ХУУЛЬЧ Ч.ӨНӨРЖАРГАЛ: ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХУУЛИЙН ПРОЦЕССЫН АЖИЛЛАГАА ЯВАГДААГҮЙ

Aдмин / Хууль

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн талаар хуульч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.


-Засгийн газраас ҮХНӨ-д оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, санал авах ажиллагаа явагдаж байна. Хуульчийн хувьд энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Аливаа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад Хууль тогтоомжийн тухай хуульд заасан суурь судалгаануудыг хийсэн байхыг шаарддаг бөгөөд энэ судалгааны хүрээнд иргэдийн санал, мэргэжлийн байгууллагуудын саналыг авсан байхыг шаарддаг. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг мөрддөг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн дагуу л ҮХНӨ-ийн процесс явагдаж байж гэмээнэ тэр нэмэлт өөрчлөлт хууль ёсны дагуу болох учиртай. Харамсалтай нь энэ удаагийн ҮХНӨ оруулах тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн харагдаж байгаа. Өнгөрсөн 2022 оны УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолын төслийг баталсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат томилогдсон. Одоо Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгөөд алга болсон. Ж.Мөнхбат нь Ажлын хэсгийн даргаар ажиллахдаа хэрхэн ажилласан нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ Ажлын хэсэг хэлбэрийн хувьд л байгуулагдсан болохоос ҮХНӨ оруулах ямар зайлшгүй шалтгааны улмаас ч байгуулагдсан нь ойлгомжгүй харагддаг. Үүний дараа УИХ-ын Цэцийн шийдвэрийг урдаа барьж байгаад 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр 2019 оны ҮХНӨ-өөр оруулсан хамгийн дэвшилтэт заалтад өөрчлөлт оруулан УИХ Засгийн харилцан тэнцлийг алдагдуулах өөрчлөлтөө хийсэн.

Үүний үр дүнд одоогоор УИХ-ын 76 гишүүнээс 18 нь давхар дээлтэй болоод авсан. Засгийн газарт эрх мэдэл дутаад байна гээд УИХ-аас баахан сайд кабинетдаа оруулснаас хойш иргэдийн амьдрал сайжирсан уу гэвэл үгүй. Иргэдийн болон бизнесийн байгууллагуудынхаа саналыг сонгож хуульдаа өөрчлөлт оруулж байна уу гэвэл үгүй л байгаа.

-2019 оны ҮХНӨ-ийн үр дүнг бүрэн хараагүй гэж та хэлэх гээд байна уу?

-2019 оны ҮХНӨ-ийн хүрээнд УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах тогтоолоо бүрэн хэрэгжүүлээгүй. 2019 оны ҮХНӨ-ийг бүрэн хэрэгжих нөхцөл болох хууль тогтоомжуудаа бүрэн нийцүүлээгүй атлаа ҮХНӨ-ийн төсөл өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хууль батлах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй байна. Засгийн газар энэ нөхцөлд УИХ-ын шахалт буюу дарамтанд ороод хийх ёсгүй үйлдлээ хийгээд байна уу гэдгээ бас бодмоор санагдах юм.

-Хуулийн төслийн санал авах ажиллагаа эхэлсэн учраас хуульчийн хувьд ямар саналтай байгаагаа үндэслэлтэй дурдахгүй юу?

-Одоо Үндсэн хуулийн 66.1-д “Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Харин одоо энэхүү заалтыг хоёр хэсэг болгоод оруулж ирж байгаа. Үүнд, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг уул эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргана. Үндсэн хуулийн цэц нь УИХ, түүний нийт гишүүний 1/10-ээс доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УДШ, ХЭҮК, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна гэсэн заалт төсөлд бий.

