Б.Өнөрбилэг: Хүүхдийн сүүн шүд паалангүй ургах тохиолдол ихэсч байна
Одоогоос 20-30 жилийн өмнө манай улсад шүдний өвчлөл бараг байдаггүй байсан. Учир нь бид сүү, цагаан идээгээ өргөн хэрэглэдэг байсан тул шүд эрүүл байдаг байжээ. Гэтэл өдгөө хот суурин газрын иргэд цагаан идээ хэрэглэх нь багасч, амны хөндийн ариун цэвэр буруу сахиснаас болж энэ төрлийн өвчлөл ихэссээр буй юм.
“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийг үзлэгт хамруулахад бага насны хүүхдүүдийн 91.3 хувь амны хөндийн өвчтэй гэсэн судалгаа хоёр жилийн өмнө гарч байв.
Бид амны хөндийн өвчлөлийг зөвхөн шүд цоорох гэж боддог. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор төрөлхийн шүд, эрүү нүүрний гажигтай хүүхдүүд төрөх нь олширчээ. Тэр ч бүү хэл 6-8 сартай хүүхдүүдийн сүүн шүд паалангүй ургах тохиолдол ихэсчээ.
Шүд буйлаа түрж ургаж чаддаггүй ийм тохиолдолд шүдний эмнэлэгт заавал очиж буйлыг зүсүүлсний дараа хэвийн ургадаг байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байдгийг шүдний эмч нар хэлж буй юм. Тодруулбал, агаарын бохирдол, эм, архи, тамхины замбараагүй хэрэглээ, жирэмсний эхэн үеийн хордлого, ураг бүрэлдэж байхад шим тэжээлгүй хоол идэх, ойрхон зайтай төрөх гэх мэт хүчин зүйлс нөлөөдөг байна.
Бид уншигчиддаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор Шүд, эрүү нүүрний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч, Анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Б.Өнөрбилэгтэй ярилцлаа.
-ТӨРӨЛХИЙН ПААЛАНТАЙ ТӨРСӨН Ч ЯЛИХГҮЙ ЗҮЙЛЭЭС БОЛЖ ПААЛАН НЬ УНАХ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-
-Хүүхдийн шүд ямар шалтгааны улмаас паалангүй ургадаг юм бэ?
-Мэргэжлийн хэллэгийг нь “Аномали хэлбэртэй буюу паалан болон тунгалмаа дутмагшил” гэдэг юм. Биднийг оюутан байхад ховор тохиолддог, бие даасан эмгэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ихсэх хандлагатай байгаа. Энэ хэд хэдэн шалтгаантай. Хүн ам олшрох тохиолдолд ихэснэ, удамшлын өгөгдөл ямар байхаас шалтгаалан хүүхдийн сүүн шүд янз бүр ургаж болно. Мөн гадаад хүчин зүйл буюу жирэмсний эхэн үеийн болон сүүл үеийн хордлого. Ялангуяа жирэмсний эхэн үеийн гурван сарын хордлого урагт нөлөөлөх боломжтой. Яагаад гэвэл энэ үед шүдний анхны бүрдэл хэсгүүд буюу эх үүсвэр тавигдаж эхэлдэг. Эхчүүд хордлогоор маш их эрдэс бодисоо алддаг. Ингэснээр эрдэс бодисын дутагдалд ордог. Энэ дутмагшлаас болж шүд бүрэн хэлбэржиж чадахгүй генийхээ өгөгдөл дээр алдаа гардаг. Мөн механик гэмтэл байж болно.
-Ямар механик гэмтлээс болж сүүн шүд паалангүй ургадаг талаар эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?
-Сүүн шүдний эх үүсвэр буйл буюу эрүү ясанд хөгжихдөө ямар нэгэн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр паалан болон тунгалмаа үүсэх эсийн үйл ажиллагаа алдагдсанаар төрөлхийн палангүй шүдтэй төрж буй хүүхдүүд байна. Паалан шүдийг гадны нөлөөнөөс хамгаалах үндсэн үүрэгтэй шүү дээ. Гэтэл сүүлийн үед манай шүдний эмч нарын анхаарлыг татаж байгаа нэг зүйл бол төрөлхийн паалантай төрсөн ч гэсэн ялихгүй зүйлээс болж паалан нь унах тохиолдол их байна. Энэ нь хоол тэжээл болон амны хөндийн буруу арчилгаанаас болдог. Бид зөвхөн таамаглаж чадна. Тодруулбал, эхэн болон хожуу үеийн хордлогуудаас гадна эрдэсийн дутагдал. Дандаа нэг төрлийн хоол идэх, түүнээс гадна агаарын бохирдол холбоотой гэж үзэж байгаа.
-Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ архи тамхи хэрэглэх, гаазтай ундаа их хэмжээгээр уухад хүүхдийн сүүн шүдэнд нөлөөлөх үү?
-Шууд биш ч гэсэн дам шалтгаантай нөлөөлнө. Архидалт, тамхидалт, мансууруулах бодис, байнгын эмний хэрэглээ буюу титрацикиллин антибиотек, цефаллоспорины бүлгийн зарим антибиотикууд шүдний пааланг их гэмтээдэг. Ураг эхийн хэвлийд байхдаа хорт бодисуудаас болж сүүн шүд нь буйлан дор бүрэлдэж эхлэхдээ гэмтдэг.
-Шүд, эрүү нүүрний төвөөр ийм эмгэгтэй хичнээн хүүхэд эмчлүүлдэг вэ?
-Ийм тохиолдол нэлээд ихэсч байгаа. Урьд нь ийм төрлийн эмгэгтэй хүүхэд их ховор ирдэг байсан.
-Та бүхэн судалгаа, шинжилгээ хийсэн үү. Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн эмгэгтэй хүүхэд хэр их байдаг бол?
-Монгол Улсын хэмжээнд ийм төрлийн эмгэгийн тархалтыг судалсан судалгаа байхгүй. Хийхэд маш хэцүү. Гэхдээ клиникийн ажиглалт судалгаа гэж байдаг. Үүнээс харахад яалт ч үгүй өсөж байгаа.
-ШҮДНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН ГЭМТЭЛ БОЛОН ГАЖ ХӨГЖЛИЙН
НӨЛӨӨ Л ГЭСЭН ҮГ-
-Эмчлэгдэх боломж бий юу. Эмгэгтэй сүүн шүд байнгын шүдэндээ нөлөө үзүүлдэг үү?
-Бүрэн эмчлэгдэх боломжтой, шүдний паалан орлуулж ямар нэгэн юмаар бүрэх буюу ломбодно гэсэн үг. Тархалтын ажиглалтад хийхэд байнгын шүд гайгүй гардаг.
-Хүүхдийн сүүн шүд паалангүй ургах нь ургийн гажигт тооцогдох уу?
-Үгүй, тэгж ойлгож болохгүй. Шүдний эх үүсвэрийн гэмтэл болон гаж хөгжлийн нөлөө л гэсэн үг. Хүүхэд төрөөд 6-8 сартайдаа анхны сүүн шүд нь цухуйж, гурван нас хүртлээ ургадаг. Мөн гадаад хүчин зүйлээс болж сүүн шүдний паалан нь гэмтэж болно.
-Тэгэхээр ээжүүд хүүхдээ ийм шүдтэй болгохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Эхчүүд жирэмслэхээсээ өмнө өөрийнхөө биеийг бэлдэх хэрэгтэй. Шүд, ходоод гэдсээ эмчлүүлэх, бодисын солилцоогоо сайжруулах гээд маш олон зүйл дээр анхаарах ёстой.
-Ийм шүдтэй хүүхдүүд хоол идэхэд маш хүндрэлтэй бас амархан цоордог гэж сонссон. Энэ үнэн үү?
-Хоол унд идэхэд маш ховор тохиолдолд мэдрэх гээд байдаг. Паалан байхгүй ч гэсэн өөрөө өөрийгөө эрдэсжүүлээд хамгаалдаг. Гэхдээ байгалийн хамгаалалт байхгүй учраас унтах, хоол идэх болгонд цоорох хандлага нэмэгддэг. Нэгэнт ийм шүдтэй төрсөн бол маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй шүү.
Сонирхуулахад: Шүдийг зөвхөн өглөө орой угаах ёстой гэсэн нийтлэг ойлголт бидний дунд байдаг. Тэр ч үүднээсээ бид орой шүдээ угааж унтаад, өглөө босонгуутаа угаагаад хоол цайгаа уудаг. Гэтэл орой унтахдаа угаасан бол өглөө босоод амаа зайлчихаад хоол цайгаа уусныхаа дараа шүдээ угаах хэрэгтэй ажээ.
Хоол унд идсэний дараа 10-15 минутын дотор шүдээ заавал угаах ёстой. Учир нь энэ хугацаанд хоол нь физик, химийн шинж чанараа алдаагүй байдаг. Түүнээс хойш задраад хүчиллэг үүсч, шүдний пааланг уусгадаг зүйл үүсдэг аж. Ингэснээр пааланг уусгаж цоорол үүснэ. Зарим хэсэг нь өнгөр үүсгэж шүдэнд чулуу үүсдэг байна.
М.ЖАРГАЛ
Сэтгэгдэл