Д.Ганхуяг: Наадмаар морины сэрвээний хэмжилт болон шүдэлгээг камерын өмнө нээлттэй явуулна

Aдмин / Нүүр

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуягтай ярилцлаа.

-Аль ч яамны Төрийн нарийн бичгийн дарга салбарынхаа төсөв, санхүүгийн асуудалд түлхүү анхаардаг онцлогтой. Таны хувьд энэ албыг хашаад багагүй хугацаа өнгөрлөө. Батлан хамгаалах салбарын төсөв, санхүү, хүрэлцээ хэр хэмжээнд байна вэ?

-Батлан хамгаалах салбарын төсөв улс орны аюулгүй байдлын орчноос гадна эдийн засгийн чадавх, төсвийн хүрэлцээнээс ихээхэн хамаардаг. Сүүлийн таван жилийн байдлаар салбарын төсөв ДНБ-ний 0.6-0.8 хувийг л эзэлж байна. Энэ нь дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбартаа зарцуулж байгаа төсөвтэй харьцуулахад хамаагүй доогуур үзүүлэлт юм.

Өнөөдөр батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалтын төсөв үндсэндээ байхгүйтэй адил, зөвхөн үйл ажиллагааны зардал л улсаас төсөвлөгдөж байна.

Тухайлбал, хамгийн сүүлд 2009 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр ширхэг нисдэг тэрэг авч байсан. Түүнээс хойш зэвсэгт хүчнийг хөгжүүлэх, зэвсэг, техник шинэчлэх тал дээр улсын төсвөөс ямар ч мөнгө тавигдаагүй. Харин бид сумны үйлдвэр байгуулахаар зорьж нэлээдгүй хөөцөлдсөний хүчинд 2022 оны төсөвт суулгаж чадсан. Энэ оны сүүлээр дотооддоо сумаа үйлдвэрлэдэг болохоор ажиллаж байна. Дээрхээс гадна салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулагдах хүнс, хувцас, сургалтын гээд бусад урсгал зардал байнга танагддаг. Энэ жил мөн эдгээр зардлын 50 хувийг танасан. Одоогоор цэргийн хувцасны хангалт 30 хувьтай байгаа бол цэргүүдээ хугацаанд нь хална гэвэл хүнс дутагдахаар байгаа. Ер нь нөхцөл байдлыг тухай бүрт нь тооцон судалж Засгийн газар, УИХ-д саналаа хүргүүлж байснаас гадна ҮАБЗ, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ч мөн танилцуулсан.

Саяхан төрийн цэргийн, хүчний байгууллагуудын цалин ялгавартай байсныг Засгийн газар төсвийн тодотголоор шийдвэрлэлээ. Тухайлбал, төрийн цэргийн байгууллагуудын цалин бусад хүчнийхээс бага, төрийн цэргийн байгууллага дотроо батлан хамгаалах салбарын алба хаагчдын цалингийн зэрэглэл доогуур байсныг тэгшитгэж өгсөн.

Цалинг тэнцүүлж өгсөн учраас салбараас гарах, бусад хүчний байгууллагад шилжих хөдөлгөөн багасна гэж бодож байна. Ойролцоогоор цэргийн алба хаагчийн цэргийн цол, онцгой нөхцөл, ажилласан жилийн нэмэгдлийг тооцохоор 400-500 мянган төгрөг орчим нэмэгдэхээр болж байна.

-Сүүлийн жилүүдэд үүсээд байгаа геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор улс орнууд зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбартаа нэлээд анхаарч байна. Гэтэл манайх эсрэгээрээ танаад байдаг. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Дэлхий дахинд үүсээд байгаа геолитикийн асуудалтай холбоотойгоор улс орнууд батлан хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлж, зэвсэг техникээ шинэчилж байна.

Стокгольмын судалгааны хүрээлэнгээс энэ онд гаргасан судалгаагаар 2022 оны дэлхийн батлан хамгаалах зардал 3.7 хувь өсөж, 2.2 их наяд ам.доллар болж түүхэн дээд түвшинд хүрээд байна. Үүнээс АНУ, БНХАУ, ОХУ-ын батлан хамгаалах зардал 63 хувийг бүрдүүлж байна.

