Э.ЗОЛЗАЯА: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ҮР ХҮҮХЭД НЬ ТӨЛӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ. ИЙМ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БАЙХГҮЙ

Aдмин / Хууль

Хуульч, өмгөөлөгч Э.Золзаяатай ярилцлаа.

-Арилжааны банкнаас тэтгэврийн зээл авсан ахмад настнууд нас барсан тохиолдолд зээлийг үр хүүхэд нь үргэлжлүүлэн төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд хэр зөв үйлчлэл юм бэ?

-1994 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийг Тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагч авах эрхтэй байхаар тусгасан байдаг. Уг хуулийн зургадугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагчид нас барсны дараагийн сар дуустал олгоно гэж заасан.

Мөн энэ хуулийн 26.1-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасны дагуу банкуудаар дамжуулан иргэдийн тэтгэврийг олгож байгаа юм.

Тэтгэврийн зээл нь банкны зээлийн нэг төрөл учраас банкнаас зээлийн үйлчилгээ авах иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.

Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар даатгуулагчид тэтгэврийн зээл олгох, улмаар даатгуулагч нас барсан бол уг зээлийг өвлөгч нь төлөх зохицуулалт байхгүй боловч хуульд заасны дагуу тэтгэврийг банкаар дамжуулан олгодог. Банк харин үйлчилүүлэгчтэйгээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн дагуу Зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээлийг олгож байна.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зээлийг өвлөгч төлөхгүй юм байна шүү дээ. Тэгвэл яагаад өнөөдөр нас барсан өндөр настны үр хүүхэд зээлийг үргэлжлүүлэн төлөөд байдаг юм бэ?

-Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дахь хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.

Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч нас барсан ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэдэг. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээдэг.

Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь нас барсан зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй болчихдог. Банк тус хуулийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлдэг. Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч нас барсан бол зээлийн гэрээ дуусгавар болно.

-Банкны энэ үйлдэл хэр зөв зохистой, шударга ёсонд нийцэх вэ?

-Тэтгэвэр авагч иргэн Тэтгэврийн зээл авахдаа банктай зээлийн гэрээ байгуулдаг. Гэрээ байгуулахад банкнаас хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байхыг шаарддаг тул жишээ нь хүүхдээ хамтран зээлдэгчээр оруулчихдаг. Ингээд тэтгэвэр авагч иргэн нас барахад Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь, эсхүл Иргэний хуулийн 515-538 дахь зохицуулалтын дагуу өвлөгч нь өвлөн авсан хэмжээгээрээ өвлүүлэгч буюу зээлдэгчийн банкнаас авсан зээлийг өөрийн өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр төлөх үүрэг хүлээдэг.

Уг нь гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж байгаад зээлдэгч нь нас барсан тохиолдолд зээл уг нь эрсдэл болж үлддэг. Харамсалтай нь банкны зүгээс бизнесийн ёс зүй, хууль тогтоомжийг зөрчиж, хүүхдүүдээс нь энэ зээлийг та төлөх үүрэгтэй, та төлөхгүй бол шүүхийн журмаар төлүүлнэ гэж айлган сүрдүүлэх байдлаар зээлийг төлүүлэх хандлага харагддаг.

Угтаа бол энэ зээлд банк, өндөр настан хоёр л оролцож байгаа. Субъект нь өндөр настан болохоос хүүхэд нь биш. Иргэдийг хууль мэдэхгүйг далимдуулж зээлийг төлүүлдэг. Нэг ёсондоо шууд зээлийг төлөх үүрэгтэй гэдэг ойлголт үүсээд удаж байна.

-Саяхан “Алтжин” компанийн захирал Г.Алтан нас барсан харамсалтай явдал болсон. Нас барсан хүний нэрийг дурдаж байгаа нь учир дутагдалтай ч зээлийн төлөлтийн тухайд хөндөх асуудал үүсээд байна. Тухайн хүн өөд болсноор холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон гэж шүүхээс мэдээлж байгаа. Мөн улсад учруулсан хохирол нь ч холбогдогч өөд болсон учраас хэрэгсэхгүй болж байгаа гэсэн мэдээлэл бий. Хэрэв тийм бол банкны тэтгэвэрийн зээлийн дээрх асуудалтай харшлаад байна шүү дээ. Хуульч хүний хувьд та энэ талаар тайлбарлаж өгөөч?

-2017 оны тавдугаар сарын 18-ны өдөр батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нас барсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй байхаар зохицуулсан байдаг. Шүүгдэгч, яллагдагч нас бараад хохирогч, болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гарвал ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг. Ердийн журмаар хянан шийдвэрлэнэ гэдэг нь шүүх хуралдаан болж, гэм бурууг тогтооно гэсэн үг.

Мөн залилангийн шинжтэй гэмт үйлдэлд залилан хийсэн шүүгдэгч, яллагдагч нас барсан тохиолдолд залилангийн аргаар олж авсан үл хөдлөх хөрөнгө эсхүл авто тээврийн хэрэгсэл ч гэдэг юм уу, үүнийг хууль ёсны өмчлөгчид нь шууд буцаан шилжүүлдэг зохицуулалтууд бий.

Гомдол гаргаад ердийн журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч гэм буруутай боловч хэргийг хэрэгсэхгүй болгоно, эд хөрөнгийн хохирол байвал Иргэний журмаар өвлөгчдөөс нэхэмжлэх боломжтой. Өвлөгч байхгүй мөн өвлөх эд хөрөнгө байхгүй тохиолдолд эрсдэл болоод дуусна гэсэн үг.

-Хохирлыг төлөхгүй байх хуулийн зохицуулалт байна гэж ойлголоо. Тэгвэл тэтгэврийн зээл аваад нас барсан иргэдийн зээлийг хүүхдүүд нь төлдөг зохицуулалт яагаад байгаа хэрэг вэ. Шударга ёсны хувьд энэ хоёр агуулга зөрчилдөж байгаа хэрэг биш үү. Магадгүй талийгаач Г.Алтангийн кэйсээр тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөхийг зогсоож болох биш үү?

- Тэтгэврийн зээлийг үр хүүхэд нь төлөх үүрэг хүлээхгүй. Ийм эрх зүйн орчин байхгүй. Хэрэв тэтгэврийн зээлтэй өндөр настанд орон сууц, газар, тээврийн хэрэгсэл гэх мэт өвлөгдөх хөрөнгө байгаа тохиолдолд энэ хөрөнгийг үр хүүхдүүд нь өвлөж авах хүсэлт гаргаж болно.

Ингэж гаргасан тохиолдолд тэр хүний өвлөсөн хөрөнгөтэй хамт бусдын өмнө хүлээж байгаа үүрэг, хариуцлага буюу банкны өр зээлийг өвлөж авна. Энэ хүрээндээ л төлж барагдуулна. Энэ утгаараа банкны өр зээлийг үр хүүхдүүд нь барагдуулж байгаа юм шиг харагдаж байгаа юм. Түүнээс биш өвлөгдөх харилцаа үүсээгүй байхад банкны өмнө үр хүүхдүүд нь нас барсан хүний өмнө өр төлбөр хариуцах ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй. Харин хамтран зээлдэгч, батлан даагчаар Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тохиолдолд Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүснэ л гэсэн үг.

Мөн ялгаагүй “Алтжин” компанийн захирал талийгаач Г.Алтангийн үр хүүхэд, эцэг эх гэх мэт хуульд заасны дагуу өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэр өв хөрөнгийг өвлөөд бусдад өгөх өр төлбөртэй шүүхийн шийдвэр байвал, тухайн шийдвэрийн дагуу төлөх үүрэг хүлээнэ. Нас барсан хүний ялыг түүний хамаарал бүхий эцэг эх, үр хүүхэд буюу өвлөгч нь тухайлбал торгох ял өглөө гэхэд ийнхүү ялыг хамааруулж өгнө гэсэн үг биш. Гэм буруутай гэдгийг тогтоогоод нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож болно. Гэхдээ учирсан хохирлыг хууль ёсны өвлөгчөөс хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [124.158.95.5] 2023-03-28 10:42:09

үр хүүхэд нь эцэг эхээрээ зээл авахуулаад даший шог болдог тохиолдло бас байдаг бололтой. ААВ, ЭЭЖЭЭ хайралцгаа хүмүүсээ

Зося [150.129.140.138] 2023-03-27 15:22:02

Алтанд өчнөөн өв хөрөнгө үлдсэн хүүхдүүд нь ухамсартай болшдээ улсыг хохиролгүй болгож ээжийнхээ нэрийг цэвэрлэх хэрэгтэйшдээ даанч хулгайчийн хүүхэд хулгайч л бгаа

Өвгөн [202.9.47.62] 2023-03-27 11:24:27

Тэт.зээлтэй хөгшинииг татаж чангаасанаараа бурхан төлөх ёстой гсэн хууль баталчихоо яршиг..

