Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.08.01) өөрийн цахим хуудсаар дамжуулан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно гэж мэдэгдлээ.
Тэрбээр "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ.
Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэжээ.
2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын
хэлэлцүүлгийн хуваарь
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон. Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлж байгаа аж.
Олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс орон даяар эхэллээ. Саналыг 11-11 төв, E-Mongolia апп болон яамдын цахим хуудсаар авна. Мөн олон нийтийн хэлэлцүүлгийг танхимаар энэ сарын 4-нөөс 14-нд салбар бүрээр зохион байгуулах бөгөөд нийт 12 хэлэлцүүлэг болох юм байна.
Хэлэлцүүлэгт оролцох бол цахимаар болон биечлэн бүртгүүлэх шаардлагатай. Ирэх оны төсвийн төслийг боловсруулах үйл явцын хоёр дахь үе шат ийнхүү эхэлж буй юм. Эдийн засгийн үр ашигтай, зардал бууруулах саналыг нэгтгэн эрэмбэлж, 2026 оны төсвийн төсөлд тусгахаар төлөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Гааяа [66.181.161.165] 2025-08-01 22:29:46
Олон түмнээр төсвөө хэлэлцүүлдэг болж буй нь сайн үнэлгээ, хамгийн их ард түмний санал болгосон зүйлүүдийг ач холбогдлоор нь зөв эрэмблэж төсөвтөө тусгаж ажил хэрэг болгодог бол илүү болох биз аялал жуулчлал хөгжүүлэх нь эдийн засгийн хөгжлийн маань 1 гарц гэж харж байгаа байх Хэнтий аймагт Жаргалтхаан Өмнөдэлгэр Батширээт Биндэр Баянадрага Норовлин Дадал чиглэлд тавигдаж эхэлсэн зам барих төсөл ерөнхий сайд буухад хмт буучихсан юмууӨмнөдэлгэр сумаас зүүн тийш зогссон болотой.