АЖЛЫН ХЭСЭГ: 29-р сургуулийн багш нарын чадвар сулаас сурагчид хичээлээ ойлгодоггүй
Өнөөдөр БСШУЯ-наас 29-р тусгай дунд сургуулийн асуудлаар тус сургуульд ажлын хэсэг гарч ажилласан дүгнэлтээ танилцууллаа. Энэхүү хэвлэлийн бага хуралд БСШУЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг болон бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга н.Мөнхбаатар, дохионы хэлмэрч орчуулагчдын холбооны тэргүүн орчуулагч Л.Соёлмаа нар оролцлоо.
Тэд мэдээлэхдээ "БСШУЯ-ны сайдын тушаалаар тус сургуульд ажлын хэсэг гарч өнгөрсөн долоо хоногт ажиллаж дууслаа. Энэхүү дүгнэлтийг танилцуулж тус сургууль дээр яамны төрийн нарийн бичгийн дарга хүүхдүүд болон багш нарт танилцуулж уулзалт хийсэн юм. Өнөөдөр дүгнэлтээ хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж байна. Ажлын хэсэг дүгнэлтээ 29-р сургуулийн багш, зарим эцэг эхийн төлөөллөөс санал асуулга, ярилцах гэх мэт аргачлалаар тогтоосон" гэв. Мөн өнгөрсөн долоо хоногт сурагчдын амралт эхэлсэн байсан учраас сурагчидтай уулзалт хийгээгүй, жагсаал хийсэн 12 хүүхдийн гурвынх нь эцэг эхтэй уулзжээ.
БСШУ-ны яамны бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга н.Мөнхбаатар хэлэхдээ: -Сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг хоёр чиглэлд ажиллалаа. Сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох баримт бичиг материалтай таницлах, багш сурагчидтай уулзаж ярилцах, асуулга авах замаар мэдээлэл цуглуулах тэндээс сурагчдын гаргасан гомдолд дүн шинжилгээ хийх замаар дүгнэлт гаргасан байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг дараах дүгнэлтийг гаргажээ.
1. Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.
2. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
3. Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах.
4. Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах.
5. Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх.
6. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх.
7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах.
8. Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох.
9. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх.
10. Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах.
11. Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
-Хүүхдүүд багш нартай дохионы хэлээр хичээл заагаач ээ гэсэн шаардлага тавьсан. Хүүхдүүдийн хөндөж тавьсан асуудал хэр хугацаанд биелэгдэх боломжтой гэж харж байна вэ?
-Ажлын хэсэг мэргэжлийн дохионы хэлмэрчидтэй хамтраад тус сургуулийн багш нарын дохионы хэлний чадварт үнэлэлт дүгнэлт өгсөн юм. Нийт 51 багшаас дохионы хэлний сорилын тест авсан. Үүнд нийт багшийн 94% дохиж харцих анхан шатны чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Харин мэргэжлийн нийт 21 багш нараас таван шатны шалгалт авсан. Үүнд нийт 44% нь тэнцсэн. Энэ бол хангалтай тоо юм. Цаашид 50 гаруй хувийн багш нарыг мэргэшүүлэх шаардлагатай. Энэ дүгнэлтийг үндэслээд холбогдох ажлыг цаашид хийнэ.
-Сурагчдын зүгээс биед нь халдсан асуудал гаргаж тавьсан. Энэ нь тогтоогдсон уу?
-Сурагчдын зүгээс багш нарын ёсзүйн тал дээр асуудал хөндөж гаргасан. Энэ асуудлаар ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт багш нараас санал асуулга судалгааны ажлыг хийсэн. Эхний судалгаагаар багш нарын ёсзүйгүй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр гарсан шиг ноцтой зүйл одоогийн байдалаар илрээгүй. Бэлгийн дарамттай холбоотой асуудал гарсан. Гэхдээ хүчирхийлсэн зүйл одоогоор нотлогдоогүй. Энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулна гэв.
У.УРАНЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АНХБАЯР
Сэтгэгдэл