Б.Пүрэвдорж: Төсвийн шинэтгэлийг яаралтай хийх ёстой

Aдмин / Эдийн засаг

- 10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД ХУВИЙН КОМПАНИДАА АВААД БАНКИНД ХАДГАЛУУЛЧИХСАН -

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд та өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна. Эдийн засгийг дэмжих хөтөлбөрүүд хэр үр дүнтэй хэрэгжиж байна гэж харж байна вэ?

-Монгол Улсын нийгэм, эдийн засаг маш хүнд нөхцөл байдалтай байна. 1991, 1992 онд манай улсын эдийн засаг 6.5 хувийн хасах үзүүлэлттэй байсан. Үүнээс хойш нэг ч удаа хасах үзүүлэлт рүү оролгүй явж ирсэн ч өнгөрсөн жил 5.3 хувиар эдийн засаг агшлаа. Эрх баригчид эдийн засаг агшсан шалтгааныг тайлбарлахдаа ковидтой холбоод байгаа юм. Гэтэл эдийн засагт авч байгаа арга хэмжээ нь тодорхой үр дүнд хүрэхгүй, мөн хэтэрхий үрэлгэн төсөвтэй, төрийн албаны данхайсан бүтэц, сайд дарга нарын өндөр өртөг бүхий хэрэглээтэй холбоотой.

Тухайлбал, Хууль, зүй дотоод хэргийн сайд л гэхэд 380 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж байх жишээний. Энэ мэт үрэлгэн зардлууд улсын эдийн засгийг дордуулахад хамгийн их нөлөө үзүүлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газраас эдийн засгийг дэмжих чиглэлээр 5.1 их наяд төгрөгийн арга хэмжээ авсан. Үүний 2.4 их наяд төгрөг нь зарцуулагдсан байна. Үлдсэн 2.7 их наяд төгрөгийн тайлан нь алга. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Эдийн засаг хасах үзүүлэлттэй, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барьж байхад иргэдийн хадгаламж өсөөд байна. Тэгэхээр энэ хулгайлсан мөнгө хадгаламж болж ороод байна гэсэн үг.

Л.Оюун-Эрдэний Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр гаргаж эдийн засгийг дэмжих арга хэмжээг зохион байгуулж байгаа боловч харамсалтай нь арга хэмжээний зарим нэг хэсэг нь үр дүнд хүрэхгүй байна. Үүний нэг жишээ бол, энэ хөтөлбөр эхэлж байх үед Монголбанк найман их наяд төгрөгийн үнэт цаастай байсан. Эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зорилго нь найман их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулах шүү дээ. Гэтэл Монголбанкны үнэт цаас буцаад нэг тэрбум төгрөгөөр өсчихсөн байх жишээний. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэт цаас өнөөдрийн байдлаар есөн их наяд төгрөг болчихсон байна. Гэтэл Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд 3.5 их наяд төгрөгийг зах зээл рүү оруулсан гэж яриад байгаа юм. Энэ юуг илэрхийлж байна гэхээр ажлын байрыг огт дэмжээгүй байна. Аж ахуйн нэгжүүд ажлын байрыг бий болгох, хадгалах зорилгоор энэ зээлийг авах ёстой байсан ч харамсалтай нь зорилтот бүлэгтээ хүрэлгүй, төрийн өндөр албан тушаалтнууд хувийн компанидаа уг зээлийг аваад хадгаламж болгож банкинд хадгалуулчихсан байна гэсэн үг. Банк нь иргэдээс орж ирсэн мөнгөөр буцаагаад үнэт цаас авч нэмэгдүүлж байна. Энэ нөхцөл байдалд тодорхой дүгнэлт хийх хэрэгтэй. Засгийн газраас “200-гаад ажлын байрыг хадгалж байна. 20, 30 мянган аж ахуйн нэгжид энэ зээлийг өгчихсөн байгаа” гэж мэдэгдсэн ч харамсалтай нь эдийн засгийг дэмжих мөнгө нь автомашин, байр орон сууц, хадгаламж болж байна. Ажлын байрыг дэмжих чиглэлд энэ зээл зарцуулагдахгүй байна гэдэг нь Монголбанкны үнэт цаасны үзүүлэлтээс харагдаж байна.

-Төсвийн нөхцөл байдлын тухайд?

