“ХЯТАД ГАЙХАМШГИЙН ТӨГСГӨЛ. КОММУНИСТ НАМ СИ ХОЁР ХЯТАДЫГ ХААШ НЬ ХӨТӨЛНӨ ВЭ”
Хятадын Коммунист намын ХХ их хуралд зориулсан “BBC”-гийн тоймч Алексей Калмыковын “Хятад гайхамшгийн төгсгөл. Коммунист нам Си хоёр Хятадыг хааш нь хөтлөнө вэ” нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хагас зуун хүрэхгүй хугацаанд ядуу буурай орныг дэлхийн хоёр дахь эдийн засаг болгож, амьжиргааны түвшингээрээ Оросыг гүйцэн түрүүлсэн “Хятадын гайхамшиг” шинэ удирдагчтай болсноос хойш Хятад улс хамгийн муу төлөвлөгөөтэй шинэ таван жилдээ алхан орж байна.
Хятад улс хэд хэдэн хямралд нэгэн зэрэг нэрвэгдэж, коммунистуудын оршин тогтнолд заналхийлэл болж байна. Хятадын өнөө үеийнхэн бүгд Си Жиньпиний үед албан тушаалд очсон бөгөөд 10 жилийн хугацаанд намын толгойд ажиллаж улс орноо удирдсан билээ. Гэхдээ зам нь дардан байсангүй олон бэрхшээлтэй тулгарсан. Хятад барууныхантай муудалцан эдийн засаг нь уруудав. Төмөр нударга, төвлөрсөн төлөвлөлт дээр бооцоо тавьсан нь Хятад улсыг ковидын мөнхийн түгжрэлд оруулж, эзлэн түрэмгийлэгч Владимир Путины хорт холбоотон болгов. Гэсэн хэдий ч Си дарга бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байна хэмээн төлөвлөсөн замаа зогсоохгүй байхаар шийдэв. Ингэхийн тулд 69 настай Си Жиньпин гурав дахь таван жилдээ нам, улс орны тэргүүний суудалд үлдэж, арван жилд даргаа сольж, Улс төрийн товчооны гишүүдийг 68 наснаас хэтрүүлэхгүй тэтгэвэрт гаргадаг байсан Хятадын уламжлалыг таслав.
Өнгөрсөн ням гаригт Си Жиньпин ХКН-ын олон өдрийн хурлыг нээж өмнөх чуулган дээр нэг хагас дахин урт байсан үгээ бодвол хоёр цагийн товч үг хэлж юу ч өөрчлөхгүй гэж хэлэв. Хэлсэн үгнээс нь харахад Си Жиньпин үндсэн таван чиглэлээ хэвээр нь үлдээх юм байна.Улс орны аюулгүй байдлын зэрэгцээ эдийн засаг, технологийн хөгжил нь “нэн тэргүүний зорилт” байх аж. “Нийтийн хөгжил цэцэглэлт”-ийн төлөө хятадуудын дунд баялаг бүтээгчдийн хөрөнгийг хураан баялгийн дахин хуваарилалт явуулах гэнэ. Мөн Тайваньтай “дахин нэгдэнэ” гэдэгт Си Жиньпин эргэлзэхгүй байгаа аж. Гэтэл Хятадад өнөөдөр мөнгө нь улам бүр багасч байна. Си Жиньпинийг төр, засгийн эрхэнд гарах үед буюу 10 жилийн өмнө Хятад улс манай гарагийн хамгийн эрчтэй хөгжиж байсан улс байсан билээ. Дэлхийн санхүүгийн хямрал болсон 2008 оныг ажралгүй давж, 2010 онд Япон улсыг гүйцэж түрүүлж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай болж үндэсний баялгаа хоёр дахин өсгөж, нэг хүнд ногдох ДНБ-ээр Орос болон хөгжиж буй бусад орныг давж чадсан.Тэгвэл Си Жиньпиний үед эдийн засгийн өсөлт жилд 6-8 хувь болон удааширсан бол энэ онд Коммунист нам 5.5 хувь гэсэн бүр ч даруухан зорилт тавьжээ. Харин дэлхийн эдийн засагчид энэ улсыг 3.0-3.5 хувиас илүү гарахгүй гэж байна.
