Н.Дашзэвэг: Монголд мөнгө хүүлэлтийн эдийн засаг л явагдаж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Монголд түүхий эдийн үнэ унах, нүүрсний эрэлт буурах, инфляци тооцоолсноос илүү нэмэгдсэнээр мөнгөний хатуу бодлого баримталж эхлэх эрсдэлүүд байна гэж Азийн хөгжлийн банк (АХБ) тайлангаа танилцуулахдаа мэдээлсэн. Улсын эдийн засаг одоо ч сайнгүй, эгэл иргэдийн амьдрал хүндхэн байна. Хүндрэлээс гарах ямар гарц байгаа талаар ярилцъя?

-Манай эдийн засгийн бодлого буруу, байхгүй бодлогоор яваад байгаа юм. ЭЗХЯ эдийн засгийнхаа хөгжлийн зорилгыг ерөөсөө томьёолж чадахгүй байна. Хөгжил гэж юу вэ гэхээр гол нь ард түмний амьжиргааны түвшин өсөх. Энүүгээрээ л улс орнуудын хөгжлийн түвшин ялгарч байна.

Манай улсад хүний хөгжлийн индекс гэж үзүүлэлт бий. Энэ индекс дотор нэг хүнд ногдох ДНБ өөрөө энэ зүйлийг илэрхийлэх гээд байгаа ч арай чадахгүй. Манай сая орчим хүн буюу хүн амын 28 орчим хувь нь ядуу амьдарч байна гэсэн мэдээлэл бий.

Ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлье гэвэл юуны өмнө амь жиргааны баталгаажих түвшин, улаан шугамаас доор байгаа хүмүүсийн амьдралыг л дээш татаж гаргах хэрэгтэй. Засгийн газар энэ асуудлаа зорилт болгож тавьж байгаа боловч яг ажил болгохгүй байна.

-Гүйцэтгэх засаглал мөрийн хөтөлбөртөө 2025 онд ядуурлыг 25 хувь, 2026 онд 22 хувьд, 2027 онд 18 хувьд, 2028 онд 14 хувьд хүргэнэ гэж тусгасан. Ядуурлыг бууруулж чадах болов уу?

-МАН ядуурлын түвшинг хоёр дахин бууруулна гэж зарласан. Түрүүчийн дөрвөн жил энэ талаар юу ч хийгээгүй, ядуурал огт буураагүй. Ядахдаа ядуурлынхаа эсрэг үндэсний зөвлөлөө, Стратеги төлөвлөгөөгөө хийчих ёстой байсан, тэр байхгүй байна.

Өнөөдөр Тогтвортой хөгжлийн зөвлөл гэдгийн нэг хэсэг нь ядууралгүй хөгжиж магадгүй боловч энэ зөвлөл ерөөсөө хуралдахгүй өчнөөн сар, жил боллоо. Манай улс юуны өмнө ядууралтай тэмцэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх тал дээр дорвитой ажиллахгүй бол Монголд амьдрах хүнгүй, цалин хөлс, тэтгэвэр их доо гуур болчихоод байна. Тэтгэврийнхэн бараг тэр чигээ рээ тэтгэврийн зээлтэй. Залуучууд тэр чигээрээ цалингийн зээлтэй.

-Монгол Улсын нийт зээлийн 50-иас илүү хувь нь хэрэглээний зээл болсон. Өр, орлогын харьцаа ч тэр хэрээр алдагдсан байна. Ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Энэ нь маш муу үр дүнд хүргэж байна. УИХ-ын гишүүд, Засгийн газар 280 орчим мянган хүн гаднаас авъя, ажиллах хүч дутагдаад байна гэдэг асуудал тавьж, бүр ажиллах хүчний квот тогтоодог хуулийг квотгүй болгохоор оруулж ирээд, ард түмэн эсэргүүцээд болилоо.

Саяхан сайд нь 500-гаад мянган ажилтан дутагдалтай байна гэж хэлээд байна. Тэгэхээр манай улсад ажиллах хүчин дутагдаад, хэрэглэгчдийн зах зээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх хүний тоо багасаад байна шүү дээ. Цаашилбал, үндэсний, дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүний тоо багасч байна.

