Б.АРИУНБОЛД: ЦИРКИЙН УРЛАГИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ГАЙХАМШИГ БОЛ ИТГЭЛ
“Bravo Circus” нэгдлийн продюсер Б.Ариунболдтой ярилцлаа.
-“Bravo Circus” олон улсын циркийн тоглолтыг өнгөрсөн оны аравдугаар сард хийж үзэгч олондоо хүргэсэн. Энэ удаагийн “Bravo Circus-2” тоглолтын талаар танилцуулаач?
-“Bravo Circus” хамгийн анхны тоглолтоо өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 28-ны хооронд хийж амжилттай өндөрлөсөн. “Bravo Circus-2” тоглолтыг гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл сурагчдын амралт болон инээдмийн баярыг тохиолдуулан хийнэ. Одоогоор тоглолтын бэлтгэл ажил 90 хувьтай явж байна.
-Тоглолтын бэлтгэл ажлыг хангахад хүндрэлтэй асуудал тулгарч байна уу?
-Бид Монголд сүүлийн 15 жил тоглогдоогүй агаарын хаан номерыг анх удаа циркийн тайзнаас өөр талбай болох Бөхийн өргөөнд тааруулан тохируулж үзэгчдээ баясган тоглолт хийх гэж буйгаараа илүү онцлогтой байна. Энд хийхийн тулд маш олон тоглолтын хэрэгсэл аппарат бэлтгэх зэрэг ажлын ачаалалтай ажиллаж байна. Техникийн ажилчдын хорь гаруй хүмүүс ганцхан номерыг хийхийн тулд зүтгэж байна.
-Циркийн тоглолтод ямар уран бүтээлчид, амьтад оролцох вэ?
-“Bravo Circus-1” дээр бид циркийн манеж дээр тоглолтоо үзэгч олондоо хүргэж байсан бол одоо тайзтай буюу тайзны хэлбэрээр тоглолтоо хийнэ. Тиймээс тоглолтод жижиг амьтдыг сонгож авч ирсэн. “Bravo Circus-2” тоглолтын үзүүлбэрт гурван төрлийн амьтад үзүүлбэр үзүүлнэ. Үүнд, агаараар нисэгч буюу 15 тагтааны агаарын үзүүлбэр, муур, нохойн (пудель) шилдэг үзүүлбэрүүд тоглогдох юм. Онцлох номер гэвэл агаарын хаан буюу агаараар нисгэгчид гэдэг олон жилийн дараа Монголд тоглогдох гэж буй шилдэг номер байна. Тоглолтод БНХАУ, Франц, Перу, Беларусь, Эстони, Япон, Молдав, ОХУ, Киргиз, Казахстаны жүжигчид оролцоно. Мөн Монголын шилдэг жүжигчдийг шигшин, шалгаруулж оролцуулж байна. Нийт арван улсын уран бүтээлч буюу 88 жүжигчид оролцсон хоёр цагийн хөтөлбөр тоглогдох гэж байна. Тус тоглолтыг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатар хөтөлж, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт найруулагч найруулж үзэгч түмэндээ хүргэнэ.
-Өмнө нь “Bravo Circus” тоглолтыг үзэгчдэд хүргэсний дараа орон нутгийн үзэгчдээс ирж тоглооч ээ гэсэн хүсэлт их ирсэн гэсэн үү?
-Тийм, бид энэ жил Дархан, Эрдэнэт хотод тоглох төлөвлөгөөтэй байсан боловч тоглолт хийх заал, үзэгчдийн суудал олон улсын тоглолт хийхэд дутагдалтай байгаа учраас энэ жилдээ түр хойшлуулсан. Гэхдээ 2024 оны дөрөвдүгээр сард хөдөө, орон нутагт буюу Дархан, Эрдэнэтэд тоглолтоо зохион байгуулна гэсэн бодолтой байна. Учир нь Дарханд циркийн тоглолтоо хийх том заал баригдаж, тэр үед ашиглалтад орчих юм билээ. Тэгэхээр санал тавьсан хотуудаар явж хөдөө орон нутгийн үзэгчдээ орхихгүйн үүднээс эрсдэл гарган циркийн тоглолтоо хийхийг төлөвлөсөн байгаа.
