Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан гишүүний асуулгын хариуг сонслоо

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.10.08/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 12 минутад 51.4 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас уул уурхайн салбарт нүүрс тээвэрлэлтийн чиглэлээр гарсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож танилцлаа.

Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Сайдын танилцуулгыг товчлон толилуулж байна.

Нүүрсний экспортын жолооч, тээвэрлэгч болон бусад ажиллагсдыг коронавирусын эсрэг вакцинд нэн даруй хамруулах, халдваргүй ногоон бүс чиглэлээр хийгдсэн ажлууд:

-Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хүрээнд Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамнаас коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакциныг татан авах ажлыг зохион байгуулж байна. Уул уурхайн экспортын тээврийн жолооч нарыг 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд Цагаан хад суурьшлын бүсийн иргэд, экспортын тээврийн жолооч нийлсэн 18600 орчим иргэнийг Коронавирусын эсрэг дархлаажуулалтын вакцины 1, 2 дугаар тунд хамруулсан. Мөн нүүрс тээврийн жолооч нарыг вакцины нэмэлт 3 дугаар тунд хамруулах ажил эхэлсэн. Цагаан хад суурьшлын бүсийг ногоон бүс байлгах зорилгоор Гашуунсухайт боомтын төрийн гурван байгууллагын 99 албан хаагч 23 цэгт пост байгуулан Зэвсэгт хүчний 50 цэрэгтэй хамтран 24 цагаар ээлжээр эргүүлээр ажиллаж байна.

Мөн нүүрс тээврийн жолооч нар БНХАУ-ын Ганц мод боомтод хийсэн шинжилгээгээр Коронавирусын халдвар илэрч тээвэрлэлт зогсох эрсдэл үүсэж байгаа тул жолооч нарыг 40 хүртэл хүнтэй “Битүүмжилсэн баг”-ийн зохион байгуулалтад оруулан тээвэрлэлтэд ажиллуулж байна. Хэрэв битүүмжилсэн багийн нэг жолоочоос халдвар илэрсэн тохиолдолд тухайн багийн жолооч нарыг бүгдийг нь Цагаанхад суурьшлын бүсээс гаргах арга хэмжээг авч байна. Өнөөдрийн байдлаар Цагаанхад суурьшлын бүсэд 124 битүүмжилсэн багийн 3402 жолооч байна.

Нүүрсний тээвэрлэлтийн 50-иас доошгүй хувийг үндэсний хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх тухай Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 10 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар:

-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр БНХАУ-д бүртгэлтэй тээвэрлэгч өөрийн тээврийн хэрэгслээр нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар “Тээврийн нэгдсэн систем”-д Тавантолгойн уурхайгаас-Гашуунсухайт боомтын чиглэлд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх 244 аж ахуйн нэгжийн 18997 тээврийн хэрэгсэл, 16715 жолооч бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр нь бүгд Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслүүд байна. БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, хятад жолооч одоогийн байдлаар нүүрсний тээвэрлэлтэд ажиллаагүй.

Экспортын нүүрс тээврийн зөвшөөрлийн бичиг олголт, чингэлэг тээвэрлэлтийн тээврийн хэрэгслийн БНХАУ-ын талд бүртгүүлэх квотын асуудалд монголын үндэсний тээвэрлэгчдийн орон зай, эрх ашгийг хамгаалах талаар Монгол Улсын Засгийн газар ямар бодлого баримталж байгаа талаар:

-БНХАУ-ын зүгээс Ганц мод боомтын нэвтрүүлэх хүчин чадалд тохируулан “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг 6000-аас дээшгүй тээврийн хэрэгсэлд олгох шаардлагыг тавьж байна. Үүнтэй холбоотойгоор тээврийн компаниудын шинээр худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-ын Ганц мод боомтын гаалийн байгууллага бүртгэх ажил удаашралтай байгаа хэдий ч тээврийн хэрэгслийг огт бүртгэхгүй байгаа асуудал байхгүй. Гэхдээ ААН-ийн шинээр худалдан авсан тээврийн хэрэгслүүдийг БНХАУ-ын гаалийн байгууллага шуурхай бүртгэж байх асуудлыг хятадын талтай хийгдэж буй уулзалтуудаар тавьж, холбогдох шийдвэр гарган ажиллаж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд нүүрс тээвэрлэлтийн үндэсний компаниудад дэмжлэг үзүүлэх замаар тээвэрлэлтээс олох үр ашгийн дийлэнх хувийг эх орондоо үлдээх талаар төлөвлөгөө байгаа эсэх талаар:

-Автотээврийн хувьд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2 их наяд хүртэл төгрөгийн зээл авах бүрэн боломжтой. Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа хоёр аж ахуйн нэгж байгууллага /”АБДМ арвижих” ХХК - 466,0 сая, “Пик урал” ХХК – 300,0 сая, / нийт 766,0 сая төгрөгийн зээл авсан байна.

Гашуунсухайт боомтод цахилгаан эрчим хүч, эмнэлэг болон төвлөрсөн засварын үйлчилгээ зэрэг суурьшлын бүс байгуулах, нүүрс тээвэрлэх автозам, дэд бүтцийг сайжруулах талаар Засгийн газраас бодитойгоор ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар:

-2019 онд батлагдсан “Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч байгаа хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тухай” Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хүрээнд нүүрсний тээвэрлэлтэд ажиллаж буй жолооч нарын ажиллах орчинг сайжруулах чиглэлээр дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

- Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Тээвэрчдийн хотхон” цогцолбор, Ханбогд сумын нутагт “Тайван зогсоол” үйлчилгээний байгууламж баригдаж, эхнээсээ ашиглалтад орсон. Эдгээр үйлчилгээний цогцолборыг түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээний цэгийг ажиллуулах, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, техникийн хяналтын үзлэгийн төв байгуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

- “Гашуунсухайт авто зам” ХХК нь 2019-2020 онд Тавантолгой уурхай-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын дагуу 15-20 км тутамд тээврийн хэрэгсэл түр зогсох зогсоол, бие засах газар, хогийн цэгийг байгуулж, зам засварын ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн.

Авто замын тухайд Засгийн газрын 2018 оны 329 дүгээр тогтоолын дагуу “Тал нутгийн хөгжлийн зам” ХХК концессын гэрээ байгуулан 2020 оны зургадугаар сарын 28-ны өдрөөс зам барилгын ажлыг эхлүүлэн, одоогоор нийт зам барилгын ажлын явц 38 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг авто замыг 2022 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөн, зам барилгын ажлын талбайд 800 гаруй хүн хүч, 300 гаруй техник, тоног төхөөрөмж байршуулан ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын явц хэдэн хувьтай хэрэгжиж байгаа болон инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, төмөр замын цариг, хил холболтын цэг, санхүүжилт зэрэг асуудлыг Засгийн газар хэрхэн шийдвэрлэж байгаа талаар:

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн бүтээн байгуулалтын ажлын явц 2021 оны аравдугаар сарын 07-ны өдрийн байдлаар доод бүтцийн ажил - 95,4 %; хил холболт 30,9 км – 93,1%; дээд бүтцийн ажил-80,7 %; дохиолол, холбоо - 23,9%; эрчим хүчний угсралт, суурилалтын ажил - 57,9%; шилэн кабель-60,5%; удирдлагын байр - 55,01 %; орон сууц – 29,37 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу 2022 оны долдугаар сард дуусгахаар ажиллаж байна.

Засгийн газрын 2018 оны 242, 2019 оны 304 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, төслийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж магадлуулсан бөгөөд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн. Төмөр замын чигийн дагуу нийт 16 гүүр, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, 160 ширхэг ус өнгөрүүлэх хоолой төлөвлөсөн.

Улсын Их Хурлын 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 57 дугаар тогтоолоор 2014 оны 64 дүгээр тогтоол хүчингүй болгосон тул тус чиглэлийн төмөр зам 1520 мм царигтайгаар баригдахаар болсон.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 2020 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу Гадаад харилцааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдын хамтарсан 2021 оны А/12,А/28 дугаар тушаалын хүрээнд шинээр байгуулах хилийн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын төмөр зам, улсын хилийн шугам огтлолцох цэг, өндөржилтийг хятадын талтай хэлэлцэн тохиролцож, протокол байгуулахаар ГХЯ, ЗТХЯ, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөл бүхий ажлын хэсэг хятадын талтай цахим хурлыг хоёр өдөр зохион байгуулж, санал солилцсон. Талууд зөвшилцөх явцад нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй учир “Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр”-ийн дагуу хоёр улсын холбогдох төмөр замын байгууллагууд хилийн өртөөдийн технологийг хэлэлцэн тохиролцохоор санал нэгдэж, энэ тухай санамж бичиг байгуулсан бөгөөд аль болох ойрын хугацаанд тохиролцох талаар санал нэгдсэн гэдгийг сайд танилцуулав.

Харин Тяньжин, Эрээний боомтын ачааны тухайд Тяньжин боомтоос Замын-Үүдээр 2021 оны зургадугаар сарын 09-ээс хойш импортын 154 галт тэрэг, 8926 чингэлэг орж ирсэн. Бусад өртөөдөөс нийт 31 галт тэрэг, 1953 чингэлэг ирсэн. Нийтдээ 120 хоногт 185 галт тэрэг, 10879 чингэлэг орж ирээд байна.

Тяньжин боомт дээр энэ сарын эхний 7 хоногт 9 галт тэрэг, 530 чингэлэг ачигдсан. Өнөөдрийн байдлаарТяньжин боомт дээр Монгол Улсын импортын ачаатай 4400 чингэлэг зогсож байна. Эрээн өртөөнд 2021 оны зургадугаар сараас хойш нийт 2243 вагон ачигдсан байна гэсэн мэдээлэл өглөө.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ш.Адъшаа, Т.Доржханд, Н.Наранбаатар, О.Цогтгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин, Н.Ганибал, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Алтанхуяг, Х.Булгантуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Б.Энх-Амгалан, Т.Аубакир, М.Оюунчимэг, Ж.Батсуурь нар Зам, тээврийн хөгжлийн сайд тэргүүтэй ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Гашуунсухайт, Цагаан хаданд халдвар хамгааллын дэглэм алдагдаж, халдварын тархалт идэвжсэн учраас шинжилгээний цэгийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Гол нь шинжилгээний арга, тоног төхөөрөмж адил атлаа манай талд шинжилгээ өгөхөд сөрөг гарсан атлаа хятадын талд өгөхөд эерэг гардаг. Ийм асуудал гурав дахь сардаа үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан бид Эрүүл мэндийн яаманд асуудал тавьж, ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг боомтод ажиллуулсан.

Энэ чиглэлээр хоёр гол арга хэмжээ авч байгаа. Нэгд, хятадын талаас тавьсан саналын дагуу битүүмжилсэн баг буюу бөмбөлгийн системийг хэрэгжүүлж байна. Жолооч нарыг бөөнд нь байлгах их эрсдэлтэй. Тиймээс төвлөрлийг сааруулах ийм арга хэмжээ авсан. Одоогоор мэргэжлийн хяналтаас тавьсан шаардлагыг хангасан 26 бөмбөлөг үүссэн байгаа. Цагаан хаданд гаднаас оруулах, дотроос гарахаа ч цэгцлэх шаардлагын үүднээс эмнэлгийн байр түрээслээд, вирусийн шинжилгээний лабаоратори ажиллуулж эхлээд байна. Цаашдаа цагаан хадын боомтыг чанд харуул хамгаалалттай болгож, хөдөлгөөн, дэг журмыг цэгцлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Боомтыг нэгдсэн удирдлагаар хангахын тулд боомтын захиргааг шинээр байгуулсан. Цар тахлын эсрэг хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болох учраас боомтын захиргааны асуудлыг эргэж харах шаардлага үүсэх байх. Тиймээс цаашдаа хэрхэх вэ гэдэг дээр шийдлээ гаргахаар ярилцаж байна. Чингэлэг тээврийн терминал байгуулсан нь үр дүнтэй чухал арга хэмжээ болсон. Яриа хэлэлцээ явагдаад, ойрын үед эерэг үр дүн гарах байх гэж найдаж байна.

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ажлын явц 36 хувийн гүйцэтгэлтэй байна. Барих-шилжүүлэх концессоор баригдаж байгаа 256 км энэ төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулна. Иймээс үүнтэй зэрэгцүүлээд төмөр замын огтолцлын цэг хаагуур байх вэ, аль талдаа шилжүүлэлт хийх вэ гэдэг асуудлаар хоёр тал яриа хэлцэл хийж байгаа, өнөөдөр ч хэлцэл явагдаж байна гэдгийг хэллээ.

Харин нүүрс тээвэртэй холбоотойгоор маргаан шүүмж, хэл ам дагуулдаг “С” зөвшөөрлийн талаарх гишүүдийн асуултад Авто тээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон хариулахдаа, “С” зөвшөөрөл нь хил нэвтрэх зөвшөөрөл. Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу жил бүр улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн бичгийн тоог тохирч, тохирсон тоогоор зөвшөөрлийн бичгийг бэлтгэн харилцан солилцдог. Эдгээр зөвшөөрлийн бичгийг БНХАУ-тай хиллэдэг хилийн бүх боомтод ашигладаг.

Одоогоор нүүрс тээврийн 19 мянган машин бүртгэлтэй байдаг, даац нь хэтэрчихсэн. Уурхайнуудаас өгсөн саналын дагуу “С” зөвшөөрлийг олгодог. Зөвшөөрлийн бичгийг хяналттай болгох, аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах үүднээс тээврийн нэгдсэн систем гэсэн томоохон мэдээллийн сан бүрдүүлсэн.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Зам, тээврийн хөгжлийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн дагуу олгож байгаа "С’ төрлийн зөвшөөрлийн бичгийн олголтыг татвар, нийгмийн даатгалын мэдээллийн сантай холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний дүнд нүүрс тээврийн компаниудын татвар төлөлт нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай олон автомашинтай компаниудын орлогын албан татвар төлөлтийг хугацаанд нь төлүүлж, татвар төлөлтийг харгалзан үзэж тээвэрлэлт хийх зөвшөөрлийн бичгийг олгож байгаа гэлээ.

Мөн нэгдсэн хуралдаанд оролцсон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм. Тэрбээр хариултдаа, нэгд, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замын асуудлаар нэгдсэн ойлголттой явахгүй бол болохгүй. 2014 онд нарийн царигын төмөр зам барина гээд хоёр улсын дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигын төмөр зам тавьчихсан, хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн. Үүнээс болоод царигын зөрүүний асуудал өнөөдөр яригдаж байна. Энэ нь 13 км зам тавих асуудал. Огтлолцох цэг Ганц мод дээр байх уу, Гашуунсухайтад уу гэдэг дээр ярилцаж байгаа.

Хоёрт, Гашуунсухайтын асуудлыг Засгийн газраас Сангийн сайдад хариуцуулсан. Цаашид Сангийн сайд энэ асуудлыг хариуцаад явна. Гашуунсухайтыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөө гаргаж байж, ойрын ирээдүйд ямар түвшинд гаргах вэ гэдгээ тогтох шаардлагатай. Чингэлэг тээврийн терминал байгуулчихсан, ирэх жилээс тэнд төмөр замаар нүүрс бууна. Хамгийн ихээр тооцвол 35 сая тонн нүүрсний асуудал байгаа юм билээ. Жолоочгүй агаарын тээврийн асуудал ч яригдаж байгаа. Энэ бүх асуудлыг цогцоор нь авч үзэж, нэг мөр шийдэх шаардлага тулгарч байна гэсэн хариулт өгөв.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат үг хэлсэн юм. Тэрбээр энэ асуулгын гол зорилго нь улс орны эрх ашиг, эдийн засгийн нэг гол асуудал болох нүүрс тээврийн асуудлын явц байдал, энэ талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоол шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, тулгарч буй асуудлыг шийдэх гарц гаргалгаа юу байна гэдгийг хамтарч ярилцахад чиглэсэн. Энэ бол улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудлын нэг. Гэвч энэ талаар Засгийн газар дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна. Асуудлыг цогцоор нь авч үзсэн, зөв гарц шийдэл хэрэгтэй байна. Үүнд Засгийн газар, салбарын яам онцгой анхаарах ёстой. Иймээс энэ асуудлыг зөвхөн асуулгын хариуг сонссоноор хязгаарлахгүйгээр нийтийн сонсгол зохион байгуулж ярилцах хүсэлтэй байна гэдгээ илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

АААkslbhvm [178.158.70.35] 2021-11-02 05:27:38

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.