Тэгвэл дэлхийн анхаарлын төвд байгаа Украин улс батлан хамгаалах зардлаа 640 хувь, ОХУ 9.2 хувиар өсгөөд байна. Ер нь бол дэлхий нийтийн жишгийг харвал батлан хамгаалах салбарын төсвөө ДНБ-ийнхээ хоёр хувиас дээш гаргадаг. Харин манай улс өмнө хэлсэнчлэн 0.6 хувь байдаг ч ямар нэг өөрчлөлтгүйгээр олон жил явж ирлээ. Тэглээ гээд бид зөвхөн төсвөөс мөнгийг хараад суусангүй. Дотоод нөөц бололцоогоороо хөнгөн хуягласан техник 20-иод нэгжийг өөрсдөө үйлдвэрлэлээ.Мөн буудлагын зэвсгийнхээ галын боломжийг дээшлүүлэх зорилгоор сайжруулалт хийж байна. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллага, бусад орнуудын тусламж дэмжлэгээр зэвсэг, техникээ шинэчилж байна. Бид 39 улс оронтой цэрэг хамтын ажиллагаатай, тэр дундаа таван улстай цэрэг техникийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн хамтарсан хээрийн сургууль, дадлагыг гадаад, дотоодод зохион байгуулсаар ирсэн. Энэ утгаараа зэвсэгт хүчнийхээ чадавхийг дээшлүүлж, зэвсэг, техникээ тодорхой хэмжээнд шинэчилж байна.

Хүний нөөцийг чадавхжуулах, хөгжүүлэх чиглэлд мөн нэлээдгүй анхаарч байна. Анх НҮБ-д 2002 оноос хойш цэрэг, цэргийн ажиглагч илгээж эхэлсэн. Энэ үүргийг гүйцэтгэхэд, ялангуяа цэргийн багийн ахлагч хоёроос доошгүй гадаад хэлний боловсролтой байх шаардлагатай.

Тиймээс алба хаагчдаа хамтын ажиллагаатай орнууд руу явуулж цэргийн бүх мэргэжлээр сургаж бэлтгэж байна. Үүний үр дүнд өнөөдөр анги, салбар удирдаж байгаа хүмүүс доод тал нь хоёр гадаад хэлтэй болсон. Ур чадварын хувьд мэргэшсэн шат руугаа орсон. НҮБ болоод гадаад орнуудаас манай улстай хамтран үүрэг гүйцэтгэх санал, сайшаал талархал ирүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцлага, найдвар, ур чадвараараа монгол цэргүүд олон улсад үнэлэгдээд явж байна. Нөгөө талаар энхийг сахиулаад ирэхээр төлөвшил, эх оронч үзэл огт өөр болоод ирдэг л дээ.

-Хугацаат цэргийн алба хаагчдын хангамжийг ар гэрээс нь татдаг гэсэн мэр сэр мэдээлэл, шүүмжлэл гардаг. Мөн цалингийн нэмэгдэл цэргүүдэд хамаарах уу?

-Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой ямар нэг хангалтыг ар гэрээс авах ёсгүй. Тийм зүйл ч гардаггүй. Хүнс, хувцас бүгд үнэгүй байдаг. Салбарын төсөв мөнгөтэй холбоотойгоор хүнс хүрэлцэхгүй байгаа нөхцөл байдал харагдаж байгаа боловч хэзээ ч цэргийн ар гэрээс ахуй хангалттай холбоотой мөнгө авахгүй. Тийм зүйл байж болохгүй. Цэргүүд 50-60 мянган төгрөгийн цалин авдаг. Үүнийхээ 80 хувийг хадгаламжиндаа хийдэг. Цалингийн систем шинэчлэгдэхээр цэргүүдийн цалин 100 мянган төгрөг болж нэмэгдэж байна.

-Үндэсний их баяр наадам дөхөж байна. Та Хурдан морины салбар хорооны даргаар ажилладаг. Морины хэмжилт, шүдэлгээтэй холбоотой маргаан жил бүр сөхөгддөг. Энэ жилийн бэлтгэлийг хэрхэн хангаж байна вэ?

-Хурдан морины салбар хорвоог гурав дахь жилдээ ахалж байна. Эхний жил цар тахлын нөхцөл байдлаас болоод наадам хойшилсон. Өнгөрсөн жил Ардын хувьсгалын 100, 101 жилийг хамтатган тэмдэглэлээ. 2022 оны зургадугаар сарын 28- д батлагдсан Үндэсний баяр наадмын тухай хуулийн 10.11, Үндэсний хурдан морины бүртгэл нь Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.7-д заасан нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд бүртгэлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэнэ гэж заасан.

Мөн Монгол үүлдрийн адууны стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах хүртэл хугацаанд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааныг хуульд заасны дагуу Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна. Харин адуун сүргийг 2025 оны зургадугаар сарын 01-ний өдрийн дотор бүртгүүлэх ажлыг Засгийн газар зохион байгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолоор Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм гарч сэрвээгээр хэмжиж уралдахаар болж хурдан морины салбар хороо зохион байгуулж ажилласан. Цаашид монгол морины сантай болчихвол шууд сангаас мэдээллийг нь аваад сэрвээг нь хэмжих шаардлагагүйгээр уралдуулах боломж бүрдэх юм.

