Гуравдугаар сард тохиох 11 тэмдэглэлт өдөр
Жил бүр тодорхой үйл явдалтай холбон тэмдэглэдэг баярын болон тэмдэглэлт өдрүүд дэлхий дахинд олон бий.
Манай улсын хувьд ч улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг баяр олон байдаг бөгөөд тэдгээрийн заримыг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар зохицуулсан байдаг.
Сонирхуулахад, энэ сард манай улсад 10 өдөр 11 тэмдэглэлт өдөр тохиож байна.
Та бүхэнд гуравдугаар сард тохиох тэмдэглэлт болон баярын өдрүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
1. Гуравдугаар сарын 1-н буюу Эх орончдын өдөр
2004 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш тус өдрийг жил бүр "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэсээр иржээ.
Товчхон хэлбэл уг өдөр нь Монгол Улсад улс төрийн ууган хүчин буюу Монгол Ардын намыг үүсгэн байгуулсны ойн өдөр.
Түүхээс сөхвөл, 20 дугаар зууны эхэнд монголчууд Манжийн эрхшээлээс гарсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалан тусгаар тогтнолоо алдахад хүрээд байв. Тухайн үед Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын төлөө тэмцэхээр хэд хэдэн нууц бүлэг байгуулагдсан бөгөөд 1920 оны зургаадугаар сарын 25-нд одоогийн МАН-ыг байгуулж байжээ.
1921 оны гуравдугаар сарын 1-нд тус бүлэг нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор Ардын засгийн анхны тамгыг сийлж, Монгол Ардын намыг албан ёсоор байгуулсан гэдэг.
2010 оны үед МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргахад түүнийг эсэргүүцсэн гишүүд МАХН-ыг бие даан байгуулсан. Улмаар 2016 онд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэхээр болсон юм.
2. Гуравдугаар сарын 6-н буюу Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
Гуравдугаар сарын 6-ны өдөр бол Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний ойн баярын өдөр юм.
Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эх оронч, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн "Шинэ толь хэмээх бичиг" нэртэй сонин, сэтгүүлийг хэвлэн гаргаснаар үндэсний сэтгүүл зүйн суурь баттай тавигдсан түүхтэй билээ.
Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдий нь худалдаалдаг байж.
Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэсэн бөгөөд нийтдээ 20 дугаар гарсан гэдэг.
3. Гуравдугаар сарын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн олон улс орон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан байдаг.
Энэ жилийн хувьд, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ирэх долоо хоногийн Мягмар гарагт тохионо.
Түүхээс сөхвөл, 1910 онд Хоёрдугаар Интернационал анх удаа олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг Копенгаген хотноо хуралдуулж, олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг бий болгожээ. Улмаар 1911 оны гуравдугаар сарын 19-нд уг өдрийг Австри, Дани, Герман, Швейцар зэрэг орны сая гаруй хүн тэмдэглэсэн аж. Харин тус оны гуравдугаар сарын 25-нд Нью-Йорк хот дахь нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэй байсан бөгөөд тэдний аюулгүй байдал хангагдаагүй байжээ. Үүний улмаас дэлхийн нэгдүгээр дайны өмнө буюу 1913 оны гуравдугаар сарын 8-нд Европ даяар энх тайвны төлөө жагсаал өрнөснөөр уг өдрийг тэмдэглэх болсон гэдэг.
4. Гуравдугаар сарын 18-н буюу Дэлхийн нойрны өдөр
Нойр нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг бие махбодын хамгаалагч билээ. Харамсалтай нь дэлхийн нийт хүн амын 45 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдаг.
Тэгвэл жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Баасан гарагт Дэлхийн нойрны өдрийг тэмдэглэдэг гэдгийг сануулъя. Энэ жилийн хувьд энэ өдөр гуравдугаар сарын 18-нд таарч байна.
Эл өдрийг "Дэлхийн нойрны өдрийн холбоо" болон "Дэлхийн унтах анагаах ухааны холбоо" хамтран 2008 оноос хойш ийнхүү тэмдэглэж, нийгэмд ойлголтыг түгээж иржээ.
Тус өдрөөр дамжуулан хүн сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчлах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой юм.
5. Гуравдугаар сарын 18-н буюу Монгол цэргийн өдөр
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй.
Харин 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн.
Энэ жил “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баяр тохионо.
6. Гуравдугаар сарын 20-н буюу Дэлхийн аз жаргалын өдөр
2012 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас манай гаригийн бүхий л хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.
Түүнчлэн энэ өдрийг тунхагласан нь хүн төрөлхтний гол зорилгуудын нэг аз жаргал юм гэдгийг харуулахад чиглэгдсэн гэнэ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Түүнчлэн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмд хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.
Сонирхуулахад Олон улсын аз жаргалын өдрийг бий болгох санал Бутанаас гаралтай юм. Бутаны оршин суугчид дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүст тооцогддог, тэд иргэдийн амьдралын таатай нөхцөлийг хэмждэг Үндэсний нийт аз жаргалын /Gross national Happiness Index/ үзүүлэлтээрээ тэргүүлж байжээ. Мөн энэхүү Үндэсний нийт аз жаргалын үзүүлэлт гэсэн ойлголтыг Бутаны дөрөв дэх хаан санаачилсан бөгөөд тус улсын албан бус философийн ойлголтуудын нэг болсон байна.
7. Гуравдугаар сарын 22 буюу Наурызын баяр /Өдөр шөнө тэнцдэг өдөр/
Дундад Азийн зарим орнууд болон Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцдэг өдөр Наурызын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг.
Сануулахад, ЮНЕСКО 2009 онд наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр гэдгийг зарлан тунхагласан хэрэг юм.
Ташрамд дурдахад, Наурыз нь Перс гаралтай үг. Нау-шинэ, Руз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн үг ажээ. Анх МЭ II зууны үед энэ үг тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Казах хэлэнд гуравдугаар сарыг мөн Наурыз гэж нэрлэдэг байна.
8. Гуравдугаар сарын 22-н буюу Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр
Энэ жилийн гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой тохионо.
Түүх сөхвөл, Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.
Тэд Салют-6 сансрын станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсон байна.
“Союз-39” 1981 оны гуравдугаар сарын 30-ны өдөр эх дэлхийдээ амжилттай газарджээ.
9. Гуравдугаар сарын 23-н буюу Дэлхийн усны өдөр
Дэлхий нийтээрээ энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж иржээ. Эл өдөр дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.
Түүхийг сөхвөл, анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж байжээ. Улмаар цэвэр усны гачигдалд буй улс орнуудыг усны гачигдлаас гаргаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан юм.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна.
10. Гуравдугаар сарын 27-н буюу Олон улсын театрын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ.
“Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
11. Гуравдугаар сарын 30-н буюу Дэлхийн эмч нарын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг Дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг.
Уг өдрийг анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн байна. Тус улс 1990 оны гуравдугаар сарын 30-ныг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш жил бүр энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж, хүмүүс эмч нарт баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн гэдэг.
Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай нүүр тулж, түүнийг даван туулахаар бүхий л хүч, бололцоогоо дайчлан тэмцсээр хоёр жил гаруйн хугацаа өнгөрөв. Тэд аюулт өвчний эсрэг тэргүүн эгнээнд өдөр шөнийг ялгалгүй, амралт алжаалыг умартан зүтгэж буй билээ.
Сэтгэгдэл
зочин [43.242.243.211] 2022-03-02 15:45:50
Ямар олон өдөр вэ? Энд тэндэхийн элдэв янзын өдрийг баяр болгон тэмдэглэдгээ хэзээ болих вэ? 3-р сарын 22 Дэлхийн усны өдөр, 3-р сарын 23 Дэлхийн цаг уурын өдөр гэж залруулна уу.
Эрлэг [139.5.217.71] 2022-03-02 05:48:56
Чи түрүүлээд үх.
Зочин [202.9.46.74] 2022-03-02 03:32:15
Баярлаж найр наадам хийж архидах хобитой орк монголчууд үхээсэй.