Мотоциклоор туйлыг эзэлж, Монголыг ногооруулж яваа Казама Шинжи

Aдмин / Энтертайнмент

Төв аймгийн Сэргэлэн сумын Цагаан тэмээтийн хөндийд нар ээж, салхи зөөлөн сэвэлзсэн зуны өдөр бид Японы иргэн, домогт аялагч Казама Шинжитэй уулзаж ярилцлаа. Тэрбээр дэлхийн түүхэнд анх удаа мотоциклоор Хойд туйлын тэг цэг, Өмнөд туйлын тэг цэгт хүрч, Эверестийн 6005 метрийн өндөрт гарсан “Дэлхийн рекорд”-ын эзэн юм. Казама Шинжи Монголын говьд мод тарих буянтай үйлсэд сэтгэл зүрхээ зориулаад, хэдийнэ 17 дахь жилтэйгээ золгожээ.

-Та бол адал явдалт аялагч. Таны аяллын замнал хэрхэн эхэлсэн бэ?

-Би 30 гаруй жил мотоциклтой дэлхийг туулж яваа хүн. Дэлхийн хамгийн өндөр, хамгийн нам цэг, хамгийн хүйтэн газарт хүртэл хүрч үзсэн. Эверест рүү мотоциклоороо гарах гэж хоёр удаа оролдсон, туйлын тэг цэгүүдэд хүрсэн. Энэ бүхэн надад байгальтай харьцах, түүнийг мэдэрч ойлгох том сургамж болдог.

May be an image of 1 person, bicycle, dirt bike and motorcycle

Монголд анх 1995 онд ирж, мотоциклиор говиор дамжин, Хархорин хүртэл аялсан. Өргөн уудам, хаашаа ч давхиж болох тал нутгийг хараад “Энэ дэлхийд ганцхан Монгол л ийм” гэж өөртөө хэлж байлаа. Тэр үед газар хувьчлагдаагүй, байгаль бүрэн чөлөөтэй байв. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө мэдэгдэж эхэлж байсан. Ялангуяа говь их эмзэг байгааг анзаарсан. Тэгээд л энд мод таримаар санагдсан юм.

May be an image of 1 person

-Монголын говь танд ямар санагдсан бэ?

-Говь бол олон хүний төсөөлдөг хоосон цөл биш, энд амьдрал буцалж, малчид байгальтайгаа зохицон амьдардаг. Анх Цагаан тэмээтийн хөндийд ирэхэд тачирхан өвстэй, салхи ихтэй, тоос татсан газар байлаа. Тэр үед би тахир дутуу иргэдийг авчирч, тэмээн аялал зохион байгуулсан юм. Энэ аяллаараа би “Хүн ямар ч байлаа адал явдал мэдэрч чадна” гэдгийг харуулахыг хүссэн юм.

Ган гачиг их, өвс багатай, сумын төвүүд салхинд хийсэх шахсан тэр үед “Эхлээд салхинаас хамгаалах зурвас мод тарья” гэж шийдсэн. Анхны модоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тарьсан. Аймгийн удирдлага их дэмжиж, сургуулиуд, цэцэрлэгүүдэд ч мод суулгасан.

-Мод тарихад хамгийн гол зүйл юу байдаг вэ?

-Арчилгаа. Зөвхөн тарьчихаад орхивол мод ургахгүй. Мал амьтан идэх, туулай мэрэх, усгүйдэх гээд бэрхшээл их. Ус бол Монголд хамгийн үнэт эрдэнэ юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс худаг гаргаж, мод арчлах хүн томилсон. Бид Япондоо хандив цуглуулж, энд хэрэгтэй хөрөнгийг босгодог. Одоо 1 га талбайд говь, хээр, уулархаг газрын янз бүрийн модыг туршилтаар тарьж, амжилттай ургасан суулгацыг өөр газарт шилжүүлэн суулгаж байна. Цагаан тэмээтийн хөндийг ой модоор бүрхсэн ногоон бүс болгох мөрөөдөлтэй.

May be an image of 2 peopleЗураг дээр: Казама Шинжи гэргий Казама Эмикогийн хамт

-Япон оюутнууд ч бас ирж мод тарьдаг гэсэн үү?

-Тийм ээ. Энэ жил байгаль орчны инженерийн чиглэлээр суралцдаг 20 сурагч ирж, 40 мод тарьсан. Тэд өөрсдийн тарьсан модыг судалж, аль нь Монголын нөхцөлд зохицохыг тогтоодог. Цаашид энд судалгааны төв байгуулж, монгол хүүхдүүдтэй хамт мод тарих, арчлах арга зүй заах хүсэлтэй.

May be an image of 9 people

Зураг дээр: Биологийн олон янз байдал, Суурь хүрээлэн буй орчны шинжлэх ухааны багш Цүчида Юмико, Үндсэн байгал, орчны судлал, дадлага олгох багш Сайда Ёшинори, Токиогийн байгаль орчны инженерийн мэргэжлийн сургуулийн багш Като Киёоко (70 настай) нарын хамт.

-Монголд мод тарих бодлогын талаар юу зөвлөх вэ?

