Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 33.140, мөрдөн байцаалтын 3200 хэрэгт хяналт тавьж, нийт 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал,
-Нийслэлийн прокурорын газраас Багануур дүүргийн Улсын бүртгэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, иргэн Д.З-д бусдын мэдээлэл бүхий гадаад паспорт гаргаж өгөхийн тулд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Хөвсгөл аймгийн прокурорын газраас “Т” Төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Л.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийг тус төрийн өмчит компанид зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан борлуулж, өөрт давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулан, ойн сан, газрын хэвлийд халдаж, байгаль экологид хохирол учруулсан иргэн Т.Г, К.А нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл