COVID-19: Сэрэмжтэй байя, аюул ойрхон байна

Aдмин / Эрүүл мэнд

Наймар сарын өмнөх энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд Францын иргэнээс халдвар илэрч, Монгол Улсад COVID-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэж байв. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэв үү, үгүй юу хүмүүс сандралдаж, хүнсээ нөөцөлж, үүнийг даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Монголчууд вирусаас айж, гудамжинд таарсан хүн бүр масктай, ихэнх хүн гэрээс гарахаа больж хот нэг хэсэг нам гүм болсон.

Гэвч өнөөдрийн байдлаар манай улсад 368 тохиолдол бүртгэгдэж, дотоодоос буюу халдвартай өвчтөнийг эмчилж байсан сувилагчаас халдвар илэрчихээд байхад цочирдож байгаа хүн нэг ч алга. Гэтэл дэлхийд 50 сая хүн халдварлаж, 1.2 сая хүн амиа алдаж, коронавирусын хоёр дахь давалгаа Европ тивийг тэр дундаа манай хойд хөрш ОХУ-г донсолгож эхлэв. Тухайлбал, тус улсад ням гаригт 21798 хүн шинээр халдвар авч, 256 хүн нас барлаа. Өмнөх өдөр нь 20396 хүн халдвар авч, 364 хүн нас барсан. ОХУ-ын 85 бүс нутагт 1.7 сая хүн халдвар авч, 30 мянга гаруй хүн нас барлаа. Бидэнтэй хил залгаа улсад халдварын тохиолдол аравдугаар сараас эрс нэмэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тэд халдварыг дарж чадсангүй.

Манай улс энэ сарын 6-8-нд 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс халдвар илэрсний зургаа нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч байгаа нь аюул бидэнд тун ойрхон буйг сануулж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү анхааруулсан юм. Учир нь өчигдөр Буриад улсад 232 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 13667 хүн халдвар авсан талаар тус улсын Тамгын газар мэдээлэв. Энэ тохиолдлын 61 хувь буюу 8385 нь Улаан-Үд хотын оршин суугчид байгаа нь биднийг сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна. Улаан-Үд хотын эрчимт эмчилгээний тасагт 117 хүн эмчлүүлж байгаагийн 58 нь 65-аас дээш насных, уушги орлуулах аппаратад 69 хүн орсны 33 нь 65-аас дээш насныхан байна. Буриадад өчигдөр таван хүн нас барснаар тус улсын 245 иргэн COVID-19-ийн улмаас амиа алдлаа. Мөн өчигдөр манайтай хил залгаа Алтайн Бүгд Найрамдах улсад 127, Тувагийн Бүгд Найрамдах улсад-96, Алтайн хязгаарт-231 тохиолдол бүртгэгдсэн нь сэрэмжээ алдаж, тайвширч болохгүйг анхааруулж байна.

Ийн хөрш зэргэлдээ хотуудад өдөрт 200 гаруй хүн шинээр халдвар авч, Алтанбулагийн боомтоор тээвэр хийж байгаа жолоочдоос өдөр бүр шахам халдвар илэрч байгаа нь COVID-19 Монгол Улсад тархах аюул маш ойрхон байгаагийн дохио юм. Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан “ОХУ-ын нутаг дэвсгэр, тэр тусмаа манай улстай хил залгаа газруудад нөхцөл байдал тун хүнд байна. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд ачаагаа галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Магадгүй өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй” гэсэн юм. Үүнээс гадна манай улсын тусгай үүргийн онгоц энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ. Гэтэл БНСУ-д сүүлийн хоёр долоо хоногт халдварын тохиолдол 34 хувиар нэмэгдэж, Герман энэ сарын 2-ноос хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа юм. Энэ нь манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж болзошгүйг харуулж байна. Иймээс аюул ойрхон байгаа тул сэрэмжтэй байя.

Манай улсын тусгай үүргийн онгоц энэ сард Токио руу хоёр, Сөүл рүү тав, Франкфурт руу нэг удаа ниснэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [103.229.178.26] 2020-11-10 05:22:55

оросоос л орж ирээд бна ш дээ

мягмарсүрэн [66.181.161.108] 2020-11-10 03:45:17

Оросоос ирэх бараагаа өөр замаар тээвэрлээч ээ.Оросууд тоохгүй дийлэхгүй эмх цэгцгүй байна ш дээ

Зочин [202.179.24.244] 2020-11-10 03:33:45

ЭМЯ ны сэрэмжлүүлэг мэдээг сайтар дагаж,олон нийтийн эргүүл нтр гаргаж маск зүүлгэх тал дээр анхаарал тавиулж шаардаач ээ,тэгээд тэр оросоос тээврийн жолооч нараас илэрсээр байтал явуулаад байгаагаа болиулж,контейнер гм өөр аргаар тээвэрлэх аргаа сонгооч ээ

zochin [66.181.182.182] 2020-11-10 02:14:15

Yadhdaa baga angiudiig haagaachee, ugui bol udahgui huuhed bagachuud olnooroo uvduud ehlekh vii...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.