Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэе!
Монгол Улсын газар нутгийн 11.9 хувийг ой мод эзэлдэг. Ойн түймрийн улмаас энэ хувь хэмжээ жил ирэх тусам хорогдсоор байна. Ойн хээрийн тухай хуульд хаврын энэ цаг үед буюу 03 сарын 20–оос 06 сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн, хуурайшилт бүхий цаг хугацаа буюу “Түймрийн аюултай үе” гэж үздэг.
Экологийн цагдаагийн албаны мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхам:
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн байгаль орчны газартай хамтран “Алдвал Галдана” мэдээлэл сурталчилгааны ажлыг 2021 онд зохион байгуулан ажилласан. Уг арга хэмжээг зохион байгуулснаар ой хээрийн түймэр нь урд оны мөн үеэс 61.2 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн эрсдэл үүсдэг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн ногоон бүсэд зургаан байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн хамгаалалтаар ажиллаж байна.
Нийслэлийн аврах ангийн аврагч, ахлагч Н.Мөнх-эрдэнэ:
Ногоон бүсийн эргүүлээр холбогдох төрийн байгууллагатай хамтран үүрэг гүйцэтгэж байна. Хаврын хуурайшилттай эдгээр өдрүүдэд ой хээрийн түймэр болон өнжмөл шар өвс, галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Иргэд та бүхэн аялж зугаалахдаа ил задгай гал түлэхгүй байх, тамхины ишийг бүрэн унтраахыг анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд өнжмөл шар өвсний 70 түймэр гарч, 112 га талбай шатсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах анги, хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн унтрааж ажиллалаа. Гал түймрийн шалтгаан нөхцөл 100 хувь хүний буруутай үйлдлээс үүдэж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг.
Нийслэлийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч Ц.Батзаяа:
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд ойн сан бүхий газар аялал зугаалга хийх, ил задгай гал түлж түймэр гарахаас урьдчилан сэргийлэн яриа таниулга хийн тараах материал тараан сэрэмжлүүлж байна. Алба хаагчид давхардсан тоогоор 365 чиглэлд 320 алба хаагч 64 тээврийн хэрэгсэлтэйгээр хяналт шалгалтыг зохион явуулж, гал түймэр гарч болзошгүй 14 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 410 иргэн, 62 айл өрх, 15 аж, ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллаад байна.
Он гарснаас хойш өнжмөл шар өвс шатаасантай холбоотойгоор 54 дуудлага ирсэн. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өссөн байна. Хоёр жилийн өмнө гагнуур хийж байснаас оч үсэрч, Гоодойн аманд зуслангийн байшин шатаж, тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан. Нийслэлийн Онцгой байдлын газарт 2022 онд ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын 609 буюу 94.7 хувийг объектын гал түймэр, нэг буюу 0.2 хувийг ой, хээрийн түймэр, 33 буюу 5.1 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Түүнчлэн 2022 оны нэгдүгээр улиралд тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос 663 хүний амь нас, иргэд аж ахуй нэгж байгууллагын 2.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Түймрийн хамгийн том хор хөнөөл нь унтарсны дараа эхэлдэг. Түймрийн дараа ойн амьдрал үгүй болж тэнд байсан ан амьтдаас амьд үлдсэн цөөхөн хэд нь идэх хүнс, амьдрах орчингүй болдог. Учир нь тухайн ойн уугуул амьтдын идээшиж дассан хүнс, бэлчээр, ус, үүр, нуувч гээд бүх зүйл галд шатан үгүй болдог. Энэ бүхэн эргэн сэргэж, амьтад эргээд хэвийн амьдралдаа ороход хэдэн арван жил шаардлагатай. Ойн тэнцвэртэй байдалд амьтад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ойн амьдралын орчин хэдэн арав биш хэдэн зуун, мянган жилээр хэмжигддэг юм. Бид нэг алхаж байхад гал 360 градуст хоёр алхдаг байна. Гэнэт ассан галыг хэдүүлээ байсан ч зогсоох боломжгүй.
Иргэд та бүхэн ногоон бүсэд зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, гал, цог нурмыг бүрэн унтрааж галын аюулгүй байдлаа хангах, айл өрхүүд халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр орон сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлээрэй. Амьтны тухай хуульд заасны дагуу жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл загас агнах, барихыг хориглодог. Учир нь энэ үеэр загасны үржлийн эд оргил үе байдаг. Энэ хоёр сарын хугацаанд загас нь 20 дахин үрждэг байна. Загасыг үржлийн үед нь агнаж баривал тухайн төрөл зүйл устах аюултай юм.
Экологийн цагдаагийн албаны ахлах байцаагч, цагдаагийн хошууч А.Мөнхбат:
Амьтны тухай хуульд хавар түрсээ шахдаг загасыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд барих, агнахыг хориглосон байдаг. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн тухайн хуульд заасны дагуу хуулийн хариуцлага тооцно. Жишээ нь: Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу хууль бусаар ан агнасан тохиолдолд 1-5 жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэдэг. Зөрчлийн тухай хуулийн 7.6-д заасны дагуу амьтны тухай хууль зөрчсөн бол зөрчил үйлдэхдээ ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцтай байдаг. Загас нь гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалж байдаг чухал ач холбогдолтой амьтан билээ. Загасыг үржлийн үед барихгүй байх нь байгаль орчноо хамгаалж буй бидний үүрэг юм.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран “АНЗААР” сургалт, нөлөөлөл, мэдээллийн аяныг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эхлүүллээ. Аяны нээлтэд Сонгинохайрхан дүүргийн бүх шатны төрийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Ууганбаяр:
Өргөн хүрээнд оролцсоноороо энэ арга хэмжээ үр дүнтэй болох юм. Иргэдийн хувьд хар тамхи, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар ойлголт бага байдаг бөгөөд хажууд байгаа дотны хүмүүсээ ч анзаарахгүй тохиолдол байна. Тиймээс бид урьдчилан сэргийлж хар тамхигүй дүүрэг болох бүрэн боломжтой юм.
Статистикийн мэдээллээс харахад сүүлийн таван жилийн хугацаанд улсын хэмжээнд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бодистой холбоотой нийт 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдээд байна. Үүний 72 гэмт хэрэг буюу 7.7 хувь нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, 81 иргэн холбогдсон байна. Мөн хугацаанд тус дүүрэгт оршин суух хаягтай 116 сэжигтэн бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Энэ тоо баримтууд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсээд байгааг харуулж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар:
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил ганцхан цагдаагийн байгууллагын ажил биш. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд, төрийн бус байгууллагууд, иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл зөвхөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой ажил арга хэмжээнээс гадна бусад бүх төрлийн ажил арга хэмжээн дээр эцэг эх, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг сайжруулна.
Энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулахад дүүргийн Шүүх, прокурор, цагдаагийн байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд, ерөнхий боловсролын болон их дээд сургуулиуд, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Мөн мансууралгүй ирээдүйн төлөө иргэн бүрийг “АНЗААР” аянд нэгдэхийг уриалж байна.
Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2022 оны нэгдүгээр улиралд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг нийт 67 бүртгэгдсэнээс 60 тээврийн хэрэгслийг олж тогтоосон. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид гурван бүлэг арван этгээдийн нийт 25 тээврийн хэрэгсэл хулгайлсан үйлдлийг илрүүлэн харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгч ажиллалаа.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баасанжаргал:
Дээрх гэмт хэргийг 14-18 насны, оршин суух тодорхой хаяггүй бүлэг этгээдүүд тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулан шөнийн цагаар унаж яваад шатахуун нь дуусахаар орхиж явдаг нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, хяналтын камертай, зориулалтын зогсоол гараашид байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг үйлдэгдсэн бөгөөд алба хаагчид сэжигтэй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
Хүний амь насыг хохироож хэргийн газраас оргон зугтаасан холбогдогч “Б”-г тус хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Батжаргал, цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Баяртсайхан нар шуурхай эрэн сурвалжилж баривчилсан.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Батжаргал:
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо эмийн ургамал гэх газар албан үүргээ гүйцэтгэж явах хугацаанд өмссөн хүрэм нь цус болсон байдалтай сэжигтэй иргэн тааралдсаныг шалгахад тухайн иргэн зугтаах гэсэн үйлдэл гаргасан. Энэ хугацаанд 102 дугаарт “Хүн хутгалчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн мэдээллийн дагуу хэргийн газар очиход дуудлага мэдээлэл өгсөн иргэн сэжиг бүхий иргэнийг “энэ хүн хутгалсан” гэсэн мэдээллийг өгсөн. Үүний дагуу бүрэлдэхүүнтэй хамт хэргийн газрын үзлэг шалгалтыг хийн ажилласан. Тухайн сэжиг бүхий иргэнийг баривчилсны дараа дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд бид урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж эрүүлжүүлэх байранд хүргэсэн.
Холбогдогч “Б” нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архины хамааралтай. Цагдаагийн байгууллагын санд 28 удаа эрүүлжүүлэгдэж, 18 удаагийн зөрчилд арга хэмжээ авагдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн судалгаанд бүртгэлтэй, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт 2 удаа, хулгайлах гэмт хэрэгт 1 удаа тус тус сэжигтнээр холбогдон шалгагдаж байсан. Хэрэг болсон тухайн газар байсан гэрч цагдаагийн байгууллага болон түргэн тусламж дуудах гэсэн боловч холбогдогч “Б” нь хутга тулган айлган сүрдүүлжээ.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганболд:
Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь амь хохирогчтой найз нөхдийн холбоотой. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах танил айлдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондын таарамжгүй харилцааны улмаас хүйтэн мэс хэрэглэн биед нь халдаж амь насыг нь хохироосон. Амь хохирогч “Б” нь 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой. Холбогдогч этгээд “Б” нь 38 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь таван удаагийн ял шийтгэл эдэлж байсан.
Таны ойр хавьд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа болон үйлдэгдэж болзошгүй этгээдүүдийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй дуудлага мэдээллийг өгч хамтран ажиллахыг уриалж байна. Холбогдогч “Б”-г яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авахуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар залилах гэмт хэрэг 3768 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Залилах гэмт хэргийг нийслэлийн хэмжээнд нутаг дэвсгэрээр нь авч үзвэл Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд ихээр бүртгэгдэж байгаа юм. Тухайлбал: Цахим орчинд үр зулбуулах эм зарах зар байршуулан тухайн зараар холбогдсон охид, эмэгтэйчүүдэд үр зулбуулах эмийг өөр эмээр орлуулан зарж байгаа хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Марияа:
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалан залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Тухайлбал: Улсын болон хувийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвхөн эмчийн хяналт дор хэрэглэх үр зулбуулах төрлийн эмийг зарна гэх хууль бус зарыг цахим орчинд байршуулж, тухайн зарын дагуу холбогдсон охид, эмэгтэйчүүдээс хамгийн багадаа 70000, ихдээ 150000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 100 гаруй хохирогчтой хэрэг бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Батмөнх:
Үр зулбуулах эмийг хувь хүн дээрээс гар дээрээс худалдан авалт хийх нь аюултай. Эмийн санд хүртэл үр зулбуулах эмийг зардаггүй. Хамгийн нийтлэг гардаг хүндрэл бол цус алдалт. Үүнээс болоод эцсийн хүндрэл нь умайгаа авахуулах цаашлаад амь насны асуудал яригддаг. Өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал байдаг. 12-16 настай охид сэтгэл санаа нь тогтворгүйтэж, дааврын өөрчлөлт орж, сарын тэмдэг нь ирдэг учраас ээж нь, төрсөн эгч нь маш сайн анхаарч, ярилцаж байх хэрэгтэй.
Эцэг эхчүүд та бүхэн өсвөр насны хүүхдүүдтэйгээ байнга ярилцах, тэдний сэтгэл санаа ямар байгаа талаар зөвшилцөх, түүнчлэн бэлгийн боловсрол олгож байх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх юм.
Сэтгэгдэл