СЭТГЭЛЗҮЙЧ Б.ӨНӨБИЛГҮҮН: ХАРДАЛТ ГЭДЭГ НЬ ХЭТ ТӨСӨӨЛӨН БОДОХ СЭТГЭЛ ЗҮЙН ӨВЧНИЙ НЭГ ХЭЛБЭР
Гэр бүлийн сэтгэлзүйч Б.Өнөбилгүүнтэй ярилцлаа.
-Хардалт гэдэг нь сэтгэл зүйн өвчин мөн үү?
-Хардалт гэдэг нь хэт төсөөлөн бодох сэтгэл зүйн өвчний нэг хэлбэр. манайхан ерөнхийдөө хайртай бол хартай гэх мэтээр байх ёстой юм шиг үздэг. гэтэл энэ нь сэтгэцийн маш хүнд өвчин. хүндрэх хэлбэр нь хүний аминд хүртэл хүрдэг. Жишээ нь, өнгөрсөн долоо хоног буюу тавдугаар сарын 23-ны өдөр хоригдож байсан хүн эргэлтээр очсон эхнэрийнхээ амийг хөнөөж, өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарсан байна лээ. Хардалт бол энэ түвшинд очих хүртлээ хүндэрдэг. Өөрийгөө егүүтгэх, бусдын аюулгүй байдалд халдах, эхнэрийн буюу хамтран амьдрагчийнхаа орон зайд бүдүүлгээр орж ирэх, хүн амины хэрэг гарч байгаа шалтгаан нь 100 хувь хардалттай холбоотой гэж хэлж болохгүй ч ерөнхийдөө хувь хэмжээний хувьд өндөр холбогдолтой юм.
-Бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах хүртлээ хардалт нь ямар шат дамжлагаар яаж явагддаг юм бол?
-Ерөнхийдөө хардалт маш багаас эхэлдэг. Хосуудын харилцаа эхэндээ бие биедээ маш халамжтай, хэн хэнийгээ харамлаж байгаа мэтийн сэтгэгдлийг төрүүлдэг. Тэр нь хэзээ ч нэг хэмжээндээ байдаггүй. Байнгын ихэсч байдаг. Хардалт нь хий төсөөлөн бодох, түүндээ итгэдэг өвчин. Энэ нь байнга л нэмэгдсээр байна. Хүний тархинд ямар процесс явагдаад байна гэхээр эхлээд хүн хий төсөөлөн бодно. Түүнийгээ баталгаажуулах хүсэл цаанаасаа маш их төрдөг. Баталгаажуулах процесс хийж байж хүний тархинд допомайн (Dopomine) буюу тамхи татсаны дараа, эсвэл секс хийсний дараах тайвширсан мэдрэмжийг төрүүлэх гормон ялгардаг.
Тэгэхээр нэг үгээр хэлбэл эхнэрийгээ өөр хүнтэй уулзаж байгаа даа хэмээн хий төсөөлөн бодож буй бодолдоо өөрөө бүрэн итгээд, утсан дээр нь тэр хүнтэйгээ харилцсан ямар нэгэн мессэж байгаа хэмээн өөртөө итгүүлчихэж байгаа гэсэн үг.
Түүнийгээ шалгаж байж тэрхүү допомайн ялгарч тайвширдаг. Өөрөөр хэлбэл, тамхи татах гээд хүсээд хайгаад байдагтай адилхан түүнийг шалгах боломж нөхцөлийг хайж байдаг. Түүнийгээ баталгаажуулаад шалгасны дараа тамхи татаад тайвширдаг шиг допомайн ялгарч тайвшралыг авдаг. Энэ нь олон удаа давтагдаад ирэхээр донтолт болдог гэсэн үг. Тэгэхээр тухайн хүн эхнэрийнхээ бүх зүйлийг шалгаж үздэг, бүх зүйлийг баталгаажуулдаг, бүх зүйлд нь чек хийж байж тайвширсан мэдрэмж авдаг. Энэ нь нэг талаас сэтгэцийн өвчин ч нөгөө талаас донтолт гэсэн үг.
-Хүн өөрийнхөө сэтгэхүйд ийм тал байна шүү хэмээн анзаараад, түүнийгээ донтолт болгохгүйн тулд ямар нэгэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч болох уу?
-Үүнд ерөнхийдөө мэргэжлийн хүмүүс л туслалцаа үзүүлж чаддаг. Хүн өөрөө анзаарвал хамгийн эхэнд тэр хүн асар их зүйлийг боддог болчихдог. Дээрээс нь маш таагүй, тавгүй мэдрэмжийг мэдэрдэг.
Одоо ажил руугаа явсан болов уу, очсон болов уу, ажил дээрээ байгаа болов уу гээд алхам тутмыг нь боддог. Түүнийгээ баталгаажуулах зүйлээ хийх гээд л эрж хайж байгаа үйлдэл илрээд эхэлбэл "За би сэтгэцийн хувьд ийм өвчтэй болж байгаа юм байна" гэдгээ анзаарч ойлгоно. Гэхдээ энэ өвчин хоёр тохиолдолд илэрдэг. Нэгдүгээрт, тухайн хүн маш багаас эхлүүлээд өөрөө мэдэхгүйгээр тэр өвчин даамжираад яваад байдаг. Хоёрдугаар тохиолдол нь маш хүнд цохилтоос болж сэтгэцийн өвчтэй болдог.
