Зун эхэллээ...Зуслангууд яах вэ?
Зуны дэлгэр цагт хүүхэд багачуудын амралтаа өнгөрөөхийг хамгийн их хүсдэг газрын нэг нь зуслан юм. Харин коронавирусын өвчлөлийн нөлөөгөөр энэ зун хүүхдүүд зуслангүй өнжих бололтой. Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасны улмаас энэ зун хүүхдийн зуслангууд амрагчид хүлээн авах боломжгүй болсон талаараа мэдээлжээ.
НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХҮҮХДИЙН 20 ЗУСЛАН АЖИЛЛАХГҮЙ
Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын Гэр бүл, хүүхдийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Алтанзаяагаас тодруулахад “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасантай холбогдуулан нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 зуслан ажиллахгүй. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Монголын зуслангийн холбоо болон зуслангийн удирдлагуудтай хэлэлцэж энэ цаг үед хүүхдийн зуслан ажиллах нь эрсдэлтэй гэж дүгнэсэн. Хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд зуслангууд ямар зохион байгуулалтаар хүүхдийг амруулах талаар түр журмыг батлаад байна. Харин жил бүр тогтмол амардаг хүүхдүүдэд чиглэсэн цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зуслангууд эхнээсээ цахим хөтөлбөрөө манай байгууллагад илгээгээд байна” гэсэн мэдээллийг өглөө.
УОК-ООС МӨРДҮҮЛЖ БАЙГАА ХӨЛ ХОРИОНЫ ХУГАЦАА ДАХИН СУНГАГДАХ ЭСЭХТЭЙ УЯЛДУУЛАН ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛТАЙ БАЙНА
Энэ мэдээлэлтэй холбогдуулан бид Улаанбаатар хотын ногоон бүсэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг зуслангуудаас энэ зуны үйл ажиллагаатай нь холбоотой мэдээлэл авахыг зорилоо.
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор: Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангаас энэ асуудлаар тодруулахад Нийслэлийн гэр бүл хөгжлийн газраас ямар нэгэн чиглэл одоогоор өгөөгүй байгаа гэлээ. Гэхдээ УОК-оос мөрдүүлж буй хөл хорио цуцлагдсан тохиолдолд үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг судалж байгаа аж. Тус зуслангийн хувьд бусад зуслангуудтай харьцуулахад нэг дор 500-600 хүүхэд хүлээн авч амраадаг. Тиймээс өвчлөлийн эрсдэл ихтэй байгууллага. Гэхдээ хүүхэд хүлээж авах байрны хүчин чадал их учраас 40 хүүхэд авах өрөөнд 20 хүүхэд оруулах, цаашлаад ор хоорондын зайг сөөлжих зэргээр зохион байгуулалт хийх талаар судалж үзэх нь зүйтэй гэж үзэж буй юм байна.
Ундраа зуслан: Энгийн журмаар уг зуслан зургаадугаар сарын дундаас нэгдүгээр ээлжийн амрагчдаа хүлээн авдаг. Гэвч өнөө жилийн тухайд эдгээр үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй байна.Ундраа зуслангийн хувьд гадаад хэлний вакум сургалтыг зуны хугацаанд зохион байгуулдаг байна. Улсын онцгой коммиссоос мөрдүүлж байгаа хөл хорионы хугацаа дахин сунгагдах эсэхтэй уялдуулан хүлээлтийн байдалтай байна. Хөл хорио цуцлагдвал тодорхой заавар зөвлөмжийн хүрээнд бэлтгэл хангах ёстой учраас үйл ажиллагаа эхлүүлсэн ч цаг хугацаа шаардах байх гэсэн хариултыг бидэнд өгөв.
ОЛОН ХҮҮХДИЙГ НЭГ ДОР ӨВЧЛҮҮЛЭХГҮЙ АМРААЖ ЧАДАХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ УЧРААС ЭНЭ ЗУНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВАГДАХГҮЙ
Нарлаг зуслан: Налайх дүүрэгт байрлалтай Нарлаг зуслан.Тус зуслангийн хувьд зуны хоёр сард үйл ажиллагаа явуулдаг. Энэ жилийн хувьд холбогдох байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу энэ зуны үйл ажиллагаа өнжихөөр болжээ.
Зуслан өөрөө онцлог газар. Хүүхдүүдийн амралт чөлөөт цагийг өнгөрөөдөг газар гэдэг утгаараа хүүхдүүдэд хоорондын зай бариулах зэргийн наад захын нөхцөл хязгаарлагдмал. Үүнээс гадна өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа зуслангуудын байр савны хүрэлцээ ч эдгээр нөхцөлийг хангах боломжгүй. Тиймээс олон хүүхдийг нэг дор өвчлүүлэхгүй амрааж чадах эсэх нь эргэлзээтэй тул энэ зун үйл ажиллагаа явагдахгүй гэсэн зарчмын байр суурьтай байгаа гэлээ.
Нарс зуслан: Нарс зуслангийн хувьд 6 сарын эхний 10 хоногт багтаан эхний амрагч хүүхдүүдээ хүлээн авч наймдугаар сарын 20 хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Энэ зун мөн адил амрагч хүүхэд хүлээж авахгүй юм байна. Энэ зуны онцлогоос шалтгаалж хүүхдүүд эцэг эхтэйгээ гэртээ амарна. Тиймд тус зуслангийн зүгээс гэр бүлээрээ зуны амралтаа хэрхэн өнгөрөөх, зуны улирлаар дамжуулж гэр бүлийнхээ хөгжлийг хэрхэн дэмжих тухай видео хичээлүүдийг 10 хоног тутам бэлтгэж хүргэхээр болжээ.
Янзага хүүхдийн зуслан: Салбартаа 30 гаруй жил үйл ажиллгаа явуулж буй Янзага зуслантай бид холбогдлоо. Нэг ээлжиндээ 250-300 хүүхэд хүлээж авдаг уг зуслан энэ зун үйл ажиллагаа явуулахгүй гэсэн товч хариултыг өгсөн юм.
Сэтгэгдэл
Зочин [139.5.217.45] 2020-06-04 16:45:40
Зүгээр ажиллуулаачв Угаасаа өвчин гараагүй биздээ
Zochin [202.55.188.84] 2020-06-04 07:01:27
Mongold tarhaagui bhad horiod bh ni ontsoi baidal nereer mungu hiih l arga humuusiig ulam yaduu bolgoloo hariu garna
зочин [202.126.90.67] 2020-06-04 06:05:34
хүүхдүүд зусланд амрахаар эрсдэлтэй Хүрэлсүх бөөнд гар бариад сонгуульдаад явахаар зүгээр Анужин эмээ уйлаад хавийн хүн тэврээд байхаар зүгээр
Зочин [122.201.31.137] 2020-06-04 04:16:31
Хүүхдүүдээ хайрлах хэрэгтэй. Гадаадад очихоороо 13,14 нас хүртэл нь сургууль цэцэрлэгт зөөгөөд угаасаа эцэг эхийн нэг нь ажил хийдэг шүү. Гадуур маскгүй хүүхэд их харагдах юм, ээж аав нь байхгүй юм боловуу гэж бодох юм
Зочин [202.126.89.124] 2020-06-04 01:43:06
Угаасаа үйл ажиллагаа явуулж болохгүй маш их эрсдэлтэй