Ерөнхийлөгчийн нэрэмжит марш тактикийн тэмцээнд оролцсон алба хаагч амиа алджээ

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан болон бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд болсон билээ. Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог юм байна.

-АЧААЛЛАА ДААЛГҮЙ БАГТАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Энэ үеэр тус тэмцээнд оролцож байсан ЦЕГ-ын эмэгтэй албан хаагч ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд өчигдөр эмчилгээгээ даалгүй амиа алджээ. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар талийгаач хоёр тэмцээнд амжилттай оролцоод гурав дахь тэмцээндээ оролцож байх үедээ ийн ухаан алдсан байна. Талийгаач 29 настай О өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын болон жижүүрийн цагдаа хийж байгаад өнгөрсөн 12-р сараас мэдээлэл шуурхай удирлагын төвд ажиллаж байжээ.

Хамт олных нь хэлж буйгаар тэрбээр бие сайтай, ямар нэг суурь өвчингүй байсан гэх бөгөөд бүхий л спортын төрөлд авьяастай, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой нэгэн байсан аж. Улмаар тухайн өдөр Тавантолгойн сургалтын баазад халуун өдөр болсон тул цэрэгжилтийн хатуу дэглэмд явагддаг тэмцээнүүдийн үеэр ачааллаа даалгүй багтарч ухаан алдсан байж болзошгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Өчигдөр ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд талийгаачийн ар гэрт очиж эмгэнэлээ илэрхийлжээ.

-ГҮЙЛТИЙН БЭЛТГЭЛ ХИЙЖ БАЙГААД НАС БАРСАН ХЭМЭЭЖ БАЙВ-

Өнгөрсөн 2014 онд мөн л марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн алба хаагч амиа алдаж байсан хэрэг гарч байсан. Тодруулбал Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдаг. Ар гэрийхэн нь талийгаачийн үхлийг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн тухайн үед гомдол санал гаргаж байсан. Гэвч албаны эх сурвалжууд мэдээллэхдээ “Марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагчид бэлтгэл сургуулилт хийж байгаад сургуулилтын дараа нэг цэрэг нь ухаангүй олдсон. Анхан шатны тусламж үзүүлсэн ч нэгэнт оройтсон байсан. Оройны гүйлтийн бэлтгэл сургуулилт хийж, ирж яваад нас барсан байж болзошгүй. Анхан шатны хэргийн газрын үзлэгээр хохирогчийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй” хэмээх тайлбар хийж байсан билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.