М.Оюунбаатар: Сунгаанд эхний 20-д байгаа морьд улсын баяр наадамд өнгөнд уралдах магадлалтай байдаг

Д.Тулга / Спорт

ETV телевийн Хурдан морь тайлбарлагч , сэтгүүлч М.Оюунбаатартай ярилцлаа.

Наадам болохоор хүмүүс нутаг усныхаа талаар их ярьдаг. Тиймээс таны нутаг усны талаар яриагаа эхлэе гэж бодлоо?

Би Төв аймгийн Баянцагаан сумынх уугуул. Хурдны манлай нутгийн унаган хүүхэд гэдгээрээ үргэлж бахархаж явдаг.Манай нутгаас Улсын баяр наадамд 50 гаруй морь түрүүлж, 200 гаруй морь айрагдсан байдаг. Мөн Баянцагаан сумаас төрөн гарсан Улсын зууны манлай уяач, хөдөлмөрийн баатар Д.Даваахүү бол манай нутгийн хүн. Энэ мундаг хүмүүстэй хурдан морины салбараар холбогдож байдагтаа их баяртай байдаг.

Ер нь хэзээнээс морь тайлбарлаж эхэлсэн юм бэ?

Би 2009 онд МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа Tv-9 телевизэд нэг хэсэг дадлагажигчаар явж байлаа. Тухайн үедээ Дүнжингаравын хаврын наадмыг тайлбарлачихсан. Гэтэл нэг өдөр гэнэт л Ардын хувьсгалын 88 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тайлбарлах үүрэг өгч байна. Наадам нилээн дөхсөн, долоо хоног л дутаа байсан. Тухайн үедээ бол их хэцүү санагдаж байлаа. Сургуулиа төгсөөд удаагүй, мэдэхгүй чадахгүй зүйл олон байсан. Тэгж л анх ажлынхаа гарааг эхэлж байсан даа. Үүнээс хойш улсынхаа баяр наадмыг тасралтгүй тайлбарлаж энэ жил 10 дахь жилтэйгээ золгож байгаадаа их баяртай байна.

Улсын баяр наадмаар газар газрын шандаст хүлгүүд тоосоо өргөхөөр ирдэг. Тэр болгоныг таньж тайлбарлана гэдэг амаргүй зүйл болов уу?

Ер нь бол морь тайлбарлана гэдэг их хэцүү ажил. Ялангуяа улсын баяр наадмаар бүх аймаг сумдаас олон шандаст хүлгүүд тоосоо өргөхөөр ирдэг. Нэг насанд гэхэд л дунджаар 200-гаад морь уралддаг. Мэдээж үндэсний их баяр наадмын хурдан морины зохион байгуулах салбар хорооны хамт олноос бүртгэлийг нь өгдөг. Бүртгэл дээр нь аймаг, сум, уяачдын овог нэр, морины зүс гээд бүгдийнх нь дэлгэрэнгүй мэдээлэл байна. Мөн уралдаанч хүүхдийн овог нэр, даатгалын дугаар, номер гэж байгаа. Энэ бүгдийгээ хараад л баяр наадмын хурдан морины тайлбарыг хийдэг дээ.

Өөрөө морь барианаас гарахтай зэрэгцээд хаанахын ямар угшилтай, улсад хэдэн удаа түрүүлж байсан, тийм адууны үр төл гээд бүгдийг нь хэлээд явчихдаг. Яаж мэдээд ингэж тайлбарлаад байна вэ?

Хүмүүс их гайхаад байдаг юм. Чи яаж ингэж гэж нэг нэгэнгүй мэдэж тайлбарлаад байна гэж асуудаг. Юун түрүүнд би өөрөө хөдөө өссөн хүүхэд болохоор морины зүс, насыг бол сайн мэднэ. Яг морь барианаас гарсан үед тэр болгон бүртгэлийн цаасаа эргүүлээд унших цаг зав бол бараг гардаггүй. Мэдээж ганц нэг зүйлийг харалгүй л яахав. Бүгдийг нь нэг нэгэнгүй харна гэж бол байхгүй. Тэгэхээр яаж тайлбарлаад байна вэ гэхээр улсын баяр наадам, аймаг, сумдын хурдан морины сунгаа гэж болдог. Үүн дээр очиж хэний ямар морь, яаж давхиж байна, хаанахын ямар удам угшилтай, хэн гэдэг уяачын морь болох талаар олж мэднэ. Ерөнхийдөө сунгаанд эхний хорьд давхисан моридууд баяр наадмын түрүүнд уралдах нь тодорхой байдаг.

Наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Уяачид мориныхоо сунгааныг хаана хийж байна вэ?

Монгол Улсын тод манлай уяач Н.Онон гуйн сунгаан Дорнод аймагт болсон. Одоо “Хүйн доллоо” худагт болох сунгаанд ирж оролцоно. Монгол Улсын Манлай уяач Ихбаяр тэргүүтэй хэсэг уяачид Сүхбаатар аймгийн Түмэн цогт суманд сунгаж байгаа. Мөн Монгол Улсын Манлай уяач Намдагийн Хүрлээ, Эзэнмөнхийн Мөнхэрдэнэ тэргүүтэй уяачид Сүхбаатар аймгийн халзан мориныхоо сунгааныг хийчихээд өнөөдөр хүйн долоон худагт ирсэн байгаа.

Та түрүүн сунгаанд эхний хорьд давхисан морь улсын баяр наадмын түрүүнд уралдах магадлал өндөр байдаг гэлээ. Тэгвэл энэ жилийн сунгаанаас харахад ямар морь түрүүнд уралдахаар байна вэ?

Улсын их баяр наадмын дунд сунгааг сая үзлээ. Хүйн долоон худгийнхаа их цагаан хөтөл, бага цагаан хөтөл дээрээ хоёр хэсэг сунгаж байна. Монгол Улсын манлай уяач Ч.Цэрэндэжид, Б.Ерөөлт тэргүүтэй уяачид бага цагаан хөтөл дээр 16,17 километроос сунгалаа. Азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн алдарт уяач Л.Чинзоригийн “Хүрэн” азарга, Дарви сумын алдарт уяач С.Мөнхнасангийн “Бор”азарга, Төв аймгийн Угтаал цайдам сумын алдарт уяач Б.Баттөрийн “Халиун” азарга, Ховд аймгийн Чандмань сумын алдарт уяач Я.Ганбаатарын “Буурал” азарганууд хурдан байна. Их насны морины уралдаанд Ховд аймгийн Дөргөн сумын Улсын алдарт уяач Батбаярын “Цавьдар морь, Гантөмөрийн Чинзоригийн “Улаан морь”, Улсын алдарт уяач Б.Ерөөлтийн “Хээр ” зэрэг олон сайхан морь сунгааны өнгөнд уралдаж байна.

Жил болгоны наадмаар Эрлийз, Монгол адууг хольж уралдууллаа гээд нилээн асуудал үүсдэг. Энэ жилийн наадмаар яах юм болоо ?

Энэ жилийн улсын баяр наадмын онцлог нь Эрлийз, Монгол адууг ялгаж уралдуулахаар болсон. Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн сэрвээний өндрөөр биш гаднах хэлбэр төрөхөөр нь ялгаж уралдуулна гэх шийдвэр гаргасан. Энэ ч их зөв гэж бодож байгаа. Ингэснээр Монгол улсын өнцөг булан бүрээс олон уяачид наадмаа зорьж ирнэ. Энэ жилийн наадам ер нь их сайхан болно гэж бодож байгаа. Бороо хур ч элбэг дэлбэг байна.

Мэдээж хурдан морийг дагаад уралдаанч хүүхдийн асуудал яригддаг. Энэ талаар таны бодол?

Монгол улсын засгийн газар, Хүүхэд залуучууд гэр бүлийн хөгжлийн төлөөх газартай хамтран уралдаанч хүүхдийн эрх ашгийг хамгаалах тал дээр нилээн анхаарч байна. Мэдээж хүүхдээ нэгт тавих нь зөв. Морь бол хоёрт байх ёстой. Харин уяачын амжилт, алдар цол гэдэг зүйл хамгийн сүүлд байх ёстой гэж боддог. Энэ жилээс уралдаанч хүүхдүүдийг даатгалд хамруулдаг болсон. Даатгалын нөхөн олговрыг 20 сая төгрөг болгож эцэг эхийнх нь зөвшөөрлийг гарын үсгийг авсны дараа тухайн хүүхдээр морь унуулах боломжтой болсон. Мөн иж бүрэн хувцасласан байх ёстой. Ингэснээр уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдаж бэртэл гэмтэл авах нь харьцангуй багасаж байгаа юм.

Таныг морь тайлбарлаж байх явцад хүүхэд мориноос унаж, бэртэх тохиолдол хэр гарч байв?

