Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч
Энэ удаагийн зочноор Монголын боксын шигшээ багийг дасгалжуулахаар ирсэн Куба улсын дасгалжуулагч Жилберто Верасыг урилаа. Түүнээс Монголд ирсэн сэтгэгдэл болон зарим зүйлийн талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцаач. Өмнө нь манай орны талаар ямар төсөөлөлтэй байсан бэ?
-Танай сайхан оронд ирсэндээ сэтгэл их өндөр байна. Яг үнэндээ төсөөлөл маруухан байсан. Гэхдээ танай ард түмэн халуун дулаан, сайхан сэтгэлтэй гэдэг нь онгоцны буудлаас эхлээд л мэдрэгдсэн. Учир нь намайг их сайхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн.
-Та ямар учраас манай улсад ирж дасгалжуулагчаар ажиллах болов. Хэдэн жилийн гэрээтэй ирсэн бэ?
-Миний хувьд өөрөө зорьж Монгол руу явах хүсэлт гаргаагүй. Энэ томилгоо хоёр улсын Засгийн газар болон Боксын холбоодын шийдвэр. Тиймээс эх орноосоо авсан үүрэг даалгавар гэж бодоод зорьсон ажлаа нэр төртэй, сайн хийнэ гэж бодож байна. Гэрээний хувьд тодорхой мэдээлэл байхгүй байна. Ямар ч байсан Монголын боксын шигшээ багтай ирэх олимп хүртэл ажиллахаар төлөвлөсөн.
-Тэгэхээр хамгийн том зорилго тань ирэх олимпийн наадамд монгол тамирчдыг медалийн тавцанд зогсоох гэж ойлгож болох уу?
-Миний зорилго тодорхой. Ирэх олимпод монгол тамирчид амжилттай оролцвол би ажлаа сайн хийжээ гэж өөрийгөө дүгнэнэ. Гэхдээ үүнээс өмнө тамирчидтайгаа танилцах, арга техникийг нь судлах, ямар онцлог, давуу талтай тамирчин бэ гэдгийг нь олж харах нь чухал. Дараа нь шигшээ багийг бүрдүүлж, тамирчин бүрийн онцлогт таарсан дасгал сургуулилтдаа орно.
-Хоёрхон жилийн дараа олимп болно. Та өөртөө хэр итгэлтэй байна?
-Ирэх олимп хаяанд ирсэн байна. Гэхдээ Монголын боксын тамирчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч хэвээр байна. Тэдэнд нөөц бололцоо их бий. Аливаа амжилтын үүсвэр нь хөдөлмөр байдаг. Хөдөлмөрлөсөн хүн зорилгоо биелүүлж, амжилтын үзүүрээс атгадаг гэж хэлмээр байна.
-Куба тамирчид ч боксын амжилтаараа дэлхийд тэргүүлдэг. Монгол тамирчны тэднээс ялгарах онцлог, давуу тал нь юу гэж та харж байна?
-Куба улсад бейсболл болон боксын спорт үндэсний хэмжээний болтлоо хөгжсөн. Монгол Улс үндэсний бөхөө дээдэлдэгтэй адил. Манай тамирчдын хувьд техник маш сайн. Тиймээс монгол тамирчдын техникийн үзүүлэлтийг дээшлүүлэх нь миний гол зорилгын нэг.
-Куба боксчид дэлхийд амжилттай яваа нь ганцхан техник сайтайнх гэж үү. Өөр хүчин зүйлээс дурдаач?
-Манай улс спортын салбараа их дэмждэг. Тиймээс спортын бага сургууль их бий. Багаасаа спортоор хичээллэж, түүндээ сэтгэл зүрхээ зориулж өсдөг болохоор амжилт их гаргадаг.
-Таны хувьд өөрөө тамирчин байсан гэж сонссон. Энэ спорттой ажил, амьдралаа хэзээнээс холбов?
-Манай боксын спортын систем нь Монголоос арай өөр. Нас насны ангилалд шилдгүүдийг тодруулдаг. Миний хувьд багаасаа энэ спорттой нөхөрлөсөн. Тамирчнаас эхлээд дасгалжуулагч хүртэл 30 гаруй жилийнхээ амьдралыг энэ спортод зориулсан байна. Би эх орондоо 15-16 насны ангилалд хоёр удаа улсын аварга болж байлаа. Энэ үедээ гурван тамирчныг дараалж хүнд цохилтоор унагааж байсан.
-Таны хувьд олон алдартан төрүүлсэн гэж ярьж байсан. Дэлхийд алдартай шавь гэвэл ямар тамирчин байна?
-Куба улсын Пенарь хотоос боксын хамгийн олон алдартан төрсөн байдаг. Миний хувьд энэ хотынхоо шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад ирсэн. Миний шавь нараас 1992 оны олимпод 51 кг-д мөнгөн медаль хүртсэн Раверь Ганзальесийг бокс сонирхогчид болон тамирчид илүү сайн мэддэг.
-Монголын боксын тамирчдыг та хэр сайн мэдэх вэ. Өмнө нь тоглолтыг нь үзэж, арга барилыг нь судалж байв уу?
-Бээжингийн олимпод түрүүлсэн Э.Бадар-Ууганыг сайн мэднэ. Учир нь тэр манай улсын тамирчинг ялж олимпийн аварга болсон. Монголын бокс Азидаа өндөр түвшинд ордог. Миний хувьд үүнийг илүү бататгаж, амжилтыг ахиулмаар байна. Боксчин хүн хурдан хөдөлгөөнтэй байж, минут бүрт дайрснаар амжилтад хүрдэггүй. Хамгийн чухал нь техник. Тиймээс миний хувьд тамирчинтайгаа техник дээр суурилж ажилладаг дасгалжуулагч.
Ч.Гантулга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [202.55.183.178] 2022-04-01 02:35:13
Монгол Улсаас Олимпийн аварга түрүүлэх их үйлсэд нь амжилт хүсэе.