Хятад улс “тэг ковид” гэдэг бооцоо тавьсан бөгөөд эхэндээ энэ нь эдийн засгийн өсөлтийг сэргээхэд тусалсан. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөх тусам эрт баярлаж байсан нь тодорхой болов. Өнөөдөр Хятад улс гурав дахь жилдээ ковидын байнгын “түгжрэлд” амьдарч байна. Бүхэл бүтэн том хотуудын иргэд байшиндаа түгжигдэх нь хэвийн үзэгдэл болсноор хэрэглээ, худалдаа, аялал жуулчлалд сүйрэл учирч, эдийн засаг удааширч, нийгмийн дургүйцэл нэмэгдсээр байна.
Си Жиньпин чуулганы үеэр хэлэх үгэндээ хорио цээрийн дэглэмийг хөнгөвчлөх байх хэмээн олон хүн хүлээж байсан ч талаар болов. Үнэндээ үр дүнтэй вакцингүй, ковидоор өвчилсөн иргэдэд энэ өвчнөөс хамгаалах дархлаа тогтохгүй байгаа бол 1.5 тэрбум хятадыг хорионоос гаргах нь мэдээж эрсдэлтэй явдал. Жишээлбэл, хүн ам нь дөрөв дахин цөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо нь Хятадаас хамаагүй муу АНУ-д л гэхэд сая гаруй хүн ковидоор нас барсан.
Хятадын гол хямрал, бэрхшээл нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл болоод байна. Энэ бэрхшээл дөнгөж эхэлж байгаа бөгөөд дахиад хэдэн жил Си Жиньпиний толгойны өвчин болно гэдэг нь тодорхой болчихоод байна.
Сүүлийн жилүүдэд барилгын үнийн хурдацтай өсөлт нь Хятадын эдийн засгийн нийт өсөлтийн ойролцоогоор 25 хувийг эзлэн асар их хувь нэмэр оруулсан. Хятадын хүн амын нийт баялгийн гуравны хоёр нь орон сууц юм. Орон сууцны хөрөнгийн өсөлт нь 1990-ээд онд хятадууд орон сууц худалдан авах боломжтой болсноор эхэлж, хотжилтоор үргэлжлэн гол хөрөнгө оруулалт болсон ч Си-гийн засагласан сүүлийн жилүүдэд дамын наймааны гол объект болсон. Зах зээл дээр үнийн хөөс үүссэн учир хоёр жилийн өмнөөс эрх баригчид үнийг боломжийн түвшинд хүргэж, хоосон газар оруулсан мөнгийг бусад хэрэгцээт салбарын хөрөнгө оруулалт болгож, зөв хэрэглээ рүү чиглүүлэхийн тулд уг хөөсийг багасгахаар шийдсэн.Тэд хөрөнгө оруулагчдад зээл олгох нөхцөлийг чангатгаж, эрсдэлтэй хэд хэдэн компанийг дампууруулсан. Ийнхүү үнэ буурснаар хүмүүс орон сууц худалдан авахаа хойшлуулж, урт хугацааны барилгын ажил шаарддаг моргейжийн зээлд хамрагдахаас татгалзаж эхэлсэн. Энэ бүхэн Хятадын банкуудад хүндрэл учруулсан.
Хятад улсын орон сууцны үл хөдлөх хөрөнгийн нийт үнэ 52 их наяд ам.доллараар үнэлэгддэг. Хэрэв Хятадын эрх баригчид энэ хямралыг даван туулж чадахгүй бол байдал хяналтаас гарч, 1990-ээд оны эхээр Япон, 2008 онд АНУ-д тохиолдсон шиг эдийн засгийн уналтад орж магадгүй юм. Гэхдээ асуудал зөвхөн орон сууцны зах зээлээр хязгаарлагдахгүй гэдэг нь тодорхой байна.
Хятад улс хөгжингүй улсуудыг гүйцэх боломжоо шавхсан бөгөөд эрх баригчид үүний оронд хөгжиж буй эдийн засгийн замаас хэрэглээнд суурилсан хөгжингүй загвар руу шилжүүлэхээр оролдож эхлэв. Гэсэн хэдий ч эд баялгаас хөгжил цэцэглэлтэнд хүрэх зам нь ядуурлаас гарах явдлаас илүү урт бөгөөд хэцүү зүйл байдаг.
Си Жиньпин Хятадад орчин үеийн социализмыг амлаж байна. Гэхдээ үүнд нь нэгдүгээрт, хүн ам зүй нь саад болно. Нэг хүүхдийн бодлого Хятадыг хөгширсөн орон болгосон. Мөн залуучуудын дунд ажилгүйдэл бараг 20 хувь байна. Хоёрдугаарт, өсөлтийн хөдөлгөгч хүч болох хотжилт, үйлдвэржилт нь хүчээ шавхчихаад байна.Боломжтой бүх хүмүүс аль эрт тосгоноос хот руу нүүсэн бөгөөд энд хятадуудын 60 гаруй хувь нь амьдарч байна. Аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн салбарт дутагдаж байсан бүх зүйл аль хэдийн баригдаж дууссан. Иймээс ядуу байсан жилүүдэд хуримтлагдсан эрэлт нийлүүлэлтийн хурд хамаагүй удааширсан гэсэн үг. Дотоодын эрэлтийн бууралтыг гадаад эрэлтээр нөхөх боломжтойч энд ч бас асуудал бий.
Цар тахал даяаршлыг эрс удаашруулж, дэлхийн барааны үйлдвэр, дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл, дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч, дэлхийн худалдааны тэргүүлэгч гүрэн болох Хятад улсын байр суурийг ганхуулан алдагдуулсан. Мөн цар тахлын дараа хөгжингүй эдийн засагтай улсууд дээд амжилт тогтоогоод буй инфляцийг даван гарахын тулд зээлийн бодлогоо зогсооход хүрэв. Ийнхүү хөгжингүй улсуудын хүн ам, аж ахуйн нэгжүүд мөнгөө хэмнэж эхэлснээр юуны түрүүнд гол нийлүүлэгч Хятад улсын барааны хэрэглээ эрчимтэй буурч байна.
ОХУ-ын Украины эсрэг түрэмгийллийн улмаас дэлхий нийт 2,8 их наяд ам.долларын алдагдалд оров.Оросуудын өдөөсөн дайны үр дүнд дэлхийд эрчим хүчний хямрал өрнөж, барууны хэрэглэгчид Хятадын барааг худалдан авах мөнгө бүр ч багасах болсон. Хятадын Оросын эрчим хүчний нөөцийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авах түр зуурын ашиг нь ч энэ улсын алдагдлыг нөхөхгүй болсон.Хятадад хямд эрчим хүч бус бүтээгдэхүүнийг нь худалдан авагч хэрэгтэй. ЗХУ оршин тогтнож байсан 1990 оноос хойш анх удаа газрын тосны эрэлт энэ жил гурван хувиар буурав. Харин 2030 оноос хойш л хийн хэрэглээ эрс нэмэгдэх байх. Мөн Оросын нүүрс Хятадын хэрэгцээний ердөө нэг орчим хувийг хангадаг. Путины дайны Хятадад үзүүлэх хоёр дахь таагүй үр дагавар бол барууны улсуудтай зөрчилдөөнийг нь улам хурцатгаж өгсөн явдал юм. Хонконгийн эрх чөлөөг дарангуйлж, уйгурчуудыг хэлмэгдүүлсэн, Тайванийн эсрэг явуулж буй бодлогоос нь болж Хятадтай барууны харилцаа аль хэдийн хурцдаад байна. Товчоор Си Жиньпиний сүүлийн үед явуулсан бодлого Хятад улсыг барууны стратегийн гол дайсан гэсэн байр суурийг улам л бататгасаар байна. Си Путин Украин руу түрэмгийлснийг буруушаахаас татгалзсан нь уг харилцааг бүрмөсөн сэвтүүлэв. Гэхдээ Хятад Оросыг зэр зэвсэг, мөнгөөр биш зөвхөн дипломат аргаар дэмжиж байгаа тул АНУ өнөөг хүртэл хоёрдогч хориг арга хэмжээ авахгүй байгаа юм. Гэвч Жо Байдены засаг захиргаа Дональд Трампын үед тохирсон худалдааны хязгаарлалтыг цуцлаагүй төдийгүй Хятад руу технологи дамжуулах хоригийг улам чангатгаад байна.