Манайд 1.3 сая орчим хүн л хөдөлмөрлөдөг гэдэг. Тэгэхээр Засгийн газар яаралтай ард түмний амьжиргааг дээшлүүлэх асуудал дээр л анхаарч ажиллахгүй бол Монгол Улс ирээдүйгүй болчихоод байна.

-Гадагшаа тэмүүлж, харийн орон руу боолын хөдөлмөр эрхлэхээр явж байгаа залуусыг бас буруутгах аргагүй юм л даа. Тийм ээ?

-Тийм. Хамаг залуус гадагшаа гарчихаж байна. Өнөөдөр цалин өсгөх асуудал маш чухал байна. Манай нийт цалингийн хэмжээ маш бага, 400, 500хан ам.доллар. Солонгос Улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ нэмсээр байгаад сая 1.5 сая орчим ам.доллар болгочихлоо. Монголчууд 1.5 сая ам.доллар авахын тулд Солонгос руу улайраад байна.

Монголчуудын дундаж цалинг 1.5 сая ам.долларт яаралтай хүргэх эдийн засгийн бодлого, арга хэмжээ л авахгүй бол бид ажиллах хүчгүй болж, эдийн засаг, үндэсний аюулгүй байдал алдагдаад байна. Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт ч их бага болчихлоо.

Ядууралтай байхад олон хүүхэд гаргах нь ядуурлыг улам л нэмээд байна шүү дээ. Тэгэхээр манайд эдийн засгийн, ядууралтай тэмцэх бодлого байхгүй л байгаа гэсэн үг. Цалин тэтгэвэр, дундаж цалинг нэмэх дээр л бүх анхаарлаа тавих хэрэгтэй байна.

-Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахад татвар маш их дарамт болж байгааг ярьж байна. УИХ татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Юуг анхаарах зайлшгүй шаардлагатай вэ?

-Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр зөв санаанууд байна лээ. Жишээлбэл, нийгмийн даатгалын хувьд ажил олгогчдоос авч байгаа 13 хувийг болиулчихъя. Тэртэй тэргүй 12.5 хувийг ажилчдаас аваад байгаа юм. Ажил олгогчоос авч байгаа 13 хувь НДШ, ЭМД, тэтгэвэрт ч нөлөөлж чадахгүй байгаа учраас хий дэмий татвар болж хувираад байгаа юм.

Тэрний оронд ажилчны цалин дээр нэмэгдээд очвол энэ нь иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх чухал арга хэмжээ болно. Цаашдаа татварын ялгаатай байдлыг нэмэх хэрэгтэй болов уу. Сүүлийн үед уул уурхай, янз янзын худалдаа үйлчилгээ, барилгад ч юм уу их ашиг яваад байна.

Хэрвээ бид ядууралтай тэмцэх гэж байгаа бол орлогын татвар ялгавартай байх хэрэгтэй. Бусад оронд 40, 50 хувийн татвар авдаг бол манайд 15, сайндаа 25 нэмээд гээд яваад байна. ХХОАТ нэлээд ялгаатай баймаар харагдаж байна.

-ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгоё гэж гишүүд ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Нэг хувь болгочихоор төсвийн орлого яах вэ гэдэг асуудал гарна. Тиймээс ялгавартай л хандах нь зүйтэй болов уу. Харин импортын татварын хувьд ярихад, Монгол Улс импортын татвараа ер нь авч чаддаггүй юм. Ерөнхийдөө 5 хувь гардаг. Сүүлийн жилүүдэд, Эрдэнэбат сайдыг байх үед жаахан ялгавартай болгосон.

Дотоодод үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ 15, 20 хувь ч гэдэг юм уу жаахан нэмсэн нь сайн хэрэг. Гэвч гааль дээр энэ татвараа авч чадахгүй байна. Гадаадын бараанаас импортын татвараа яаж авч байна вэ гэвэл дэлгүүрийн лангуу, яг зарж байгаа жижиглэнгийн цэг дээрээс л авахаас өөр замгүй болчихож байгаа юм. Гаальтай машин гээд ярьдаг. Урд талын хил задгай хэвээрээ л байна. Маш их бүтээгдэхүүн ямар ч татваргүй орж ирж байна.