-Арчилгаа, тордлогоо хамгийн чухал. Монгол шиг бүх нийтээрээ мод тарих аян өрнүүлдэг улс ховор. Байгальтайгаа ийм нягт холбоотой амьдарч ирсэн уламжлалаа та бүхэн хадгалж, дэлхийн бусад оронд үлгэрлэх ёстой. Миний мөрөөдөл бол Монголын энэ нүүдэлчдийн соёл, уламжлалыг олон улсад таниулах юм.

------------------------------------------------------------------------------------------------------------------------

П.ГАНХУЯГ: ГОВИЙГ ОЙЖУУЛАХ МАШ ИХ БОЛОМЖ БИЙ

“Дэлхийн эрч хүчтэй тосгон” ТТБ-ын Монгол дахь үйл ажиллагааг хариуцан ажиллаж буй П.Ганхуягтай бид говийн ногоон ирээдүйн талаар ярилцлаа.

-“Дэлхийн эрч хүчтэй тосгон” Монголд хэрхэн байгуулагдсан бэ?

-Энэ байгууллага бол хүмүүс аз жаргалтай, эрүүл, хөгжингүй орчинд амьдрах ёстой гэсэн үзэл санаатай. Японд анх байгуулагдсан, харин Монгол дахь тосгоныг зургаа, долоон жилийн өмнө байгуулж, мод тарих ажлаа эхлүүлсэн.

Казама Шинжи гуай Монголд ирээд “Нар, салхинаас эрчим хүч авч, нүүрс түлэхгүй, байгальд ээлтэй орчин бий болгоё” гэсэн санаа дэвшүүлсэн. Би тэр үед Дорноговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, түүний саналыг дэмжиж, хамтын ажлаа эхлүүлсэн. Энэ газар анх ямар ч модгүй байлаа. Бид худаг гаргаж, эхний суулгацаа тарьсан.

May be an image of 16 people and grass
-Одоо та бүхэн хэдэн га талбайд мод тарихаар ажиллаж байна вэ?

-Одоогоор 10 га-г хашаад байна. Малд идүүлэхгүйн тулд хоёр давхар хашаа хийж байгаа юм. Одоогийн байдлаар 1 га гаруйд мод тарьсан. “Тэрбум мод” төслөөс тав, зургаан жилийн өмнө бид хэдийнэ эхэлчихсэн байсан. Эндээ үрээр тарьц бэлдэж, үлдсэнийг нь мод тарих гэж байгаа хүмүүст өгдөг. Монгол хуурай уур амьсгалтай болохоор мод тарихад хамгийн гол нь нүх ухаж, суулгасны дараах арчилгаа чухал.

-Үрээ хаанаас авдаг вэ?

-Байгаль дээрээс нь. Улаанбаатарт хавар, намар цагаан үс мэт юм хийсдэг шүү дээ, тэр бол модны үр. Хотод шүүрдээд хаячихдаг. Тэрнээс нэг шуудай аваад ирэхэд хэдэн жилийн үр бэлэн болно. Бид түүнийг газарт зайтай суулгаж, ургасан суулгацыг бортогонд хийнэ. Бортоготой модыг шороотой нь суулгадаг учир ямар ч улиралд тарьж болдог. Манайхан голдуу зун тарьдаг болохоор бортоготой мод бэлддэг.

-Та хэдэн мод тарьсан бэ?

-Тоо байхгүй, маш олон. Дорноговьд байхдаа олон сум, сургууль, цэцэрлэгт мод тарьсан. Хүүхдүүдэд “Модоо арчлаарай, услаарай” гэж захидаг. Ус чухал. Зарим нь усаа мөнгөөр авч зөөж хэрэглэдэг. Замын хажуугаар, худагтай ойр хэсэгт мод таривал илүү сайн ургадаг.

-Говьд мод тарихад хамгийн тохиромжтой төрөл юу вэ?

-Говийн өөрийнх нь мод бол харгана, сухай, тоорой, заг, хайлаас. Бид үрийг нь авч, усалгаатай, усалгаагүй, хүлэмжинд гээд олон янзаар тарьж туршиж үзсэн. Жаахан тордвол өөрөө ургаад ирдэг. Гагцхүү хамгаалалт хэрэгтэй. Ургаж гүйцээгүй модыг тэмээ, ямаа идчихвэл дуусна. Говийг ойжуулах боломж асар их. Байгальдаа зохицсон төрлөө зөв сонгоод, жаахан хамгаалчихвал энэ тал нутаг ногоорно гэдэгт би итгэдэг.

May be an image of 7 people

Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.248] 2025-08-06 11:20:31

ирээдүйд Говь маань ой модтой ногоон болох болтугай :)

Зочин [103.57.93.188] 2025-08-06 08:04:50

Баяраллаа

Зочин [66.181.183.66] 2025-08-06 07:57:46

Япон солонгосууд Монголд мод их тарьж байгаа, их хөдөлмөрч хүмүүс байдаг, Манайхан малаараа л сүйтгэчихээд байдаг юм. Ямаа бол хоосон шороо, хэдэн чулуу л үүрд үлдээдэг хэрэггүй амьтан байгаа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.