С.Гэрэлмаа: Аль ч хувилбар бай Ковид-19 халдварыг үүсгэгч вирусээс сэргийлэх энгийн аргууд үр дүнтэйг онцолмоор байна 

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн үед коронавируст халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодруулга авлаа.


-Ковидын дараагийн давлагаа есдүгээр сард гарна гээд байгаа. Энэ нь хэр хор хөнөөлтэй юм бол?

-Монгол Улсад баяр наадам, амралтын улирал эхэлснээр иргэд гадаадаас ирэх, гадны жуулчид наадмын нээлт үзэх, мөн иргэд дотооддоо аялах, аймаг орон нутгийн ойн баяр гэх мэт арга хэмжээнээс гадна дэлгүүр, ресторан, зах, цэцэрлэгт хүрээлэн рүү явах нь 2-3 дахин нэмэгдсэн, энэ үед олон хүний бөөгнөрөл үүсэж Ковид-19 халдварын тохиолдол, тархалтын тоо нэмэгдэх болсон гэж үзэж байна. Иргэд амны хаалт зүүх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, хүн хоорондын зай барих нь буурч, дотоод орчинд хэт олноор цуглах байдал ихэссэнтэй холбоотой Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн. Халдварын тархалт яг энэ чигээр үргэлжилж, ямар нэг хариу арга хэмжээ авахгүй бол, шинжилгээний тоо, иргэдийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахгүй нөхцөлд тохиолдлын тоо наймхан хоногт хоёр дахин өсөх төлөвтэй байна.

-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл мэндийн салбар, ДЭМБ-аас Ковид-19 халдварын тархалт нэмэгдсэн ч урьдчилан сэргийлэх энгийн аргууд (амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, өрөө тасалгааг тогтмол агааржуулах, цэвэрлэгээ хийх, вакцины нэмэлт тунд хамрагдах) үр дүнтэй хэвээр байгааг хэлсээр байна. Зуны дулаан цагт ч өрөө тасалгааг тогтмол агааржуулах нь халдварын тархалтыг хязгаарлах чухал ач холбогдолтой.

-Хувь хүний зүгээс ямар бэлтгэл хангах ёстой юм бол. Дахиад л нэмэлт бустер тун хийлгэх шаардлагатай юу?

-Хувь хүний зүгээс халдвар хамгааллын дэглэмээ сахих, шим тэжээлтэй хоол хүнс, сүү, цагаан идээ, хүнс ногоо, жимс түлхүү хэрэглэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь Ковид-19 халдвар төдийгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн хувьд Монголд одоогоор 18-аас дээш насны иргэдэд дөрвөн тун вакцин, харин 12-17 насны хүүхдүүдэд гурван тун вакциныг өөрсдийнх нь сонголтоор хийж байна. Мэдээж вакцин хийлгэх эсэх нь хувь хүний эрх ч олон улсын судалгаагаар вакцин үр дүнтэй хэвээр гэдэг нь харагдсаар байгаа юм.

Тиймээс архаг суурь өвчтэй, өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, таргалалттай хүмүүс вакцин хийлгэснээр Ковид-19 халдвараар маш хүнд өвдөх, нас барах эрсдэлийг бууруулж болно.

-Хүүхдэд Ковид-19-ийн эсрэг вакциныг наймдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гээд байсан. Энэ нь юу болсон бэ, энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-Ер нь вакцин гэдэг олон төрлийн халдварт өвчнөөс хүүхэд багачууд, насанд хүрэгчдийг хамгаалсаар ирсэн түүхтэй. Тиймдээ ч товлолт вакцинд хүүхэд, багачуудаа хамруулах нь эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг. Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Дээр хэлсэн насны хүүхдүүдэд вакцины дархлаа тогтох чадвар насанд хүрсэн хүмүүсээс өндөр байгаа нь олон улсын судалгаагаар тогтоогдсон юм. АНУ зэрэг олон оронд вакцинжуулалтад хүүхдүүдийг хамруулж эхэлсэн. Манай улсад судалж байгаа. Одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

-Сүүлийн үед Омикроны ВА.1, ВА.2 хувилбар давамгайлж байгаа гэсэн. Мөн өнгөрсөн сарын сүүлээс ВА.4, ВА.5 хувилбар ч бүртгэгджээ. Ер нь манай улсын хүн амын 10 орчим хувьд тархаж эхэлсэн талаар мэдээлсэн билээ. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?

-2022 оны 28-р долоо хоногт коронавируст халдварын нийт 942 шинэ тохиолдол (өмнөх долоо хоногт 692) бүртгэгдэж, тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн байна. Батлагдсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 135 болсон нь ч өмнөх долоо хоногоос нэмэгдлээ. Энэ сарын 14-нд 239 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь тухайн долоо хоногийн нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт байв. Мөн батлагдсан тохиолдлын долоо хоногийн хөдөлгөөнт дундаж өсчээ.-Дээрхтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал ч нэмэгдэж байгаа сурагтай. Мөн хүүхдүүд ихээр өвдөж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-Халдварын тохиолдол нэмэгдэхтэй зэрэгцэн эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ эмнэлгийн ор дүүрсэн гэсэн үг биш юм. ЭМС-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу эмнэлгийн байгууллагууд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Ковид-19 халдвар авсан хүүхдүүдийн хувьд 40 гаруй хувь нь 5-11 настнууд юм. Хүүхдүүдийн өвчлөл насанд хүрсэн хүмүүсээс ялгаатай нь шинж тэмдэггүй байх нь түгээмэл учир далд халдвар ихээхэн байх магадлалтай.

-Коронавируст халдвар дахин сэргэсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас бэлтгэл ажлаа хангах талаар холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгөөд буй. Ажлын явц хэр байгаа бол?

-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд иргэдэд нотолгоонд суурилсан Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн эрүүл мэндийн төвийг мэргэжлийн арга зүйгээр хангах, бэлэн байдлыг хангахад чиглэн ажиллаж байна. Бусад эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу мөн ажлаа хийж байгаа.

-Онцгой байдлын ерөнхий газраас хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг иргэдэд анхааруулсан. Гэтэл өдгөө амны хаалттай хүн ганц хоёрхон л үзэгдэх болжээ. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амны хаалтаа зүүж эрсдэлээс сэргийлэх талаар зөвлөсөөр байгаа. Амны хаалт зүүх нь халдвар авах эрсдэлийг 66-83%-иар бууруулдгийг олон улсын судалгаа харуулсан. Халдварын тархалт нэмэгдэж байна, харшлын улирал ч дөхлөө. Томуугийн эргэлттэй байгаа энэ үед иргэд ялангуяа дотоод орчинд амны хаалтаа хэрэглэхийг зөвлөж байна. Энгийн мөртлөө маш үр дүнтэйг олон улс төдийгүй бид өөрсдөө ч бодит байдал дээр баталсан шүү дээ. Иймд халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа ийм үед иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ бусдаас халдвар авахуулахгүйн тулд амны хаалтаа үргэлжлүүлэн хэрэглэх шаардлагатай.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.147] 2022-07-25 01:08:27

Naadmaas omno soliorohgui yasan be, hen duugui bai gesen be


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.