Ялангуяа гутал, хувцас арай дэндүү их, татваргүй орж ирж байна. Гутлын үйлдвэр хөгжих гэхээр саад болдог. Тэгэхээр нэгд, гаалийн татварын асуудлыг шийдэх хэрэгтэй. Хоёрт, Засгийн газар, УИХ гаалийн татварын хуулийг их замбараагүй хэрэглэж байна. Жишээлбэл, сонгуулийн өмнөхөн гурил, үр тариа, тэжээлийн гаалийн татварыг тэглэчихсэн. Санаа нь зөв боловч арга механизм нь их буруу байгаа юм.

-Яаж зохицуулах боломжтой вэ?

-Гурил, үр тариа үйлдвэрлэгчидтэйгээ зэрэгцэж суугаад, аль алиных нь ашиг, өртгийг тооцоод, үр тариан дээрээ илүү их гаалийн татвартай байх уу, эсвэл гурил дээрээ илүү гаалийн татвартай байх уу гээд нэлээд нарийн зохицуулалтын ажил хиймээр байгаа юм. Тэгэхгүйгээр гаалийн татвар тэг, одоо буцаагаад тавьчихъя гээд байгаа нь их болхидуу харагдаад байна.

-Өнөөдөр иргэд, ААН-үүдэд тулгамдаж буй асуудлын нэг нь зээлийн хүү. Та энэ талаар олон жил ярьсан, үр дүн гарч байна уу?

-Би ИЗНН-ын дарга, Батбаатар гишүүний орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байна. Бид дөнгөж сая энэ талаар ярилцаад гарч ирлээ. Бид зээлийн хүүний дээд хязгаар тогтоох хуулийн төсөл боловсруулах гэж байна. ИЗНН сонгуульд орохдоо мөнгө хүүлэлттэй тэмцэнэ, мөнгө хүүлэлтийн эсрэг хууль гаргана гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан.

Мөнгө хүүлэлт гэдэг бол зээлийн өндөр хүүг л хэлж байгаа юм. Дэлхийд Европын 20, 30 орон, Америкийн бүх муж, дээр нь Япон зэрэг орнууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг зуу гаруй жил төрөөс тогтоогоод байна. Гэтэл Монголд энэ процесс байхгүй.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооё гэсэн санал дэвшүүлж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Гэвч Монголбанк, Сангийн яам нь эсэргүүцээд, зах зээлийн зарчмаараа явна. Зах зээл өөрөө бууруулна гэдэг. Миний бодлоор зах зээл өөрөө бууруулах ямар ч боломжгүй. Яагаад вэ гэхээр, арилжааны банкууд өөрсдөө ядуу гуйлгачингууд.

Хүний хадгаламжийг аваад, 5 хувийн марж нэмээд, 12 хувийн хадгаламж аваад, 7 юм уу 5 хувиа нэмээд, дунджаар 20 орчим хувийн зээл олгож, дундаас нь ашиг олоод амьдраад байна. Ийм нөхцөлд зээлийн хүү буурах ямар ч боломжгүй. Зах зээлийн зарчмаар явна гэвэл манайд арилжааны банк байхгүй гэсэн үг. Европын орнуудад ихэнхэд нь хадгаламжийн хүү -0.5, -1 гэх мэт байгаа юм. Олон банк ийм болчихсон.

-Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлсэн санагдаж байна. Үр дүн гарсан гэж та боддог уу?

-Тийм ээ, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дундаж хүү тухайн үед 18 хувьтай байсан. 8, 9 гээд нэг оронтой тоонд оруулна гэсэн, одоо 18 хувь хэвээрээ л байна. Тэгэхлээр Монгол банк бодлогын хүү, инфля цийн хүүгээр улс орныг удирдах ямар ч боломжгүй нь харагдаад байгаа юм. Монголбанк 2007 оноос эхлээд бодлогын хүүг ажиллуулсан.

