгаж, Улсын Их Хурлын Тамгын газар, түүний харьяа байгууллагын удирдлагад тус тус зөвлөв.

Энэ арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг шударга, бодитой үнэлэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгалаа.

11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ, урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын үнэлгээний дундаж 98,7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр маш сайн-А, хангалттай-В үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байна.

“Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг хөндлөнгийн үнэлгээгээр бодитоор үнэлж, олон нийтийн хяналт бий болсноор бүтээмж нэмэгдэнэ. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ сайжирч, итгэлцэл, удирдлагын хариуцлага нэмэгдэнэ гэж үзэж байна" гэж ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ ярилаа.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно

Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн "Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах,төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийг боловсруулж танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн өмч хувьчлалын алдаа, оноонд дүгнэлт хийж, УИХ-аас баталсан хувьчлах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг дуусгавар болгох, Үндсэн хуулийн агуулгад нийцүүлэн төрийн нийтийн өмч, түүний төрөл, зүйлийг тодорхойлж, бусдад шилжүүлэх болон өмчийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх харилцааг өнөөгийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага, олон улсын туршлагын дагуу тогтоох асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хэрэгжүүлэх шаардлагатай үзлээ.

“2025 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн болон төрийн өмчийн оролцоотой толгой компани 86, охин компаниудыг оролцуулаад нийт 109 компани эрчим хүч, зам, тээвэр, уул уурхай, банк санхүү, мэдээлэл, харилцаа холбоо, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, аялал жуулчлал, биеийн тамир, спорт, соёл урлаг, гадаад харилцаа зэрэг 11 салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компанийг ашигтай ажиллуулах, алдагдалтай ажиллаж байгаа компанийг татан буулгах, нэгтгэх болон үргүй зардал, захирал, удирдлагуудын цалин хангамжийг бууруулах, ашигт ажиллагаанд нийцсэн цалингийн тогтолцоог боловсруулж Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж батлуулах чиглэл авлаа. 109 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын тоог үе шаттайгаар 20 хувиа бууруулж 87 болгох боломжтой гэж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл ярилаа.


Сэтгэгдэл

Зочин [202.70.34.70] 2025-08-06 16:20:49

Төрийн компаниудыг хувийн компани болгоход битгий яараачээ. Төрийн өмч хэзээ ч байх ёстой. Төрийн компани авлигатай байна гэдэг үгээр халхавчилж хувьчилж байгааг яагаад анхаардаггүй юм бэ. Төрийн албан хаагчдын ажлын үнэлгээг вэбсайтад байршуулна гэсэн байна. Бас л яарсан ажил. Хүн болгон өндөр ухамсартай байх ёстой. Үүнийг хүмүүс өөрсдөө ухамсарлах ёстой. Ингэхгүй бол улс орон, хүн ард хоцроод байна шүү дээ. Засаг төр, удирдлага маань мөн адил хариуцлагатай байх ёстой. Хүнийг халж талах, өөрчилж цомхотгохдоо гол нь биш, ингэлээ гээд сайжрахгүй шүү дээ, хүн болгон совестьтэй байх хэрэгтэй. Үүнийг л дээд, дунд, доод түвшинд бүх түвшинд хүмүүст мэдээлэх, ойлгуулах, тайлбарлах, мөрдөх, үнэнч шударга байх, хүн мөстэй байх зэргийг нэвтрүүлэх, дагаж мөрдөж байж л урагш хөгжинө. Тэгээгүй үед урагш явахгүй шүү. Үүнийг бүх түвшинд ойлгох хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.