Б.ОЮУН: Формальдегид хорт хавдар үүсгэгчийн жагсаалтад ордог аюултай бодис
-ДЭМБ-аас“Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч” гэж тодорхойлж бүрмөсөн хорьсон байдаг-
Эмээлтэд мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт оруулахад махны цардуулаас нь формальдегид гэх бодис илэрснийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцолсон юм. Формальдегид илэрсэн цардуулыг хүнсний бүтээгдэхүүний зориулалтаар хэрэглэдгийг МХЕГ-аас хэлж байгаа юм. Формальдегид гэх бодисын үйлчилгээний зориулалт болоод эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн талаар мах, махан бүтээгдэхүүний технологич Б.Оюунтай ярилцлаа.
-Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг мах бэлтгэх үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжээс шинжилгээ авахад формальдегид гэх бодис илэрснийг МХЕГ-аас зарлалаа. Танаас энэ бодисын талаар тодруулмаар байна. Хүнсэнд хэрэглэж болох уу? -Би химич биш л дээ. Гэхдээ үүсээд байгаа асуудлын хүрээнд энэ бодисыг судаллаа. Формальдегид өөрөө хурц үнэртэй хийн төлөвт, усанд амархан уусдаг, уусмал байдлаараа өнгөгүй, хортой бодис. Гол төлөв бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт маш бага хэмжээгээр хэрэглэдэг. Тодруулбал, даавууг бөх бат, будаг амархан авдаг, будгийн тогтвор сайжруулах зорилгоор хэрэглэдэг юм байна. Хэрэглээний шинж чанарыг сайжруулах зорилгоор гэсэн үг л дээ. Үүнээс гадна барилгын материал, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэгт хэрэглэж болно. Хүнсний технологичийн үүднээс хэлэхэд хүнсэнд хэрэглэхийг хориглодог. Хүний эрүүл мэндэд маш хортой бодис.
-Хүнснийбүтээгдэхүүнд бүрэн хориглодог юм байна. Зарим мэргэжилтнүүдийн зүгээс махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэсэн байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлж байна л даа.
-Формальдегид хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад ордог, аюултай бодис.Энэ бодисын хүчтэй ариутгах чанарыг ашиглан хүнсийг нөөшлөгч бодис болгон хэрэглэж байсан юм билээ. 2016 онд ДЭМБ-аас “Формальдегидыг хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэгч гэж тодорхойлж бүр мөсөн хорьсон байдаг.
-Формальдегид гэх бодисыг манайд хүнсэнд хэрэглэж байсныг МХЕГ-ын дарга нь онцолж байна л даа. Бид хорт хавдар үүсгэгч бодистой мах хэрэглэж байсан юм уу?
-Одоо хөндөгдөж буй үйл явцыг анзаарахад логикийн хувьд алдаатай байх шиг. Махны агуулахад ажилласан байцаагч нь цардуулд формальдегид гэх бодис агуулсан гэсэн. Мөн нянгийн ерөнхий тоо хүлцэх хэмжээнээс хэдэн мянга дахин өндөр байсан талаар онцолж байна лээ. Хэрэв формальдегид хэрэглэсэн бол нянгийн тоо маш бага байх ёстой. Үүнийг ойлгохгүй байгаа юм.
-Махыг муутгахгүй байх зорилгоор хэрэглэж байсан байж болох уу. Ийм тохиолдолд хүний эрүүл мэндэд хэр хортой вэ?
-Хүнсний бүтээгдэхүүний найрлагад бага хэмжээгээр агуулагдахад маш хор хөнөөлтэй. Хорт хавдрын суурь болж өгдөг. Үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж тогтоосныг дээр дурдсан. Ийм ч учраас бүрэн хориглосон байдаг. Үнэхээр ийм бодис хүнсний гол бүтээгдэхүүн махнаас бага хэмжээгээр ч болов илэрсэн бол маш ноцтой асуудал. Шинжилгээний хариунд нухацтай хандах хэрэгтэй болов уу. Мэргэжлийн байгууллагын зүгээс аманд орсноо шууд зарлаад л нийгмийг түгшүүрт автуулж байгаа нь ноцтой асуудал” гэв.
Мөн формальдегид гэх бодисыг хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах зорилгоор хэрэглээд хордсон тохиолдол байдаг ажээ. Энэ талаар ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал доктор Т.Төрмөнх “Зарим улс орнуудад 100 орчим жилийн өмнө хүнсний бүтээгдэхүүнийг муутгахгүйн тулд формальдегидыг ашиглаж ирсэн тохиолдлууд байдаг юм байна. Жишээ татаад ярихад, 1890-ээд оны үед Америкт мах, сүүг нянгаас хамгаалахын тулд формальдегидыг ашигладаг байж. Ингээд Индиана мужид олон зуун хүн формальдегидэд хордож нас барсан тохиолдол гарч 1906 онд формальдегидын хэрэглээнд хориг тавьж байсан юм билээ. 1902 онд Германы эрдэмтэд мах болон хиаманд формальдегидын хэмжээг тодорхойлох аргыг боловсруулж, хүнсний хяналт шалгалтад нэвтрүүлж байсан. Улмаар техник технологи хөгжиж формальдегидыг хүнсэнд ашиглах нь эрс багассан. Зарим улс орнууд формальдегидыг бүрэн хорьж, түүнийг илрүүлэх шинжилгээний стандартыг баталсан. Хоол хүнснээс гадна бусад бараа, материал дахь формальдегидын стандартууд бий болсон” гэв.
Хүнсний технологчдын зүгээс формальдегид хүний эрүүл мэндэд онц аюултайг онцолж байна. Хүнсний бүтээгдэхүүний агууламжид бага хэмжээгээр ороход л хамар, залгиурын тогтолцоонд хорт хавдар үүсгэх эрсдэлтэйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ.
Монгол Улсын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй
“Эм Ди Си Пи” ХХК-ийн махны дээжийг “Гарааны Праймер”ХХК-ийн лабраторид шинжилжээ. Тус компанийн зүгээс “Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг, (MNS 6931:2021 стандарт дагуу) мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч найман төрлийн бактерийн тандан шинжилгээ хийлээ.
Үүнд нэгдүгээр дээжээс Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд, хоёрдугаар дээжээс Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно. Salmonella spp бол зооноз өвчин үүсгэгч нян, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд нь тохиромжой нөхцөл бүрдсэн үед буюу махны эрүүл ахуй, хадгалалтын горим алдагдсан үед үржин олшрох чадвартай ашигч бактериуд бөгөөд малаас бус орчны бохирдолтоос үүдэлтэй өсөж үрждэг хүйтэнсэг эмгэг төрүүлэгчид юм.
Жич:
Монгол Улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт, арга зүй байхгүй учраас тус компанийн Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй юм” гэв. “Гарааны Праймер” ХХК-ийн зүгээс онцолж байгаагаар Монголд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байдаггүй юм байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.186.13] 2022-06-12 02:37:57
МХЕГ ГЭЖ ЯМАРЧ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛГҮЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЧИХСЭН ГАЗАР ЮМ УУ?ЯМАР САЙНДАА Л ЗАРИГЫН ӨНӨРЧИМЭГЭЭР МАХ ЧАНУУЛЖ ИДҮҮЛЭЭД ХОРГҮЙ БНА, АМТГҮЙ БНА ГЭЖ БАЛАЙРУУЛЖ СУУХ ВЭ ДЭЭ? МАХАНД НЬ АМТ, ҮНЭРГҮЙ БОЛГОДОГ ХОРТ ХИМИЙН БОДИС ХОЛЬЧИХООР ЧИНЬ ӨНӨРӨӨД ЮУ АМТАГДАХ ВЭ? ДЭЭ, ӨӨРСДӨӨ ЯРИАД БГАА ЦАРДУУЛ НЬ ЭНЭ ХОРТОЙ ФОРМАЛЬГИДЫГ АГУУЛСАН БОЛЖ ТААРЧ БНА, ТЭХДЭЭ ЭНИЙГ ШИНЖЛЭХ ЛАБОРАТОРИ, АРГА БХГҮЙ, ТУРШИЛТААР ШИНЖИЛСЭН ЧИНЬ ИЛРЭЭГҮЙ Ч ГЭХ ШИГ, ЮУН ИТГЭХЭД БЭРХ ҮЛГЭР ЯРИАД ХОРОО АРД ТҮМЭНД ШАХААД ХОРТ ХАВДАРТ УМБУУЛААД БНА? БААСАНДОРЖ ОГЦОР??? ХОРТОЙ МАХААР ОЛОН ХҮН ХОРДУУЛЖ, ОЛОН ХҮН ХАВДРААР НАС БАРЛАА?
Зочин [64.119.22.156] 2022-06-11 09:13:32
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нь юу ч мэдэхгүй байж хугацаа нь өнгөрсөн цардуул гэж хуцаад сууж байх нь ард түмний эсрэг явуулж буй аллага гэж ойлгоххос өөр зүйлгүй боллоо мэдлэггүй новшийг юмнуудыш ао өврийн хаалгаар дарга болгодогоо бол хариуцлага хүлээлгээч
иргэн [103.229.120.114] 2022-06-11 07:08:47
Коронагийн үеэр хил хаагдахад цэвэр дотоодын үйлдвэр болох гурилын үнэ нэмэгдэж байсан шалтгааныг Хятадаас цардуул авч нэмэлтээр хольдог гэнэ гэсэн яриа гарч байсан. Тэгэхээр гурил ч гэсэн формальдегидтэй байж болох уу. Ер нь энэ хүнс юу болоод байнаа.