Сарны шилэн бөмбөлгүүдийн дотроос ус илрүүлжээ

Aдмин / Технологи

Судлаачид сансрын чулуулаг биетүүд Сарны гадаргуутай хүчтэй мөргөлдсөний улмаас үүссэн шилэн бөмбөлгүүдийн дотроос ус олж илрүүлжээ. Энэхүү судалгааны талаар даваа гарагт “Nature Geoscience” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Судалгаагаар бөмбөлгүүдэд хуримтлагдсан усны хэмжээг ойролцоогоор 270 их наяд кг гэж тооцоолсон байна. Сарыг удаан хугацааны туршид усгүй гэж үздэг байсан боловч хуурай биш гэдгийг нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанууд харуулсан билээ. Энэхүү нээлт нь тэдгээрийн үр дүнтэй нийцэж байна.

Эдгээр шилэн бөмбөлгүүд хэрхэн үүсдэг вэ?

Хятадын Шинжлэх ухааны академийн судалгаагаар 2020 онд Хятадын “Chang'e-5” аппаратаар Сарны гадаргуугаас цуглуулсан 117 шилэн бөмбөлгийг судалжээ. Маш нимгэн агаар мандлын давхаргатай Сар жижиг солируудын бөмбөгдөлтөд өртсөнөөр шилэн бөмбөлгүүд үүсдэг байна. Уг үзэгдлийн улмаас үүссэн дулаан нь Сарны гадаргуу дээрх эргэн тойрон дахь “материалыг” хайлуулж, улмаар хөрөхдөө бөмбөлөг болж хувирдаг байна.

Усны молекулууд хэрхэн үүсдэг вэ?

Устөрөгч ба хүчилтөрөгчийн молекулуудаас бүрддэг ус нь молекулуудад зориулсан “далайн хөвөн” шиг үүрэг гүйцэтгэдэг бөмбөлгүүдэд хадгалагддаг. Нарны салхи гэдэг нь Нарны агаар мандлаас Нарны аймаг даяар ялгарах цэнэгжсэн бөөмсийн урсгал юм. Судалгааг хамтран бичсэн, Их Британийн “Open University” их сургуулийн профессор Махеш Анандын хэлснээр, усны молекулууд үүсэхэд шаардлагатай устөрөгч нь нарны салхинаас гардаг байна. Харин хүчилтөрөгч нь Сарны тал орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд чулуулаг, эрдэс бодисууд дотор хадгалагддаг.

Бөмбөлгүүдээс ус гаргаж авахад цельсийн 100 орчим хэмийн дулаан хангалттай гэж М.Ананд ярьжээ. Судлаачдын хэлснээр, нарны салхи сарны гадаргуутай харилцан үйлчилдэгтэй холбоотойгоор Саран дээр усны тогтвортой эргэлт буй болж магадгүй байна. Түүнчлэн Буд зэрэг нарны аймгийн бусад гаргууд болон биетүүд нь нарны салхинаас үүссэн устай байж магадгүй байна. “Ус бол гаргийн гадаргууг тогтвортой судлах боломжийг олгодог хамгийн хэрэгцээтэй хүчин зүйл юм” гэж судалгааг хамтран бичсэн өөр нэгэн судлаач Сен Ху хэлжээ. “Сарны гадаргын орчимд ус хэрхэн бий болж, хадгалагдаж, нөхөгддөгийг мэдэх нь ирээдүйд судлаачид судалгааны зорилгоор гаргаж авах, ашиглахад маш их хэрэгтэй юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.