Батсүх ерөнхийлөгч байхад би “Инфляцийг онилох нь тодорхой нөхцөлд хэрэгждэг болохоос дурын төв банк инфляциа онилоод бууруулах боломж байхгүй” гэж хэлж байсан юм. Тэр үг өнөөдөр хэрэгжиж байна л даа. Монголбанк бол бодлогынхоо хүүгээр инфляцийг зохицуулна. Инфляцийг зохицуулна гэдэг цаанаа хүүг л зохицуулаад байгаа байхгүй юу. Бүх оронд инфляциа л буулгачихвал тойроод бүх үнэ нь дагаад бууна. Манайд тийм юм байхгүй.

-Арилжааны банкууд бодлогын хүү, инфляцийг ерөөсөө тоодоггүй гэж зарим эдийн засагчид ярьдаг. Тийм үү?

-Тийм. Зүгээр л хадгаламжийн төлөө алалцаад, манайх 13 хувь, манайх 14 хувь гээд байна. Капитал банк 16 хувь, М банк 20 хувь гэж байна. 20 хувиар хадгаламж авчихаад байхад яаж зээлийн хүү буурах юм бэ. 5-ыг нэмээд, 25, магад 30-аар зээл олгоно. Бодлогын хүү 12, 13-тай байлаа гэхэд хадгаламжаа 16 хувиар авчихсан байгаа нь Монголбанкны бодлогын хүүг тоохгүй байгааг харуулж байна.

Бүх оронд төв банкны бодлогын хүү нь дээшээ, доошоо явж, зээлийн хүүг дээш, доош дагуулдаг байхгүй юу. Эдийн засаг муудаад, хямрал ихсээд ирвэл бодлогын хүү, зээлийн хүү багасаад, хөрөнгө оруулалт нэмэгдээд, эдийн засгийн тэнцвэр лүүгээ орчихно.

Инфляци нэмэгдээд ирвэл бодлогын хүүгээ дээшлүүлээд, бодлогын хүүгээ дагаад зээлийн хүү дээшлээд, хөрөнгө оруулалт зогсоод, ерөнхийдөө тэнцвэртээ ороод ирдэг механизм дэлхийн бүх оронд бий.

-Тэгвэл манайд?

-Энэ үйлчлэхгүй байгаа юм. Монголбанк сүүлийн 20, 30 жил арилжааны банкууд өрсөлдөөд, зээлийн хүүг бууруулна, аяндаа буурчихна гэж ярьж байна. Мөн инфляцийг нэг оронтой тоонд буюу 6-8 хувийн хэлбэлзэлтэй байлгана гэж яриад байна. Ингэх боломжгүй л дээ. Ерөөсөө л ард түмнээ хуурч байна. Монголбанкны үндсэн үүрэг бол бодлогын хүү.

Монгол Улсын бүх зээлийн хүү ямар байх вэ гэдгийг Монголбанк тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, мөнгөний өртөг гэсэн үг. Мөнгөний өртөг гэдэг зах зээлээсээ хамаараад, ихсээд багасаад явах ёстой. Тэрийг бүх орны төв банк нь зохицуулж явдаг. Гэтэл манай УИХ мөнгөний бодлогыг батлахдаа зээлийн хүүг огт ярьдаггүй, инфляци л яриад байдаг.

-Таны бодлоор зээлийн хүүг бууруулах ямар гарц байна вэ?

-Дэлхийн бүх оронд зээлийн хүүгийн дээд хязгаар буюу таазыг тогтоочихож байгаа юм. Ямар загвар, механизмаар тогтоож байна вэ гэвэл бодлогын хүү дээр 4 хувь л нэмнэ. Өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 10 байвал дөрвийг нэмээд, 14 хувь. Энэ 14 хувиас дээшээ өсгөвөл энэ мөнгө хүүлэлт. АНУ-ын зарим мужид эрүүгийн хэрэг үүсгэж байна.

