Хоолны хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Үндэсний баяр наадмын өдрүүдээр хүн амын дунд хоолны хордлого, архины хордлого, усанд живэлт, осол гэмтэл, зам тээврийн осол мөн наршилт, артерийн даралт ихсэх тохиолдлууд эрс нэмэгддэгийг мэргэжилтнүүд хэлж байна. Иймд хоолны хордлогын шинж тэмдэг, хэрхэн эмчлэх болон урьдчилан сэргийлэх талаар энгийн зүйлсийг та бүхэн мэддэг байхад илүүдэхгүй биз ээ. Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан иргэдийг хоолны хордлого, хүнсээр дамжих халдвараас сэргийлэхийг анхааруулж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.

Үүнд:

Та хоол хүнс худалдаж авахдаа юунд анхаарах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг нягтлах, лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч болон шаардлага хангасан газраас худалдан авах- Ил задгай худалдаалж байгаа жимс жимсгэнийг худалдаж авахгүй байх

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ яаж хадгалах вэ?

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх- Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгон даруй хэрэглэх, хоёроос дээшгүй цаг хадгалах.- Хүйтэн зууш, хоол хүнсийг зөв бэлтгэж, хадгалж хэрэглэх


Хоол хүнсийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа тогтмол угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар заавал угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших- Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалгаж улмаар гүйцэд болгон хэрэглэх нь чухал.


Мөн хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хэрэв хоол хүнстэй холбоотой дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаарай. Нэмж дурдахад баяр ёслолын өдрүүдэд иргэдийн 70 орчим хувь нь ил задгай худалдаа эрхлэгчдээс хүнсний бүтээгдэхүүн авдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоожээ. Тиймээс иргэд наадмын үеэр хоол, амттан худалдан авахдаа бүтээгдэхүүний хугацаа, хадгалах горим зэргийг харгалзахыг дээрх байгууллагуудаас анхааруулж байна. Мөн хувийн эрүүл ахуйг сайтар сахихыг зөвлөлөө.


Түүнчлэн хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнээр дамжин хүний биед стафилокок, стрептокок гэж нэрлэгддэг өвчин үүсгэгч янз бүрийн бактери үүсдэг. Үүнийг хоолны хордлогот халдвар гэж нэрлэдэг. Мөн өвчин үүсгэгч бактераас ялгарч байдаг хорт бодисууд нь өвчин үүсгэгч гол хүчин зүйл болдог байна. Хоолны хордлогот халдвар нь хоолны хордлогоос ялгаатай. Тухайлбал хоолны хордлогод хортой мөөг, жимс жимсгэнэ зэрэг хиймийн хортой бүтээгдэхүүн ордог. Энэ нь хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх болон хадгалах горим алдагдсаны улмаас хордлогот халдвар үүсэх гол шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүн болон хоносон хоолыг дулаан байр саванд хадгалах нь өвчин үүсгэгч бичил биет үржих орчныг бүрдүүлж байдаг байна.


Хүний биед илрэх шинж тэмдэг

Хоол, хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орсон, хүний биед ялгарсан хортой бодисууд нь ходоод, нарийн болон бүдүүн гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлдэг. Үүнээс болж гэдэсний шингээх, боловсруулах чадвар нь алдагддаг. Хүний биед орох өөрчлөлт нь халдвартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш хоёр цагаас таван цагийн дараа илэрдэг. Үүнд:

  • Гэдэс өвдөх
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гүйлгэх /Өөрөөр хэлбэл нэг хоногт 10-15 удаа гүйлгэлт үргэлжилдэг. Эхэндээ шингэрсэн өтгөн гарч байгаад дараа нь усархаг ялгадас болдог/
  • Биеийн халуун 37,5-39 градус хүрч халуурах
  • Бие сульдах


Хийгдэх эмчилгээ


Хордлогын эхэн үед ходоод угаах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Ингэхийн тулд хоёр хувийн хүнсний содын уусмалыг 1,5 литрийн усанд тус бүрт нь цайны халбага хүнсний сода хийж зургаан стакан ус уугаад бөөлждөг. Ингэж бөөлжүүлэхэд шингэний дутагдал бий болж болзошгүй тул 15 минут тутам хоолны халбагаар буцалсан ус, эсвэл хросол ууж хэрэглэнэ. Мөн хоёроос гурван цаг тутамд дөрвөн шахмал эм уух юм. Гэхдээ нэг хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй юм. Эмч мэргэжилтний зааваргүйгээр левомицетин хүчтэй антибиотик хэрэглэх хэрэггүй. Учир нь левомицетин нь олон тооны гаж нөлөөтэй хүчтэй, хортой антибиотик юм. Хоол, хүнсний бүтээгдэхүүний хадгалах горим, түүнийг мөрдөх хамгийн чухал.


Хоолны хордлогоос сэргийлэхийн тулд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан доорх зөвлөгөөг дагах хэрэгтэй.

  • Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал харьцангуй бага байдаг.
  • Хоолыг сайтар болгож хэрэглэх нь чухал. Болгож байх явцад өвчин үүсгэгч бүх бичил биетүүд устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгож байх хэрэгтэй. Ингэхгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
  • Цаашлаад болгосон хоолыг удаалгүйгээр идэж байхыг хичээгээрэй.
  • Мөн үлдсэн хоолоо хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дага. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй гэж үздэг.
  • Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
  • Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлах. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
  • Хоолыг шавьж, мэрэгч зэрэг амьтдаас сэргийл
  • Зөвхөн цэвэршүүлсэн эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг бэлдэхдээ хүнсний зүйл дээр анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.

Архины хордлогод орсон бол хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй.

Баяраар архи согтууруулах ундааны хэрэглээ огцом нэмэгддэгээс архины хордлогод орох тохиолдлууд гарах болсон. Архины хордлогод орж байгаа гол шалтгаан нь өөх, тостой хоолтой, архийг хамт хэрэглэснээс үүдэлтэй байх талаар эмч зөвлөж байна. Нэн ялангуяа баяраар хүмүүс царцуу, өөх, тостой хоол идчихээд араас нь архи хэрэглэдэг нь архины хордлогод орох шалтгаан болдог гэнэ. Өөх, тостой хоолны араас архи уух нь нойр булчирхайн хурц үрэвсэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Мөн өлөн байх үедээ архи уух нь хордлогод оруулах тохиолдол байдаг. Тиймээс та архи согтууруулах төрлийн зүйл хэрэглэх үедээ өөх тос багатай хөнгөн төрлийн зууш салат хэрэглэх боломжтой. Мөн архи ууж байх үедээ ус сайн уувал хорыг гадагшлуулж байдаг. Архины хордлогод орсон үед их хэмжээгээр бөөлждөг. Бөөлжилт нь удаан хугацаагаар хэд, хэдэн удаагийн давтамжтай байх юм бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Боломжтой нөхцөлд энэ төрлийн хэрэглээнээс татгалзахыг танд зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.