Жишээ нь, тэр нь гэр бүлийн араар тавилт хууралт ч юм уу, маш их итгээд явж байсан хүн нь хуурчихсан ч юм уу, араар тавьсныг өөрөө гарцаагүй байдлаар мэдчихсэн ч юм уу тохиолдлууд бий. Араар тавилтын дараа хүний оюун санаанд маш хүчтэй цохилт орж ирдэг. Энэ цохилт нь сэтгэцийн эрүүл мэндийн гурван үндсэн дамжлагын хамгийн сүүлийн том шатанд орохоор хүнд хэмжээний цохилт байдаг. Хайртай хүнээ алдах, маш хүнд өвчин туссанаа мэдэх, эсвэл гэнэтийн байдлаар маш хүнд шоконд орох хэмжээний мэдээлэл авах гэх мэтэд хүний сэтгэл зүй маш хүнд цохилтод ордог. Сэтгэл зүйн хамгийн сүүлийн шатанд очтолоо хүн сэтгэл санаагаар унадаг. Жишээлбэл, хүүхэд нь нас барчихсан мэдээг гэнэт дуулсан хэмжээний хүнд цохилтыг хүн авдаг. Үүнээс үүдээд хардалтын цочмог үүсэл болох тохиолдол байдаг.
-Хүн архины хамааралтай болсноо хүлээн зөвшөөрдөггүй шиг хардалттай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй байх. Тийм үү?
-Хардалттай гэдгээ мэдсэн хэрнээ ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр хамгийн эхний процесс би хардалттай юм байна. Энэ бол сэтгэцийн өвчин, донтолт юм аа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх, өвчин гэдэгтэйгээ эвлэрэх шаардлагатай. Ихэнх хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй учраас энэ өвчний эсрэг ямар нэгэн үйлдэл хийдэггүй. Эхний ээлжинд тэр хүн ийм өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Түүний дараа нөгөө хүнтэйгээ, гэр бүлийнхээ хүнтэй, хамтран амьдрагчтайгаа маш сайн ярилцаж, өөрсдийн гэсэн хил хязгаарыг тогтоох ёстой. Нэг ёсондоо эхнэр болгоод авчихлаа гэсэн шиг тэр хүний орон зайд хязгааргүйгээр нэвтэрч болохгүй. Тэр соёлыг гэр бүл дотроо бий болгох ёстой. Би чиний эхнэр, би чиний нөхөр гэхээрээ л бүх зүйлд нь оролцоод, хувийн орон зай гэдэг зүйлийг өгдөггүй, бүх зүйлд нь дураараа нэвтэрдэг, дураараа халддаг. Энэ нь нөгөө хүнийг маш их нервтүүлдэг. Бид мэдрэлийг мэрнэ гэж ярьдаг. Байнга тухайн хүнээ нервтүүлж мэрдэг, стресстүүлдэг. Ийм үзэгдлүүд манай нийгэмд, Монголын нөхцөлд маш түгээмэл. Энэ нь гэр бүл дотор байх ёстой юм шиг байдаг болчихлоо. Үүнийг таслан зогсоохын тулд анхнаасаа яах ёстой вэ гэвэл гэр бүл өөрсдийн гэсэн соёлтой байх ёстой. Энэ нь юу вэ гэхээр хувийн орон зай гэдгийг хүндэтгэх ёстой. Үүнийг сүүлийн үед Зөрчлийн хуулиар ч гэсэн хуульчлаад өгчихлөө. Гэр бүл харилцан ярилцах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, дээрээс нь гэр бүл дотор тодорхой хэмжээний дүрэм журам, соёл гэдэг зүйлийг нэвтрүүлж байж энэ зүйлийн эсрэг дорвитой зогсох боломжтой болдог. Нөгөө гаргалгаа нь мэргэжлийн сэтгэлзүйчид хандаад, эхнэр нөхөр хоёр хамтдаа курс эмчилгээ, ярилцлагуудад яваад, бага багаар даалгавар давж, хамтдаа хийж байж энэ өвчнөөс салах боломжтой.
-Нөгөө талаас эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ намайг хардаад байна гэдгийг ямар үйлдлээс нь харж анзаараад, бие биеэ эмчлүүлэх эсвэл ярилцах боломжтой вэ?
