Иргэдийн санал МАН-ынханд нохой хуцсаны л дайтай юм байна...

Aдмин / Улстөр

Улсын Их Хурлын чуулганы 5-р сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар уг тогтоолыг дэмжихээс татгалзсан билээ. Ингэснээр УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй болж буй ба УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна.УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж Үндсэн хуулинд туслаа.

Энэ өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болох тул дараагийн сонгууль энэ зарчмаар явагдана гэсэн үг.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг баталсантай холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт олон үр дүн өгөх бөгөөд маргаашаас эхлээд түүхэн үүргээ гүйцэтгэнэ. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай, түүний чуулганы хуралдааны дэгийн тухай, улс төрийн намын, сонгуулийн тухай зэрэг олон хуульд шинэчлэлт, өөрчлөлт хийгдэнэ. Ингэж байж энэ өөрчлөлт цогц шинэчлэлт болж чадна. Төр иргэний итгэлцлийг холдуулж, парламентын нэр хүндэд зориуд зохион байгуулалттайгаар халдаж, парламентын ардчиллыг мохоож буй гадаад, дотоодын шунахай бүлэглэлүүдэд тэдний буруу булхайг илчилж байгаа явдал таалагдахгүй байгаа. Монголын төр тэрхүү шударга бусын хариуг өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулсныхаа нэгэн адил шийдвэртэй үзүүлж, тод томруун харуулах ёстой” гэв.

Харин Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Үндсэн хуульд оруулж байгаа сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь шинэчлэл хийгдэж байна гэж ойлгож байна. Энэ бол шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх тоглоомын шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр өөрсөддөө зориулсан сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо.

Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Нэг гишүүн хоёр, гурван байнгын хороонд давхар ордог, хууль хяналтгүй гардаг асуудал түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мэдлийн төвлөрөл задарч байгаа учраас УИХ-ын гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ Өнөөдөр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хийсэн түүхэн шинэчлэл энэ болж үлдэнэ. Жендерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу Монгол Улс өнөөдрөөс эхлээд орж байна. Зөвхөн нутаг дэвсгэр, тойрог руу хандсан биш нийгмийн сегмент рүү хандсан том өөрчлөлтүүд гарна. Гадаад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдлээ” гэсэн юм.

Монголчууд нийтээрээ баярладаг 6-р сарын 1-ний өмнө ийнхүү яаран сандран хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ямар аугаа гайхамшигтай сайхан дэвшил авчрах тухай ярихад эрт байна. Харин ямар аргаар энэ өөрчлөлтийг хийв гэдгийг яривал дэндүү харамсалтай дүгнэлтэнд хүрнэ.

Товчхондоо бол МАН-ынхан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг болчихжээ. Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал анх эхлэхдээ л давын өмнө иргэдийнхээ санаа бодлыг сонсож, түүнийгээ тусгах тухай асуудлыг гол зарчим болгоно хэмээн мэдэгдэж байв. Үнэхээр ч УИХ-ын гишүүнд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан. Гэвч иргэдийн хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ба 152 байтугай нэгээр ч нэмэхийг огт дэмжээгүй. Гэтэл МАН-ынхан гэнэт л иргэд 152 болгохыг дэмжээгүй ч 126 болгохыг зөвшөөрч байна лээ гэх ямар ч үндэслэлгүй тайлбар хийн, “хүчиндчихэв”. Угтаа бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн нотолж буйгаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн хэдэн хувь нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн, эс дэмжсэн тухай тоо баримт ч нэгтгэгдэж амжаагүй байгаа. Гэхдээ энэ нь үнэндээ эрх баригчдад огт хамаагүй болжээ. Учир нь иргэдийн санал МАН-ынханд нохой хуцсаны л дайтай юм байна гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал харууллаа.

Э.Мягмар

Эх сурвалж: Сонин.мн


Сэтгэгдэл

Зочин [192.82.77.79] 2023-06-02 16:31:01

Обуна мэтийн олон хүнээ багтаах гэсэн болохоос улс орон ард түмнээ бодсон уу.Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлав уу үгүй юу Обунагаас эхлээд ил гараад ирж байгаа биз дээ.Одоо Сүнээ гарч ирнэ. Сү санаа амарлаа, Баярцогт баярлаад гуяа алгадаж яваа нь ойлгомжтой.Ингээд ирэх жилүүдэд дархан эрхийн ард нуугдах хулгайчууд, дараагийн ээлжийн улсыг маань цөлмөх хулгайчуудынхаа нэрсийн жагсаалтыг хараад сууцгааж байя.

зочин [192.82.68.36] 2023-06-02 14:07:44

Улс төрийн намууд хоорондоо тохиролцоод л, иргэд тэгж байна гэж худал мэдээлээд л, улс төрчид өөрсдөө сууж байгаад хэлэлцээд 76-г 126 болгож байгаа нь шударга уу? зөв үү? 76-г 126-г хэн тэжээх вэ? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР 76 БА 126-Г САНХҮҮЖҮҮЛЖ ЦАЛИН ХАНГАМЖ ӨГНӨ БИЗ ДЭЭ? ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ? УЛСЫН ТӨСӨВ ГЭДЭГ ЧИНЬ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ БИЗ ДЭЭ? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ УЛС ТӨРЧИД ӨӨРИЙН МӨНГӨ МЭТ ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ ҮҮ? ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНИЙ ЗАРЦУУЛАЛТЫГ ТАТВАР ТӨЛӨГЧИД ӨӨРСДӨӨ ХЯНАДАГ, ШАЛГАДАГ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИНТОЙ БОЛООЧ ЭЭ, БОЛГООЧ ЭЭ. ХАЙРАН МӨНГӨ, АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА УУ? НОХОЙ ХУЦВАЛ УЛС ТӨРЧИД ЯДАХДАА ЭРГЭЖ ХАРАХ БАЙХ АА? УЛС ТӨРЧИД ИРГЭДИЙГ "ЦАГААН ЦААС" ГЭЖ ҮЗДЭГ ГЭСЭН БИЗ ДЭЭ? ГУТАРЧ ГОМДОЖ БАЙНА АА.

Зочин [43.242.242.59] 2023-06-02 14:00:08

Намууд хоорондоо ярилцаж тохироод 126 гэсэн тоог гаргасан. МАН-ынхан харин энэ тоог багасгаад батлах байсан юмаа. Ер нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй байх нь МАН-д ашигтай байсан.Улсын эдийн засагт ч хэрэгтэй байсан юм. Одоо худлаа хэрэлдээд попроод суудаг 126 хүнтэй л боллоо доо

Иргэн [103.26.194.119] 2023-06-02 11:35:50

АНнхны оруулсан санал шүү 126


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.