С.Дашням: Театрууд өв соёлд тулгуурласан бүтээл хийвэл илүү үр дүнтэй

Aдмин / Нүүр

Төв аймгийн Говьсүмбэр сумындуу бүжгийн “Боржигин” чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашнямыг урилаа. Тэрбээр “Эрүү цагаан болжмор”, “Боржигон сэцэн” зэрэг хүүхдэд зориулсан олон дуулалт жүжиг бичсэнээс гадна Дундговь аймгийн Төв халхын дуу­лалт жүжгийн театрын хөгжил дэвшилтэд өөрийн хувь нэмэр, авьяас билгийг зориулсан нэгэн юм.

-Ихэнх театр намар цагийн үзвэрийн нээлтээ хийж, уран бүтээлийн эрч хүч, үзэгчдийн цуваагаар тасрахгүй байгаа нь аргагүй намар болсныг илтгэж байх шиг байна. Таны чуулгын хувьд ч дүр зураг адилхан байна уу?

-Манай урлаг соёлынхон жил бүрийн энэ үед өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийдэг жамтай. Энэ жишгээр дуу бүжгийн “Боржигин” чуулга ч уран бүтээлийн арвин ургацтайгаар энэ намартай золгож байна.

Тодруулбал, бид гурвалсан дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Үүнд 10 гаруй жилийн өмнө анх тоглож байсан “Бодончир мунхаг”буюу Боржигон овог бий болж буй тухай өгүүлэх дуулалт жүжиг. Хоёр дахь Сэцэн вангийн хошуу хэрхэн бий болж буй тухай өгүүлэх бол гурав дахь нь Сэцэн вангийн хошууны сүүлчийн ноён Гомбосүрэн гуайн тухай өгүүлэх бүтээл юм. Энэ хүн нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оройлон оролцож, Манжийн эсрэг эх орон, газар шороогоо хамгаалах үйлсэд нэгдсэн юм билээ. Тухайн үедээ Дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж, Боржигон Сэцэн вангийн хошууны ноён байсан гэдэг. Энэхүү гурвалсан дуулалт жүжгийн хөгжмийг миний бие бичсэн юм.

-Та Монголын театрын урлаг, ялангуяа дуулалт жүжгийн төрөлд “мастер” хүн шүү дээ. Олон ч сайхан хөгжмийн бүтээл бичиж, “дархалсан”. Харин уран бүтээлийн тоглолт хийж байсан бил үү?

-Их сайхан асуулт байна. Үүнийг чинь л ярих гэж танай сониныг зорьж ирлээ шүү дээ. Миний бие өдгөө 70 нас хүрсэн. Энэ хугацаанд залуу наснаас эхлээд амьдралынхаа бүхий л цаг хугацааг урлаг, тэр дундаа дуулалт жүжиг бичихэд зориулсан байна. Харин нэг ч удаа түмнийхээ өмнө тайлангаа тавьж байсангүй. Ийнхүү нас өндөр болсон хойноо буюу энэ сарын 24-нд анх удаа уран бүтээлийн тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Миний хувьд Монголын тайзны уран бүтээлд дуун жүжиг, дуулалт жүжиг, хөгжимт драмын төрлөөр 10 гаруй уран бүтээл хийсэн байдаг. Миний хувьд ажил амьдрал, уран бүтээлийн гараа анх Хөвсгөл аймгаас эхэлсэн бол удаа ч үгүй Дундговь аймгийн Соёлын ордон томилогдсон түүхтэй. Ихэнх уран бүтээл маань тэр сайхан театрт л төрсөн байдаг.

-Та Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрыг Соёлын ордон байсныг театр болтол нь хөгжүүлсэн хүний нэг дээ?

-Анх намайг очиход Соёлын ордон байсан бол 1989 онд хөгжимт драмын театр, 2006 онд Төв халхын дуулалт жүжгийн театр болж өргөжсөн түүхтэй. Театраа байгуулахын тулд аймгийнхаа сургуулийн дэргэд төв халхаар дуулдаг, хөгжимддөг, бүжиглэдэг, жүжиглэдэг хүүхдүүдэд зориулсан анги нээж, сургалт явуулж байж боловсон хүчинтэй болж байлаа. Ингээд уран бүтээлчидтэйгээ хамтраад олон ч сайхан бүтээл туурвисан.

-Таны үүх түүх хаанаас эхтэй юм бэ. Дундговь аймгийн уугуул хүн үү?