Герман, Япон энэ аргыг аль XIX зуунд хэрэглэсэн, XX зуунд Европын орнууд бүгд зээлийн дээд хязгаар тогтоосон. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн С.Эрдэнэ зээлийн хүүний дээд хязгаар тогтоох хуулийн төсөл санаачлаад, эдийн засагч Ангар бид ажлын хэсэгт орж ажиллаад, маш сайхан боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр Монголбанк, СЗХ, Сангийн яам гурав эсэргүүцсэн.

“Зах зээлийн зарчмаар явна, аяндаа буурна. Ингэж дундуур нь орж зохицуулах хэрэггүй” гэсэн. Олон гишүүн, тухайлбал, Элдэв-Очир гишүүн их уурлаад, бараг л би амьд байсан цагтаа наад хуулийг чинь гаргуулахгүй гэж загнаж байсан. Учрал гишүүн тухайн үед их уурласан. Дараа нь мэдэхэд, өөрөө ББСБ-тай л байсан юм билээ.

-Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн хүү сард 4.5 хувь байна гэж тогтоосон. Энэ хувийг та өндөр гэж бодож байна уу?

-Тийм ээ. Юу гэсэн үг вэ, 12-оор үржүүлбэл 48, бараг л 50, 60 хувь болчихож байгаа биз дээ. Бусад оронд үүнийг шууд мөлжлөг гэж үзэж, хариуцлага тооцно. Ялангуяа ББСБ-ууд өөрийнхөө мөнгийг зээлүүлж байна. Жишээ нь, 14 хувиар мөнгөө зээлүүлнэ гэдэг бол маш өндөр ашиг.

Дэлхийн жишгээр 10, 15 хувийн ашгийг хангалттай гэж үздэг. Тэгэхээр ББСБ 15 хувиар мөнгөө зээлүүлэхэд хангалттай. 4.5 хувь гэдэг арай дэндүү байна. Манай СЗХ дэлхийн дэвшилтэт жишгээр ерөөсөө ойлгохгүй байна. Хятад улс зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг аль алийг нь хянаад яваад байгаа юм. Орос хатуу зохицуулалтгүй ч дараад байдаг.

Зээл болон хадгаламжийн дундаж хүүнээс дээш давбал тухайн банкинд хариуцлага тооцож, зээл өгөхгүй, валютыг нь сольж өгөхгүй ч байдаг юм уу ийм байдлаар хянадаг. Манайд бас ингэхгүй бол арилжааны банкууд шуналтаад, зээлийн хүүг 14 болгочихвол арилжааны банкууд нийлж хуйвалдаад, хадгаламжийн хүүг 5 болгочихвол яах вэ. Тэгэхээр та нар 5 хувийнхаа маржийг л ав. Зээлийн хүү 5 байгаа бол 5-ыг хасаад л хадгаламжийн хүүгээ тогтоо гэдэг юмыг хамт авч явахгүй бол болохгүй байгаа юм.

-Монголд өнөөдөр зээлийн өндөр хүүнээс хэн илүү их хожиж байна вэ?

-Монголын бүх хадгаламжийн 90 хувь нь цөөхөн хэдхэн хүн дээр байдаг гэдэг, нэгдүгээрт, тэд л хожоод байна. Хоёрдугаарт, хадгаламжийн мөнгийг цааш нь зуучилж зээлүүлж байгаа арилжааны 15 банк хожоод байна. Жижиг гэлтгүй ямар ч арилжааны банк хэдэн тэрбумын ашиг олж байна.

Гүйлгээ болгоноос эхлээд янз янзын шимтгэл авч байна. Ялангуяа зээлийн хүү дээр маш их ашиг олж байна. Манай Монгол Улсад зээлийн эрэлт, хэрэгцээ маш их байгаа учраас 500 банк бус гарч ирээд, дахиад 2, 3 их наядын зээл эргэлдэж байна. Монгол оронд ерөөсөө мөнгө хүүлэлтийн л эдийн засаг явагдаж байна.

Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”
Д.ЭРДЭНЭТУЯА


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.46] 2025-04-22 14:34:10

бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатай зохицуулчихна !!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.