Зочин [66.181.189.46] 2023-03-26 22:58:40

Урьд нь ингээд төлүүлсэн бол шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж болох уу.

Зочин [202.9.46.64] 2023-03-26 16:32:01

Тэтгэвэрийн даатгал төлсөний хэрэг байна уу? Хөгширсөн хойноо улны тэтгэвэр авч яах юм.

Хүүхдүүдийнх нь хөрөнгийг барьцаал. [139.5.218.33] 2023-03-26 14:20:33

Зээл авсан л бол зээлээ эргэж төлдөг байх ЁСТОЙ. Зээлээ төлөх хөрөнгөгүй буюу насгүй бол тийм хүнд банкууд зээл олгох ЁСГҮЙ. Иймд хөгшин хүнд зээл олгож байгаа бол настай хүний ХҮҮХДҮҮДИЙНХ нь хөрөнгийг барьцаална биз. Тэрнээс биш хүүхдүүд нь "Зээл авчихсан манай аав ээж бурхан болоосой. Бид ямар түүнийг нь төлөх биш" гээд үлдэж болохгүй.

Зочин [66.181.189.46] 2023-03-26 23:01:06

30 жил НД төлөөд 1 жил тэтгэвэрээ авч чадахгүй нас барсан хүний хүүхдүүдээр зээлийг нь төлүүлсэн жишээ мэдэх юм.

Зочин [202.126.88.131] 2023-03-26 12:09:09

Хуулийн цоорхойг мэддэг нь хамтран зээлдэгчгүй ганцаараа авчихдаг, банк ч өгчихдөг/ Алтан хүүхэд ар гэрээ оруулаагүй/ Иргэд болохоор хуулийн гажуудлыг мэддэггүй, бас банкны хууль бус луйвар тэтгэврийн зээлэнд хамтран эзэмшигчгүй бол олгохгүй гээд үр хүүхдийг нь оруулж аваад дараа нь тэднээр төлүүлдэг ийм л гаж алагчилсан тогтолцоо үйлчилдэг юм бна.Анхаар! СЭРЭМЖИЛ! Үндсэн хуулинд тэгш эрхтэй байх зарчмыг банк зөвхөн эрх мэдэлтэнд олгодог бна.

Зочин [192.82.69.125] 2023-03-25 21:50:41

Банкныхны бохир худлаа луйвар талдаа асуудлуудыг тоолвол овоо олон орон тоо гарах биз банк нь луйврын хууль зохиож өөр хүмүүсийг асуудалдаг оруулдаг байж дээ

Зочин [202.126.89.88] 2023-03-25 18:52:44

Үлдэгсэд талнө гэдэг байж болохгүй заалт банкууд луйвар хийж байгаан

Зараа [124.158.66.107] 2023-03-25 15:00:19

энэ хүүхдийн юу ярьсныг огт ойлгосонгүй, ямартаа ч төр нь хууль батлаад банк нь түүнийх нь дагуу иргэнээ дарамталж байгаад хүссэн хүсээгүй өрийг нь ард үлдэгсдээр нь төлүүлнэ гэдэг нь баараггүй юм байна гэсэн ойлголт авлаа

Зочин [192.82.73.40] 2023-03-25 12:39:33

Юун хачин юм бичдэг юм эд хөрөнгийг өвлөж аввал зээл төлнө гэх шиг хөрөнгийг нь үр хүүхэд нь авалгүй яаадаг юм харин тэтгэврийн зээлтэй нас барвал зээлийг нь үр хүүхэдээр нь төлүүлэхгүй байх хэрэгтэй гэж хууль гаргаач

зочин [202.9.40.233] 2023-03-25 11:31:07

хамгийн тэнэг асуудал үр хүүхдээ өрөнд оруулаад үхэхийг хэн хүсэхийм ,,,,,,,,,,,,,


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.