Ес дэх жилдээ хэрэгжиж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Мандал суманд үргэлжилж байна

Монголчуудын 60 гаруй хувь нь зөвхөн өвдсөнийхөө дараа л эмчид ханддаг гэсэн судалгаа бий. Өвчин хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж чадвал бид амь нас, санхүү, цаг хугацаагаа хэмнэх боломжтой.
Тиймээс цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, иргэдийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах зорилгоор ХААН Банк сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (МҮОНРТ) хамтран хэрэгжүүлдэг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” энэ удаад Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2025 оны 7-р сарын 31-ээс амжилттай хэрэгжиж байна.
ХААН Банкны Стратеги хариуцсан дэд захирал Ю.Төрмөнх: “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс нь зөвхөн санхүүгийн өсөлтөөр хэмжигдэхгүй. Эрүүл иргэн бол жинхэнэ хөгжлийн суурь. Тиймээс ХААН Банкны хувьд зөвхөн санхүүгийн үйлчилгээ хүргэхээс гадна, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нийгмийн бодит шийдлүүдийг дэмжихийг зорьдог.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” бол энэ зарчмыг хэрэгжүүлж буй цөөнгүй сайн жишээний нэг. Эрүүл мэндийн үйлчилгээ хязгаарлагдмал алслагдсан бүс нутгуудад эмч мэргэжилтнүүдийг хүргэж, иргэдийг эрт илрүүлэгт хамруулна гэдэг нь нэг талаар олон хүний амь нас аварч буй хэрэг. Нийгмийн сайн сайхны төлөөх ийм урт хугацааны, тогтвортой санаачилгыг дэмжин оролцох нь манай бодлогын салшгүй хэсэг юм” хэмээн онцоллоо.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” 2017 оноос хойш 21 аймагт бүрэн хэрэгжиж, 70 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулан, 1300 гаруй орон нутгийн эмч, мэргэжилтнийг сургалтад хамруулсан нь аяны бодит үр дүнг харуулж байна.
Мандал сумын оршин суугч М.Мөнхдалай: Манайх шиг хөдөө орон нутгийн иргэд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх үнэхээр амаргүй. Өмнө нь цусны даралт ихсэх шинж илэрч байсан ч цаг зав, мөнгө хөрөнгө гаргаж байж Улаанбаатар руу явж үзүүлэхээс өөр аргагүй байдаг байлаа.
Заримдаа тэр бүр явж амжихгүй, өвчнөө дотроо тэвчиж, чимээгүй өнгөрөөдөг үе ч цөөнгүй байсан. Харин энэ удаа чадварлаг эмч, мэргэжилтнүүд манай суманд өөрсдөө ирж, газар дээр нь үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгсөнд маш их баяртай байна” хэмээлээ.
Мандал сумын оршин суугч Г.Чойдорж: “Сүүлийн үед үе үе толгой өвдөх, зүрх дэлсэх шинж илэрдэг байсан ч зүгээр ядаргаа, стрессээс болсон байх гэж бодоод тоодоггүй байлаа. Харин энэ аянд хамрагдаж, эмчийн үзлэгт орсон чинь цусны даралт ихтэй байснаа мэдэж авлаа. Ийм боломжийг орон нутагт олгосон баг хамт олонд баярлалаа” гэлээ.
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” энэ онд Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал суманд амжилттай хэрэгжлээ. Тус аян цаашид жил бүр тогтмол хэрэгжиж, иргэдийн эрүүл мэндэд бодитой хувь нэмэр оруулсаар байх болно.
Нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэгчийн хувиар ХААН Банк 2007 онд ХААН Банк санг байгуулж, өнөөг хүртэл нийт 523 төсөл, хөтөлбөрт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлжээ. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг зөвхөн эрүүл мэндийн чиглэлийн аян, хөтөлбөрүүдэд зарцуулсан нь иргэдийн амьдралд бодит үр өгөөж авчирсан ажлуудын нэг билээ.
“Дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллолтоор цусны даралт ихсэлтийн эрсдлээс сэргийлье”
Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэд захирал О.Батгэрэл цусны даралт ихсэх өвчинтэй тэмцэж буй болон урьдчилан сэргийлэхийг хүсэж буй хүмүүст дараах зөвлөмжийг хүргэлээ.
Дасгал хөдөлгөөн: Тогтмол хөдөлгөөн нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны эрүүл мэндийг дэмжихэд чухал нөлөөтэй. Өдөр бүр дор хаяж 30 минут алхах, хөнгөн болон дунд зэргийн ачаалалтай дасгал хийх нь даралтыг тогтворжуулахад тустай.
Зөв хооллолт: Эрүүл, тэнцвэртэй хооллолт нь цусны даралт тогтвортой байхад шууд нөлөө үзүүлдэг. Давсны хэрэглээг багасгаж, шим тэжээлээр баялаг хүнс сонгохыг зөвлөж байна. Үүнд: жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, тослог багатай сүүн бүтээгдэхүүн, өөх тос багатай мах болон загасны мах багтана.
Эрүүл амьдралын хэв маяг: Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх гол шалтгаануудын нэг юм. Тиймээс эдгээр зуршлаас татгалзах, ажил амралтаа зөв зохицуулах, стрессээ удирдах нь ч мөн адил чухал.
Эмчийн зааврыг мөрдөх: Цусны даралтыг хянахын тулд эмчийн зөвлөгөөг чанд дагаж, тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн эмчийн бичсэн эмийг цаг хугацаанд нь уух, хяналтын шинжилгээнүүдийг тогтмол хийлгэх нь өвчний хүндрэлээс сэргийлэх үндэс болдог.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл