"Даваа наймаалдгийг Баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн дүрэм, Зөрчлийн хуулиар зохицуулах цаг болжээ"

Aдмин / Спорт

Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 94 жил, Сайншанд сум байгуулагдсаны түүхт 64 жил, Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншанд хотод болж, тус наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн заан Ч.Хасчулуу долоо даван түрүүлж, аймгийн начин О.Зундуй үзүүрлэсэн. Ч.Хасчулуу нь аймгийн заан Б.Батзоригоор нэг, улсын харцага Л.Лха-Очироор хоёр, улсын гарьд Ш.Жаргалсайхнаар гурав, улсын арслан Э.Оюунболдоор дөрөв, улсын харцага О.Мөнх-Эрдэнээр тав, улсын харцага Б.Цэдэнсодномоор зургаа, аймгийн начин О.Зундуйгаар долоо давж түрүүлсэн. Харин О.Зундуй нь аймгийн хурц арслан Х.Энхчулуунаар нэг, улсын заан Б.Батмөнхөөр хоёр, улсын начин Ц.Чимэддоржоор гурав, улсын арслан Ц.Содномдоржоор дөрөв, улсын харцага Б.Зоригтбаатараар тав, улсын заан Ц.Одбаяраар зургаа давж, долоогийн даваанд Ч.Хасчулууд өвдөг шороодож үзүүрлэсэн юм. Тэд ийн аймаг, улсын цолтнуудыг даваа дараалан хаясан нь давааны наймаа хийлээ гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан бөх сонирхогч Б.Болдбаатартай ярилцлаа.


-Дорноговийн наадмын бөхийн барилдааны шуугиантай холбогдуулан Та цахим орчинд “Түрүүлж, үзүүрлэсэн Ч.Хасчулуу, О.Зундуй нарын цолыг хураа. Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа өөрчлөлт оруул, бөхийн холбогдолтой бүх дүрэм журмаа өөрчил, Зөрчлийн тухай хуульдаа бүтэн заалт оруулж өг” гэж бичжээ. Энэ талаар тодруулбал?

-Дорноговь аймгийн наадам Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний тэгш ойтой давхацсан том наадам боллоо. Энэ наадмаараа бөхчүүдэд цол олгох барилдаан хийлээ. Тэр барилдаанд нь улсын цолтой бөхчүүд очоод үймүүлчихлээ гэж бодож сууна. Зөвхөн Дорноговийн наадам бус энэ жил аймгуудын цол олгох наадамд улсын цолтнууд асар их зодоглож байна лээ. Зарим улсын цолтнууд бөөнөөрөө тойрч яваад барилдаж байна. Тэгээд л гурав, дөрвийн даваанд унацгаагаад, зарим нь тавын даваанд аймгийн начин төрүүлчихээд уначих юм. Тэр байтугай, Төв аймаг байгуулагдсаны 102 жилийн ойн баяр наадамд улсын цолтой 39 бөх зодоглосон байна лээ. Аймгуудын цол олгох барилдаан утгаа алдчихлаа. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуульдаа өөрчлөлт оруулах цаг болсон. Улс, аймгийн наадмууд цуварч болдог учраас бөхчүүд тойрч явж барилдаад байгаа юм. Тиймээс долдугаар сарын 11, 12-ндоо аймгууд наадмаа зэрэг хийдэг болбол яасан бэ гэсэн санаа.

Дорноговийн тухайд аймгийн цол олгох наадмаа Ноён хутагтынхаа ойтой цуг хийсэн. Ноён хутагт бол дэлхийн хүн. Өвөрхангай аймаг гэхэд Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн нүсэр том наадмыг маш сайхан зохион байгууллаа. Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа бол Өндөр гэгээний дараа орох түүхэн хүн. Энэ наадмаар хутагтынхаа нэр хүндийг ч давхар унагачихлаа. Улсын цолтнууд аймгуудын цол олгох наадамд барилдаж бага даваанд унаад байгааг бөхийн хорхойтнууд “Мөнгө авсан, өгсөн” гэж харцгааж байна. Бөхчүүд мөнгө авч, өгөлцсөнийг би нүдээрээ харсан биш.

Олны үг ортой гэж үг бий. Том цолтнууд илт худлаа унаж байгаа нь даваа наймаалцжээ гэж харахад хүргэж байна. Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулаад өнгөрөх биш, давсан, унасан бөхчүүдэд арга хэмжээ авах ёстой. Монголын үндэсний бөхийн дүрэм гэж бий. Тус дүрэмд илтээр даваа өгсөн бол аль алиных нь барилдах эрхийг хасдаг байхаар өөрчлөлт оруулах нь зүйтэй. Түүнчлэн бүхий л зөрчлийг Зөрчлийн тухай хуульд хамаатуулж арга хэмжээ авч буй. Тиймээс Зөрчлийн тухай хуульд энэ талаарх тусгайлсан бүлэг нэмэх хэрэгтэй гэсэн саналтай байна.

-Улсын харцага Б.Зоригтбаатар тавын давааны ам авахдаа “Зундуйг авч давуулах уу” гэж хэлээд О.Зундуйг амлан авч байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна лээ?

-Тэгсэн байсан. Тэр даваанд барилдсан Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ зэрэг бөхчүүд улсын наадмын үзүүр түрүү, шөвөгт яригдах хүмүүс. Өвөрхангайд болсон Анхдугаар Богд, Өндөр гэгээн Г.Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн наадамд ганцхан аймгийн цолтон дөрөв давсан бол Увс аймгийн 100 жилийн ойн наадамд нэг ч аймгийн цолтон дөрөв давж чадаагүй. Аймгийн цол олгохгүй наадамд улсын цолтнууд маань сайхан барилдчихаад байдаг. Харин аймгийн цол олгох барилдаанд бага даваанд уначихдаг, бүр нэр усыг нь хэлээд түүнийг авч давуулах уу гэж илт ярьж байгаа нь асар их асуудал дагуулж байна.

-Дорноговийн наадам цол олгох барилдаантайгаа хамт болох учраас Улсын аварга О.Хангай, Улсын аварга Г.Эрхэмбаяр нар зодоглохгүй байхаар шийдсэн гэсэн мэдээлэл байсан?

-Олны үг ортой л байж таарна. Би тэдэнтэй таарч уулзсан биш. Улсын цолтой шударга бөхчүүд аймгийн цол олгох барилдаанд барилдаад байхгүй л болов уу. Улсын хоёр том аварга нэр төрөө, үндэсний бөхөө бодсон байх л даа. Улсын аварга С.Мөнхбат “Би аймгуудын цол олгох барилдаанд барилддаггүй. Ер нь улсын цолтой бөх аймгийн наадамд барилдаад доогуур даваанд унаад явах тийм тааламжтай зүйл биш. Улсын цолны нэр хүнд гэж нэг юм байна” гэж хэлсэнтэй санал нийлдэг.

-Хүмүүст даваа наймаалцах нь олширвол үндэсний бөх үзэгчгүй болох вий гэсэн болгоомжлол байна. Энэ тухайд Та юу хэлэх вэ?

-Мэдээж. Энэ байдал удаан үргэлжилбэл үндэсний өв соёлыг тээгч бөхийн спорт үзэгчгүй болж, хог дээр гарах вий дээ гэсэн болгоомжлол Монголын нийт ард түмэнд байгаа юм даа. Бөхийн өргөөнд болж буй барилдаанууд ерөнхийдөө үзэгчгүй болчихсон шүү дээ. Сугалаа явуулж л аргалаад байх шиг байна. Машины хонжвортой бөхийн барилдаан өнгөрсөн жилүүдэд болсныг ард түмэн мэднэ. Яваандаа үндэсний бөх мөхөх зам руугаа орчих вий гэсэн хамгийн том болгоомжлол байна.

-Хэдхэн хоногийн өмнө Увс аймагт аймгийн цол олгох 256 бөхийн барилдаан болсон. Тавын давааны ам авах үеэр Дархан аварга Н.Батсуурь зарим бөхчүүдэд “Та нар барилдах гэж ирсэн юм уу, таван цаас хайх гэж ирсэн юм уу. Энэ олон үзэгчдийг доромжлох гэж ирсэн юм уу…” гэж байна лээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тэр бичлэгийг үзсэн. Дархан аваргын хэлсэнтэй хоёр гараа өргөөд санал нийлж байна. Давааны наймаа ил тод байсан болохоор улсын дархан аварга Н.Батсуурь бөхчүүдэд хандаж хатуухан үг хэлжээ гэж ойлгож байна. Давааны наймаа зэрэг саар явдлууд Монголын үндэсний бөхийг, бөхийн барилдааныг харанхуй ангал руу түлхэж байгаа хэрэг. Аль ч газрын наадамд давааны найраа болж байгаа. Аймгуудын наадмыг үзэхэд л илт байсан шүү дээ.

Төв аймагт 39 улсын цолтон барилдсан тухай өмнө хэлсэн. Заал, танхимын томхон барилдаанд 40 улсын цолтон барилдаж байгаа шүү. Цол олгох аймгийн наадамд улсын цолтнууд хэзээ ийм олуулаа барилдаж байлаа даа. Энэ жил аймгуудын наадмыг улсын цолтнууд зорьж очсон байна билээ. Давааны наймаа хийдэг байдлыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Монголын үндэсний бөхийн дүрэм, Зөрчлийн тухай хуулиар зохицуулдаг болох цаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Ө.АНХЗАЯА


Сэтгэгдэл

сонирхогч [124.158.108.159] 2025-08-01 12:37:46

Дорноговийн наадмыг хүчингүйд тооцох хэрэгтэй. Магалжав тэргүүний хийх ажил шүү. Том цолтой бөхчүүд яаж худлаа барилдаж байгаа нь илт байсан шүү

Дархан аваргуудаас асуу [66.181.160.52] 2025-08-01 11:58:49

Энэ наадам бужигнуулж цол наймаалцдаг загалмайлсан эцгүүдийн анхны багш Батэрдэнэ аварга 6 зааны дунд яс хаяж заримын буулгаж заримд нь бууж өгөх замаар найрааг газар авахуулсан. Дараа нь нутаг усаараа талцаж цол наймаалцах ажил нь аймгуудад өндрөө авахад гол үүрэг гүйцэтгэсэн Өсөхбаяр, Энхбаяр, аваргууд Мөнхэрдэнэ, Рагчаа Содномдорж Оюунболд арслангууд Гончигдамба гарди, Срронзонболд Анар заан гэсэн мөнгөний боол алдар нэрийн боол авахын өвчин туссан хүн сүгнүүд өөгшүүлээд байна. Олигтойхон алхаж дэвж чадахгүй бөгсөө ч арчиж гар нь хүрэхгүй махан бөмбөөлүүд яаж 2-3, 4 давах уу. Бодоод үз. Өнгөрсөн жил Эрхэмбаяр өнөө жил Мөнхэрдэнэ нар бүдрэхдээ өмдөндөө баачихсан байсан гэсэн яриа байсан. Их л нууцалуж байгаач шавь нар нь ам алдаад эхэлчихсэн байсан.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.