Манай улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны тоонд оржээ
Ерөнхий Сайдын Ивээл дор "Тогтвортой хөгжлийн эрин үeд сүрьeэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа" үндэсний чуулган хоёр дах өдрөө үргэлжилж байна. Тус чуулганаар дан ганц эрүүл мэндийн салбар гэлтгүй салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулалтаар хангаж, хамтран сүрьеэ өвчний асуудлыг амжилттай шийдвэрлэж, “Сүрьеэгүй Монгол”-ын төлөө хэрхэн ажиллах тухай чуулж буй юм.
Дэлхий дахинд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх олон талт цогц арга хэмжээний үр дүнд халдварт өвчнүүд эрс буурч, халдварт бус өвчин тэргүүлэх чиглэл болж байгаа хэдий ч шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчнүүд тулгамдсан өвчнүүд хэвээр байгаагийн нэг нь сүрьеэ аж. Монгол Улс сүрьеэгийн өвчлөлийн түвшингээр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн 37 орноос өвчлөл өндөртэй долоон орны тоонд орж байна. Мөн сүрьеэгийн тохиолдлын түвшин нийт халдварт өвчний дотор БЗДХ, Вируст гепатитын дараа гуравдугаарт, харин нас баралтын түвшингээр нэгдүгээрт орж байна.
2016 онд хийгдсэн “Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд учирч буй зардлын судалгаа”-аар сүрьеэ өвчний улмаас нийт өвчтөний 39% нь зээл авч, 45.5% нь ажилгүй болж, өвчтөн түүний гэр бүлийн 70% нь санхүүгийн дарамтанд өртөж байна гэсэн дүн гарчээ. Сүрьеэтэй өвчтөний ядуурлын байдал нь сүрьеэгийн эмчилгээний өмнө 8%, харин эмчилгээний дараа 36%-д хүрсэн байна.
ДЭМБ-ын Сүрьеэ өвчнийг устгах стратегийн зорилтын дагуу 2030 он гэхэд сүрьеэтэй өвчтөн тэдний гэр бүлд учирч буй санхүүгийн дарамтыг Тэглэх (0%) зорилтод хүрэхийн тул нийгмийн бүхий л халамж дэмжлэг, туслалцааг тэдэнд чиглүүлж ажиллах шаардлагатай байгаа аж.
Сүрьеэгийн эмчилгээний хугацаа урт, өртөг зардал өндөртэй, эмчилгээний явцад гаж нөлөө, зовиур шаналгаа их, өвчтөн удаан хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, ажил эрхлэлт, өрхийн орлого буурах зэрэг гэр бүл болон улс орны нийгэм эдийн засагт ихээхэн дарамт учруулдаг. Эмчилгээний явцад өвчтөн, тэдний гэр бүлд тулгардаг эдгээр бэрхшээлийг даван туулах бүрэн эмчлэхэд эмч, эмнэлгийн ажилтан эрүүл мэндийн байгууллагаас гадна нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, хөдөлмөр, боловсрол хүн амын хөгжил зэрэг чиглэлээр ажилладаг байгууллагууд төдийгүй орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо маш чухал гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
П.УРНАА
Сэтгэгдэл