Гар утас худалдааны төвийн барилгын 198 ам метр талбайг дуудлагаар худалдана

Нийслэлийн алдагдсан болон ашиглалт муутай өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3, 4 дүгээр хороололд байрлах Шуудангийн 24 дүгээр салбар буюу Гар утас худалдааны төвийн барилгын нэгдүгээр давхрын 198 ам метр талбайг өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болсон.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг энэ сарын 25-ны өдрийн 10:00 цаг хүртэл нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд хүлээн авч байна.
Дуудлага худалдааны талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Тус объектыг “Тэмүүжин групп” ХХК ашиг олох зорилгоор дамлан түрээсэлж, 20 сая төгрөгийн түрээсийн орлого олдог байсан хэдий ч зөвхөн 3.7 сая төгрөгийг нийслэлд төвлөрүүлдэг байсныг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлсэн. Ийнхүү өнгөрсөн оны нэгдүгээр сард нийслэл өмчдөө буцаан авч, 28-30 түрээс эзэмшигчтэй шууд гэрээ байгуулан, 20 сая төгрөгийн орлогыг нийслэлд шууд төвлөрүүлж байна.
Тус барилга нь 1981 онд үйлчилгээний зориулалтаар баригдаж, ашиглалтад орсон. Цутгамал бетон суурь, угсармал төмөр бетон хучилттай, тоосгон ханатай, вакум цонх, шилэн хаалгатай, төвлөрсөн дулаан, цахилгаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Уг объектын дуудлага худалдаанд оруулах анхны үнийг 769,377,475.50 төгрөг байхаар тогтоосон” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл