ШУА үүсэж хөгжсөний 60 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

Aдмин / Нүүр

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Уг мэндчилгээнд, Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарын ажилтнууд, эрдэм ухааныг эрхэмлэн дээдлэгч Монгол түмэндээ манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100, Монгол Улсын ШУА байгуулагдсаны 60 жилийн ой, 21 дэх удаагаа тэмдэглэж буй “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалтай, эрдэм номын аяндаа арвин их олз омогтой байхыг хүсэн ерөөе.

2021 он манай салбарын хувьд амжилт бүтээл, түүхэн тэмдэглэлт үйл явдал дүүрэн жил болж байна. Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, төлөвлөгөөний дагуу манай эрдэмтэн судлаачид Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн олон салбар бүхий үндэсний шинэ тогтолцоо бүрэлдэн хөгжсөний бодит баримт нотолгоо болсон “Монгол Улсын Шинжлэх ухааны түүх” таван боть бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн бариад байна.

Бидний өвөг дээдэс төр улсаа төвхнүүлж, тогтнон хөгжсөн хоёр мянганы тэртээгээс бичиг соёлын дурсгалаа бүтээж, нүүдэлчдийн соёл, иргэншлийн язгуур мэдлэг ухааныг баяжуулан, түүний хүч чадлыг эрхэмлэн чухалчилж, эрдэмтэн мэргэдээ оройн дээдэд үнэлэн хүндэтгэдэг уламжлалыг өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн билээ. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараахан улс орныхоо эдийн засаг, нийгмийг дэлхийн орчин үеийн хөгжлийн чиг хандлагын дагуу өөрчлөн хөгжүүлэхэд чиглэсэн анхны арга хэмжээний нэг нь Ардын засгийн газрын 1921 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн тогтоолоор төрийн яамны эрх хэмжээ бүхий Судар бичгийн (Номын) хүрээлэнг байгуулсан явдал байлаа. Хүрээлэнгийн анхны захирал Онходын Жамъян гүн "... Судар бичгийн хүрээлэн байн байсаар хөгжин дэлгэрч, ухаан бүгдийг бүртгэсэн ба уран сайхны ажлыг хуран цогцолсон Академи болж чадах буй заа" хэмээн шинэ байгууллагынхаа ирээдүйг тодорхойлсон нь өнөөдөр бодитой ажил хэрэг болж, ШУА-д төвлөсөн, олон улсын жишигт нийцсэн шинжлэх ухаан, технологийн бүхэл бүтэн тогтолцоо бий болон хөгжиж байна.

1961 онд 5 хүрээлэн, 4 музей, Улсын номын сан гэсэн цомхон бүтэцтэй, 178 эрдэм шинжилгээний ажилтантай байгуулагдсан Монгол Улсын ШУА өргөжин тэлсээр 1990-ээд он гэхэд Монгол Улсад шинжлэх ухааны олон салбарын 100 орчим хүрээлэн, төв, 6000 гаруй ажилтан бүхий улсынхаа шинжлэх ухааны тогтолцооны төв байгууллага болоод байв.

1990-ээд оноос хойших 30 жилд төр, засгийн бодлого шинжлэх ухаан, технологийн салбарыг нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд нийцүүлж шинэчлэхэд чиглэж ирсэн юм.

Өнгөрсөн зуун жилийн хугацаанд манай оронд байгаль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухааны үндсэн гол салбаруудаар суурь шинжлэх ухааны үндсэн суурь баттай тавигдаж, салбар бүрээр суурь болон хавсарга судалгааны хүрээлэн, төвүүд байгуулагдан, их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний чадамж сайжирсаар ирлээ.

Археологи, палеонтологи, анагаах болон хөдөө аж ахуйн ухааны зарим чиглэлээр манай эрдэмтдийн судалгаа, хөгжүүлэлтийн ажил олон улсын хэмжээнд тэргүүлэх, өрсөлдөх түвшинд хүрээд байна. Байгаль техникийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээлүүд гадаад орны нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж, олон улсын хэмжээнд судалгаа, хөгжүүлэлтийн ажлын эргэлтэд идэвхтэй ордог болов. Түүнчлэн манай эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүн үйлдвэр практикт нэвтэрч, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Монгол Улс шинжлэх ухаан, технологийн чиглэлээр гадаад орон, олон улсын байгууллагуудтай өргөн хэмжээнд харилцаа тогтоож, тэдгээртэй хамтарсан судалгаа, хөгжүүлэлтийн ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг боллоо. Зөвхөн ШУА л гэхэд одоогийн байдлаар дэлхийн 30 гаруй улсын болон олон улсын 100 гаруй шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудтай 180 орчим гэрээ хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн Шинжлэх ухааны олон улсын зөвлөл (ISC), Олон улсын академиудын түншлэл (IAP), Азийн Шинжлэх Ухааны Академиудын Холбоо, Азийн шинжлэх ухааны зөвлөл, Хөгжиж буй орнуудын ШУА-уудын зөвлөл зэрэг 10 гаруй олон улсын шинжлэх ухааны байгууллагад гишүүнээр элсэж, хамтран ажиллаж байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа, ард түмний оюун санааны хөтөч болсон шинжлэх ухаан, технологи, инновацын ололт, дэвшлийг бүтээгч эрдэмтэн судлаач Та бүхний номын гэгээн үйлс ямагт өрнөн дэлгэрч, улс орон, ард түмэндээ улам их өгөөжтэй байхын ерөөл дэвшүүлье.

Эрдэм мэдлэг өнө мөнхөд мандан бадарч байх болтугай” хэмээжээ.


Сэтгэгдэл

Чимэд [124.158.69.191] 2021-11-24 12:15:54

Гадаадын загварыг авчирч дууриалган хийж туршаад аажимдаа өөрийн хэрэглээнд тааруулан өөрчилж дэвшилттэй технологи болгон ашиглах санал Майдар даргын санаачилгаар хэсэг төсөл хэлбэрээр 20 гаруй сум 10 гаруй үйлдвэрт хэрэгжүүлж эхэлсэн боловч хий мөнгө үрсэн ажил гэж УТК,ШУА үзээд 5 жилийн дараа бүгдийг татан буулгаж устгасан .юмдаа.Металл боловсруулах туршилтын үйлдвэр-цех байгуулаад Чех улсад тэр чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан Гонжооны Пүрэв гэгчийг захирлаар нь тавиад овоо юм хийж эхэлтэл цутгуурын цехийн алдаа дутагдлыг олох гэж хутган үймүүлэгч Хулдаш гэгчийг зориуд дотор нь оруулсан нь тэр нөхөр салгалж яваад түлэгдэж үхэх шахаад хөдөлмөр хамгаалал муу гээд хаах нэг үндэслэл болж байсан гэх.СнЗ-н дэргэд Металлын комисс гэж байгуулаад бас л элдвээр гоочилсоор байгаад бас л 5 жилийн дараа бүгдийг устгаж санаа амарцгаасан.

Зочин [192.82.71.40] 2021-11-18 23:39:42

Энэ Рэгдэлийг өөрчилж менежмент сайтай хүнийг оронд нь томилох хэрэгтэй. Лам дээр хадаг бариад очдог ШУА-ын ерөнхийлөгч дөө. Зүй нь ШУА-ын эрдэмтэд толгойгоороо мөнгө олж шинэ санаа, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёстой болохоос улсаас татаас авах ёсгүй баймаар. Тэгэхээр Рэгдэлийг өөрчлөх хэрэгтэй.

Зочин [103.57.92.233] 2021-11-19 05:10:35

Харин ч гайхалтай менежменттэй удирдагч. Насаараа түрээсийн байранд басйан академи ямар сайхан байртай болж, хүрээлэн бүр судалгаа-үйлдвэрлэлийн нэгж болж чадсан гээд энэ хүний өнгөн дээр шинжлэх ухаанд асар их өөрчлөлт гарсан даа.

Zochin [202.55.191.130] 2021-11-18 08:19:58

Ene hugshniig zailuulaachee tgher chn yaj hugjihuvdee ymarch medleg gar bgaad l bhiin

Зочин [103.80.210.183] 2021-11-18 06:36:42

ХӨГЖӨӨГҮЙ Л ДЭЭ. ҮҮССЭН НЬ Л ҮНЭН БАЙХ.

Зочин [49.0.178.222] 2021-11-18 23:25:38

Tiim shuu, unen hellee.

иргэн [64.119.25.248] 2021-11-18 04:45:35

ишш ...шарилжны судалгаа гэхээс өөр юсгүй эрдэмтэдээр яанааа Улс эх охонд хэрэгтэй ыизнэс аваад ашиглачихаар Монгол охонд тохирсон хэрэгтэй ямар ч юм алга Чингэс хаан хэдэн туульс үлгэр үнэн хцдал түүх аахар гаахар юмаар яахав Тэгсэн хэрнээ татвар төлөгчдийн хэдэн арвван турбумыг идэж суудаг улсууд

Сахал [202.21.127.164] 2021-11-18 03:27:53

Баярын мэнд. Их гүүшүүдийг дуурайж сахал тавих болж дээ.

Зочин [103.57.92.233] 2021-11-19 05:08:45

Бараг хүүхэд байхаасаа сахал тавьсан юмдаг. Дэлхийд данстай эрдэмтэн хүн дээ

Их Монгол [59.153.114.226] 2021-11-18 02:58:37

Баярын мэнд хүргэе

Ташиг [202.126.89.138] 2021-11-18 02:16:45

Шинжлэх ухааны голомт байгууллагын 60 жилийн ойн баяр хүргэе


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.