Бээжинд орсон аадар борооны улмаас 44 хүн амиа алджээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 44-т хүрч, есөн хүн сураггүй болсон талаар пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Амиа алдсан хүмүүсийн 31 нь Миюнь дүүргийн ахмадын асрамжийн төвд байсан гэж Бээжин хотын даргын орлогч Шиа Линьмао мэдээлсэн байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд гамшгийн уршгийг арилгах, аврах ажилд оролцож байсан тосгоны намын хорооны дөрвөн нарийн бичгийн дарга байгаа юм.
Бээжинд нүүрлэсэн үерт 300 мянга гаруй оршин суугч нэрвэгдэж, 24 мянга орчим байшин барилга эвдэрч сүйджээ. Хүчтэй аадар бороо хойд хэсгийн уулархаг нутгаар орсны улмаас 40 суурин газар, 312 тосгоны дэд бүтэц сүйдсэн байна. Долоодугаар сарын 23-29-ний хооронд Хятадын нийслэлд хүчтэй аадар бороо орж, Миюнь, Хуайроү, Янчин, Пингу зэрэг дүүргийн уулархаг нутагт хамгийн их хур тунадас унажээ.
Гэнэт хүчтэй аадар бороо орж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад үерийн аюулаас сэрэмжлүүлэх улаан түгшүүр зарласантай холбогдуулан Бээжингийн эрх баригчид бямба гаргийн орой үерийн уршгийг арилгах 1-р түвшний хариу арга хэмжээг яаралтай эхлүүлж, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, аюулгүй байдлыг хангах удирдамжуудыг гаргажээ. Аврах, тусламж үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, нийт 104 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Эрэн хайх, аврах ажиллагааны дүнд үерт боогдоод байсан 5400 гаруй хүнийг аварч, гэмтэж бэртсэн хүмүүст тусламж үзүүлж байна гэж Шиа Линьмао хэллээ.
Одоогийн байдлаар орон нутагт эвдэрсэн 424 замаас 364-ийг нь цэвэрлээд байгаа бөгөөд пүрэв гараг гэхэд бүх хурдны замыг нээхээр төлөвлөжээ. Бээжингийн гал түймэртэй тэмцэх, аврах ангийн дарга Ү Жэнкүн хэвлэлийн бага хурлын үеэр хэлснээр, нийт 6830 ажилтан, 1356 авто машин, 296 завийг гамшигт нэрвэгдсэн бүсүүд рүү илгээсэн байна. Аврах багийнхан 1879 хүнийг аварч, 3521 хүнийг нүүлгэн шилжүүлж, 56 тонн яаралтай тусламжийг хүргэжээ.
Мөн эвдэрч сүйдсэн орон сууцны засварын ажлыг түргэтгэх замаар гамшигт нэрвэгдсэн ард иргэдийн амьдрах нөхцөлийг баталгаажуулж, оршин суугчид тосгондоо аюулгүй буцаж ирэх боломжийг бүрдүүлэх ажээ. Түүнчлэн амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, зам, цахилгаан, ус, харилцаа холбоо зэрэг салбарын эвдэрсэн дэд бүтцийн засварын ажлыг шуурхай гүйцэтгэж байна гэж Шиа Линьмао мэдэгдлээ.
Э.ХУЛАН
Сэтгэгдэл
Зочин [202.70.38.18] 2025-08-01 14:08:57
монголчууд хэзээ хятад улс шиг гамшигаас хамгаалахыг сурна ард иргэдээ хамгаална сүйрсэн барилга гэр оронг нь янзалж өгч сурна даа