Иргэд, хуульчид Цэцийн шийдвэр үйл ажиллагаанд янз бүрийн байр сууринаас л ханддаг, бас шүүмжилдэг. Монгол Улсын Цэцийн тухай хууль, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуультай л холбоотой шүү дээ. Дээрх хоёр хуулийг сайжруулах үүрэг нь УИХ-д өгөгдсөн. Гэтэл дээрхи хуулиа сайжруулах талаар ямар ч санаачилгагүй ажиллаж ирчихээд одоо иргэний үндсэн эрхийг ҮХЦ-ээр шийдвэрлүүлдэг болох гэж байгаа гэх юм. Гэтэл одоогоор тэрхүү Үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх талаар ямар ч бэлтгэл ажил хийгдээгүй байна. Хууль нь алга байна. Захиргааны хэргийн шүүх байгуулагдахын өмнө маш их бэлтгэл ажил хийгдэж байсныг санаж байна. Харин Цэцээр иргэний үндсэн эрхийг шийдвэрлүүлэх боллоо гэхэд түүнээс илүү бэлтгэл ажил хийгдэхийг шаардах нь ойлгомжтой. Учир нь гурван шатны шүүхээр яваад эрх нь сэргээгдээгүй иргэд л Цэцэд хандаж таарна. Цэц энэ тохиолдолд гурван шатны шүүхийн шийдвэрийг ямар нөхцөлд, ямар хүрээнд гомдлыг шийдвэрлэх вэ гээд маш нарийн процесс байж таарна. Нөгөө талаас шүүх эрх мэдлийн хүчийг тарамдах бий гэх болгоомжлол их байна. Ийм нөхцөлд гоё үгээр малгай хийн иргэдээ төөрөгдүүлэх хэрэг байна уу даа гэж харж байна. Энэхүү заалтыг орууллаа гэхэд хэрэгжих боломжгүй нь нийтэд илэрхий тул хэрэгжилтийн хугацааг хойш нь тавьж таарна. Тэгэхээр хэрэгжих боломжгүй зохицуулатыг Журмын тухай хууль зөрчин байж оруулах ямар ч шаардлага байхгүй.

-Одоогийн хуулийн хүрээ нь ямар үр дагавартай байгаа юм бэ, практик дээр?

-Одоогийн хуулийн хүрээнд иргэн хүн Цэцэд мэдээлэл гаргадаг нь иргэдэд байгаа том эрх юм. Бидний сайн мэдэх иргэн Ламжав гуай иргэнийхээ хувьд Цэцэд олон удаа мэдээлэл гаргасан. Энэ бол иргэдийн УИХ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа манай улсад бий болсон сайн жишиг. Харин одоогийн оруулж ирж байгаа хуулийн төслөөр иргэний Цэцэд мэдээлэл гаргадаг эрхийг нь хассан байна. Энэ бол УИХ-аас иргэний хяналтыг холдуулсан буюу УИХ-аас батлан гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд иргэд бус зөвхөн төрийн байгууллагууд л ханддаг байх зохицуулалт юм. Манай улсын түүхэнд УИХ-аас гаргасан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн талаар мэдээлэл гаргадаг соёл тогтсон. Энэ соёлыг улстөрчдөөс хамааралтай Цэцийн шийдвэртэй холбож тайлбарлах эрх хэнд ч байхгүй. Харин Цэцийн гишүүн хэн байх вэ гэдэг хуулиа л УИХ батлах хэрэгтэй байх. Иргэний гаргасан мэдээллээс айх бус, Цэцийн гишүүдээ л зөв, шударгаар томилох тогтолцоог бий болгох хэрэгтэй.

-УИХ-ын гишүүдийн тоон дээр нэлээд анхаарал татаж байгаа. Нэг ёсондоо өнөөдрийн 76 гишүүнийг хоёр дахин нэмэгдүүлсэн байдлаар хуулийн төсөлд тусгасан. Энэ нь зөв үү?

-Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “УИХ нь нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна” гэж заасан бөгөөд энэхүү заалтыг “УИХ нь нэг танхимтай байна. УИХ-ын гишүүдийн далан зургааг можаритор, далан зургааг пропорциональ аргаар сонгоно” гэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн. Сонгуулийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгаж байгаагүй бөгөөд Үндсэн хуульд заавал тусгаад байх шаардлага байхгүй. МАН болон АН-аас өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр ч пропорциональ тогтолцоог оруулсан байдаг. Улс төрийн намууд төдийгүй, сонгогчид пропорциональ тогтолцоогоор Сонгуулийн хууль батлахыг шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ оруулахгүйгээр одоогийн түвшинд органик хуулиар шийдвэрлэгдсэн асуудал. Харин УИХ-ын тооны хувьд өмнө нь огт яригдаж байгаагүй асуудал биш юм. Яригдаж байсан боловч 2019 оны ҮХНӨ-ийн үед ч өөрчлөлт оруулаагүй болно. Өөрөөр хэлбэл, 152 гэдэг тоотой байх тухай бол бүр яригдаж байгаагүй асуудлыг Зөвлөлдөх санал асуулгын 1538 иргэн шийдчихлээ гэж болохгүй л дээ.

