Архангай аймагт хөшгөө нээсэн "MAS Wrestling VII" ДАШТ-д 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна

MAS Wrestling VII дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-ний орой 21.00 цагт Архангай аймгийн АРА цогцолборт болов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ARA цогцолборт зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 33 орны 230 гаруй тамирчин оролцож байна. Нээлтийн ажиллагаа морьтны жагсаал, шүүгчдийн бүрэлдэхүүн, улсуудын парад, тамирчдын танилцуулгаар эхэлсэн юм.
Тус тэмцээнийг Якутын үндэсний спортын нэг болох мас-рестлингийг дэлхийн тавцанд сурталчлах, олон улсын спортын найрамдал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолсон байлаа.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Олон Улсын Мас-рестлингийн Холбооны Ерөнхийлөгч Александр Акимов, Саха Улсын Ил Түмэний Дарга Алексей Еремеев, Монголын Мас-рестлингийн Холбооны Ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн болон төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролоцон үг хэлж, тэмцээний ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Мас-рестлинг зөвхөн биеийн хүч чадлыг сорих бус үндэстнүүдийн хоорондын хүндлэл, эв найрамдлын спорт болохыг оролцогчид онцолсон юм.
Монгол Улсад анх удаа орон нутагт зохион байгуулж буй дэлхийн аваргын тэмцээн гэдгээрээ энэ удаагийн арга хэмжээ түүхэн ач холбогдолтой юм.
Нээлтийн үеэр 45 шүүгчээс бүрдсэн олон улсын бүрэлдэхүүн, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, багийн дасгалжуулагчид, албаны хүмүүс парадын жигүүрийг бүрдүүлж, Монголын баг хамгийн сүүлд зохион байгуулагч орноор орж ирсэн.
Үйл ажиллагааны оргил хэсэгт спорт, эв нэгдэл, уламжлалын илэрхийлэл болсон бамбарын гал асаах ёслол болсон. Энэхүү галыг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, спортын мастер Б.Эрмүүнзаяа, хүүхдийн зуны наадмын шилдэг багийн төлөөлөл болсон өсвөрийн тамирчид асааж, тэмцээний галыг бадраав.
Албан ёсны нээлтийн дараа “Хүннү Хаан” урлагийн тоглолтыг англи хэлээр толилуулсан нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, тамирчдад Монголын соёл, уламжлалтай танилцах боломж олгов.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл