М.Батмөнх: Хар модон ойд чийг их унадаг

Aдмин / Технологи

Ойжуулагч, сэтгүүлч М.Батмөнхтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Мэргэжлийн хүний хувьд энэ талаар хуваалцахгүй юу?
-Энэ санаачилгыг цаг хугацааны хувьд оройтож гарлаа гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 хувь нь цөлжилтөд орсон. Монгол Улсын гол мөрөн, булаг шандын 80 хувь нь ширгэсэн ийм үед гарсан болохоор нь оройтсон гээд байгаа юм. Энэ хөтөлбөрийг ард түмэн маань сайн дэмжих нь хамгийн чухал ажил. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаа л түшиж байна. Уул уурхайн гол тэжээл нь байгаль орчин. Байгаль орчноо сөнөөчихвөл бид уул уурхайгаас тэжээгдэхгүй, улс орон мөхнө гэж боддог. Тэгэхээр тэрбум мод тарина гэдэг хэн нэгэн хүн ухасхийгээд мод суулгаад, хувингаар ус хийдэг ажил биш. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн хүмүүс зааж, зөвлөдөг, мэргэжилтэй ажилчин анги нь ажиллаж бий болгох ёстой. 20-50 жилийн дараа бид тэрбум модны үр дүнг нь үзнэ.
Мэдээж навчит үйлдвэрийн мод 5-10 жилийн дараа үр дүн нь гардаг. Харин шилмүүст төрлийн мод 20 жилийн дараагаас улс орон ашгийг нь хүртдэг. Тиймээс мэргэжилтэй хүн, мэргэжилтэй ажилчин анги нь хамгийн чухал. Би хэдийгээр сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн ч үүнээс өмнө буюу 1976 онд Сэлэнгэ аймгийн Техник мэргэжлийн сургуулийг ойжуулагчаар төгссөн. Тэр үед ойжуулагчийн ангид 20 гаруй хүүхэд байсан. Анхны төгсөлт нь бид байлаа. Энэ 20 гаруй хүүхэд өнөөдөр 60 нас хүрсэн явж байна. Бүгд улс эх орондоо түмэн мод тарьсан үр дүнтэй ажиллаж, амьдарч явна.

-Энэ хөтөлбөрийн хүрээнд албан байгууллагууд мод тарьж байна. Ингэж бөөнөөр мод суулгах нь хэр зөв юм бол?
-Мод тарихад шинжлэх ухаанд суурилах ёстой. Манайд өнөөдөр ойн инстиут, ойн эрдэм шинжилгээний гээд судалгааны төвүүд байна. Энэ эрдэмтэд эхлээд дуугарах хэрэгтэй. Говь, хангай, хээрийн бүсэд ямар мод тарих вэ гэдгээ шийдэх ёстой. Их салхилдаг, хөндийн салхи шуургатай газарт ямар модоо тарих вэ. Ирээдүйд Монгол Улсын хэмжээнд үйлдвэрийн зориулалттай ямар мод хэрэгтэй вэ гэдгийг судалгааны үндэстэй гаргах хэрэгтэй. Социализмын үед Тосонцэнгэл, Улаанбаатарт мод боловсруулах үйлдвэр ажиллаж байсан. Энд дандаа ойн мэргэжлийн хүмүүс байсан. Яагаад энэ үйлдвэрүүд байсан гэхээр шинжлэх ухааны үндэслэлээр ойгоо зохистой хэрэглэж байсан юм. Учир нь хөгширсөн, үйлдвэрлэлийн зориулалттай нарс, хар мод, улиас, улиангарыг хэрэглэж байсан. Тухайлбал, Сэлэнгийн Сүхбаатар хотод шүдэнзний үйлдвэр ажиллаж Монгол Улсаа шүдэнзээр хангахаас гадна гадаад руу гаргадаг байсан. Бид модны үйлдвэртэй, паниар, хавтангууд гаргаж байлаа. Тэр бүү хэл гадаад руу банз, түнз гаргаж байсан. Сүүлд Эрдэнэт хотыг түшиглэн Оросын тусламжаар мод боловсруулах том комбинат барьсан. Энэ үйлдвэр Булнайн нуруу, Хялганатын мод бэлтгэлийг түшиглэж барьсан том үйлдвэр байсан ч харамсалтай нь өнөөдөр юу ч үгүй болсон. Тэгэхээр бид ирээдүйд хотоо ногооруулах биш улс орноо үйлдвэржүүлэхийн тулд үйлдвэрийн зориулалттай модоо яаж тарих вэ гэдгээ бодолцох хэрэгтэй. Өнөөдөр 2-3 компани ойгоос нарс авчираад суулгаж байна. Үүнийг мэргэжлийн хүний нүдээр харахад буруу юм. Төв суурин газрыг ногооруулж, цэцэрлэгжүүлье гэвэл мод үржүүлгийн газраас бойжуулсан модыг шилжүүлэн суулгах нь хөрсөндөө, байгаль орчиндоо ургах нөхцөл 100 хувь байдаг. Мод амьтай, энэ амьд биологийг авчираад муу энергийг нь гаргаад байвал байгаль сөнөнө. Энэ сөнөлтийн шинж нь тарьсан нарс модноос харагдаж байна. Нөгөөтэйгүүр мэргэжлийн хүмүүсээр тариулах хэрэгтэй. Хуарангаар нь цэрэг авчираад эсвэл амралтын өдрүүдээр байгууллагууд очоод мод тарих сэтгэлийнх. Харин мэргэжлийн хүн дагаж очоод зааж зөвлөөд засдаг, ашиглалтын хугацааг нь харж, бойжуулдаг байх хэрэгтэй. Түүнээс тариад орхих биш, цааш нь үр дүнг нь үзэх ёстой.

-Улаанбаатарт тарьсан моднууд хавар болохоор хөвөн шиг цагаан зүйлийг ихээр ялгаруулдаг шүү дээ?
-Бид ургамал, модоо таниагүй учраас биологийн зохицолгоог нь алдагдуулсан. Аливаа ургамал эр эм буюу хүйсийн ялгаа гэж байдаг. Түүнийг нь зөв зохион байгуулчихвал хүнд сайн нөлөө үзүүлдэг. Хавар, намар ургамалд заавал тайралт, таналт, хэлбэрийг заавал хийснээр модны өөрийн гэсэн ургалт явагдаж, өнгө үзэмж ордог. Хэтэрхий өндөр улиас тарихаар ойрхон байгаа мод, барилгын насжилт, замд нөлөөлдөг тал бий. Тиймээс хот суурин газарт улиас тарих нь зохимжгүй. Харин бид говь, хээрийн бүсэд салхинаас нөмөрлүүлж хайлаас, улиасыг тарьж болно. Ялангуяа, элсний нүүдэл их нүүрлээд байгаа газарт хайлаас тарьвал үр дүнтэй. Өнөөдөр Хятад улс элсээ 100 хувь ашиглачихлаа. Элс нүүж ирнэ гэдэг нь биологийн олон янз төрлийн амьтан, ургамлын үр орж ирдэг. Үүнийг тогтоохын тулд хайлаас, улиасыг тарьж элсээ бэхжүүлсэн. Аливаа ургамлыг дагаж чулуу байдаг. Чулуутай голын ус тунгалаг, дуу чимээтэй харгиатай байдаг. Харин чулуугүй ус намагжиж үнэр ордог. Тиймээс чулуу дагаж амьдрал, ус байдаг гэдэг. Чулуу ус татдаг.

-Сүүлийн үед айлууд хашаандаа янз бүрийн мод их тарих болсон. Та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу?
-Хувиараа мод тарьж байгаа хүмүүс хашаандаа ямар мод тарих вэ гэдгээ төлөвлөх хэрэгтэй. Салхи хаанаас салхилдаг, хаанаас ус урсдаг, аль талаар цас хунгарлаж байна гэдгийг төлөвлөж модоо тарь. Гэхдээ хүнд ээлтэй мод гэж бий. Тухайлбал, үрэл мод байна. Дуу хүртэл байдаг шүү дээ. Эрхиний тоогоор үрэл нь ургадаг. Үр жимсээ ихээр өгдөг Монголын унаган ургамал бөгөөд ээлтэй мод. Мөн монголчууд өргөстэй модыг ээлтэй гэдэг. Үүнд нохой хошуу, тэхийн шээг, боролзгоно багтана. Та хашаандаа байшинтай бол цонхныхоо дор нохойн хошуу, тэхийн шээгийн аль нэгийг шигүү тариарай.

-Яагаад шигүү тарина гэж?
-Яагаад гэвэл муу юм орж ирдэггүй. Монголчууд эртнээс униндаа алтан харгана хавчуулдаг нь муу зүйл орохгүй гэсэн дом байна. Хоёрдугаарт, хэн ч жимсийг нь авна. Нохойн хошуу, тэхийн шээг, боролзгоно Монгол Улсын хэмжээнд эмийн ургамал, жорд ордог учраас ээлтэй мод гээд байгаа юм.

-Манай улсад улиасыг их тарьдаг шүү дээ?
-Улиас хот суурин газарт зохимжгүй. Энэ модыг хамгаалалтын, замын даланд хэрэглэж болно. Том мод дотроо бас ээлтэй мод гэж байдаг. Тухайлбал, баруун аймгийнхан харгай, төв халхынхан хар мод гэж ярьдаг. Жинхэнэ нэр томъёо нь шинэс. Шинэс мод уулын ард, их цастай газар ургадаг. Насжилт нь 200-500 жил. 2-3 жилийн өмнө судалгаагаар 900 гаруй жилийн настай модыг олсон. Чингис хааны үед ургаж байсан мод гэхээр үнэхээр гайхалтай. Үүнийг бид дархалж авах ёстой байсан. Энэ модыг ой судлаач М.Тунгалаг зарласан. Тиймээс бид ойгоо хамгаалах ёстой. Монгол Улс ойгоо хамгаалбал насжилт нь урт л байна. Хар модон ойд чийг их унадаг. Тиймээс Хөвсгөл, Булнайн нуруу, Тосонцэнгэлд байгаа хар модон ойн хөрс 1.5 метр хар байна. Энэ биологийн хувьд дээд зэргийн хөрс. Хар мод шилмүүсээ гөвөөд тэр нь тагтаршсан гэсэн үг. Тэгэхээр нэг см хар хөрс бий болоход 50 гаруй жил болдог гэж шинжлэх ухаанд заадаг. Тиймээс бид хөрсөө хайрлах хэрэгтэй.
Улаанбаатарын хөрс дээд зэргээр бохирдсон. Энэ хөрсийг хуулж хаях биш. Харин энэ навчит үйлдвэрийн модны навч унаж байгааг хаяж, шатааж болохгүй. Үүнийг тухайн газарт нь тагтаршуулаад хөрсөнд нь шингээж байх ёстой. Ингэснээр ялзмаг үүсэж, хөрсөнд эрдэс бордоо болж шингэдэг ээлтэй. Түүнээс хог биш юм. Үүнийг хэн хэлэх вэ гэхээр ойжуулагч мэргэжлийн хүн хэлж, ярьж, заадаг байх ёстой. Тиймээс эхлээд ойн мэргэжлийн хүнээ сургаад модоо тарих хэрэгтэй байна.

-Тэгэхээр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахад хөрөнгө мөнгө хэрэгтэй шүү дээ?
-Монгол Улсын Уул уурхай, Ашигт малтмалын хуульд уул уурхайн бүх газарт нөхөн сэргээлт гэж их мөнгө өгдөг. Энэ нөхөн сэргээлтийг мэргэжлийн хүн хийх ёстой. Биднийг ойжуулагч мэргэжлээр сургасан болохоор ажлын орон тоо бий. Бүх уул уурхай дэргэдээ ойжуулагч юм уу нөхөн сэргээлтийн хүнтэй байх ёстой. Өнөөдөр ганцхан Оюутолгой нөхөн сэргээлт хийж байгааг очиж үзсэн. Тэр нь мэргэжлийн хүн биш өөрсдөө сургаад гаргаж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр төр бодлогоор хүнийг нь сургаад томилбол залуучууд тэнд тогтвор суурьшилтай ажиллана гэж боддог.

-Үйлдвэрийн модыг хаана тарьвал илүү зохимжтой вэ?
-Үйлдвэрийн модыг хангайд тарих хэрэггүй. Харин энэ их тал хээр газар буюу Төв аймгаас урагшаа байвал зүгээр. Үйлдвэрийн мод гэхээр дотор нь техник явах боломжийг нь хангана. Энэ жил тарилаа гэхэд 10 жилийн дараа авахгүй 20, 30 жилийн дараа авч ашиглажээ. Монгол Улс хөгжих л юм бол үйлдвэрийн модоо тарих л болно. Дандаа хангайгаас мод авч болохгүй. Мэргэжлийн хүн ойд сийрэгжилт хийдэг.
Тухайлбал, 100 мод байлаа гэхэд 80-ийг нь аваад өөр газар тарихыг сийрэгжүүлэлт гэдэг. Хэзээ авах, нарс, улиас, жимсний модыг нь авах уу гээд. Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу тэрбум модыг дотор нь хуваарилах хэрэгтэй. Төдөн хувь нь жимс, үйлдвэрийн, зам харгуйн, хот суурин газар, цөлжилтийн мод гэдгээ гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм. Бүгдээрээ жимсний мод тарьчихвал хэцүү. Мөн ургамал, хорио цээрийн албыг ажиллуулах хэрэгтэй. Орос, Хятадаас мод их орж ирж байна. Үүнийг дагаад Монгол Улсад байдаггүй хортон шавьж орж ирвэл манай улс дийлэхгүй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Уншигч [122.201.22.89] 2021-10-15 12:43:27

