Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад хууль, тогтоолуудыг эцэслэн баталлаа

Д.Тулга / Улстөр

Тогтоолын төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.06.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэлтэй холбогдуулан боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувийн саналаар баталлаа. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлээд байсан юм.

Дараа нь “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн, эцсийн хувилбарын төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулсан юм. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдлаа

Мөн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Тус байнгын хороо төслийн эцсийн хэлэлцүүлгийг 06 дугаар сарын 05-ны өдөр хийж, хуулийн төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуусан. Тэрбээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах эсэхийг тодруулаад үүний оронд Хэрлэн голыг түшиглэн УЦС барих асуудлыг судалж үзэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн хариулснаар, Хэнтийн бүс нутагт Хэрлэн голыг түшиглэн усан цахилгаан станц байгуулах боломжийг судалж үзэж байгаа бөгөөд боломжтой гэсэн дүгнэлт гарвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж буй аж. Харин Цэнхэрмандал сумын нутагт нарны цахилгаан станц байгуулах хүсэлтийг салбарын яаманд албан ёсоор ирүүлээгүй гэлээ. Эцэст нь хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэнээр хууль батлагдлаа.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Дараа нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр нэр томьёо, үг хэллэг, дэс дараалал, бүтэц, найруулгын шинжтэй засварыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмэн, төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямдорж танилцуулав.

УИХ-аас Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай бие даасан хуулийг 2004 онд батлан мөрдүүлж, улмаар 2013 онд шинэчлэн найруулсан байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлэх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй нийт 64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаабөгөөд цаашид уул уурхайн салбарын хөгжлийг дагаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт нэмэгдэхээр байгаа аж.

Гэвч тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавих хуулийн шаардлага тодорхой бус, Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөөлөхүйц дүгнэлт гаргах эрх бүхий “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага’’-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг тодорхой заагаагүй зэрэг эрх зүйн хийдэлтэй байдал нь хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна гэж дүгнэгдсэн байна.

Үүнээс гадна хүн амын дунд өргөн хэрэглээ болсон пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах зохицуулалтыг тодорхойлох, хууль хэрэгжүүлэгч байгууллагуудын чиг үүргийг нарийвчлах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалт, хяналттай холбоотой харилцааг зохицуулах дүрэм, журмыг батлах эрх шилжүүлсзн зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсронгуй болгох шаардлага үүсчээ.

Иймд дээрх бэрхшээлийг арилгах болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан “Хууль сахиулах байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодисын эргэлтэд тавих хяналтыг сайжруулах” зорилтыг хангах шаардлагад тулгуурлан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдах зөвшөөрлийг олгохоор зохицуулсан байсныг өөрчилж, үйлдвэрлэх болон импортлох эрхтэй хуулийн этгээд тодорхой хяналтын хүрээнд худалдахаар зохицуулжээ.

Тэсэлгээний ажил явуулах эрхтэй хуулийн этгээдийг (бусдын захиалгаар тэсэлгээний үйлчилгээ үзүүлэх) байнгын агуулахтай байхыг шаардаж байсныг өөрчилж, харин аюулгүй ажиллагааг хангах зорилгоор тэсэлгээний ажил гүйцэтгэх газарт тухай бүр нь түр агуулах байгуулан ажиллах, тэсэлгээний ажил явуулсан тохиолдол бүрийг тогтоосон журмаар тайлагнах үүргийг хүлээлгэсэн байна.

Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт нөлөө бүхий дүгнэлт гаргах эрхтэй “Мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага”-ын болон шинжээчийн эрхийг хэн, хэрхэн олгох нь тодорхойгүй байсныг өөрчилж, холбогдох журмыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд батлан мөрдүүлэхээр заасан байна.

Тус хуулийн үйлчлэх хүрээ нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтээр хязгаарлагдаж байгааг харгалзан тусгай зөвшөөрөл авахтай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабаас санал авдаг байсныг онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын санал болгон өөрчилж, аюулгүй ажиллагаа, галын болон гамшгийн эрсдэлт байдлын хяналтыг нэмэгдүүлжээ.

Пиротехникийн хэрэгслийг ашиглахтай холбоотой зохицуулалт сул байсныг өөрчилж, тодорхой зохицуулалтыг шинээр тусгасан байна. Пиротехникийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйлдвэрлэх, импортлох, ашиглах бөгөөд энэ төрлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээдэд олгохоор тусгасан байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 97.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

“Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан Коппер Корпорейшн" ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” XXК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Засгийн газарт даалгаж шийдвэрлэсэн билээ.

Иймээс Засгийн газар 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг үндэслэн “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” 7 дугаар тогтоол гаргаж, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс "Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаанд төлсөн 400.27 сая ам.долларын төлбөрийг эх үүсвэрийн дарааллаар суутган тооцох, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэ үндсэн дээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу ‘Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг шинэчлэн баталж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгүүлжээ. Мөн дээрх чиглэлийн дагуу "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон "Монголросцветмет" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж буй гишүүдийг томилсон байна.

Тиймээс Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын дээр дурдсан шийдвэртэй холбогдуулан Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай 2004 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хууль; Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай” 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг тус тус хүчингүй болгох шаардлагатай болжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдөр хуралдан, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.

Уг хуулийн төсөл нь “Монголросцветмет” ХХК-ийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар уг аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгож ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Учир нь Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай болсон байна.

Хуулийн төсөл батлагдсанаар "Монголросцветмет" ХХК нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол одоо Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Улмаар “Монголросцветмет ХХК нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулагдах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд танилцуулгадаа дурдлаа.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол-Оросын “Монголросцветмет" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон баталсан “Протокол соёрхон батлах тухай" 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулийг хүчингүй болгохоор өргөн мэдүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.