-Циркийн тоглолт үзэх нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Бага насандаа гэр бүлтэйгээ үзсэн ямар нэг урлагийн тоглолт нь их тод мартагдашгүй дурсамж болж үлддэг. Циркийн тоглолтыг ямар ч насныхан үздэгээрээ энэ урлаг илүү давуу талтай. Дэлхийд хүүхдийн жүжиг, хүүхдийн кино, хүүхэлдэйн кино, музей, цирк гэсэн урлагийн таван жанрт циркийн урлаг яалт ч үгүй багтсан байдаг. Тиймээс циркээс хүүхдийн хөгжил, хүмүүжлийн олон сургалтыг шингээж авах боломжтой юм.
-Тоглолт нь ямар давтамжтайгаар хэдэн хоног тоглогдох вэ?
-“Bravo Circus-2” тоглолт гуравдугаар сарын 24-ний 20:00 цагаас эхэлнэ. Их хотын түгжрээ, үзэгч, түмэн олны ажлын цагийн хуваарийг бодолцож гэр бүлээрээ ирж үзэх учраас 20:00 цаг нь илүү таарч тохиромжтой байгаа учраас сонгосон юм. Амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 20:00 цагаас гэсэн гурван тоглолтын цагийг хооронд нь зайтайгаар тавьж өгсөн. Түүнчлэн даваа, мягмар, лхагва зэрэг ажлын өдрүүдэд 20:00 цагаасаа тоглолтоо зохион байгуулна. Дээхнэ үед циркийг ажлын өдрүүдэд тоглож үзэгчдэдээ хүргэдэг байсан. Үүнийг бид яагаад сэргээж болохгүй гээд сэргээсэн юм. Энэ жилийн тоглолт маань сургуулийн сурагчдын амралт, инээдмийн баяртай мөн сайхан урин дулаан налгар сайхан цагтай таарч байна. Бүх зүйлс нь тохирсон сайхан тоглолт болох нь гэж харж байна.
-Цаашдаа илүү сонирхолтой олон улсын циркийн тоглолтыг ямар хугацаанд зохион байгуулах вэ?
-Циркийн тоглолтыг бид жил бүр өөр, өөр улсын өөр, өөр үзүүлбэр, жүжигчдийг урьж авчирч үзэгч олондоо хүргэхээр төлөвлөсөн. Циркийн тоглолт жилдээ 1-2 удаа тоглогддог жишгийг сэргээхийн тулд жилд хоёр удаа буюу дөрөв, аравдугаар сард том хөтөлбөр гаргаад төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Жил бүр тоглолт маань өөр өөрийн өвөрмөц өнгө аястай явагдана. Энэ жилийн хувьд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Хатанбаатартай хүүхэд хөтөлнө. Гол дүрийн энэхүү хүүхдийг 200 гаруй хүүхдийн дундаас сонгож оролцуулж байна.
-Циркийн урлаг гэж таны хувьд юу вэ?
-Циркийн урлаг бол гэр бүлд халуун дулаан уур амьсгал бэлэглэдэг урлаг. Циркийн урлаг гэдэг зөвхөн амаараа ярих биш, бүтэн өөрийн биеэр гоо сайхныг үзүүлдэг. Түүнчлэн 70 хувь нь спорт, биеийн гайхамшиг үзүүлэх, 30 хувь нь урлагийн нүүр будалт, урлагийн нарийн, торгон мэдрэмжийг өгөх төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх ажил байдаг. Циркийн урлагийн хамгийн чухал гайхамшиг бол итгэл. Жүжигчид бие биедээ итгэж байж агаар дээр нисэж, холбоо сүлбээтэйгээр тоглоно шүү дээ. Нэг минут, секунд, доль дээр анхаарал сулрахад л алдаа гардаг учраас бүх зүйл төлөвлөгөө, ахлагчийн командын дагуу байдаг, бусад урлагаас илүү торгон мэдрэмж шаарддаг.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.34] 2023-03-20 10:21:01
Сайн бна, та нар Дагвадорж Сумьяабазарт урилга өгч үзүүлээрэй, Долгорсүрэн зааны гэр бүл Монголын хүүхдүүдийн төлөө их зүйл хийсэн.....