-Би уг нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Буриад хүний үр удам. Энэ орчлонд мэндлэхэд минь орос эмч эх барьж авсан гэдэг. Ингээд дунд сургуульд ортлоо Юра нэртэй байлаа шүү дээ. Төв аймгийн Баянчандманьд долдугаар ангиа төгссөн. Тэр үед н.Чимэдцэдэв гээд их мундаг багш байсан юм. Тэр багш маань надад дөрөвдүгээр ангиас төгөлдөр хуур, баян хуур хөгжим тоглохыг зөөж өгсөн юм. Бүр багшийн сургуульд заах ёстой хичээлийн хөтөлбөрүүдийг надад заачихсан байсан. Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл хүүхдэд аливааг багаас нь системтэйгээр зааж сургах нь их чухал байдаг юм байна. Ингээд би Багшийн сургуульд элссэн юм. Бага ангийн багш болох зорилготой. Гэтэл урлагийн үзлэг болохоор нь би баян хуураа тоглоод нэгдүгээр байр эзэлчихсэн. Уг нь хөгжмийн ангийн хүүхдүүд байгаа шүү дээ. Хөгжмийн сургуулийн багш Д.Дагважамц дуудаад “Чи хөгжимд сонирхолтой юу” гээд Багшийн сургуулийн захирал Ц.Нацагдорж багштай уулзаарай гээд яваад өгсөн. Ингээд хоёрдугаар дамжааны хичээл дундаа орж байхад би хөгжмийн ангид орсон түүхтэй. 19 настай сургуулиа төгсөөд, сургуульдаа багшаар үлдсэн. Дөрвөн жил багшлаад, бүх шалгалтаа онц өгөөд, ямар ч үнэ төлбөргүйгээр Ленинградын хөгжмийн сургуульд суралцахаар явсан юм. 1978 онд сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын клубын эрхлэгчээр томилогдсон. Ихэвчлэн дархад бөө нар байдаг, их хүйтэн сум. Тэнд ажиллаж байхдаа би “Эрүү цагаан болжмор” дуулалт жүжгийг тавьсан. Мөн ихэвчлэн дархдууд байдаг учир тэдэнд зориулж дархад дууны хөрөг концерт тоглосон. Энэ клубт ажиллаж байхдаа би олон зүйл сурсан. Дархдууд гэж ямар хүмүүс байдаг, ямар ёс заншил, соёлтой улс вэ. Мөн цаатангуудын амьдралын онцлогийг судалж байлаа. Гэтэл намайг Хөвсгөл аймгийн төвд зааварлагчаар ажиллах тушаал ирсэн.

-Хэзээ нь та Дундговьт очсон юм бэ.Таныг очиход тус соёлын ордон ямар уран бүтээл, зохион байгуулалттай байсан бэ?

-1980 онд би Дундговь аймгийн Соёлын ордонд очсон юм. Миний хувьд их багаас эхэлсэн нь зөв алхам болсон гэж боддог. Сумын төвийн клубээс соёлын ордон, театр хүртэл нь би ажилласан байна. Энэ хугацаанд туршлагажиж, уран бүтээлчийнхээ хувьд задарч, эрэл хайгуул хийж, алхам алхмаар өөрийгөө хөгжүүлсэн гэж боддог. Миний "Гэгээн муза" наадмаас шагнал авсан “Би босс Бооёо” гэж хүүхдийн жүжиг бий. Энэ бүтээлээ бичихийн тулд би “Монген” сургуульд багшилж үзсэн. Учир нь хүүхдийн жүжиг бичихийн тулд хүүхдийн сэтгэхүй, онцлогийг нь судлах нь чухал.Тиймээс би аливаа бүтээл хийхдээ заавал судалгаан дээр суурилдаг онцлогтой.

-Дундговийн соёлын ордныг хамгийн сүүлд театр болсон гэдэг юм билээ?

-Намайг очиход ихэнх аймгмийн соёлын орднууд театрын статустай болчихсон байсан үе. Тиймээс тухайн үеийн Соёлын яам нь дуулалт жүжгийг хөгжүүлэхийн тулд аймгийн ихэнх соёлын ордныг хөгжимт жүжгийн театр болгож байсан юм билээ. Дундговь аймаг их олон театрын алдартнуудтайгаас гадна дуучдаараа алдартай шүү дээ. Харин уран бүтээлчид нь зөвхөн концерт болоод жүжиг л тоглодог байсан. Гэтэл дуулалт жүжгийн театр болох ёстой. Дуу нь хаана байсан бэ гэвэл нөгөө л малчдын дунд, гүүн зэлэн дээр байжээ. Гүүгээ хэрхэн тамгалдаг, овоогоо тахихдаа юу гэж хэлдэг байсан гээд их ч судалгаа хийж, есөн жил хөдөлмөрлөсний эцэст дуулалт жүжгийн театр болгож чадсан.

-Мэдээж уран бүтээл хийхэд судалгаа их чухал. Ялангуяа шинэ цагийн театрууд судалгааг хэр хийж байна гэж та хардаг вэ?

-Судалгаагүйгээр уран бүтээл төрөхгүй. Тиймээс би залуустаа байнга судалгаагаа чанартай, сайн хийж байж уран бүтээлээ эхлүүлээрэй гэж захидаг юм. Мөн судалгаанаас гадна өв соёл дээрээ суурилсан бүтээл хийвэл илүү үр дүнтэй. Ялангуяа монголчуудын онцлог, аж амьдралын ялгаа, соёлын дахин давтагдашгүй өвүүдийг тусгавал сайнсан. Би үүний төлөө л амьдралаа зориулсан хүн. Хөвсгөлийн клубт ажиллаж байх үеэсээ л дархдуудын онцлогт зориулсан бүтээл хийхийг зорьдог байсан бол өдгөө ч “Боржигин” театрын уран бүтээлүүд энэ чиглэл рүү л ханддаг.

