Ө.Төмөрбаатар: Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл 50 хувьтай байна

Н.Баярмаа / Боловсрол

Мөдхөн алтан навчис хийсч аяны шувууд буцна. Цөөн үгээр хичээлийн шинэ жил эхлэх дөхлөө гэсэн үг. Жил бүрийн өдийд нийслэл хот оюутан, сурагчдын хичээлийн хэрэглэл бусад бэлтгэл ажлуудад дарагдан хөл хөдөлгөөн нэмэгдэж амь ордог . Харин өнөө жилийн хувьд дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын аюул занал буурахгүй байгаагаас 2020-2021 оны хичээлийн жил эхлэх эсэх талаар багш, сурагч боловсролын салбарынхан хүлээлтийн байдалтай байна. Цар тахлын эрсдэлээс хамгаалах зорилгоор бүх нийтэд тогтоосон хөл хорионы улмаас танхимын хичээл завсардсан зэргийг харгалзан БСШУЯ-аас шинэ хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэвч найзуудаа санасан хүүхдүүд сургуульдаа очих уу, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг бэлтгэлийг базаах уу гээд олон асуудал асуултын тэмдэгтэй байсаар байна.

БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ТАНХИМААР ХИЧЭЭЛЛҮҮЛЭХЭД УЧРАХ ЭРСДЭЛИЙГ ТООЦОЖ БАЙНА...

Олон хүүхдийг нэг дор хичээллүүлдэг сургууль, цэцэрлэгийн орчин коронавируст халдвар дамжих хамгийн эрсдэлтэй бүсээр нэрлэгдэж эхэлсэн үеэс манай улс бүх шатны боловсролын байгууллагуудынхаа үйл ажиллагааг зогсоож сургалтыг цахим хэлбэрт шилжүүлсэн . Шинэ хичээлийн жилийг ч танхимд эхлүүлэх нь зөв эсэх талаар нийгэм, эцэг эхчүүдийн зүгээс олон талын байр суурийг илэрхийлж эхлээд байна. Гэхдээ хүүхдийн чанартай боловсрол олж авах, эрүүл байх салшгүй эрх хөндөгдөх асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс коронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдлийн үнэлгээг 9 дүгээр сард хичээл эхлэхтэй холбогдуулан хийж эхлээд байна. Эрсдлийн үнэлгээг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийлслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хийж байгаа юм. Үнэлгээний дүнг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буй юм.

ХИЧЭЭЛ ЭХЛҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРВАЛ СУРАГЧДЫН ДҮРЭМТ ХУВЦАС БЭЛЭН ҮҮ ?

Хичээлийн шинэ жил эхлэхэд эцэг эхчүүдийн гол бэлтгэл сурагчийн дүрэмт хувцаснаас эхэлдэг. Иймээс бид сурагчийн дүрэмт хувцасны гол бэлтгэн нийлүүлэгчдийн нэг “Өүлэн менч” компаний менежер Ө.Төмөрбаатартай холбогдон дараах цөөн асуултаар тодруулга авлаа.

-Өдийд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ажил хэдийнэ дуусч бэлэн болчихсон байдаг байсан байх. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэ жил үйлдвэрлэлийн явц байдал ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Энгийн үед бол үйлдвэрлэлийн ажил дуусаад борлуулалт эхэлдэг цаг үеэр та бид хоёр ярилцаж байна л даа. Дэлхий дахинд дэгдсэн өвчлөлөөс шалтгаалан манай улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы хугацааг наймдугаар сарын нэгэн хүртэл сунгасан байгаа. Энэ хугацааг дуусахтай зэрэгцэн УОК, БШУЯ хамтран шинэ хичээлийн жилд танхимд хичээллэх эсэх талаар хуралдах чигтэй байгаа. Тиймээс сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэгчид шийдвэр хэрхэн гарахыг хүлээсэн байдалтай байна.

-Тэгэхээр сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эхлээгүй байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй ээ. Мэдээж нөхцөл байдал хаашаа ч эргэж болох хэдий ч манай компани сурагчдынхаа хувцсыг 50 хувьтай үйлдвэрлэж бэлэн болгоод байна.

“Өүлэн менч” үйлдвэрийн хувьд сурагчдын нийт хэрэгцээт хувцасны хэдэн хувийг нийлүүлдэг вэ. Хичээл танхимд эхлэх шийдвэр гарвал үлдсэн хугацаанд хангалтаа гүйцээх боломж бий юу?

-Манай компани хичээлийн шинэ жил эхлэхэд нийтдээ 500 мянган ширхэг иж бүрдэл хувцас бэлэн болгосон байдаг юм. Энэ нь дүрэмт хувцасны улсын нийт хэрэгцээний 40-50 хувийг бүрдүүлдэг болов уу. Харин цамцаар бол нийт хэрэгцээг 100 хувь хангадаг. Хичээлийн жил нээгдэх шийдвэр гарсан даруйд үйлдвэрлэлээ үргэлжлүүлж хангалт нийлүүлтээ 100 хувьд хүргэх боломж бий.

-Дүрэмт хувцасны үнийг тогтоосон уу? Хэдэн төгрөгөөр худалдаанд гаргах вэ?

-Коронавирусын нөлөөгөөр гэр бүлийн эдийн засаг сайнгүй байгааг бид дор бүрнээ мэдэрч байна. Тиймээс манай үйлдвэрийн сурагчийн хувцас урьд жилд борлуулагдсан үнээрээ зарагдана. Борлуулах салбар байршлууд ч гэсэн өөрчлөгдөхгүй гэдгийг эцэг эхчүүддээ хэлье.

Бидэнд цаг гарган мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар худалдан авагчдад товч ойлголт өгөх зорилгоор “Өүлэн менч” компани /2019.07.19/ албан ёсны цахим хуудсандаа байршуулсан “Сурагчийн дүрэмт хувцас”-ны үнийн саналын мэдээллийг хүргэж байна. Тус үйлдвэрийн менежер Ө.Төмөрбаатарын өгсөн мэдээллээр энэ жил сурагчийн дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөхгүй гэсэн юм.'

image


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.43] 2020-07-29 10:33:06

nad xuvtsas chin undur unetei bnshuu undesnii uildverlel yum bol naad unenii chin tal bx xeregtei yadaj!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [103.10.23.140] 2020-07-24 23:42:40

Дүрэмт хувцсаар бизнес хийхээ зогсоосон нь дээр бх шүү.Ер нь маш үнэтэй хувцас аар зориуд шахдаг. Одоо энэ хямралын үед дүрэмт хувцас нэрээр хэн нэгний ашиг хонжоог болих хэрэгтэй. Хуучин хувцас аа угаагаад өмсөж болно.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.