-Ерөөсөө гэр бүлийн сэтгэл зүйн тавгүй байдал. Тэр хүн аз жаргалтай бус байгаа байдал. Мөнгө төгрөг, гэр оронд нь байх ёстой бүх зүйл байгаад байдаг. Үр хүүхэд нь байгаад байдаг. Гэтэл тэр эхнэрээсээ, нөхрөөсөө мэдрэх сэтгэл зүйн амар амгалан байдлыг мэдрэхгүй байгаа бол хардалттай тодорхой хэмжээний холбоотой байдаг. Нөгөө талаас жишээлбэл, үзэл бодлын зөрчилдөөн байна. Гэхдээ үзэл бодлын зөрчилдөөн бол түр зуурынх. Нэг сэдэв дээр ойголцохгүй асуудал гардаг бол хардалт нь тийм биш. Байнгын цаг мөч бүхэнд тухайн хүнийг тавгүй байдалд өртүүлдэг. Үүгээрээ ялгаатай. Таныг цаг мөч тутамд үгээр идээд ч юм уу, сэтгэл санаагаар мэрээд л, нервтүүлээд байх юм бол энэ нь хардалттай холбоотой байх магадлал маш өндөр гэсэн үг. Энэ тохиолдлыг хүмүүс өөр дээрээ тусгаж бодоод хэрэв хоёр дахь тохиолдол нь байх юм бол манай гэр бүл дотор хардалтын сэтгэцийн өвчин байгаа юм байна. Үүнийг мэргэжлийн хүнд хандаж, энэ асуудлаар зөвлөгөө мэдээлэл авч эмчлүүлэх ёстой юм байна гэдгээ таньж байгаа юм. Нөгөө талаар манай нийгэмд мэргэжлийн сэтгэлзүйч дээр очоод цагийн төлбөрийг нь төлөөд, зөвлөгөө мэдээлэл аваад байх чадамж ихэнхэд нь алга. Манай сэтгэлзүйчдийн төлбөр бас өндөр шүү дээ. Үүнийг төлөөд эмчлүүлээд явах гэр бүл цөөхөн байна. Тэгэхээр гэр бүлийнхэн өөрсдийгөө анзаараад, хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөөд хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд гэр бүлийнхэн дотроо жижигхэн дүрэм хэрэгжүүлээд, өөрсдөдөө менежмент хэрэгжүүлээд сурчих хэрэгтэй. Эмнэлгийн анхан шатны тусламж гэдэг шиг гэр бүлдээ авах арга хэмжээний бяцхан арга юм.
-Хардалтыг эмчлэхгүй удвал ямар үр дагавартай вэ?
-Хардалт гэдэг нь хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй. Заавал нэг сөрөг үр дагаврыг авчирч байж хосуудын харилцаа дуусах болдог. Ихэвчлэн салалтаар дуусдаг. Хардалт нэг талаас хэт өмчлөх сэтгэлгээ юм. Энэ хүн 100 хувь минийх гэсэн өмчлөх сэтгэлгээ маш их ноёрхсон хүнд ерөнхийдөө хардалтын шинж тэмдгүүд нь маш хурдан өсч хөгждөг. Нөгөө талаас хүний хувийн орон зай гэдэг зүйлийг үгүйсгэдэг. Тухайн хүнтэйгээ миний өмч хөрөнгө, эд зүйл мэтээр харьцаж эхлэхээр тухайн соёлоосоо үүдээд хардалт маш аймшигтай үр дүнг авчрах магадлалтай. Бас нэгэн хардалтыг авчирдаг зүйл нь алдахаас айх мэдрэмж. Энэ хүнийг алдчих вий дээ гэсэн алдахаас айх айдас байдаг. Энэ алдахаас айх айдсын нэг үндэс нь өөртөө итгэлгүй байдал. Өөртөө итгэлгүй хүн хажуудах хүнээ алдахаас маш их айдаг.
Алдахаас айгаад ирэхээр хардалт гэдэг зүйл бий болдог. Үүн дээр хэт өмчлөх сэтгэлгээ нэмэгдээд ирэхээр хардалт нь цааш даамжирдаг. Үүнээс үүдээд нөгөө хүн нь хажууд нь байгаа ч гэсэн хардах тоолондоо тэр хүнээ нэг алхмаар өөрөөсөө холдуулж байдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
баба [66.181.188.153] 2024-05-30 00:23:28
өөрсдийгөө эмчилэрэй залуусаа яаг нүдэрээ харагүй юманд итгэж өөосдийнхөө цээжэнд битгий чулуу овоолоод бай гэж зөвлөе би бас эхнэрээ шинэ ажилд орсноос нь хойш тайван байлгасангү байн2 хэрүүл нэг ч өөдөлсөн юм алга өөрийгөө завгү байлгаж хөгжүүл хөгжих тусам хардалт байхгүй болдог юм байнаа хааяаа бодлоо яарилцаж зөвлөлцмөөр хүн байвал коммэнт үлдэгэрэй
Зочин [66.181.183.250] 2024-03-23 00:45:57
Ene ih zow zuil yariltslag bna yag iim zuil baidag har gedeg bas l muuhai zuil shu zawtai hun l harddag yum shigee tegheer oortoo yum bodoh zawgui ter zuil de ulairdag baimaar bna
zochin [202.9.40.249] 2023-06-06 23:33:54
bie biedee itgehgui bn l gesen ug.Holdonguut l oor huntei sex hiideg yum shig ehner nohruud ihenh n negnee harddag.Esvel hiigeed bdgiimuu
Ff [24.126.12.156] 2023-06-04 04:13:54
Hardahgui bol bas ovchin shuu
Зочин [64.119.25.224] 2023-06-03 12:39:18
өвчиншдэээ