-Та яагаад дуулалт жүжгийг онцолсон юм бэ. Бусад төрлөөс илүү хэцүү биш үү?

-Намайг дуулалт жүжиг бичихэд Д.Намдаг гуай их нөлөөлсөн. Надад дуулалт жүжиг бичиж байсан алдартнуудын, Д.Данзанравжаагийн тухай ярьж өгч, ном уншихыг зөвлөдөг байлаа. Тэр мундаг хүнээс би урам зориг авч, “Үлэмжийн чанар” дуулалт жүжгээ бичсэн. Ер нь миний үед дуу бичдэг Б.Баттөмөр, хөгжим бичдэг Н.Жанцанноров гээд мундгууд байлаа. Би тэднээс юугаар ялгарах вэ гэвэл дуулалт жүжиг л байсан. Ер нь багаасаа, Багшийн сургуульд байхаасаа л энэ төрлөөр бүтээл хийх суурь нь тавигдсан болов уу гэж боддог. Мөн яг энэ чиглэлд мэргэшиж ажиллахад Дундговийн Төв халхын дуулалт жүжгийн театрын ахмад уран бүтээлчид их тус болсон. Тэднийхээ уламжилж ирсэн школ, арга барилаас их зүйл сурсан.

-Таны үндэсний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг хүртээжээ. Хэдэн онд авсан юм бэ?

-2006 онд төрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Төв халхын дуулалт жүжгийн театрыг бий болгосон, мөн дуулалт жүжгээр дагнан ажиллаж, Монголын хөгжмийн болон театрын урлагт хувь нэмрээ оруулсан хэмээн энэ хүндтэй цолыг олгосон гэж боддог. Дуулалт жүжгийг барьж авч ажиллах нь цаг үеийн шаардлага байсан. Тэгэхээр ямар ч байсан аймгуудын театр дуулалт жүжиг тоглох нь зөв юм гэсэн үүднээс хөдөөгийн театртаа дуулалт жүжгээр дагнан уран бүтээл хийснийг минь үнэлсэн боловуу.

-Таны “Боржигин Сэцэн” хэмээх түүхэн дуулалт жүжиг мөн “Гэгээн Муза” хүртэж байсан. Энэ бүтээлийнхээ тухай сонирхуулахгүй юу?

-Дэлхийн түүхэнд хөгжмийн зохиолч нар гурвалсан жүжиг бичдэг жишиг байдаг. Үүний дагуу би “Боданчир Мунхаг”-аа бүтээсэн. Дараа нь “Боржигон сэцэн”-гээ бичсэн. Би бүтээлүүдээрээ дуулалт жүжиг гэж ямар байдаг, Монголын дуун урлагийн онцлог нь юу вэ гэдгийг л харуулахыг зорьдог доо. Чи анзаарсан бол би тэр жилийн “Гэгээн Муза”-д хоёр бүтээлээр оролцсон шүү дээ. Нэг нь “Би босс Бооёо” нэртэй хүүхдийн жүжиг юм. Энэ бүтээл маань ч надад мөн Гэгээн Муза” авчирсан.

Зөвхөн дуулалт жүжиг болон хөгжимт драмын төрлөөр бичсэн бүтээлүүд

1. Н.Очирбатын цомнол “Эрүү цагаан болжмор” дуулалт жүжиг

2. Б.Лхагвасүрэнгийн цомнол “Үлэмжийн чанар” хөгжимт драмын жүжиг

3. Ш.Гүрбазарын цомнол “Хар сүлдний дууль” хөгжимт драмын жүжиг

4. Х.Шонхорын цомнол “Эр хонины хурга” опперетто

5. Ц.Балгансүрэнгийн цомнол “Сийлэн Бор” дуулалт жүжиг

6. Д.Төрбатын цомнол “Бурханы гар утас” модерн дуулалт жүжиг.

7. Д.Содномдоржийн цомнол “Навсай Дамба ба түүний нөхөд” хүүхдийн дуулалт жүжиг

8. С.Надмидын цомнол “Нарны хаан хүүхдүүд” хүүхдийн модерн дуулалт жүжиг

9. Х.Шонхорын зохиол “Би Босс Бооёо” адал явдалт хүүхдийн дуулалт жүжиг

10. Б.Лхагвсүрэнгийн цомнол “Элсний хатан” дуулалт жүжиг

11. Д.Төрбатын цомнол “Бодончар Сэцэн” түүхэн дуулалт жүжиг

12. Д.Төрбатын цомнол “Боржигин Сэцэн” түүхэн дуулалт жүжиг

13. Х.Шонхорын цомнол Б.Мөнхдоржийн найруулга “Ариусахуй нигүүлсэхүй” түүхэн есөн үзэгдэлт дуулалт жүжиг зэрэг дуун, дуулалт, хөгжимт драмын жүжгийн хөгжимүүдийг зохиожээ.

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-03 11:18:53

хошин шогийхон урлагийг сүйрүүллээ дээ. юм юм руу үсчээд хөгийн болгоод байна


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.