Одоо тулгараад байгаа асуудлууд хурдан шийдэгдэхгүй боловч Хятад улсын эдийн засаг жилд 4 хувиар өснө гэж эдийн засагчид таамаглаж байна. Энэ хурдаар Хятад улс ирэх арван жилийн дундуур л эдийн засгийн хэмжээгээр АНУ-ыг гүйцэж, гүйцэх болно. Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж, барууны орнууд эдийн засгийн хямралаас зайлсхийж чадвал Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувиас давж магадгүй юм. Тэгвэл 2020-2035 он хүртэл эдийн засгаа хоёр дахин өсгөх Коммунист намын тавьсан зорилт биелнэ гэж “Bloomberg Economics”-ийн эдийн засагчид тооцоолжээ.Үүнийг хийхийн тулд Хятад ковидыг зогсоох, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хямралыг хурдан даван туулахаас гадна тэтгэврийн насыг нэмэгдүүлэх, хүн амын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зэрэг зовлонтой, өндөр өртөгтэй шинэчлэл хийх шаардлагатай болно. Мөн Хятадын төр, засгаас томоохон хувийн бизнесийн хөрөнгөнд халдах явдал, барууны улсуудаас үзүүлэх нөлөөлөл зэрэг нь таагүй бас хор хөнөөлтэй зүйл болно.
Хятад улс өөрийн нөлөөллийн хүрээг тэлэхийг хичээж, гадаадад идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна. Тэрээр дэлхийн хамгийн том армитай, цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд суудалтай улс.Гэсэн хэдий ч түүнд эдийн засгийн хувьд барууны орнуудтай өрсөлдөхөд хэцүү хэвээр байх болно. Өнөөдөр Хятадын ДНБ 20 их наяд доллар буюу дэлхийн эдийн засгийн 20 орчим хувийг эзэлж байна. Харин АНУ-д 25 хувь, өндөр хөгжилтэй орнуудад 60 хувь нь оногдож байна.
Си Жиньпинд энэ бүх асуудалд хариулахад ердөө таван жил л үлдээд байна. Үндсэн хуулийн өөрчлөлт нь түүнд насан туршийн засаглалыг бий болгож чадахгүй. Таван жилийн дараа дахин их хурал, дахин нууц тэмцэл өрнөнө. Энэ хугацаанд түүний хийх ажлаас улс орон нь хаашаа, яаж, хэрхэн хөгжих нь шууд хамаарна.
“Коммунист намын улс төрийн бодлого нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад суурилдаг. Дундаж хятадууд бүх зүйл сайнгүй байгааг мэдэх болно. Иймээс Хятад улсын сүүлийн хэдэн арван жил дассан өсөлтийн хурдыг сааруулах нь өөрөө сорилт болж байна гэж Сингапурын “RSIS” судалгааны төвийн Коллин Кох тайлбарлав.
Си Жиньпин дарангуйллыг бэхжүүлэх, баялгийн дахин хуваарилалт, барууны улсуудтай зөрчилдөх зэрэгт ихээхэн “амжилт” гаргасан. Энэ арга нь цаашид ажиллаж чадах эсэхийг таван жилийн дараа мэдэх болно. Хэрвээ Си Жиньпин дөрөв дэх удаагаа удирдагчийн суудалд үлдвэл 10 жилийн дараа Хятад 20 жилийн эрх мэдэлтэй 80 настай удирдагчтай байх болно.
Түүхэн туршилт ид өрнөн явагдаж байна.
Орчуулсан Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл
Зочин [83.185.42.137] 2022-10-18 05:57:43
Эх сурвалж нь байхгуй үгийн сонголт муу улс төржсөн, барууны хэвлэлийн гол санааг шууд тулгасан за манай дийлэнх хэвлэл мэдээлэл худалдагдсаныг яруу тодоор харуулж нийтлэл байлаа.