Д.ЕСӨН-ЭРДЭНЭ: ЭНЭ ЖИЛ УЛААНБУУДАЙ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ, ХҮНСНИЙ НОГООНЫ 70 ОРЧИМ ХУВИЙГ ДОТООДЫН УРГАЦААС ХАНГАНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Наадам, найрын сар шувтарч намрын их ажлын сар ирж байна. Тэр утгаараа энэ жилийн ургац, хураалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Ургац хураалтын бэлтгэл ажил ерөнхийдөө жигд сайн хангагдаад явж байна. Эрт ургацын төмс, хүнсний ногооны ургац хураалт хийгдээд эхэлсэн байгаа. Ургац хураалтын бэлтгэл ажлын хүрээнд тариаланчдын тоног төхөөрөмжүүдийг засварлах, шатахууны нөөц бүрдүүлэх зэрэг олон ажил хийгдэж байгаа.
-Улаанбуудайн болц ямар байна вэ?
-Буудайн болц цухуйлтын буюу цэцэглэхээс өмнөх шатандаа явж байна гэж ойлгож болно. Улаанбуудайн гуурс тогтоох ажлыг энэ сарын 20-ноос хойш хийдэг. Тэр үеэр хэдий хэмжээний ургац хурааж авах вэ гэдэг нь тодорхой болдог. Мэдээж ургац хурааж авахад цаг агаар, техник, хүн хүчний асуудал гээд олон хүчин зүйлээс хамаарч хийгддэг ажил.
-Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдал ургац хураалтад хэрхэн нөлөөлөхөөр байна. Нийт нутгаар хур бороо элбэг байна шүү дээ?
-Энэ жилийн хувьд дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу эхэлж, тавдугаар сарын 15-наас жигдэрсэн. Урьдчилсан байдлаар 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийт 580.6 мянган га-д тариалалт хийсэн. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га-гаар нэмэгдсэн. Энэ жил хур тунадас ихтэй байна. Зарим газарт оройтож хур тунадас орсон зэрэг асуудал бий.
Тэр утгаараа хур тунадас ихтэй жил өвчин, хортонууд нэлээд их гардаг. Тиймээс өвчин, хортонтой тэмцэх ажлыг чамгүй хийж байна. Түүнээс гадна уринш бэлтгэх ажил одоо эхлэх гэж байна.
-Хэдий хэмжээний ургац авах нь 20-ноос хойш тодорхой болно гэж та ярилаа. Ер нь урьдчилсан төлөвөөр ямар хэмжээнд ургац хураалт авахаар төлөвлөж байгаа юм бэ?
-Газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс тариалсан талбай, ургацын мэдээг баг, хороод авч сум, дүүрэгт нэгтгэж, улмаар аймаг, нийслэлийн статистикийн байгууллагаар дамжин ирүүлж, Үндэсний статистикийн хороонд нэгтгэн боловсруулдаг. Манай улсад гол төлөв үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал зэргийг тарьж ургуулдаг. Тэдгээрийн тариалсан талбай, ургац хураалт, га-гийн ургацын хэмжээг улс, орон нутгийн түвшинд тодорхойлно. Энэ жилийн тухайд 335 мянган га талбайгаас 500 орчим тонн улаанбуудай авахаар төлөвлөн ажиллаж байна. Ерөнхийдөө энэ жил бид улаанбуудай болон төмсний хувьд дотоодынхоо хэрэгцээг зуун хувь хангахаар төлөвлөж байгаа. Харин бусад хүнсний ногооны 70 орчим хувийг хангахаар ажиллаж байна.
-Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Тэр утгаараа энэхүү хөдөлгөөнд салбар яамны хувьд ямар байдлаар анхаарч ажиллаж байна вэ?
-Энэ том хөдөлгөөн өрнөөд явж байгаа. Мэдээж хэрэг салбар яамны хувьд онцгой анхаарч ажиллаж байна. Үндэсний хөдөлгөөний хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг УИХ-ын тогтоолоор баталсан байгаа. Энэ жил мөн үүнтэй холбоотойгоор Засгийн газрын 63 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолын дагуу авч хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг бол газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкуудтай хамтраад олгож байна. Өөрөөр хэлбэл энэхүү төсөл арга хэмжээнд дотоодын 10 банк хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Энэ хүрээнд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 1206 иргэн, аж ахуйн нэгж 27.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдалтай явж байна. Мөн энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутагт жимс, жимсгэний мод үржүүлгийн төв байгуулах ажлууд хийгдэж байна. Энэ жилийн тухайд таван аймагт энэхүү төвийг байгуулна.
-Үр тарианы нөөц ямар байгаа вэ. Энэ жилийн хувьд манай улс ОХУ-аас үр тариа импортлохоор байгаа юу?
-Үр тарианы хувьд Хөдөө аж ахуйг дэмжих санд тодорхой хэмжээний нөөц бол бий. Тодорхой хэлбэл тус санд 10 гаруй мянган тонн үр тарианы нөөц байгаа. Тиймээс нөөц байгаа учраас гаднаас ямар нэгэн байдлаар үр тариа авах шаардлага байхгүй гэж үзэж байгаа.
-Өнгөрсөн жил дотооддоо тариалсан улаанбуудай чанар муу байсан. Энэ жилийн улаанбуудайн чанар ямар байх төлөвтэй байна. Цаашид чанарыг сайжруулъя гэвэл тариаланчид юунд анхаарах хэрэгтэй вэ?
