Б.БАТЗОРИГ: ҮХӨ ЯМАР ҮР ДҮНД ХҮРЭХИЙГ УЛСТӨРЧИД, НАМУУД Л ШИЙДНЭ
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Батзоригтой ярилцлаа.
-УИХ-ын 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуулиа өөрчиллөө. Энэ удаагийн ҮХӨ-өөс ямар үр дүн хүлээж болох вэ?
-ҮХӨ-ийг дэмжиж байсан судлаачид, улстөрчид 1992 он батлагдаж байсан үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэцгээдэг. Өндөр хөгжилтэй орнуудын үндсэн хууль нь дайн тулаантай өөр тогтолцоотой үед батлагдаж хэдэн зуун жил үйлчилсээр ирсэн байдаг. Гэтэл бид сүүлийн хориод жилд тав дахь удаагаа өөрчилсөн. Цаашид хэдэн удаа өөрчлөгдөх юм, бүү мэд. Үндсэндээ Үндсэн хууль маань Үндсэн хууль шинжээ алдаад энгийн хуультай адил болж байх шиг байна. Оруулж байсан өөрчлөлтүүдээс харахад эрх мэдлийн тулаанаа Үндсэн хуулиараа зохицуулах оролдлого хийж байна. Ямар үр дүн хүлээхийг Үндсэн хууль бус улстөрчид, намууд л шийднэ.
-Сонгуулийн холимог тогтолцоог сая ҮХӨ-өөр сонгочихлоо. Энэ тогтолцооны эерэг ба сөрөг талыг яаж харж байна вэ?
-Хамгийн сөрөг тал нь Үндсэн хуулийг дуртай үедээ өөрчилдөг жишиг тогтчихлоо. Үндсэн хуулиудын зүйл заалтын уялдаа холбоо алдагдсан. Үндсэн хууль өөрийн гэсэн цогц бүтэцтэй. Саяын орсон өөрчлөлттэй холбоотой дагаж өөрчлөгдөх заалтууд дараа жилээс бөөн асуудал дагуулах биз. Тэгэхээр Үндсэн хуулийн хямрал “сонгодог” түвшинд очно. Гэхдээ манайд асуудлыг тогтолцоо биш, хүн шийдсээр байгаа болохоор зөв хүн байвал зөв, буруу хүн байвал буруу л зүйл бий болсон. Эерэг тал нь эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс УИХ-д сонгогдох магадлал нэмэгдэнэ. Нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал гээд нааштай асуудал гарах боломжтой. Гэхдээ бүх зүйл уялдаатай, цогц тогтолцоо шүү дээ. Цадаж ханадаггүй бирд улстөрч, бизнесийн бүлэглэлтэй, гадаадын хөрөнгө оруулагч нарыг битгий хэл тодорхой түвшинд хүрсэн бизнес эрхлэгчдийгээ шат шатанд нь хуваан авч сордог шимэгчид орших таатай эрх зүйн орчин байсаар байвал нэмэргүй. Бид нийгмээ эрүү, иргэн, захиргаа, хөдөлмөр, Үндсэн хууль гэсэн огтлолцох магадлал багатай системээр зохицуулах гэж оролдоод байна. Монгол гэдэг машин бүтээхэд дугуй, мотор, хөдлөх анги хийдэг хүмүүс нь өөр өөрийнхөөрөө зүтгээд байвал машин угсрах хүмүүс юу ч бүтээж чадахгүй.
-Ер нь ҮХӨ-өөр цаашид Монголын улс төрд юу болох вэ?
-Эрх баригчид нэг зүйлийг л хэлсээр байгаа, “одоогийнх шиг хулгайч гишүүдийг бий болгохгүй” гэж. Ингэж ярьж байгаа нь маш том, бүүр том ахиц. Гэхдээ эх орноо тонодог, ард түмнийхээ боломжийг хулгайлдаг ийм хүмүүс гарахгүй байх тогтолцооны өчүүхэн хэсэг нь л хууль тогтоох, сонгуулийн тогтолцоо. Мундаг хүмүүс том зургаар нь харж байгаа байх. Гэхдээ жижиг намуудыг хөөргөдсөн тогтолцоог Үндсэн хуулийн нэмэлтээр хийчихсэн, асуудал тарьж эхэлнэ дээ. Эртхэн нам байгуулна, дараа нь зарна гэдэг бизнес 2020 оноос эхэлсэн. Тэгэхээр жижиг намууд нь ашгийн төлөө болж хувирна. Цөөхөн гишүүнтэй болохоор нэг хүн дээр очих эрх мэдэл өндөр байна гэж германы судлаачид үзсэн бололтой. Гэхдээ монгол хүн биесээ яаж ч хөнөөж алалцаж байсан, ашиг сонирхол нэгдвэл цул болж чаддаг. Тэгэхээр сайн юм уу муу зүйлд санаа нэгдвэл олон цөөний ялгаа гарахгүй л болов уу. УИХ-ын гишүүдээ хичнээн нэмээд, сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн ч гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг барьдаг, дайрч дарамталдаг хүний тоо л нэмэгдэх байх. Үндсэн хуулиа хамгаалдаг цэц нь нохойд барьдаг мод байсаар л байна.
