Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалт өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийн дунд ойлгомжгүй, төөрөгдөл үүсгэж байсан асуудлыг тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацааны даатгагч болон даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлж байгаа арилжааны банкуудад дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ. Үүнд:
- Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлийн хүрээнд эрсдэл учрах шалтгаан, нөхцөлийг зээлдэгч, даатгуулагч нар сайн дураар, чөлөөтэй сонгох боломжийг бүрдүүлэх;
- 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний нөхцөлийг дордуулахгүй /даатгалын хураамжийг нэмэгдүүлэхгүй, бусад нөхцөлийг дордуулахгүй/-гээр даатгалын бүтээгдэхүүний сонголтыг даатгуулагчид олгох;
- 2025 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулсан ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл тус гэрээ хүчинтэй байх талаар даатгуулагчид мэдээлж ажиллах;
- Зээлдэгч даатгуулагч нарт уг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл, онцлог, ач холбогдлыг тогтмол танилцуулж ажиллах.
Ипотекийн даатгалын шинэчилсэн зохицуулалтын дагуу зээлдэгч, даатгуулагч нар учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах өөрт тохирсон даатгалын бүтээгдэхүүнийг чөлөөтэй сонгох боломжтой юм.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
иргэн [59.153.86.144] 2025-08-01 08:27:33
2025 оноос өмнө Арилжааны банкны орон сууцны зээлтэй өндөр хүүтэй иргэдийн зээлийг шууд ипотек рүү шилжүүлээчээ. Энэ даатгал хэнд хамаатай юм бэ. Сайн дурын асуудал шүү.