Энэ жилийн хувьд сэрвээний өндрөөр хэмжих дүрмээ баримтална. Хуучин хаалттайгаар, палкаар хэмждэг байсан бол өнгөрсөн жил олон түмний нүдэн дээр ил “шилэн” болгож наадмын талбай дээр байршуулсан дэлгэцээр хэмжилтийг цацсан мөн цахим сүлжээгээр шууд дамжуулсан.

Одоо ч гэсэн ухраагаад үзэж болно. Ингэж бүх процессыг ил болгосон нь ард түмэнтэй ойлголцох боломжтой болж элдэв асуудал гараагүй. Сэрвээ хэмжихэд өмнө нь төрийн тусгайгийнхан хамгаалдаг байсан бол өнгөрсөн жилээс болиулж дүүргийн дүйцүүлэх албаны цэргүүдийг байлцуулдаг болсон.

-Өнгөрсөн жил соёолон насны шүдэлгээнд будилаан гарч түрүүлсэн морь хасагдсан шүү дээ. Шүдэлгээ буруу хийснээс уяачдын бүтэн жилийн хөдөлмөр салхинд хийсэх эрсдэлтэй. Энэ жил хэрхэн зохион байгуулах вэ?

-Шүдэлгээн дээр хөрөнгө мөнгөний хүрэлцээгүйгээс болж өнгөрсөн жил камер тавьж чадаагүй. Энэ жил бүрэн камержуулж байгаа. Ер нь нууж хаагаад байх зүйлгүй. Бүгдийг нээлттэй “шилэн” болгоно. Түрүү жил соёолонд шүдлэнг оруулж уралдуулсан зөрчил гарсан боловч бид газар дээр нь хасаж дараагийн морийг урагшлуулан бариад оруулсан. Мөн Хүнс хөдөө аж ахуйн яамнаас томилогдсон шүдэлгээ хийх мэргэжлийн хүмүүст анхааруулга өгч ажилласан. Дахиж ийм төрлийн зөрчил гарахгүй байх гэж итгэж байгаа. Дүрмэнд энэ жил шинэ зохицуулалт орж байгаа. Хурдан морь уралдаад барианд орж ирэхэд эхний таван морийг дахиад шүдэлнэ. Өөрөөр хэлбэл, морийг гарааны зурхай руу гарах, барианд орж ирэхэд хоёуланд нь шүдлэх юм. Морины шүдэлгээг ХХААЯ-наас томилогдсон мэргэжлийн гурван хүн хийдэг. Энэ жил камержуулах учраас илүү ил тод болно.

-Сэрвээ хэмжихээр уяачдын зүгээс нэлээн маргаан үүсдэг. Сэрвээний өндөр хүрэхгүй байна гэх асуудал ч гарсан?

-Зарим уяачид мориныхоо сэрвээг шивсэн тохиолдол гарсан. Хэмжихээр хөндүүрлэж эмзэглэдэг. Сайн анзаарвал мориныхоо туурайг хуурайдсан тохиолдол ч гарч байх жишээтэй. Гэхдээ харьцангуй цөөн л дөө. Тиймээс төрийн наадамдаа ард олонтойгоо сайхан наадаж баярлах учиртай болохоос элдэв санаа хэрэггүй гэдгийг уяачиддаа уриалмаар байна. Хурдан морины салбар хорооны дэд хэсгүүд наадам болохоос гурав хоногийн өмнө бүртгэж эхэлдэг. Мориныхоо сэрвээг хэмжүүлэх хүсэлтэй хүн байвал урд өдөр нь чөлөөтэй хэмжүүлэх боломжийг олгож байгаа. Тиймээс мориныхоо өндөрт эргэлзэж байгаа бол наадмын өмнө очоод хэмжүүлж болно.

-Унаач хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хэрхэн хангах тал дээр шинэ зохицуулалт бий юу?

-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад тавигдах шаардлага бий. Дүрэмд уралдаанч хүүхдийн морь унах зөвшөөрлийг эцэг, эх асран хамгаалагчаас авсан, унаач хүүхдийн нас, уралдааны үед аюулгүй байдлыг хангасан малгай, өвдгөвч, тохойвч, даатгалыг бүрэн шалгаж баталгаажуулдаг. Эдгээрээс нэг л шаардлага хангаагүй бол мордуулахгүй. Хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой ямар нэг асуудал гарлаа гэхэд хууль хяналтын байгууллага шалгадаг. Уралдааны үед ямар морь түрүүлэв яаж давхив гэхээсээ илүү унаач хүүхдүүд маань аваар осолгүй ирэх нь хамгийн чухал шүү дээ.

Сүрнээгийн УЯНГА

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.149] 2023-06-28 15:26:36

Мөнгө аваад хэмжилт хийж байдаг шүү гэж ярихыг олон сонсож байлаа Шударга л хэмжээрэй.

Зочин [202.9.46.18] 2023-06-28 10:26:36

зөв үнэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.