Мэдээж бага зэрэг бэртэж гэмтэх тохиолдол гаралгүй яахав. Гэхдээ хүмүүс морь хүүхэд эндсэнгүй сайхан наадам боллоо гэж яриад байдаг. Энэ бол эндээд байгаа зүйл биш л дээ. Мориноос унаад эндчихсэн хүүхэд бараг байдаггүй. Гурав дөрвөн жилийн өмнө л нэг хүүхэд эндэж байсан. Харин морины уралдаанаас бус машины ослоор маш олон хүүхэд эндэж байна. Унаач хүүхдүүд бол урин дулаан орчихсон, өвс ногоо дэлгэрчихсэн цагт бэртэж, гэмтэх тохиолдол бага гардаг. Тиймээс мэргэжил нэгт сэтгүүлчид болон сошиал ертөнцөөр мэдээлэл түгээж буй залуус уралдаанч хүүхэд бэртэж байна эндэж байна гэж бичихээс аль болох зайлсхийгээсэй гэж боддог юм. Монгол хүмүүс чинь амны бэлгээс ашдын бэлэг гэж ярьдаг шүү дээ. Монголын хурдан морины уралдаан бол хүүхэд унаад хэдэн зуун жилээсээ тогтчихсон ийм зүйл. 1899 оны долоон хошуу даншиг Монгол төрийн наадамд хүүхэд морь унаж л байсан. 1999 оны Улсын баяр наадам, Монгол улсад азарга уралдаж эхэлсний зуун жилийн ой, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хүүхэд унасаар л байна. Энэ бол эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн соёл иргэншилтэй монгол хүний уугуул хөдөлмөр гээд ойлгочиход болно.

Уралдаанч хүүхдийн насны хязгаарыг зааж өгнө гээд байгаа. Энэ талаар?

Энэ жилийн улсын баяр наадамд албан ёсоор долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулах заалт гарсан. Харин хаврын бүсийн уралдаануудад 12-с дээш насны хүүхдээр морь унуулна гэх шийдвэр “Дүнжингарав”-ын хурд уралдааны өмнө гарсан. Уяачид үүнийг нь биелүүлэн иж бүрэн хувцастай 12-аас дээш насны хүүхдээр морио унуулан “Дүнжингарав”-ын хурд наадамд амжилттай оролцсон байгаа.

Мэдээж хөдөөний хүүхэд юм чинь хурдан морь унаж байсан байх. Хэдэн настай хурдан морины нуруун дээр гарч байв?

Би анх долоон настай морь унаж байсан. 1994 онд Баянцагаан сумынхаа 70 жилийн ойгоор 7 настай хүүхэд морь унаж аман хүзүүдсэн. Тэр үедээ жигтэйхэн их баярлаж билээ. Дараа нь 1995 онд найман настайдаа сумынхаа баяр наадамд уралдаж байсан. Мөн 1996 онд миний өвөө Санпинням гэж Баянцагаан сумын зургаан мянгатын нэг болоод хаврын хурдан морины уралдааныг цагаан сарын даараа зохион байгуулсан юм. Тэрэнд нь би хээр морио унаад байлаа. Гэхдээ 31,32-иор л ирж байсан юм. Харин манай ангийн хүүхэд Зэвсэгт хүчний 014 ангийн оффицер Б.Лхагвасүрэн гэж залуу Бавуушийн хээр морийг унаж хаврын уралдаанд анх түрүүлж байсан. Энэ үе бол хамгийн сайхан дурсамжтай түүхүүдийн маань нэг юм даа.

Аймаг сумын наадам, сунгаан гээд хөдөө гадаа их явж байгаа байх. Энэ жил ер нь аймгуудаар зуншлага хэр байна вэ?

Энэ жил зуны эхэн сардаа ихэнх нутгаар зуншлага тааруу байсан. Харин зуны дунд сар буюу 6 сарын 22-нд нар буцсанаас улс орон даяар бороо хур их орлоо. Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дарьганга, Наран сумдад зуншлага их сайхан болж байна лээ. Мөн бусад нутгаар ч бороо орж зуншлага сайхан болж байгаа сурагтай. Тиймээс энэ жилийн баяр наадамд ирсэн газар газрын хурдан морьд “Хүйн долоон” худгийнхаа ногоон дэнжид тоосоо өргөцгөөсөн сайхан наадам болно эдэгт итгэлтэй байна.

Б.АЛТАНБАГАНА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000