Луйьарчин хүүхдиын зуслан хувьдаа завшсан архичин мажиг тунгалаг гд балай авгай хэдийдээ ой судлаач болчвоо хаха математик ухаантай ч нам дагасан архичин шулам аймаар их мөнгө газар хүүхдиын зуслан чаасан гар

зочин [66.181.178.162] 2021-10-15 06:07:01

Одоогийн тооцоогүй сэтгэлийн хөөрлөөр явуулж байгаа Тэр бум мод тарих хөдөлгөөн буру замаар явж байгаа. Мэргэжлийн бодлого хэрэгтэй шүү дээ Хүрэлсүхэд тал засах гэсэн шоу болж байгаа. Ямар мод хаана тарих нь огт хамаагүй мод л бол мод Ургах нь хамаагүй мод тарьж байгаа зураг нь чухал Ойгоос мод авчираад суулгасаныг мод тарьсанд тооцно Ёстой шоу

зочин [150.129.141.28] 2021-10-15 04:47:59

Байгал орчны яам хамгийн хариуцлагагүй яам мөнөөсөө мөн байгалын баялагтаа хяналт тавьдгүй хулгайч нарын зоогийг бэлдсэн хууль цагдаатай хуйвалдаад үгүй хийж өөрсдийн хоолоо бэлддэг яг үүний төлөө зүтгэж байгаа хүмүүсээ хайхардгүй ямарч бодлогогүй болсон газар байна

зочин [150.129.141.28] 2021-10-15 04:37:34

Чимэд гэж луйварчин өөрөө албан тушаал эрх мэдэлтэй байхдаа юу ч хийгээгүй байж тэтгэвэрт гарсаныхаа дараа нутгийн дүү Т.Гантөмөртэй нийлээд ойг сүйтгэж байна уулын сайхан залуу нарсыг жил болгон үхүүлж шөнө болгон сольж байна үүнийг үүнийг болиулаачээ арай хэтэрч байна

зочин [202.21.108.61] 2021-10-15 03:54:55

Батмөнхөө хэзээнээс ойжулагч болчихвоо. Хэлсэн ярьсан чинь тун зөв байна. Энэ зөв үгсийг тунгаан бодож тэр тэрбум модоо тариасай.

Мод дагаж ус, Ус дагаж амьдрал ... [66.181.160.108] 2021-10-15 03:44:03

Төр зайдалсан сүржин попчин, түүнийг долоосон харалган долдойнууд 'тэрбум мод' гэж зүг чиггүй хоосон хийрхэж амаа олохгүй чалчиж авлигада юу байна гэж өлөнтөж байхад ньҮнэтэй сургамжаар замыг зааж, ажлыг нь хэлж өгсөн М. Батмөнх гуай танд тун ч их баярлалаа. Цаад эргүүнүүд чинь ухаан жолоогүй уралдан саймширч сохор нохой дүйвээнээр гэдэг л болж байна шүү!

зочин [66.181.190.200] 2021-10-15 03:11:33

Мэрэгжлийн хүн, дээр нь сэтгэлээ зориулж явдаг хүмүүс сайхан юм даа. Дэмий тоо, ач холбогдол энэ тэр донгосохгүй, юу хийх, яаж хийх, хаана хийх, өгөөж, унац нь 5 жилд ямар, 100 жилд ямар байх, хэзээ, юу юунд ашиглах гэхчилэн бүгдийг цогцоор нь хэлээд өгч байна. Монголчуудын зан нь мэдлэгтнийг бус мэддэггүйтнийг дарвиулаад дагадаг болохоор ... хэлэх ч үг олдохгүй юм даа.

mongol ulsiin buh hudagiin hajuud [192.82.82.173] 2021-10-15 00:42:58

Mongol ulsiin usnii hudgiin hajuud yumuu ursatciinh ni door 1 ga gazriig ni hashaad hailaas burgas zereg mod tarih tarih zarlig gargayaaa.tegvel ch mun ch ih buyan bolnodoo.Manai uls usalgaanii heden hudagtai baidag yum boloo?


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.