-Одоо ҮХӨ-ийн араас сонгуулийн хууль, улс төрийн намуудын хууль орж ирнэ. Эдгээр хууль цогцоороо хэрэгжсэнээр тогтолцооны гажуудал арилна гээд байгаа шүү дээ. Олон намын тогтолцоотой, төлөөллийн парламент жинхэнэ утгаараа бүрэлдэж чадах уу?
-Тогтолцооны гажуудал гэдэг нь улс төрийн, сонгуулийн тогтолцоо биш. Монгол Улс гэдэг, монгол хүн, монгол орчин өөрөө бүтэн тогтолцоо. Бас хоёр хөрш, дэлхий нийтийн тогтолцоонд Монгол Улс өөрөө хатуу уягдсан. Бид асуудал үүсэнгүүт өөрөөсөө бусад ямар нэгэн шалтгаан олох айхавтар чадвартай болчихож. Хамгийн супер нь хууль руугаа чихээд өөрсдөдөө тааруулаад өөрчилдөг болчихоод байна. Иргэд, олон нийт, хөрөнгө оруулагч, бизнесүүд яах нь огт хамаагүй. Төр өөрийгөө хуулиар бүрэн хуяглах, хамгаалах, хүчирхэгжүүлэх алхамууд олон жил хийгдлээ. Хуулиудаа, тогтолцоогоо энэ хэлснээс эсрэгээрээ хийж чадвар, сэтгэлгээ бий болгомоор л байна даа. Бие даасан байр суурьтай судлаач нараа гадуурхах, үл тоох, намд харьяалуулах оролдлогуудаа болихгүй бол хол явахгүй, гадаадынхны заавраар л явсаар байх болов уу даа. Монгол төрийн залгамж холбоо, хөгжлийн дата мэдээлэл бидэнд байгаа юу. Эсвэл гадаадынханд байгаа юу гэдийг бодох хэрэгтэй. Үгүй ядаж бид 30 жил ямар үнэт зүйлтэй монгол хүн бүтээчихсэн юм бэ гэдэг судалгаа байхгүй л байна. Гадаадынхан судалчихсан байж магадгүй. Мурихгүй биз, тогтвортой байж чадах уу гэж асуудаг байх жишээтэй.
-ҮХӨ нийгэм, эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх вэ?
-Улсын төсөвт дарамт орж ирнэ. Сонгуулиас эхлээд зардал нэмэгдэнэ. Дөрвөн жилийн хугацаанд улсын төсөв дээр жил болгон дарамтууд ирэх байх. Нийгэм, эдийн засаг учиргүй сайжирчих нь юу л бол. Тэгээд дахиад Үндсэн хуульдаа буруугаа тохоод өөрчлөх байх даа.
-Хулгайч, авлигачид төрийг тонон дээрэмдэж байгаа нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Боловсролын сангийн зээл зэргээс харагдаж байна. Тийм болохоор ард түмэн парламентыг авлигачдын үүр уурхай гэдэг утгаар харж гишүүдийн тоог нэмэхийг хүчтэй эсэргүүцээд байх шиг. Парламентын гишүүдэд ямар цензур тавих ёстой вэ. Ямар нэгэн байдлаар хууль зөрчиж сонгуульд ялбал эргүүлэн татдаг байхаар хуульчлах уу?
-Харин эсрэгээрээ намын нэг лидер асуудалд орчихвол намаас нь нэг гишүүнээ татуулаад оронд нь оруулчихвал яах бол. Сонгох, сонгогдох эрх ямар ч хүнд нээлттэй. Гишүүдэд цензур тавих нь зохисгүй. Амархан шалтгаар гишүүнээ эргэж татаад байдаг болчихвол УИХ-ын дархлаа суларна. Тийм болохоор намууд хулгайч нараа сонгуульд өрсөлдүүлэхгүй байх хэрэгтэй. Нам цэвэр, ил тод болох ёстой.
-Санхүүжилтийг нь шилэн болгох асуудал биз дээ?
-Тэгэлгүй яахав. Улс төрийн намуудын санхүүжилт ил болчихвол хамгийн том амжилт шүү. Харин ил болгохгүй бол хүлээлгэх хариуцлага тодорхойгүй. Нам татан буугдах ёстой.
-ҮХӨ-өөр жендерийн асуудалд том дэвшил гарч, шударга өрсөлдөөний үүд нээгдэнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?
-Эмэгтэй гишүүд нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд УИХ-д сонгогдох боломж нэмэгдэнэ. Яагаад бизнест, иргэний нийгмийн идэвхтэнүүд эмэгтэйчүүд давамгай харин улс төрд бага байна вэ. Хүчирхэг эмэгтэйчүүд хэн нэгэн хүний дохио зангаагаар ажиллах уу. Үгээр ажиллаад, сандал бөглөөд суух хүмүүсээ л эрж хайх болов уу. Үнэхээр чадалтай, хүчирхэг эмэгтэйчүүд олноороо улс төрд орвол том дэвшил.
-Тэгээд яг яах ёстой юм бэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд “улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэж дэлхий нийтэд зарлан тунхагласан амлалтадаа хүрдэг тогтолцоог бий болгомоор байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [202.179.27.109] 2023-06-12 15:37:55
Мундаг, энэ нийтлэлийг шимтэн шимтэн уншлаа