Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ
Их Британийн Даремын их сургуулийн эрдэмтэд Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ. Хэт их масстай уг хар нүхийг биднээс 2.7 тэрбум орчим гэрлийн жилийн алсад орших “Abell 1201” хэмээх асар том галактикийн бөөгнөрлийн төвөөс илрүүлсэн байна.
Судалгааны талаарх нийтлэлийг бичигч, дээрх их сургуулийн физикийн тэнхимийн эрдэмтэн Жеймс Найтингейлийн хэлснээр, уг хар нүх нь урьд өмнө илрүүлж байсан хамгийн том хар нүхнүүдийн нэг юм. Онолын хувьд энэ нь хар нүх хэр том болж чадах дээд хязгаар тул энэхүү нээлтийг гайхалтай гэж хэлж болно. Бидний судалгаа одон орон судлаачдад илүү том хар нүхнүүдийг нээх боломжийг нээж өгч байна хэмээн тэрбээр ярьжээ.
Ихэнх хэт их масстай хар нүхнүүд идэвхтэй байдаг бөгөөд хар нүхэнд татагдсан материуд халж, гэрэл хэлбэрээр энерги ялгаруулдаг. Харин шинээр нээсэн хэт их масстай хар нүх нь “унтаа” хар нүхнүүдийн ангилалд хамаардаг аж. Ийм хар нүхнүүдийг уламжлалт аргаар илрүүлэхэд маш хэцүү байдаг.
Даремын их сургуулийн эрдэмтэд судалгаагаа Их Британийн сансрын агентлаг, Хааны нийгэмлэг, Шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон Европын судалгааны зөвлөлийн дэмжлэгтэйгээр хийжээ. Нарны массаас хэдэн сая, тэрбум дахин их масстай хар нүхнүүдийг хэт их масстай хар нүх гэж нэрлэдэг. Эдгээр нь олон галактик, түүний дотор Сүүн замын төвд оршдог. Хэт их масстай хар нүхнүүд нь манай Орчлон ертөнц үүссэн цагаас л оршин байсныг одон орны физик ажиглалтууд харуулдаг ажээ.
Сэтгэгдэл
Зочин [103.212.117.15] 2023-03-30 19:05:17
Ойлгосонгүй