-Энэ оны эцсээр төсвийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар манай эдийн засаг 5.3 хувиар уначихсан байгаа. Энэ жил мөн нэмж унах төлөв ажиглагдаж байна. Үүнд нөлөөлж байгаа гол зүйл нь хэрэгтэй, хэрэггүй төсвийн хөрөнгө оруулалт олон байна. 2020 онд хөшөө дурсгалын газар, конторын барилга зэрэг огт шаардлагагүй 149 арга хэмжээг царцаасан бол 500 тэрбум төгрөг хэмнэгдэх байсан. Энэ жил төсвийн нөхцөл байдал хоёр шалтгаанаас үүдэлтэйгээр хүндрэх төлөвтэй байна. Нэгдүгээрх нь, төсвийн зориулалтаар мянга гаруй бүтээн байгуулалтын ажлыг аймаг, сум, нийслэлд хийж байгаа. Гэвч Замын-Үүдийн ачаа тээврээс болж барилгын материалын үнэ 40 хувиар өссөн нь хөрөнгө оруулалтуудын үнэ өсөх, төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шаардлага гарч ирнэ. Энэ тохиолдолд бүгдийг нь санхүүжүүлүүлэх төсөв манай улсад байхгүй. Хоёрдугаарх шалтгаан нь, Таван толгой-Гашуунсухайтын нүүрсний уурхайн экспортын асуудал байна. 25-хан км газар 50 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг улсад тушаахгүй. Өөрөөр хэлбэл, бид уурхайн аман дээрээ 70 ам.доллараар нүүрсээ зарж байна. Гэтэл 25 км газар түүнээс хоёр дахин их буюу 140 ам.доллараар тээвэр хийж байна. 25 км газар хамгийн дээд хэмжээ нь таван сая төгрөгөөр тээвэр хийх боломжтой. Энэ бол луйвар, дээрэм. Энэ дээрмээс болж Монгол Улсад орж ирэх орлого гацах нөхцөл байдал бий болох ёсгүй. Энэ авлигаас болоод өдөрт 40-хөн машин хилээр гарч байна. Ковид гэж наана нь яриад байгаа боловч тээврийн ийм өндөр өртөг нүүрсний экспортыг гацааж байна. Төсөвт төлөвлөснөөр энэ жил 42 сая тонн нүүрс экспортлох ёстой. Гэтэл авлигачдын авлигаас болж 40 машин нүүрс гарч байна. Энэ бол төсвийн орлогын хомсдолыг бий болгоно. Уг нь өдөрт 1200 машин нүүрс экспортолж байж 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөндөө хүрнэ. Үүнээс болж оны эцсээр төсөв хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Тиймээс намрын чуулган эхлэхээр төсвийнхөө хүндрэлийг маш яаралтай тооцож шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор төсвийнхөө тодотгол, арга хэмжээг авах зайлшгүй шаардлага гарч ирж байна.

-Гэтэл Засгийн газраас ачаа тээврийн үнийг тогтворжууллаа хэмээн зарлаад байгаа шүү дээ...?

-Засгийн газраас “10 сая төгрөгөөс дээш тээвэр хийсэн аж ахуй нэгжид хариуцлага тооцно” гэж ярьсан. Гэтэл жолооч нар хэл ам, матаас хийхгүйгээр тухайн компаниудаасаа 20 сая төгрөг авчихаад авлигачдад 10 сая төгрөгөө өгөөд наанаа 10 сая төгрөг мэдүүлэх байдлаар ачаа тээвэр хийж байгаа. Өнөөдөр хотод нэг кг ачааны өртөг 90 мянган юань буюу 40 сая төгрөг болж байсан үеийнхээс огт буураагүй. Энэ бол тээврийн хөлс далд хэлбэр рүү орсонг илэрхийлж байна гэсэн үг. Далд хэлбэр рүү орсон учраас Засгийн газар “10 сая төгрөг болгож тээврийг хөлсийг буулгалаа. Бөөгнөрсөн ачаагүй болголоо” гэж яриад байгаа юм. Гэтэл одоогийн байдлаар 6000 жолооч Замын-Үүдэд оочерлож байна. Өөрөөр хэлбэл, оочергүй болсон гэдэг нь худлаа.

-Засгийн газрын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Саяхан 200 хоног нь тохиолоо. Маш сайн ажиллаж байгаа юм шиг л пиар явлаа?

-Ер нь Засгийн газар тодорхой ажил огт хийхгүй байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч тэр, Л.Оюун-Эрдэний Засгийн газар ч тэр ард иргэдийн амьжиргаа, орлогыг дээшлүүлэх чиглэлд ямар ч ажил хийгээгүй. Үүний нэг жишээг хэлье. Өнгөрсөн 2020 онд нийт 1.6 тэрбум ам.долларын зээл гаднаас авсан. Мөн цар тахлын нэрээр 640 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан. Нэгхэн жилийн дотор хоёр их наяд 250 тэрбум ам.доллар зээл авсан байна. Энэ нь 2012-2016 онд АН-ын Засгийн газрын дөрвөн жилд авсан зээлтэй тэнцэнэ. Тухайн үед АН ямар олон бүтээн байгуулалт хийснийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Гэтэл энэ хугацаанд 2.2 их наяд ам.доллараар нэг ширхэг ч бүтээн байгуулалт хийж чадсангүй. Дарханы замыг ашиглалтад оруулж чадсангүй. Ганц хийсэн бүтээн байгуулалт нь Замын-Үүдийн ариутгалын хаалга л байх. Өөр юу ч хийсэнгүй. Тиймээс энэ Засгийн газар гадны зээл, тусламж болон татвар төлөгчдийн мөнгийг маш үр дүнгүй ашиглаж байгаа нь эндээс харагдаж байна. 2.2 их наяд ам.доллар гэдэг нь монгол төгрөгөөр зургаан их наяд 400 тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр 330 суманд тус бүр сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аймгийн төвүүдэд 10 цэцэрлэг, эмнэлэг, сургууль, Улаанбаатар хотын бүх хороодод тус бүр хоёр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих мөнгө. Энэ мөнгийг ямар ч үр дүнгүй зарцуулж байгаа нь Засгийн газар ямар ч төлөвлөгөөгүй, хариуцлагагүй ажиллаж байгаагийн тод жишээ.

-Түүнчлэн манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан байна шүү дээ?

-2016 оноос хойш өнөөдрийг хүртэл 4.1 их наяд төгрөгийн өр тавьчихсан. Үүгээрээ бас л нэг ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Том том бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ярьдаг боловч тэр нь өнөөдрийг хүртэл ашиглалтад орсон юм алга. Хоёрдугаарт, нэг тэрбум гаруй ам.долларыг энэ хугацаанд тусламж нэрээр авч хэрэглэсэн. Харамсалтай нь, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлын тархалтыг хазаарлах чиглэлд ямар ч ажил болсонгүй. Засгийн газар баялаг бүтээгчдийн хөрөнгийг илүү эдийн засагт хэрэгтэй, ажлын байрыг хадгалах, импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар ч ахиц гараагүй. Ахиц гараагүй учраас төсвийн цоорхой гарахаар түүнийгээ зээлээр хаадаг нөхцөл байдал руу МАН орсон байна. Тиймээс төсвийн шинэтгэлийг маш хурдан хийх шаардлага гарч ирж байна.

-"Андлалын өргөө"-ний төсвийг сонгуульд зарцуулсан гэсэн хардлага нийгэмд байдаг. Цогцолборыг барьж байгаа компани нэг өдрийн дотор төсвийн мөнгийг буцаан төлсөн нь иргэдийн анхаарлыг их татах шиг боллоо?

-Асар их ашиг авсан учраас л маш өндөр өртөгтэй хөшөөг барьчихаад эргэж нурааж, төсвийг нь буцааж өгч байгаа байх. Үүнээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед зарласан 5.1 их наяд төгрөгөөс 2.7 их наяд төгрөгийг тайлагнаагүй. 2.7 их наяд төгрөгөөр ард түмний саналыг худалдаж авах, нийгмийн халамжийг туйлд нь хүргэх замаар иргэдийн саналыг худалдаж авсан нь тодорхой болсон. Андлалын хөшөөний 1.9 тэрбум төгрөг бол жижигхэн хэсэг нь. Цаагуураа асар их мөнгө хулгай хийсэн гэж хардаж байгаа.

-Инфляци цаашид өсөх хандлагатай байна хэмээн судлаачид дүгнэсэн байсан. Инфляци өсөхөд нөлөөлж байгаа гол шалтгааныг та юу гэж харж байна?

-Одоо инфляци 7.4 хувьтай байна. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байна. Ялангуяа бараа бүтээгдэхүүнд нөлөөлдөг шатахууны үнэ хэдэн зуун төгрөгөөр өсчихлөө. Энэ бол импляцид нөлөөлдөг гол зүйл. Оны эцсээр инфляци хоёр оронтой тоо руу орохоор байна. Инфляци өсөх нь халамжийн бүлэг буюу тэтгэврийнхэнд асар их нөлөөлдөг. Өдрийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдихээр тэтгэврийнхэнд асар хүнд тусдаг. Иймээс имфляцийг хазаарлах, бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг арилгах ажлыг нэн яаралтай хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, ханш унахад бэлэн болчихсон байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголчууд гадагшаа явахгүй байгааг, гадаад худалдааг идэвхтэй хийхгүй байгаа учраас валютын ханш одоохондоо унахгүй юм. Мөн Монголбанк ханш барих арга хэрэгслүүрийг дорвитой хэрэгжүүлж байгаа учраас өнөөдөртөө барьж байна. Хил нээгдчихээр валютын ханш мянган төгрөгөөр унах эрсдэлтэй болчихсон байна. Валютын ханш унахаар мөн л инфляцид нөлөөлнө. Тиймээс ханш унах, инфляци өсөх асуудлыг маш яаралтай хазаарлах арга хэмжээг авахгүй бол болохгүй байна.