УИХ-ын гишүүний нэг хүнд ногдох нөлөөлөл их байна гэх зүйл их ярьж бичих болж. Үгүйсгэхгүй ч бодитой факт байна уу. Одоогийн нөхцөл байдалд УИХ, Засгийн газраас эрдэмтэд, иргэдээ сонсож байгаа бодит байдал харагдахгүй л байна. Наад зах нь хүний эрхийн зөрчил дагуулаад байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа өөрчлөлт оруулмаар байна. Энэ талаар нь Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл яриад эхэлсэн. Авлига болон ардчилал, хүний эрхийн индексээрээ жил бүр л байр ухарч байна. Хуулийн салбарын хувьд тогтолцоогоо сайжруулъя гэвэл хамгийн түрүүн ХЗДХЯ-аа Дотоод хэргийн асуудал хариуцсан яам, Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан яам болгон салгамаар байгаа юм. Тэгэхгүйгээр наад зах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэзээ ч хүний эрхийг хамгаалах чиглэлд дорвитой өөрчлөлт орохгүй гэдэг нь тодорхой байна.

-Хууль шүүхийн байгууллагад ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?

-Прокурорын байгууллагын хэт төвлөрсөн тогтолцоог халмаар байна. Шүүгчийн тусгай санал бичих эрхийг нээж өгмөөр байна. Улсын дээд шүүхэд гомдол хэлэлцүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулмаар байна. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал, хүний нөөцийн бодлогоо улсын төсөвтэй хүний эрхийн мэдрэмжтэйгээр уяж өгмөөр байгаа юм. УИХ-ын хувьд ядаж л УИХ-ын Ёс зүйн дүрмээ батлаад, гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна. Улс төрийн намууд гишүүддээ хариуцлага тооцож сурмаар байна.

Дүгнэж хэлэхэд эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох гэсэн үндэслэлгүй санаархлынхаа хажуугаар иргэдэд таалагдах хэдэн зүйл заалт хавчуулан оруулж ирж л гэж харж байна. Үндсэн хуулиа уландаа гишгэн байж ийм зохицуулалт оруулж ирмээргүй байна. Хуулиа нэг мөр ойлгоод, мөрдөөд явахад УИХ, Засгийн газар өөрөө үлгэр болооч гэмээр байна. УИХ гишүүдэд хангалттай эрх мэдэл байгаа. Өөрсдийн Ёс зүйн дүрмээ батлаад амь оруулаад, Дэгийн тухай хуулиа батлаад Байнгын хорооны хуралдааны чанараа сайжруулаад явах боломж байж л байгаа шүү дээ. Тэгвэл чанартай хууль гарч л таарна. Өөрсдөө хуралдаа ирэхгүй, ирэхгүй байгаа гишүүндээ олигтойхон хариуцлага тооцож чадахгүй байгаагаа Үндсэн хууль руу чихмээргүй байна. Парламентын гишүүдээ төлөвшүүлж чадаагүй, иргэдийн итгэлийг улам алдсан, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч сонгогчдоосоо уучлал хүсдэггүй, задарсан парламентын гишүүдийн тоог шууд 152 болгох үндэслэл бүхий Хуулийн процессын ажиллагаа явагдаагүй тул хуульчийн хувьд боломжгүй байна гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [124.158.77.41] 2023-05-08 10:21:49

ГИШҮҮДИЙН ТООГ ЦӨӨЛЖ 18 АЙМАГТ 1 Л ГИШҮҮН БАЙВАЛ ЗОХИНО


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.