-Энэ жилийн хувьд цаг уурын нөхцөл байдал, ургамал хамгааллын арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлсний үр дүнд улаанбуудайн чанар өнгөрсөн жилийнхээс харьцангуй сайн байна. Стратегийн таримал болох улаанбуудайн үрийн нөөц бүрдүүлэх ажлыг Хөдөө аж ахуйг дэмжих сан зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд 10.0 мянган тонн таван сортын улаанбуудайн үрийн шинэчлэлийг хийсэн. Цаашид тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дутагдах үрийн хэрэгцээг хангах, сорт солих, үр шинэчлэх зорилгоор үрийн технологийн нөөцийг бүрдүүлэн ажиллана.
-Ургац хураалтын үеэр агуулах савны хүрэлцээ, багтаамжийн асуудал үргэлж хөндөгддөг. Агуулах савны хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил өрнүүлсэн бэ?
-Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тонн багтаамжтай элеватор, төмс, хүнсний ногоо хадгалах 253.8 мянган тонн багтаамжтай зоорь, агуулах байна. Төмс, хүнсний ногооны энэ зоорь, агуулах нь 2022 оны ургацын урьдчилсан бланстай харьцуулан тооцоход энэ жилийн нийт ургацын 65-70 хувийг хадгалах боломжтой. Үлдэгдэл 20-30 хувийг бөөний болон жижиглэн худалдааны төвүүдээр худалдан борлуулна гэж тооцож байна.
-Ургацаа хураасны дараа хэрхэн борлуулах вэ гэдэг нь том асуудал байх?
-Хамгийн чухал зүйл бол хадгалалт, борлуулалтын асуудал юм. Борлуулалтын олон суваг байгаа ч тарьсан бүтээгдэхүүн нь үнэгүйдэхгүй байх хэрэгтэй. Ногоочид болгон борлуулалтаа өөрсдөө хийдэг. Харин хоршоолсон хэлбэрээр худалдаагаа хийдэг болмоор байна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагдах болсон. Энэ жилийн хувьд ч өмнөх жилүүдтэйгээ адил байдлаар зохион байгуулагдана. Хүнсний ногооны борлуулалтыг төрөл бүрээр дэмжиж байгаа. Нөгөө талаас хэрэглээ бий болгох нь чухал. Амин дэм бүхий төмс хүнсний ногоогоо хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай.
-Алслагдсан аймаг, сумын иргэд Улаанбаатар хотоос ногоо, жимсээ авах биш өөрсдөө тариалдаг болох боломж бий юу?
-Энэ бол маш чухал асуудал. Төмс хүнсний ногооны хувьд өрхийн үйлдвэрлэл дээр тулгуурлаж байгаа. Алслагдсан аймгууд болон тариалангийн бүсэд ихэвчлэн иргэд хашаандаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ эрчимтэй тариалж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр үр олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Тариалах арга технологийг нь зааж сургах ажил явагдаж байгаа. Өрхийн тариалан эрхлэгчид өөрийн үйл ажиллагаагаа бүртгүүлэх шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэлийг бойжуулах чиглэлээр технологийн сургалтуудыг явуулж байгаа. Алсдаа бол хорших зайлшгүй шаардлагатай. Газар тариалангийн цахим бүртгэлийн нэгдсэн системд өрхийн үйлдвэрлэлээ бүртгүүлэх хэрэгтэй. Талбайн түүх, бүтээгдэхүүнээ борлуулсан талаарх мэдээллийг цахимаар авдаг болсон. Ингэснээр санхүү, үйл ажиллагааны түүхтэй болно. Энэхүү түүхийг хараад үйл ажиллагаа явуулж буйг нь баталгаажуулах тул банк, санхүүгийн байгууллага хөнгөлөлттэй зээл олгох боломж нэмэгдэнэ.
-Энэ жилийг “Тариалангийн сэргэлтийн жил” болгон зарлаж байгаа гэж сонссон. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ?
-Тариалангийн салбарын эрх зүйн орчны сэргэлтийн хүрээнд “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Тариалангийн даатгалын тухай”, “Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны конвенцийг соёрхон батлах тухай” зэрэг эрх зүйн орчны шинэчлэлийг хийснээр манай орны тариалангийн бүс нутгийн онцлогт тохирсон дэвшилтэт шинэ сортыг бүтээх үйл ажиллагаа идэвхжинэ. Түүнийг дагаад үр үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, хүн амын хүнсний хангамжид бодитоор нөлөөлж, улмаар Монгол Улсын тариалангийн салбарын тогтвортой хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Хүсэл ийм байдаг. Харин чадвар боломж нь юү бол? [66.181.160.108] 2023-08-05 14:30:19
Ядахдаа улаан буудай, төмс, лууван, байцаа, сонгино 5-аар урьд, хойд хөршүүдээс хамаарахгүй болох юмсан. Тэгэх боломж Монголд байна уу? Жоохон ч гэсэн бие дааж авбал зүгээр ээ?
Зочин [66.181.160.67] 2023-08-04 16:43:10
Tums ulaanbuudai 100% hunsnii nogoo 70%. Urd jiluuded tums ulaanbuudai 100% hunsnii nogoo heden % baisan yum bol.
Зочин [103.31.94.15] 2023-08-05 03:39:08
TODAY BEST ESRNING SITES------------>>>> JOIN.HIRING9.COM
бат [192.82.84.82] 2023-08-04 15:53:46
уг нь сайхан л байна,даанч үнэ нь дийлдэхгүй болдог,тэгэхээрээ л импортын хямд бараа эрэлттэй болдог.эрүүл мэндээ бодож эх орныхоо хүнсээ хэрэглэ гэдэг,сургууль цэцэрлэгийн хоол,албан газруудын ажилчдын цайны газар,олон нийтийн гуанз цайны газар,ресторанууд бүгд үнэтэй монгол бүтээгдхүүнээр хоол хийдэгт эргэлздэг