-Эдийн засаг цаашид хүндрэх хандлагатай байна гэлээ. Тэгвэл бид цаашид ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Засгийн газар нэн яаралтай хэд хэдэн алхмуудыг хийх ёстой. Нэгдүгээрт, 10 их наяд хөтөлбөрийн зарим хэсэг нь үр дүнтэй мэт боловч зарим хэсэг нь ямар ч үр дүнгүй байна. Зээл шаардлагагүй хүмүүс зээл авчихаад хадгаламж болгож байгааг дээр хэлсэн. Тиймээс үүнд мониторинг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, Монголбанкны үнэт цаас нэгэнт өсч байгаа учраас хөрөнгө оруулалтын зээлийг иргэдэд өгөх чиглэлд ажиллах хэрэгтэй. Ийм зээлийг иргэдэд яаралтай өгвөл иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл хөгжүүлэх, өөрсдийн хэмжээнд орлого олох үйлдвэрлэлийг хийх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, төсвийн шинэтгэлийг яаралтай хийх ёстой. Төсөв бол тойрог тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн буцаан сонгогдох гол хэрэгсэл болж хувирсан. Үүнийг засч залруулахгүй бол болохгүй нь. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтууд конторын барилга, хөшөө, музей зэрэгт зарцуулах нь өнөөдрийн нөхцөлд маш буруу. Үүний оронд жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн зээл, хөтөлбөр, санхүүгийн хэрэгслийг гаргах нь чухал.

Мөн төрийн албаны данхайсан бүтцийг цөөлөх ажлыг маш яаралтай хийх ёстой. Боловсрол, шинжлэх ухааны яам нийт албан хаагчдаа цөөлж байна. Ер нь яамд, агентлагийн газар хэлтэс олон албан хаагчидтай байдаг ч хоёрхон хүн л ажил хийдэг. Бусад нь зүгээр суудаг. Тиймээс төрийн албаны данхайсан бүтцийг цомхотгох ажлыг хийх хэрэгтэй. Түүнчлэн дарга нарын тансаглалыг багасгах хэрэгтэй. Ланд 300 авч унадгийг болиулах хэрэгтэй байна. Ингэснээр үр дүнд хүрнэ гэж харагдахаар байна.

ӨДРИЙН СОНИН Р.ХИШИГЖАРГАЛ

image


Сэтгэгдэл

Dr. Aditya [102.89.41.8] 2022-06-03 11:36:04

If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

DR UROLOGIST [197.211.58.14] 2022-05-21 06:07:22

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Зочин [122.201.23.28] 2021-09-14 02:25:33

Үнэнийг нь хэлж байна даа, Үнэн үг хэлсэн хүнд өш санаад юу хийх вэ дээ

Зулаа [223.33.164.100] 2021-09-13 11:41:01

Энэ муу их хуцдаг болжээ. Чиний үг үг биш амаа тат

ЗОЧИН [59.153.87.165] 2021-09-13 11:06:41

ЭЛБЭГДОРЖИЙН БААСАНД ТӨЛЖСӨНГ НОГООН БАТГАНА ХУЛГАЙЛСАН ТЭРБУМ НАЙМАНЗУУН САЯ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖ ХОХИРОЛГҮЙ БОЛГОЧИХООД УЛЬ

Даваасүрэн [192.82.67.38] 2021-09-15 15:42:16

Энэ гишүүн яг үнэнг хэлж байна үнэнг илчлэн хэлэхэд ийм л хэцүү байгааг харж байгаа биздээ ямарч хамаагүй элбэгдорж хэнд хүртээлгүй утга учиргүй тэрбум найман зуун сая төгрөг ч төлж өг гэх шиг чи мөнгө хэрэгтэй болоод дэмүүрчих үү юу бичсэнгээ эргээд нэг уншаарай за хүнийг муулахдаа үнэн зөв хэлж сур чи өөрийгөө ямар боловсрол ухамсартайгаа харуулж байгаа шүү дээ Пүрэвдорж гишүүн ямагт иргэдийнхээ төлөө ярьдаг хэлдэг хүнлэг шударга гэдгийг хүмүүс мэддэг чи худал муучлах гээд хэрэггүй


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.