ЭЕШ өгсөн миний сайн ТУРШЛАГА

Aдмин / Боловсрол

Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой ЭЕШ-д амжилттай оролцохын тулд юуг анхаарах, хэрхэн бэлтгэх талаар ЭЕШ-даа өндөр оноо авч Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын "ЭЕШ өгсөн сайн туршлага"-аас хүргэж байна.

СЭЗИС-ийн Эдийн засгийн ангийн IV курсийн оюутан Б.Намуунаагийн “ЭЕШ өгсөн сайн туршлага”-аас:

Сайн байна уу? Намайг Батсүхийн Намуунаа гэдэг. Би энэ жил СЭЗИС-д Эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөх гэж байна. Би 5 хичээлээр ЭЕШ өгөхдөө математик-800 оноо, нийгэм судлал-770, физик-700, монгол хэл-700, англи хэл-690 оноо тус тус авч байлаа.

Миний хувьд өөрийн бүрэн дүүрэн чаддаг зүйл, дутуу мэддэг зүйлс, сайн чаддаггүй зүйлсийг маш сайн тодорхойлоод сайн чаддаггүй зүйлдээ илүү төвлөрч бэлдэж эхэлсэн. Мөн тухайн сэдвийг гараас гаргасны дараа дараагийн сэдэв рүү орох гэх мэтчлэн бэлддэг байсан. Бүх хичээл дээр юуг бүрэн чаддаг, юуг чаддаггүй гэдгээ эхлээд тодорхойлох хэрэгтэй. Шалгалтан дээр тухайн сэдвийн ямар ч асуулт орж ирсэн чаддаг болох хүртлээ тухайн сэдвийг бэлдээд, дараагийн сэдэв рүү орох байдлаар бэлдвэл оновчтой санагддаг. ЭЕШ-ийн хугацаа маш бага байдаг учир шалгалтын бүтцээ маш сайн судлаад шалгалтад орж ирэх сэдэв бүрийг ямар ч хэлбэрээр орж ирсэн хурдан хугацаанд гүйцэтгэх чадвартай болох хэрэгтэй. Тухайн нэг хичээлийн бүх агуулгыг маш сайтар эзэмшсэний дараа өөрийгөө шалгах байдлаар ЭЕШ-ийн тестүүд ажиллаад, чадахгүй байгаа зүйлсээ ахиж тодруулаад, шалгаад явбал маш үр дүнтэй байдаг. Дараагийн нэг чухал зүйл нь тест бөглөхдөө цагаа зөв хуваарилж сурах, шоглоом дээр тогтмол бөглөж дасах юм бол шалгалтан дээр сандрал харьцангуй бага байдаг.

Шалгалт дөхөөд ирэхээр өмнө нь хийсэн зүйлсээ мартах тохиолдол маш их гардаг учир олон сарын бэлтгэлээ талаар болгохгүйн тулд шалгалтын өмнө 2-3 өдөр бүтэн тархиа амраах хэрэгтэй. Шалгалтын өмнө маш сайн унтаж амрах, тэгчихвий, ингэчихвий гэж хэт их санаа зоволгүй аль болох тайван байх шаардлагатай.

Мөн дэргэд нь байгаа хүмүүс аль болох тайван нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй шүү. Бүгдэд нь амжилт хүсье.

МУИС-д сэтгүүл зүй, эрх зүйч гэсэн хос мэргэжлээр суралцдаг, төгсөх курсийн оюутан Б.Бадамзулын “ЭЕШ өгсөн сайн туршлага”-аас:

Би МУИС-д сэтгүүлч, эрх зүйч хос мэргэжлээр сурдаг. 2018 онд ЭЕШ өгч, монгол хэлний хичээл дээр 706 оноо авч байсан. ЭЕШ-д сарын өмнөөс илүү сайн бэлдэж эхэлсэн. Тухайн хичээлээ маш сайн бэлдсэн үед сандрал бага байдаг. ЭЕШ-ын урд өдөр сайн унтаж амарсан байх нь шалгалт өгч байх үеэр нойрмоглох, эргэлзэхээс сэргийлнэ.

Миний хувьд ЭЕШ-ын эхний өдөр физикийн шалгалттай байсан учраас өмнөх шөнө нь шөнөжин томъёо харж өнгөрөөсөн нь яг шалгалтын үеэр зүйрмэглэх шалтгаан болсон. Тиймээс дараа дараагийн өдрүүдэд эрт унтаж амрахыг чухалчилсан.

Тэгээд ангид орохоосоо өмнө бие засах зэргээр өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Сонсох дасгалын үеэр анги чимээгүй байгаа хэр нь л жижиг жижиг хөдөлгөөн их мэдрэгдэж тийшээ анхаарал сарних гээд байдаг болохоор үзгээрээ ширээ товших, нусаа татах, хөлөөрөө газар товших, цаас эргүүлэх гэх мэт жижиг үйлдлээ ч хянаж, бусдадаа туслаарай.

Монгол хэлний шалгалтын тухайд ярьвал, сонсох хэсэг дээрээ шууд эхийн санаа, агуулгыг ойлгоод, гол дүрийн үйлдлүүдийг тэмдэглээд явсан нь дээр.

Монгол бичгийн хэсэг нь дүрэм болон ижил дуудлагатай үгс байдаг учраас харьцангуй амархан. Мөн бат мэдэж буй хариултуудаа шоглоом дээр сайн нягталж бөглөөд эргэлзэж байгаа асуултдаа их цаг зарцуулахгүй байх хэрэгтэй. Учир нь чамайг эргэлзэж байх зуур цаг урсаад л, нэг мэдэхэд хураалгах болчихдог.

МУИС-ийн Төрийн удирдлага ангийн төгсөх курсийн оюутан Б.Хоролжүсэмийн “ЭЕШ өгсөн сайн туршлага”-аас:

Миний хувьд нийгмийн ухааны хичээл дээр 800 оноо авч МУИС-ийг Төрийн Удирдлага мэргэжлээр төгсөж байна. 800 оноо авахад гол нөлөөлсөн зүйл нь Б.Батбаяр багшийн маань тус дэм маш их байсан. Миний бодлоор тест их ажиллах нь онолыг амархан цээжлэхэд их тустай санагдсан. Эхлээд тест ажиллахад маш их алддаг байсан. Дараа нь би яг юун дээр алдаж байна гэдгээ хараад нэг тестээ дахин дахин хараад байхад аажмаар маш сайн тогтоож буцаад харахад их хугацаа шаардахгүйгээр зөв хариултыг нь шууд олдог болсон. Энэ нь шалгалтын материалын даалгавруудыг зөв цагийн менежменттэйгээр хийхэд тус болохоос гадна сүүлийн үлдсэн хугацаанд хариултын хуудсаа шалгахад цаг үлдээдэг давуу талтай.

Шалгалт өгөхийн өмнөх өдөр агаарт алхаж бүтэн нойр авах нь хамгийн чухал бөгөөд шалгалтын өглөө эрт босож агаарт алхаж юу ч бодолгүй байх нь сандарлыг багасгахаас гадна төвлөрөх чадварыг нэмэгдүүлдэг.

ЭЕШ хэцүү даваа мэтээр хүлээж авалгүй аль болох өөрт дарамтгүй байдлаар даван туулах хэрэгтэй

Эх сурвалж: www.tentsver.mn


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.64] 2022-06-21 05:05:37

Тэгээд яахын Хүүк оюук хоёр дундыг төгсөөд нэг ерөнхийлөгч нөгөөдөх нь ерөнхий сайд. Нам дага сайн цүнх барь пялдага занд суралч хэн нэгны суганы үс бол.

ЗОЧИН [150.129.140.99] 2022-06-21 04:38:52

хүүх сайн юм бэ оноо нь


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.