Монголчууд биднийг мунгинасаар байтал...

Aдмин / Нүүр

Монгол Улс юугаар баян бэ гэсэн асуултад өгөх хариу олон бий. Хамгийн эхлээд энэ онд 70 сая мал тоолуулсан шүү дээ гэх байх. Гэтэл бид малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг уу гэвэл үгүй л дээ. Яахав хот, суурингийн бид гэхэд өндөр үнэтэй ч махаар тасраагүй. Харин малаас авах түүхий эдээ мөнгө, валют болгох тал дээр тун чамлалтай байгаа нь үнэн. Экспортод гаргаж байгаа ганц бүтээгдэхүүн нь ноолуур. Энэ нь гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнээс олох орлогод тун бага хувь эзэлдэг.

Тэгвэл Монголын экспортын гол нь уул уурхайнх юм. Өнгөрсөн хугацаанд нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлж ирсэн байдаг. Тэр дотор ямар бүтээгдэхүүнийх нь илүү вэ гэвэл нүүрс л дээ. Тиймээс энэ удаа зөвхөн энэ тухай ярих нь зөв биз.

Тавантолгойн уурхай нээгдээд хэдэн жил болчихлоо. Газар зүйн хувьд гадаад зах зээлдээ ойр, 100 жил ашиглах нөөц бүхий ийм уурхайтай болсноор юу л байна нүүрс байна гэцгээдэг шүү дээ. Үе үеийн Засгийн газрын зүгээс нүүрсээ гадагш экспортлосноор төсвийн орлого нэмэгдэж ард түмний амьдралыг онцгой өөд татна гэж л ухуулсаар ирсэн. Бас чамлахаар чанга атга гэгчээр уул уурхайн ашиг гэж иргэдэд хишиг хүртээсэн үе бий.

За тэгээд одоо л амьдрал сайхан болох нь гэхийн сацуу дэлхийг нөмөрсөн цар тахлын аюул биднийг тойрсонгүй. Юун ашиг орлого олохтой манатай амьд явах эсэхдээ эргэлзэх үе ч байлаа. Хоёр жил гаруй л цар тахал гээчтэй "зодолдов". Одоо ч хэвээр шахуу л байна.

Энэ нь улс орны эдийн засгийг илт сааруулсан. Тэр дотор нүүрсний экспорт буурсан нь сүрхий цохилт болов. Цар тахлыг дотооддоо алдсанаас болж урд хөрш хилээ хаасан тохиолдол ч гарав. Нүүрс тээврийн жолооч нарын дунд гарсан ковидын халдварыг богино хугацаанд хумьж чадаагүйгээс Хятадын тал хилийн хяналтаа чангатгасан төдийгүй ямар нэг хугацаагаар хилээ хаах хүртэл арга хэмжээ авч байлаа. Үүнээс болж цөөнгүй хоногоор нүүрсний тээвэр тасалдсан.

2021 онд 28.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч бараг тал хувийн биелэлттэй болж таарав. Нүүрсний үнэ ханш өндөр байсных төсвийн орлого санаснаас бага дутсан юм. Энд төр, засгийн бодлого, шийдвэр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн л байж таарна. Харин Засгийн газар яг чанартаа тийм муу ажиллаагүй ээ. Цаг үедээ тохируулсан бодлого, үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж болно. Хэчнээн олон жил хэрүүлийн алим болоод байсан урагшаа гарах төмөр замын асуудлыг шийдэж уул уурхайн ашгаар санхүүжүүлэн нүүрс тээвэрлэх зориулалттай хөндлөн чиглэлийн төмөр замыг барив. Тэгээд монголчууд бид төмөр замаа өөрсдөө барьчихлаа гэж онгирцгоон зарим нөхдөд Хөдөлмөрийн баатар цол хүртээж мандуулаад авсан.

Бас нүүрсний экспортын 95 хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг байгуулахаар болсон. Уг ажлыг эхэлж Гашуунсухайтад нийт 8100 чингэлэг буюу 259.2 мянган тонн нүүрсний багтаамжтай, жилдээ найман сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай талбайг барьж дуусган өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад өгсөн юм. Ингэснээр хоёр улсын хооронд богино рейсээр нүүрс тээвэрлэж экспортын хэмжээ өмнөхөөсөө 10 сая тонноор нэмэгдэх боломж бий болсон. Гэвч уг терминалыг өдий хүртэл ашиглаж чадаагүй байна. Энэ нь төр, засгийн бодлого шийдвэр дунд шатандаа хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж болно. Нөгөө талаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгууламжаа барьсан ч үйл ажиллагаа удирдлагын менежментийг дутуу хийдгийн учир ийм байгаа юм.

Хэрэв нэгэнт байгуулсан терминалаа ашиглалтад авмагц ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн бол нүүрсний экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх боломж байсан л болов уу. Ер нь монголчууд бидэнд байгаа боломж бүхнийг ашиглах санаачилга дутмаг, болж бүтээгүй бүхнээ цар тахлын уршгаар халхалж суудаг нь гэм биш зан болсон шиг байна. Нөгөө талаар манай гол нүүрс нийлүүлэгч Хятадад ган гачиг, дулаарлын нөлөөллөөр нүүрсний хэрэгцээ өссөн, бас нүүрсний үнэ ханш урьд байгаагүй өндөр болсон тэр цаг үеийг манайхан мунгинасаар байгаад ашиглаж чадалгүй өдий хүрлээ.

Гэтэл Хятад талд харилцан худалдааны татвараа нэмэгдүүлж, зарим бараа бүтээгдэхүүндээ хориг тавилцан эдийн засгийн ээдрээтэй байсан АНУ хамгийн том нүүрс нийлүүлэгч нь болчихжээ. Тэднийх зөвхөн есөн сард гэхэд 1.46 сая тонн нүүрс нийлүүлж экспортоо долоо дахин өсгөсөн байна. Мөн Канад улс ч нүүрс нийлүүлчихэж. Оросын тал ч урьд нийлүүлж байсан хэмжээгээ нэмэгдүүлж чаджээ. Эдний нүүрсний компаниуд нийлүүлэлтээ 70 гаруй хувь нэмэгдүүлж 7.7 сая тоннд хүргэсэн байгаа юм. Гэтэл монголчууд бид уламжлалаа бодсон ч нутаг ойр бөөрөө нийлүүлж суугаа ч тэр эрэлт хэрэгцээ, нүүрсний ханш чинээндээ тулж өссөн тэр боломжийг ашиглаж чадаагүй байхад АНУ далай, тэнгис давуулж тив алгасан, Орос бидний толгой дээгүүр нүүрсээ Хятад руу урсгаж байгааг ердөө л шүлсээ савируулан харахаас хэтрэхгүй л байна шүү дээ.

Монгол Улсын нүүрс нийлүүлдэг орон зайг их гүрнүүд эзэлчихжээ. Манайхан ер нь цаг үеийг муу мэдэрдэг, ямар боломж байгааг олж харахгүй явсаар ирсэн. Үүний нэг жишээ нь урд хөрш рүү нүүрс зөөх төмөр замыг хэдэн жилийн өмнө тавьчих боломжийг алдсан. Энэ тухай зөвхөн мөнгө, хөрөнгөний тухай хэрүүл голдуу үлгэр ярьсаар байсан. Тэгэлгүй адаглаад таван жилийн өмнө төмөр замаа барьчихсан байсан бол өдийд Хятадад хамгийн их нүүрс нийлүүлдэг орон гэж нэрлэгдээд сууж байх байсан даа. Ер нь монголчуудын өнөө үеийн гол амин зуулга нүүрс гэхэд хэн ч маргахгүй биз. Тийм л юм чинь. Гэтэл ялих шалихгүй шалтаг тоочиж Хятадын талтай тохиролцоонд хүрэхгүй тал үе үе гарсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлч үед Гашуунсухайтад нүүрсний саатал, олон зуун машины бөөгнөрөл бий болсон. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтын дүнд яльгүй өөрчлөлт гарсан жишээ бий. Уг нь Хятадын дотоод нөхцөл байдлыг бид өдөр бүр толинд харж байгаа юм шиг мэдэрч байдаг учир нүүрсээ тооцоолж байгаагаараа нийлүүлэх боломж их.

Нүүрс тээвэрлэлтэд байгаа нэг анхаарал татсан асуудал нь нүүрсээ тээвэрлээд хилээс дотогш 18 км-т байрлах нүүрс ачих, буулгах талбайд буулгаад дахин ачиж хил давуулдаг дамжлага юм. Энэ байдлаас болж нүүрсний овоолго нэмэгдэж чанарт нь нөлөөлдөг нь үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд нүүрсийг чингэлгээр тээвэрлэх ахьсан түвшний терминалыг бариад удсан ч ашиглаж чадаагүй л байна. Бас тэнд нэгэн цагт төмөр замаар нүүрс очино. Гэтэл Хятадын талаас яаж холбогдох нь өдий болтол шийдгүй л байгаа.

Байдал ийм байхад Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт нүүрсний экспортыг өмнөх оныхоос эрс өсгөж 36.5 тонноор тооцон 262.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан бий. Энэ нь 2019 оны өндөр түвшний үзүүлэлттэй адил хэмжээ юм. Төсөв зохиогчид тайлбарлахдаа нүүрсний ханш өндөр байгаа хийгээд нүүрсний чингэлэгт тээврийн терминалтай болсон учир тийнхүү төсвийг хангалттай хэмжээнд хүргэж хийсэн гэж байна лээ. Харин нэгэнт он гараад төсөвт хэр хэмжээний юм орж байгааг тоолох машин ажиллаж эхлээд байхад байдал тун таагүй байна. Оны эхний хоёр сар илүү хугацаа л лав ярвигтай байх нь. Учир нь ирэх сарын сүүлчээр Хятадад өвлийн олимп болно. Цар тахлын дэгдэлт төдийлэн буураагүйгээс тэдний хил хязгаар тун эмзэг байна. Ийм цаг үед нүүрсний экспорт байтугай л хил давах юм бүхэнд саадтай байгаа юм. Тиймээс гуравдугаар сар гартал нүүрсний экспортын орлого ямар байхыг таахад бэрх байна. Уг нь нүүрс үнс болно гэж ярьдаг ч төсөл, хөтөлбөрөө ажил болгоод тээврийн асуудлаа зөв зохицуулаад хил давуулж борлуулсан нөхцөлд нүүрс маань үнс биш алт юм шүү дээ.

Үүнийг манай улс 2019 онд гурван тэрбум, 2020 онд 2.1 тэрбум ам.долларын орлогыг зөвхөн нүүрсний экспортоос олсон. Энэ нь зэсийнхээс 70 хувь өндөр байсан. Монголчуудыг заяа нь түшдэг гэдэг. Үүнийг бодоод хичээхгүй, зөв зүйтэйг эрэлхийлэхгүй, цаг үеэ мэдрэхгүй байгаад байвал заяа нь түших биш заяа нь хаях гээч болно гэдгийг хатуухан санууштай юм даа. Ургашгүйгээсээ болж боломжоо алдаж ирснээ битгий давтаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.207] 2022-01-12 10:36:45

Танк ярьсаар жэнко төмөр зам гацаасан

зочин [202.131.229.246] 2022-01-12 10:22:44

хятад улсийн төмөр замын тээврийн удирдлагууд манай зам тээврийн удирдлагуудтай уулзаад мэргэжлийн чиглэл бүрээр уулзах гэтэл манай талаас дандаа төмөр замын ямарч мэдлэггүй охид хүүхнүүд юу ч мэдэхгүй хөлөөрөө газар зураад зогсоод байсан ёстой нүдний булай болсон гэж хүн ярихыг сонссон бид нэг иймэрхүүл байгаа хятадууд толгойгоо барьсан гэсэн

