Сарьсан багваахай нүүдлийн шувуу биш, санаа зовсны хэрэггүй
Коронавирус, шувууны ханиад бүгд аюултай тахал өвчнүүд. Заримд нь одоогоор эдгээх боломж шинжлэх ухаанд нээгдээгүй байгаа. Манай улсын нутаг дэвсгэрт олон мянган усны шувууд, хээр талын ан амьтад ч өмнө зүгээс нүүдэллэн ирдэг. Тиймээс шувууд, амьтдын нүүдлээр дамжин ханиад, цар тахал ч орж ирэхийг эрдэмтэн судлаачид үгүйсгэхгүй байгаа. Монголд 513 зүйл шувуу бүртгэгдсэнээс 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай юм. Дэлхийд шувууны есөн нүүдлийн зам байдгаас гурав нь монгол орныг дайрч өнгөрдөг. Монгол, БНХАУ, ОХУ, БНСУ-ын шувууд нүүдлийн нэг зам дээр байрладаг. Монгол оронд 500 гаруй зүйлийн шувуу албан ёсоор бүртгэгдээд байгаа бөгөөд эдгээрийн 51 хувь нь манай оронд хаврын улиралд нүүдэллэн ирж, өндөглөж зусаад, намар нь буцдаг. Ерөнхийдөө гуравдугаар сараас эхлэн шувуудын нүүдлийн түрүүч ирж, дөрөвдүгээр сарын сүүлчээр нүүдэллэж дуусдаг. Нүүдлийн шувуудын зам нь хойноосоо урагш, урдаасаа хойш гэсэн чиглэлтэй.
Монголын шувуу хамгаалах төв, Дорнод хамгаалалтын захиргаа болон Хятадын “Beijing Forestry University”-ийн судлаачдын баг хамтран Зүүн бүсийн ховор шувуудын нүүдлийн судалгааг хийсэн байна. Тэд ховордож буй зургаан зүйлийн шувуудад сансарын дамжуулагчийг зүүж нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь танджээ. Хар тогоруу, хархираа тогоруу, цэн тогоруу, өвөгт тогоруу, хонин тоодог, идлэг шонхор зэрэг шувууд манай Онон, Хэрлэн, Улз, Халх гол, Буйр нуураас Оросын Тарь нуур, Амар мөрнийг даган Хятадын зүүн хойд хэсэг, По-Янг нуур, Хималайн нуруу хүрдэг байна. Эндээс юу анзаарагдаж байна гэхээр нүүдлийн шувууд бол үнэхээр хил хязгааргүй аялан зорчигчид бөгөөд бас аюултай хил зөрчигчид мөн болох нь тодорхой байна. Шувууд цар тахлын элч болж ирэх магадлал маш өндөр гэдгийг эл судалгаа нотолно.
Монгол Улсад өндөр хоруу чанартай “H5N1” дэд хэв шинжийн вирусээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин жил дараалан оношлогдсон 2005, 2006 оноос эхлэн нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд идэвхитэй тандалт явуулах тогтолцоо буй болгож, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа болон ирж зусдаг шувуудын зам дагуух томоохон нуур голын зураглал гаргаж, тандалт явуулах цэгийн байршлыг тогтоож эхэлсэн юм билээ. Эрдэмтэд нүүдлийн шувуудаас дээж авч шинжилгээ хийж байх нь уг өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлхэд шинжлэх ухааны үндэслэл болдог байна. Энэ ажлыг Европын холбооны хөрөнгө оруулалтаар ДАЭМБ-аас тус улсад хэрэгжүүлсэн төсөл болон Японы засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд ШУА-ийн харьяа Биологийн хүрээлэнгийн шувуу судлаачидтай хамтран баруун бүсэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутагт орших 34 нуур, гурван голын 424 цэгт, төвийн бүсэд Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутагт орших 15 нуурын 137 цэгт, зүүн бүсэд Хэнтий, Дорнот, Сүхбаатар аймгийн нутагт орших 45 нуурын 192 цэгт буюу нийтдээ 12 аймгийн нутагт орших 94 нуур, гурван голыг сонгон авч тандалт явуулах 753 цэгийн байршлыг тогтоож газрын зураглалд оруулан тандалтын сүлжээнд хамрагдсан аймаг, сумдын болон төв орон нутгийн Мал эмнэлгийн удирдах байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Одоо энэ цэгүүдэд төвийн мэргэжлийн байгууллагуудаас жилд хоёр удаа (нүүдлийн шувуудын ирэх ба буцах хугацаа буюу 5, 9-р сард ) бусад хугацаанд орон нутгийн мэргэжлийн байгууллагууд тандалт явуулж байгаа аж.
Тухайлбал, 2007 оны тандалтаар 29 нуурын 148 цэгээс 360, 2008 онд 43 нуурын 157 цэгээс 620, 2009 онд 55 нуурын 164 цэгээс 910 дээж буюу нийтдээ давхардсан тоогоор 127 нуурын 469 цэгээс 1890 дээж цуглуулж шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний үр дүнд цуглуулсан дээжинд өндөр хоруу чанартай үүсгэгч илрээгүй боловч сул хоруу чанартай томуугийн үүсгэгчүүдийг 2007 онд цахлай, хээрийн галуу, нугасны дээжинд H7N9, H7N7, H3N8, 2008 оны гангар хун, хээрийн галууны зургаан дээжээс H3N8, H3N1, H4N6, H3N8, H4N2, H10N6-г, 2009 оны дээжинд H2N2-(1), H3N2 (1), H5N8 (35), H4N3 (1), H4N8 (3), H7N7 (2), H10N3 (10 )-ыг тус тус илрүүлсэн. Энэ нь манай оронд нүүдэллэн ирж буй шувууд томуугийн үүсгэгчийг ямар нэг хэмжээгээр тээж ирж байна гэдгийн нотолгоо болж байгаа аж.
Мөн 2009 онд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт байрлах Дойтын цагаан нуур, мөн аймгийн Цэцэрлэг сум, Хөвсгөл аймгийн Тариалан сумын заагт орших Дөрөө цагаан нууранд шувууны томуу өвчин гарах үед авсан дээжээс өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжийн арав гаруй үүсгэгч гарган авч оношийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байдаг.
Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D) Я.Адъяагаас хэдэн асуултад хариу авлаа.
-Монгол Улсад шинэ коронавирусын дэгдэлт дөрөв, тавдугаар сард ихсэнэ гэсэн яриа байна. Энэ амьтан шувууны их нүүдэлтэй холбоотой болов уу?
-Яг тэгж хэлбэл их бүдүүлэг зүйл болох байх. Ер нь нүүдлийн шувуудаар дамжин цар тахлын үүсгэвэр вирус манай улсын хилийг давж орохыг үгүйсгэхгүй. Нүүдлийн шувуудын гурван их зам манай орныг дамжин өнгөрдөг. Энэ зам Хятадын тэр ханиад томуутай нутгаар дамжихгүй гэх баталгаа байхгүй шүү дээ.
-Шувууны ханиад, коронавирус шувуу, амьтнаар дамжин орж ирэх магадлал бий юу?
-Тийм магадлал бий. Манай эрдэмтдийн судалгааны багуудын ажил ч байгаа. Шинэ коронавирусын халдвар яг юунаас болж дэгдсэнийг одоо хүртэл тогтоогоогүй байна. Тиймээс шувуудаар дамжин орж ирнэ гэж хэлж болохгүй. Далд үе нь 14 хоног орчим болдог, шинэ төрлийн вирус гээд байгаа шүү дээ. Зарим нь сармагчингаас үүссэн гээд яг үүсвэрийг нь тогтоож чадахгүй байгаа юм биш үү?
-Сарьсан багваахайнаас үүссэн гэх эрдэмтэд ч байгаа юм биш үү?
-Яг тогтоосон нотолгоо байхгүй болохоор тийм ийм гэж хэлэхэд хэцүү. Сарьсан багваахай хол нисдэггүй. Нүүдлийн шувуу биш болохоор санаа зовохгүй байж болох талтай.
Б.Жавхлан: Тэвчих ёстой зарим зардлуудаа танах шаадлагатай болж байна
С.Шаарийбуу: Монголын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт орооцолдсон, очиж мөнгө авсан
О.Дашпагма: Хүний папиллома вирусын вакциныг дэлхийн 75 улс хоёр хүйсэндээ хийж байна
Айл бүрийг “Битүү шөл” хийж идэх уриалга гаргав
Буриад руу утас нууцаар гаргахыг завдсан монгол эмэгтэй баригджээ
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Эдийн засагч Р.Даваадорж: МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСВИЙН ДҮГНЭЛТ
ДОХ-ын халдвартай иргэний хэрэглэсэн аппаратыг хэдэн өвчтөнд хэрэглүүлсэн нь тодорхойгүй байна
Т.Мөнхсайхан: ЭМД-ын сан хүнд нөхцөлд байгаа ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зогсоох хэмжээнд хүрээгүй
"United Airlines" Монгол Улс руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