ЗОЧИН [192.82.75.180] 2022-01-12 08:56:18

ХЯТАДАД НҮҮРСНИЙ ХОМСДОЛ ҮҮССЭНЭЭС АНУ, КАНАДААС, БҮР ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН НӨГӨӨ ТАЛААС, ТЭНГИС ДАЛАЙ ГАТЛАН, 20000км-ИЙН ЦААНААС НҮҮРС АВЧ БУЙ НЬ ҮНЭН, ЭНЭ ТОО БАРИМТ БҮГД ЗӨВ БН, ГЭТЭЛ МОНГОЛ УЛС ЭНЭ БОЛОМЖИЙГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ, ХАЯА НИЛҮҮЛЭЭД ОРШИЖ БУЙ, ХИЛЭЭС 250-иадхан КМ-ИЙН ОРДООСОО НҮҮРС НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ 10 ЖИЛИЙН ӨМНӨӨС ЭХЛЭЛТЭЙ ТӨМӨР ЗАМЫН БОДЛОГЫГ ДАМПУУРУУЛСАН, 2018-2021 ОНД НӨГӨӨ ТИЙШ ӨРГӨН ЦАРИГТАЙ ТӨМӨР ЗАМ БАРИУЛЖ БҮР ДАМПУУРУУЛЖ ХОРЛОСОН ЖЕНКО БАТТУЛГА БУРУУТАЙ. ӨӨР ХЭН НЭГЭНД ЭНЭ БҮТЭЛГҮЙТЛИЙГ НЯЛЗААХ ХЭРЭГГҮЙ. ЭЗ-ийн ЭНЭ ХОРЛОЛЫН УРШИГ НЬ 4.5 ТЭРБУМ АМ ДОЛЛАР ГЭЖ НЭГЭН ТОМ ЭЗ-Ч ГАРГАСАН БН БИЛЭЭ.

Зочин [202.126.92.234] 2022-01-11 17:24:30

noxoin baasnuud, xoorondoo xereldexees oor id shidgvi xulgaichuud,

Иргэн [124.158.64.116] 2022-01-11 14:31:37

АНУ, БНХАУ хоёр хоорондоо толхилцож, худалдааны дайн хийж байгаа нөхцөлд Хятад тээр тэндээс нүүрс авлаа гэж үү? Ямар эх үүсвэрээс мэдээлэл авснаа бичээч, Эсвэл зүүдээ бичээд байгаа юм уу

Зочин [64.119.25.73] 2022-01-12 07:56:22

Чи чинь юм уншдаггүй, мэдээлэл үздэггүй юмуу. Нүдийг чинь боогоод тавьчихсан биш дээ. Ийм харанхуй бүдүүлэг битгий бай л даа.

zochin [202.126.90.85] 2022-01-11 12:56:46

Haravuu tom gyren tom ulsuud yaj tohiroltson hudaldaa ediin zasagaa shiidverledgiig

Иргэн [202.9.46.21] 2022-01-11 11:38:26

Юу Ч хийж чаддагүй хоосон яридаг , жоохон юм хийх гэсэн нэгнээ бөөнөөрөө шүүмжлээд л сууж байдаг сайхан хөлдүү улс даа бид

Санал [192.82.69.139] 2022-01-11 10:54:34

Ийм мэдээг автор нь яагаад нэрээ тавиад гаргачихдхггүй юм болоо. "Зууны мэдээ" сонин гэдэг хүн бичээд байдаг юм уу

gg [103.229.123.128] 2022-01-11 10:41:44

Ta nariin songoson ex eronhiilogch ta nariig chadsan shuu dee, muur bagsh hulganuudad hicheel zaadag ulger baidagdaa.

Зочин [64.119.25.73] 2022-01-12 07:58:09

Ерөнхийлөгч улсын эдийн засагт ёстой ямарч оролцоогүй, ямарч хамаагүй байдаг юмаа дүффф малаа. АНынхан бүгд ийм мал байдаг юмуу

Зочин [192.82.65.32] 2022-01-11 14:17:56

Yag iim gadnii gar hul bolson humuus, odo ch erunhiiugchiin zuvluh hiiiged yvj baigaa geheer manai uls yaj hugjinu duu??

Иргэн [202.21.108.6] 2022-01-11 10:02:45

Хамгийн гол нь сахилга бат зохион байгуулалт хэрэгтэй бна


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.